| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0186/Э |
| Дугаар | 200 |
| Огноо | 2019-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга В.Орхон,
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Ц овогт О-н Б-д холбогдох эрүүгийн 1810028000144 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчий биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймагт төрсөн, 24 настай, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 4 дүүгийн хамт оршин суух,
Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 536 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451 нэгжээр торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Ц овогт О-н Б,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч О.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Х-г “гэртээ харьлаа” гэсний улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, үснээс нь зулгааж, эрүүн тус газар нь 1 удаа өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй... ” гэв
Хохирогч Б.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "... 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 13 цагийн үед Б манай нөхөр рүү залгаад хашаа барилцаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би нөхөр А болон хүүхэдтэйгээ хамт Б-н баз гэх З-н Өлзийт хороололд байдаг хашаанд нь очсон. Хашааны ажлаа дуусгаад 19 цагийн үед 2.5 литрийн савалгаатай пиво уусан. Манай нөхөр дахин дэлгүүр явж 2.5 литриин савалгаатай пиво, 0.75 литрийн Соёрхол архи авч ирээд ууцгаагаад 01 цагиин үед унтахаар хэвтэцгээсэн. 10 минут орчмын дараа Б намайг сэрээгээд “эгч ирж байна гарцгаая” гээд гарцгаасан ба Б “бөөнөөрөө З-н гэрт очиж хоноё” гэхээр нь би дургүйцээд гэртээ харина гэж хэлсэн. Тэгээд З МТ колонкиин харалдаа машинаа зогсоогоод би машинаас буутал Б гарч ирээд намайг “ хаачих гээд байгаа юм” гээд миний нүүрэнд гараараа 2-3 удаа цохиод үснээс зулгааж доош дараад миний эрүүний зүүн хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тухайн үед манай нөхөр, Б бид гурав л байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй...” гэжээ /хх-10-14-р тал/
Гэрч Э.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Бид нар хашаагаа барьчихаад хоосон гэрт 1 шил 0.75 литриин савалгаатай архи, 2.5 литрийн савалгаатай пиво хувааж ууцгаасан. Тэгээд би тасраад унтаад өгсөн. Нэг ухаан ортол миний утас дуугараад байхаар нь сэртэл би гэрт ганцаараа үлдсэн байсан ба над руу А-н эхнэр залгаад “муудалцаан болсон” гэж хэлсэн. Тэгээд би хашаанаас гартал урд зам дээр тэд нар зогсож байсан. Намайг очих үед Хонгорзул “Б миний нүд рүү цохьсон” гэж хэлсэн Б болохоор “би хоноод яв гэтэл хонохгүй болохоор нь цохьчихсон” гэж хэлсэн...” гэжээ /хх-18-р тал/
Гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Бтай маргалдаж эхлэхэд намайг түлхээд хавсарч унагасан. Тэр үед манай эхнэр Б-г алгадчих шиг болсон. Б шууд зөрүүлээд гараараа цохиод авсан. Хэдэн удаа хаана нь цохьсоныг хараагүй. Би газраас босч ирэхэд Б манай эхнэрийг доош нь дарсан үснээс зулгаачихсан байсан ба салгаад холдуулсан...” гэжээ. /хх-17-р тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹14302 тоот дүгнэлтэд: “...Б.Х-н биед нүдний салстын цус харвалт, зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-23-р тал/
Шүүгдэгч О.Б-н хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/, ял шалгах хуудас /хх-38/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Хыг “гэртээ харьлаа” гэсний улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, үснээс нь зулгааж, эрүүн тус газар нь 1 удаа өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹8748, ¹8846 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Б-н дээрх үйлдэл нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүх хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч О.Б нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заавал заах шаардлагагүй гэж үзэж, Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Хохирогч Б.Х нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ц овогт О-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд 600 нэгж буюу 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.Бд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.
6. Шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Бд урьд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ