Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 214

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга В.Орхон,

Улсын яллагч Т.Жаргалсайхан,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн А х овогт Г-н Б-т холбогдох эрүүгийн 1810017380121 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, оршин суух,  урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, А х овогт Г-н Б

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Г.Б нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Revir garden-2” хотхоны 402 дугаар байрны 5 дугаар давхарт барилгын ажил гүйцэтгэж байхдаа Б.С маргалдан, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй... ” гэв.

Хохирогч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Ривер гарден-2 хотхон дах ажил дээрээ 402 дугаар барилгын 6 дугаар давхрын пун угсрах ажил хийсэн. Тэгтэл өдөр 11 цагийн үед хамт ажилладаг Б нь миний олж ирсэн пунг буруу пун авч ирж угсарлаа гээд уурлаад байхаар нь би түүнд “үүнээс өөр пун олдохгүй байна” гэж хэлтэл тэрээр наашаа буугаад ир гээд 5 дугаар давхар руу буулгасан. Ингээд би Б руу яваад очтол тэрээр шууд л миний баруун хацар, шанаа, хамар, дагз орчимд нилээн олон удаа хоёр гараараа цохихоор нь би хоёр гараараа нүүр, толгойгоо хамгаалсан. Тэр үед хамарнаас цус гоожтол Б нь намайг зодохоо больсон. Би 5 дугаар давхарт цусаа гоожуулчихсан сууж байхад Б нь миний үснээс зулгааж байгаад явсан... ” гэжээ. / хх- 15-р тал/

Гэрч У.Номиндэлгэр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 11:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ривер Гарден хотхоны 402 дугаар байрны 5 давхарт Б, С, Б нарын хамтаар ажиллаж байхад Б, С нар хоорондоо маргалдаад байсан тэгтэл С шатнаас бууж ирээд Б-н хувцаснаас зуураад тэр 2 хоорондоо зодолдохоор нь Б-той цуг салгасан. Б барилгын дотор тал руу орсон араас нь С дагаж ороод дахиад тэр 2 хоорондоо зодолдохоор нь Б бид салгаад 2 тийш нь явуулсан...” гэжээ. / хх 24-р тал/

Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 11:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ривер Гарден хотхоны 402 дугаар байрны 5 давхарт Б, С, Н нарын хамтаар ажиллаж байхад би С-н хажууханд хэвнээсээ илүү гарсан армутор тасалж байсан чинь С, Б нар хоорондоо маргалдаад бие биенийгээ хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Б, С 2 бие биенийгээ заамдалцаад хэрэлдээд байсан. Тэгээд болиод барилгын дотор тал руу орсон. Би 5 минутын дараа орсон чинь тэр 2 зодолдож байсан. Тэр үед Сын хамарнаас цус гарсан байдалтай байхаар нь би салгаад 2 тийш нь явуулсан...” гэжээ. /хх-27-р тал/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹8534 тоот дүгнэлтэд: “...Б.Сын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар хөхлөг орчим зулгаралт, цус хуралт, доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун шанаа зүүн тохой, баруун тохой, баруун шуу, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ  /хх-29-р тал/

Шүүгдэгч Г.Бын хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-48/, ял шалгах хуудас / хх-52/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Revir garden-2” хотхоны 402 дугаар байрны 5 дугаар давхарт барилгын ажил гүйцэтгэж байхдаа Б.Стай маргалдан, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹8534 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Бын дээрх үйлдэл нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүх хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч Г.Б нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заавал заах шаардлагагүй гэж үзэж, Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Хохирогч Б.С нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А х овогт Г-н Быг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт  450 нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Бт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.

6. Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Бт урьд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ