Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00602

 

 

 

 

 

             

    2024        03           25                                       210/МА2024/00602

 

“Э У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/00259 дугаар шийдвэртэй,

 

“Э У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Д” ХХК-д холбогдох,

 

16,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “Э У” ХХК "Д" ХХК-иас барилгын хөөсөнцөр хавтан 20,600,000 төгрөгөөр худалдан авсан.

 Уг хөөсөнцөр хавтангийн 16,640,000 төгрөгийн хавтан шаардлага хангахгүй байсан тул "Д" ХХК-ийн холбогдох хүмүүс болон захиралтай харилцан тохиролцож буцааж, хавтангийн үнэ болох 16,640,000 төгрөгийг буцаан шилжүүлэхээр тохиролцсон.

1.2. Гэвч өнөө маргааш шилжүүлье, одоо машин, нэг байраа хямдхан зарчхаад танай мөнгийг өнөө орой шилжүүлье гэх мэтээр арга саам хийж, хугацаа хожин манай компанийг хохироосоор байна.

Иймд "Д"ХХК-иас 16,640,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай компани “Э У” ХХК-д нийт 20,600,000 төгрөгийн хөөсөнцөр хавтанг харилцан тохиролцсоны дагуу нийлүүлсэн боловч 16,640,000 төгрөгийн хавтан буцааж манай компанийг хохироосон.

2.1. Зарим хөөсөнцөр хавтан шаардлага хангаагүй боловч 80 хувийг ашиглах боломжтой байсан. Гэвч манай компанид хавтанг буцааснаар ашиглах боломжгүй болж 16,640,000 төгрөгөөр хохирсон. Иймд дээрх 16,640,000 төгрөгийг төлөх боломжгүй бөгөөд 6,000,000 төгрөгийг төлөх боломжтой. Үлдэгдэл 10, 640,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Д" ХХК-аас 16,640,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э У ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч Д ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 241,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э У ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.1. Нэхэмжлэгч “Э У” ХХК нь манай компаниас барилгын хөөсөнцөр материал захиалж, гэрээний дагуу нийт 20,600,000 төгрөгийн хөөсөнцрийг "Д" ХХК-иас нийлүүлсэн .

Гэтэл хөөсөнцөр нийлүүлснээс хойш 20,600,000 төгрөгийн хөөсөнцрөөс 3,960,000 төгрөгийн хөөсөнцрийг авч, үлдэгдэл 16,640,000 төгрөгийн хөөсөнцрийг шаардлага хангахгүй гэх үндэслэлээр аваагүй. Манай компаниас 16,640,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд 16,640,000 төгрөгийг төлөх боломжгүй, 6,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тайлбар баримтыг өгсөн байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Уг асуудлыг хариуцаж байсан нягтлан гадагш явсан, хөөсөнцрийг хүлээлгэн өгсөн жолоочийг гэрчээр асуулгахаар бэлдэж байх үед шүүх хурлыг хийж мэтгэлцэх эрхээр хангахгүй хариуцагчийн эзгүйд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өөрчилж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “Э У” ХХК нь хариуцагч "Д"ХХК-д холбогдуулан 16,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч “Э У” ХХК нь хариуцагч "Д"ХХК-тай 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр  20,600,000 төгрөгөөр хөөсөнцөр хавтанг худалдан авахаар харилцан тохиролцож, “Э У” ХХК уг өдрөө хөөсөнцөр хавтангийн үнэд 20,600,000 төгрөгийг "Д"ХХК-д шилжүүлсэн талаар талууд маргаагүйг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 4. Хариуцагч "Д" ХХК гэрээний дагуу 20,600,000 төгрөгийн хөөсөнцөр хавтанг нийлүүлсэн, нэхэмжлэгч “Э У” ХХК 16,640,000 төгрөгийн хөөсөнцөр хавтанг чанарын шаардлага хангаагүй шалтгаанаар буцаасныг хариуцагч хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээ цуцлагдсан байна.

Харин буцаасан хөөсөнцөр хавтангийн 80 хувийг ашиглах боломжтой гэж тайлбараа хариуцагч нотлоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

5. Иймд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э У” ХХК нь худалдах, худалдан авах гэрээг  цуцалснаас үүсэх үр дагавар болох доголдолтой хөөсөнцөр хавтангийн үнэд шилжүүлсэн 16,640,000 төгрөгийг мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар буцаан гаргуулахаар шаардах эрхтэй юм.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрхээр тодорхойлсон нь хууль хэрэглээний алдаатай болсон тул уг алдааг залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

6. Анхан шатны шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гардуулж, шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн байх тул хариуцагч тал уг өдрөөс хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний хүртэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан 60 хоногийн хугацаанд гэрч асуулгах, нотлох баримт гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзэхээр байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн тул хариуцагчийн эрхийг зөрчсөн, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болсон тул хангахгүй орхив.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/00259 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1” гэснийг “221 дүгээр зүйлийн 221.3, 205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА                          

                                                  ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                            Э.ЗОЛЗАЯА