Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 224

 

 

Г.Ө нарын 5 хүнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн  танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Г.Өын өмгөөлөгч Д.Батбаяр, Д.Тунгалаг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 926 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 71 дүгээр магадлалтай, Г.Ө, Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарт холбогдох 1805063401279 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Өын өмгөөлөгч Д.Тунгалаг, Д.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эр10эгтэй, ял шийтгэлгүй, Өөлд овогт Г.Ө,

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Б,

3. Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ват овогт Д.Г,

4. Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Өөлд овогт Б.Л,

5. Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.С.

Шүүгдэгч Г.Ө нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нар нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Өыг “Хүнийг алах” болон “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Ө, Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарыг “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Г.Өыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх 9 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 672 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож,

шүүгдэгч Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

шүүгдэгч Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нар тус бүр 173 хоног цагдан хоригдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мт шүүгдэгч Г.Ө 16.000.000 төгрөг, Б.Б 3.000.000 төгрөг, Д.Г 5.000.000 төгрөг, Б.Л 3.000.000 төгрөг, Б.С 5.000.000 төгрөг өгсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Өын өмгөөлөгч Д.Тунгалаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Г.Өын үйлдлийн шинж, гэмт хэрэг гарах үеийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн нөхцөл байдалд тохирохгүй байгаа болно. Шүүгдэгч Г.Ө нь гэмт хэрэг гардаг өдөр ажлын хамт олноороо шинэ жилийн баяраа тэмдэглэж, улмаар найз нарын хамтаар цааш “Аялгуу” караоке орохоор тохиролцсон. Найз нар нь түрүүлж очоод тэнд мөн шинэ жилийн баяраа тэмдэглэж байсан хүмүүстэй үл ойлголцол үүсэн маргаан үүссэн байхад тэрээр араас нь орж ирж хэрүүл маргааныг таслан зогсоох оролдлого хийсэн хэдий ч зодоон улам даамжирсан байна. Уг караокены 2 давхрын шатаар Г.Өыг найзуудаа аваад буух явцад түүний ар дагз руу нь хэн нэгэн этгээд маш хүчтэй цохиход тэрээр эргэж хараад нэг удаа өөр лүү нь дайрах олон хүмүүс рүү чиглүүлэн цохих үйлдэл хийгээд тэндээсээ шууд гарч явсан. Энэ эмх замбараагүй байдал дунд түүний хийсэн үйлдлийн улмаас амь хохирогч М.А нүүрэн тус газраа нэг удаа цохиулан хойш савж унан тархи гавлын хүнд гэмтэл авч, түүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан байна. Энэхүү зодооны байдал нь эд мөрийн баримтаар хураагдсан СД-нд бичигдсэн видео бичлэгт маш тодорхой бичигдсэн байдаг.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Г.Өын үйлдэл нь шүүгдэгч Б.Б, Б.С, Б.Л, Д.Г нартай нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа нь бусдын амь нас хохирох нөхцөл байдалд буюу хохирогч М.Аийн амь нас алдах нөхцөлд хүргэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Хэргийн бодит байдлыг анхан шатны шүүх буруу дүгнэснээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч Г.Өын эрх зүйн байдлыг дордуулсан. Өөрөөр хэлбэл Г.Өын хийсэн санаатай үйлдэл нь бусдын амь нас хохирох үр дагаврыг хүсээгүй боловч олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа тухайн нөхцөлд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Г.Өын хувьд амь хохирогчийг танихгүй, урд харж байгаагүй, танхайрах явцад түүнтэй маргалдах, тэдний хооронд ямарваа нэгэн хэлбэрээр үл ойлголцол үүсээгүй, мөн бужигнасан олны дундаас амь хохирогчийг онцлон алах талаар урьдчилан төлөвлөөгүй зэрэг хэргийн талаарх бодит нөхцөл байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай.

Иймд шүүгдэгч Г.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцон ял оногдуулсан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 926 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, энэ зүйл ангид заасан хорих ялыг оногдуулж, Г.Өын эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Өын өмгөөлөгч Д.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх Г.Өт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хүнийг алах гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг тусгайлан заана гэж заажээ. Үүнээс үзэхэд Г.Өт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх боломжтой гэж үзэж байна.

Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 550 тоот тогтоолд “Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа, зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай гэж заажээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 739 дугаартай захирамжид “Г.Өт холбогдох хэргийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан, эсхүл бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн эсэх асуудлыг нарийвчлан шалгах”-аар зааж, мөн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаартай тогтоолоор прокурорт хэргийг буцаахдаа “Нэр бүхий шүүгдэгч нар 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө “Аялгуу” нэртэй караоке бааранд орох явцдаа тэнд үйлчлүүлж байсан иргэдтэй зүй бусаар харьцан маргалдаж зодоон үүсгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжид нийцнэ. Харин уг зодооны явцад иргэн
М.А зодуулж нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн
20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтын шинжийг бүрдүүлэх тул
хэргийн зүйлчлэл тохирохгүй байна гэж дүгнэн хэргийг про
курорт буцаан шийдвэрлэж байсан.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хүнийг алах гэмт хэрэгтэй объектив талын шинж болох хохирол, субъектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ ижил боловч субъектив талын нэмэгдэл шинж болох зорилгоороо ялгаатай. Өөрөөр хэлбэл хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг учруулдаг бол хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн тухайд хохирогчийн амь насыг хөнөөх санаа зорилго агуулаагүй боловч
хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийн улмаас хохирогч
нас барсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд
Г.Өын тухайд амь хохирогчийг алах санаа сэдэл байгаагүй ба нэг
удаагийн цохилтын улмаас хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн 2 цаг гаруй
хугацаанд эмчлэгдэж байгаад нас барсан үйл явдал тогтоогддог
.

Иймд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны
10 дугаар сарын 23-ны өдрийн 926 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 71 дугаартай магадлалаар Г.Өыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, хамгийн доод хэмжээний хорих ялыг оногдуулж өгнө үү
” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлгүй тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Өын өмгөөлөгч Д.Батбаяр, Д.Тунгалаг нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.Ө, Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Ө, Б.Б, Б.С, Б.Л, Д.Г нар нь 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аялгуу” нэртэй караоке дотор нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн энэ үед шүүгдэгч Г.Ө нь хохирогч М.Аийн нүүрэн тус газар цохиж, түүний биед гавал тархины битүү гэмтэл учруулж алсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Г.Өыг “Хүнийг алах” болон “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг, шүүгдэгч Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарыг “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч Г.Өын өмгөөлөгч Д.Тунгалаг, Д.Батбаяр нар нь хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.4, эсхүл Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 болгон хөнгөрүүлэн өөрчлөх тухай гомдол гаргажээ.

Нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаагаа ухамсарлан, энэ үйлдлээс бусдын амь нас хохирч болохыг мэдсээр атлаа өөрийн идэвхтэй үйлдлээр тухайн хор уршгийг бий болгосон хүний үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан олон нийтийн аюулгүй байдал болон хүний амь нас, эрүүл мэндэд нэгэн зэрэг халдах тул Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл болон 10.1 дүгээр зүйлд заасан нийлмэл гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ.

Харин Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах”, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийг ялган зүйлчлэхийн тулд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчид учруулсан гэмтэл түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой эсэхийг харгалзан үздэг.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг судалж үзэхэд Г.Ө, Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нар нь 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө “Аялгуу” нэртэй караокед очиж, тус караокед шинэ жилийн баяр тэмдэглэж байсан хүмүүсийн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн маргалдаж, улмаар хүч хэрэглэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчих явцдаа Г.Ө нь М.Аийн нүүрэн тус газар цохиж, тархинд цус харвалт бүхий үхэлд хүргэсэн гэмтлийг санаатай учруулсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт болон түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Г.Өын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх талаар өмгөөлөгч Д.Тунгалаг, Д.Батбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 926 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 71 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Өын өмгөөлөгч Д.Тунгалаг, Д.Батбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН                   

                                   ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР                       

                            Б.БАТЦЭРЭН

                            Б.ЦОГТ

                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН