Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 179

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2 дугаар” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ц” ХХК.

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Х, З.Ц.

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Х, З.Ц нарын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-д заасныг үндэслэн 1,257,000.00 төгрөгийн нөхөн татвар, 377,100.00 төгрөгийн торгууль, 505,251.30 төгрөгийн алданги, нийт 2,139,351.30 төгрөгийн төлбөр тогтоосныг манай компани эс зөвшөөрч, Татварын улсын байцаагчийн хийсэн шалгалт, тогтоосон актын эрх зүйн үндэслэл тодорхойгүй, маргаантай, захиргааны акт гаргах хууль зүйн үндэслэл нь маргаантай тул Маргаан бүхий акт хэмээн тооцож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч, хууль ёсны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ц.Х нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Х, З.Ц нар тус компанид шалгалт хийж, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 24/0012263 тоот дугаартай Улсын байцаагчийн акт тогтоосон. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-д заасныг үндэслэн 1,257,000.00 төгрөгийн нөхөн татвар, 377,100.0 төгрөгийн торгууль, 505,251.30 төгрөгийн алданги, нийт 2,139,351.30 төгрөгийн төлбөр тогтоосныг манай компани эс зөвшөөрч, Нийслэлийн татварын газар болон Татварын Ерөнхий газрын маргаан таслах зөвлөлд хандсан. 

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Х, З.Ц нарын тогтоосон 2,139,351.30 төгрөгийн татварыг төлүүлэх акт, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 36 тоот тогтоолоор манай компанийг татвар ногдуулах орлогоо хасч тооцсон, “Ш” ХХК-ийн өөрийн бүртгэлтэй НӨАТ-н падаантай хий бичилт хийж, манайд өгсөн гэдгийг Улсын Мөрдөн байцаах газрын албан тоот гэгчид дурдсан, үүнийг татварын байгууллагын системийн хэмжээнд зарласан гэсэн үндэслэлүүдээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. 

Манай компани барилга угсралтын үйл ажиллагаандаа зориулан “Ш” ХХК-иас арматур худалдан авсан бөгөөд тус компанийн НӨАТ-ын падааныг ашиглан хуурамч болон хий бичилт гэгчийг бид хийгээгүй, худалдан авсан барааныхаа үнийн дүнгийн дагуу НӨАТ-ын падааныг нэхэн авч, үүнийгээ үнэн зөвөөр санхүүгийн болон татварын тайландаа зохих ёсоор тусгасан.

Татвар ногдох орлогоо үнэн зөв тайлагнасан эсэхийг шалгаж, хөдөлбөргүйгээр тогтоогоогүй, УМБГ-н албан тоотод дурдсан гэсэн нь хууль зүйн үндэслэлд хамаарах эсэх нь эргэлзээ төрүүлж, маргаантай байдлыг үүсгэж байгаа, манай компанийг НӨАТ-ын хий бичилт хийж, татвар ногдох орлогоо нуусан, хассан мэтээр буруутган дүгнэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байгаагаас тус компанийн ажил хэргийн нэр хүнд, бизнесийн алдар хүндийг гутаах шинжийг агуулж байна гэж үзэж гомдолтой байна. 

Иймд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Х, З.Ц нарын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-д заасныг үндэслэн 1,257,000.00 төгрөгийн нөхөн татвар, 377,100.00 төгрөгийн торгууль, 505,251.30 төгрөгийн алданги, нийт 2,139,351.30 төгрөгийн төлбөр тогтоосныг манай компани эс зөвшөөрч, Татварын улсын байцаагчийн хийсэн шалгалт, тогтоосон актын эрх зүйн үндэслэл тодорхойгүй, маргаантай, захиргааны акт гаргах хууль зүйн үндэслэл нь маргаантай тул энэхүү актыг Маргаан бүхий акт гаргах хууль зүйн үндэслэл нь маргаантай тул энэхүү актыг Маргаан бүхий акт хэмээн тооцож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч, хууль ёсны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Х, З.Ц нар 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Ц” ХХК-ийг Татварын ерөнхий хуулийн 74.1, 74.3-д заасныг зөрчсөн учраас 1,257,000 төгрөгийн нөхөн татвар, 377,100 торгууль, 505,250.30 төгрөгийн алданги, нийт 2,139,350.30 төгрөгийн төлбөр тогтоосон акт гаргасан. Энэ актыг манай талаас эс зөвшөөрч зохих журмын дагуу Нийслэлийн Татварын газар болон Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандсан. Эдгээр газруудаас татварын улсын байцаагч нарын актыг хуульд нийцсэн гэж дүгнэлт гаргасан учраас тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Ц” ХХК нь “Ш” ХХК-аас барилга угсралтын үйл ажиллагаанд шаардлагатай арматурын төмрийг худалдан авсан. Мөнгөө хуульд заасны дагуу тушаагаад НӨАТ-ын падааныг нь авч тайландаа бичиж тусгасан нь “Ц” ХХК-ийг буруутгах үндэслэл биш гэж үзэж байгаа. Татварт ногдуулах орлогоо үнэн зөв тайлагнасан эсэхийг шалгаж тогтоогоогүй, Улсын мөрдөн байцаах газраас явуулсан албан бичигт үндэслээд Татварын ерөнхий газрын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичгийг үндэслэж акт тогтоож “Ц” ХХК-ийн үйл ажиллагаанд нь нөлөөлөхүйц хэмжээгээр буруутгасан. Үүнд гомдолтой байгаа. 

“Ц” ХХК нь худалдан авсан, дээр дурдсан НӨАТ-тай холбогдолтой баримт бичгийг үнэн зөв тайлагнасан. “Ш” ХХК-аас худалдаж авсан арматурын үнэд төлсөн мөнгөний НӨАТ-ыг хасаж тооцолгүйгээр бодит болсон үйл явдлыг үнэн зөв тайлагнасан. Тэгэхээр татварын улсын байцаагч нарын актанд 2012 онд болсон үйл явдлын талаар “Ц” ХХК-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст хүлээлгэж өгсөн тухайн үеийн санхүүгийн тайлан баримтын талаар ямар нэгэн үйл баримт болсон тухай байцаагч нар акт тогтоогоогүй. Болсон үйл явдлыг юу гэж тогтоосон бэ гэхээр Татварын ерөнхий хуулийн 18, 74.1, 74.3-д заасныг үндэслээд нөхөн татвар ногдуулаад торгууль, алданги тогтоосон. Гэтэл 2012 оны 06 дугаар сард болсон үйл явдал нь “Ш” ХХК болон “Ц” ХХК-ийн хооронд байсан иргэний эрх зүйн харилцааны дагуу нэхэмжлэгч компани нь татвараа тодорхойлоод зохих баримтуудаа бүрдүүлээд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст тушаасан байдаг. 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тайлангийн талаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар 2014 оны 12 дугаар сард маргаан бүхий актыг гарахад ямар ч тэмдэглэл үйлдээгүй. Зөвхөн “Ш” ХХК-аас НӨАТ төлсөн падаанаа аваад өөрсдийн татвар ногдуулаагүй хасаж тооцсон гэдэг асуудал ярьсан. Гэтэл “Ш” ХХК-ийн талаар Татварын ерөнхий газраас ирүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтаар тус компанийг 2004 онд НӨАТ төлөгчөөр бүртгүүлээд 2014 оноос хасагдсан гэдэг албан ёсны тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан байгаа. 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөнгөн дүн бүхий акт тогтоож байгаа юм бол татварын улсын байцаагч нар нь өөрийнхөө байгууллагын системийн мэдээллээс мэдээлэл яагаад аваагүй юм бэ. Маргаантай байгаа “Ш” ХХК-ийн тухайн үед байсан н.Түвшинбаяр захирлын асуудлаар нь эрүүгийн хэрэгт шалгаж байсан асуудлаар яагаад тухайн үед нь Цагдаагийн ерөнхий газраас зохих ёсны тайлбарууд, тодруулгыг нь аваад шалгаагүй юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Хяналт шалгалтын хувьд Татварын ерөнхий хуульд заасны дагуу байцаагч нар шалгалт хийхдээ удирдамж баримт бичиггүйгээр шалгалт хийсэн байдаг. 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Татварын ерөнхий газрын хяналт шалгалт ... хийх гэсэн бичгээр удирдамж хийж шалгаж байгаа гэдгийг тайлбарласан байдаг. Гэтэл Татварын хяналт шалгалтын хууль болон Татварын ерөнхий хуульд заасны дагуу энэ хяналт шалгалтын ажлын удирдамж зайлшгүй байх ёстой. Гол учир нь энэ хуулиудад зааснаар хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ шалгуулагч этгээдэд шалгалтын удирдамж, томилолтын хуудсыг гардуулж өгөх ёстой байдаг. Эдгээр үүргээ байцаагч нар биелүүлээгүй байдаг. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хариуцлагын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ яг ямар эрх зүйн хэм хэмжээнд тулгуурласан бэ гэдэг акт байдаггүй. Энэ актанд дурдагдаад байгаа НӨАТ-ын хэмжээг зөв тооцсон, буруу тооцсон, түүнээс учруулсан торгууль, алдангийн асуудал ярьж байгаа атлаа энэ акт нь НӨАТ-ын талаар ямар нэгэн үг агуулаагүй. Гэтэл Татварын ерөнхий хуульд заасны дагуу НӨАТ нь татварын нэг бие даасан тусдаа төрөл гэдгийг тодорхойлсон байгаа. 

Эрүүгийн цагдаагийн газар гэдэг нь Монгол Улсад хэрэг мөрдөх, гэм буруутай этгээдийг тогтоох, мөрдөн шалгах ажиллагааг явуулах этгээд юм. Энэ этгээдээс ирүүлсэн бичгийг сохроор удирдлага болгоод хуулийн этгээдэд шалгалт хийх буюу “Ц” ХХК-ийг шалгаад буруутай үйлдэл гаргасан гэдгийг нотолж байгаа юм. Хяналт шалгалтын ажлын удирдамж яагаад байх ёстой, захиргааны хэргийн асуудалд чухал ач холбогдолтой байдаг вэ гэхээр төрийн албан хаагч нарын хийх ажлын цар хүрээг нь тодруулж байгаа, өөрсдийг нь хамгаалж байгаа юм. Үүнийгээ хэрэгжүүлэхгүйгээр “Ц” ХХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон үйлдэл гаргасан. Нөгөө талаасаа гаргаад байгаа актандаа 2012 оны 06 дугаар сард болсон үйл явдлын талаар яг ямар үйл явдал, үйл баримт болсон, “Ц” ХХК-д яагаад буруугаар тайлагнасан гэдэг учир зүйн үндэслэл байхгүй. 2014 оны 12 дугаар сард маргаан бүхий актыг тавьж байгаа нь байцаагч нарын актын үндэслэл, акт тавих, хяналт шалгалт хийх үйл ажиллагааны журмыг зөрчсөн гэдэг нь илэрхий байна” гэв.

Хариуцагч Ц.Х, З.Ц нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн харьцдаг 5108284 тоот регистрийн дугаартай “Ц” ХХК нь Барилга угсралт, барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийг 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны НӨАТ-ын албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд УМБГ-н 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10/5-11077 албан тоот, Татварын ерөнхий газрын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7/3353 тоот албан бичгийн дагуу хяналт шалгалтын даргын олгосон 2414120097 тоот томилолтын дагуу хэсэгчилсэн шалгалт хийж 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ТУБ-ын 24/0012263   тоот актын  тогтоосон. 

Шалгалтаар нийт 12,570,000.0 төгрөгийн зөрчил илэрсэн нь “Ш” ХХК”-с 11238137 дугаартай НӨАТ-ын падаанаар 12,570,000.0 төгрөгийн бараа материалын үнэ гэж хий бичилттэй падаан бичүүлэн авч, НӨАТ-н ногдуулалт төлөлтийн тайлангийн “Худалдан авалт” хэсэгт тусган хасалт хийж татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчилд 1,257,000.0 төгрөгийн нөхөн татвар, 377,100.0 төгрөгийн торгууль, 505,251.3 төгрөгийн алданги, нийт 2,139,351.0 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосныг захирал Б.Будбаярт 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр танилцуулсан. Дээрх худалдан авалттай холбоотой мөнгөн төлбөр нь дансаар гүйлгээ хийгдээгүй, бэлэн мөнгөний орлогын ордерийг НӨАТ-н падааны хамт бичсэн байна” гэжээ.

Хариуцагч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц” ХХК-д шалгалт хийсэн. Энэ нь хэсэгчилсэн НӨАТ-ын падаан дээр хийсэн шалгалт юм. Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10/5-11077 албан тоот, Татварын ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7/3353 тоот албан бичгийн дагуу шалгалт хийгдсэн. Улсын мөрдөн байцаах газраас ирүүлсэн албан бичигт 175 сая төгрөгөөс доош төгрөгийн худалдан авалт хийсэн аж ахуйн нэгжүүдийг дүгнэлт гаргах, харъяа аймаг, дүүргийн Татварын хэлтсүүдээр акт гаргуулж шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах гээд тусгасан байгаа. Тэгэхээр “Ц” ХХК-д шалгалт хийхэд манайд 11238137 дугаартай НӨАТ-ын падаан. Үүнтэй холбоотой бэлэн мөнгө тушаасан баримт өгсөн. Өөр нягтлан бодох бүртгэлтэй холбоотой ямар нэгэн баримт өгөөгүй. Угаасаа манайх худалдан авалт хийсэн. Зохих хууль, журмын дагуу явсан учраас өөр баримт өгөхгүй гэж захирал нь өөрөө хэлээд НӨАТ-ын падаан, бэлэн мөнгөний баримт өгч манайх давхар шалгалт хийсэн байгаа. Тэгээд энэ акт нь бичигдэж гарсан юм. Тухайн актыг “Ц” ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд 2 маргаан таслах зөвлөлөөр ороод бидний талд шийдэгдсэн байгаа. Акт хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Х, З.Ц нарын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24/0012263 дугаар “Татвар ногдуулалт төлөлтийг шалгасан тухай” актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нараас татвар ногдох орлогоо үнэн зөв тайлагнасан эсэхийг шалгаж, хөдөлбөргүйгээр тогтоогоогүй, маргаантай, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй хууль бус гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын төлбөрийн хэмжээг багасгаж үлдсэнийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар “Ц” ХХК-ийн 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж нэхэмжлэгчийг “Ш” ХХК-иас 2012 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 11238137 дугаарын НӨАТ-ын падаанаар 12.570.000.00 төгрөгийн дүн бүхий бараа материал худалдан авсан гэх хий бичилттэй падааныг үндэслэн татвар ногдох орлогыг бууруулсан гэж үзэж 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24/0012263 дугаар “Татвар ногдуулалт төлөлтийг шалгасан тухай” актаар 1.257.000 төгрөгийн нөхөн татвар, 377.100.00 төгрөгийн торгууль, 505.251.30 төгрөгийн алданги, нийт 2.139.351.30 төгрөгийн төлбөр тогтоожээ.

Нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг эс хүлээн зөвшөөрч бичсэн гомдлыг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хэлэлцэн 36 дугаар тогтоолоор, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл  2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцэн 72 дугаар тогтоолоор тус тус гомдлыг хэрэгсэхгүй болгон Татварын улсын байцаагчдийн актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн....нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас тооцох”-оор харин 14.3-т “...нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй.” гэж заасан байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2012 оны 06 дугаар сарын 08-ний өдөр “Ш” ХХК-аас 11238137 дугаарын НӨАТ-ын падаанаар 12.570.000 төгрөгийн дүн бүхий бараа материал худалдан авсан гэж мэдүүлэх боловч “...татварын дүнг 1.257.000.00 төгрөгөөр бууруулсан нь цахим тайлангийн системд 2012 оны 06 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, мөн системд бүртгэсэн тухайн саруудын худалдан авалтын падааны жагсаалтаас харагдахаас цахим тайлангийн системээс хөрвөж тооцоологдсон татварын албаны өрийн мэдээлэл болон тайлангийн нэгдсэн мэдээллээр нотлогдож байна.” гэж Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор дүгнэжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Татварын ерөнхий газарт хандаж 2013 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 10/5-11077 дугаар албан бичгээр “..нэр бүхий компаниудаас....175 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй худалдан авалт хийсэн аж ахуйн нэгжүүдэд харьяа татварын хэлтсүүдээр акт гаргуулан шийдвэрлүүлэхээр   ирүүлсэн байна.

Дээрх албан бичигт “Тус хэлтэст шалгагдаж байгаа 201301000498 дугаар эрүүгийн хэрэгт 2787563 татвар төлөгчийн дугаартай “Ш”ХХК-ийн захирал  нь тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын 183 ширхэг падаан дээр хий бичилт хийж бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон..” талаар мэдээлсэн бөгөөд тус албан бичгийн хавсралтад “Ш”ХХК-ийн 12.570.000.00 төгрөгийн дүнтэй 11238137 дугаарын падаан “Ц” ХХК-д олгогдсон нь тогтоогджээ.

Нөгөө талаар эрүүгийн 201301000498 дугаар хэргийн холбогдогч “Ц” ХХК-ийн захирал Ц.Чинбат нь “..нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нийт 73 компанид хий бичилт хийж дундаас нь хувь тооцон авч компаниудыг албан татвар төлөхөөс санаатай зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, энэ үйлдэл нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарсан тул Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын 2016 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 1441 дүгээр тогтоолоор өршөөгдөж хэрэгсэхгүй болсон байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Ц*******” ХХК “Ш”ХХК-аас бодит худалдан авалт хийсэн гэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч компанид олгогдсон 11238137 дугаарын падаан хий бичилттэй байсан үйлдэл нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж шийдвэрлэгдсэн байна.

Харин маргаан бүхий хий бичилттэй гэх нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бичигдсэн огноо “2012 оны 07 дугаар сарын 09” гэсэн байхад улсын байцаагчийн актанд “...2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн....” гэж зөрүүтэй байгаа хэдий ч падааны дугаар , үнийн дүн таарч байгаа, талууд энэ талаар маргаагүй болно.

Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс татвар ногдох орлогоо үнэн зөв тайлагнасан эсэхийг шалгаж, хөдөлбөргүйгээр тогтоогоогүй гэж маргаж байгаа нь уг хуулийн этгээдийг төлөөгүй албан татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй байна гэж дүгнэв.

Татварын улсын байцаагчид Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн А/102 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, 2014 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 7/3353 дугаар албан бичгийн дагуу хяналт шалгалтын даргын олгосон 2414120097 тоот томилолтын дагуу хэсэгчилсэн шалгалтыг хийхдээ нэхэмжлэгч компаний захиралтай ярилцлага хийн тэмдэглэл хөтлөн баримтжуулсан нь удирдамж, томилолтыг танилцуулж гардуулаагүй Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д “татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх;” гэсэн хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэхээргүй байна. 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны актаар “Ц” ХХК-тай холбогдох нийт 2.139.351.30  төгрөгийн төлбөрөөс захиргааны зөрчилд ногдуулсан хариуцлагын хэлбэр болох  505.251.30 төгрөгийн  алданги,  377.100.00 төгрөгийн  торгуулиас тус тус чөлөөлөх нь зүйтэй байна.  

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Ц” ХХК-ийн нэхэмжлэлээс Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч  нарын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24/0012263 дугаар “Татвар ногдуулалт төлөлтийг шалгасан тухай” актаар тогтоосон 2.139.351.30  төгрөгийн төлбөрөөс 505.251.30 төгрөгийн  алданги,  377.100.00 төгрөгийн торгуулийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, актаар тогтоосон төлбөрийн хэмжээнээс нийт 882.351.30 төгрөгөөр багасгаж нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     А.НАСАНДЭЛГЭР