Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2015/0402/з |
Дугаар | 001/ХТ2016/0046 |
Огноо | 2016-02-22 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2016/0046
“Хан-Уул ногоон дэлхий туул гол”
нөхөрлөлийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, О.Зандаа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 612 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар магадлалтай, “Хан-Уул ногоон дэлхий туул гол” нөхөрлөлийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Хан-Уул ногоон дэлхий туул гол” Залуу монгол” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус нөхөрлөл нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт З га буюу 30000 м.кв газрыг Мод тарих цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийн сонгон шалгаруулалтад тэнцэж 15 жилийн хугацаагаар эзэмших болсон билээ.
Дээрх газарт мод тарих, цэцэрлэгжүүлэх, үйл ажиллагаа хийх гэтэл төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал, хүнд суртал, зэргээс болж өнөөдрийг хүртэл бид хохирч байна. Манай нөхөрлөл 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн олон байгууллага, албан тушаалтны шийдвэр гаргуулах шат дамжлага дамжсаны эцэст сая нэг ажлаа эхлүүлэх гэтэл 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дугаар захирамжаар 2 жил дараалан гэрээнд заасан үйл ажиллагаа явуулаагүй гэдэг хууль бус үндэслэлээр газрын гэрчилгээг хүчингүй болгосон байсан. Энэхүү хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд болсон зүйлийн талаар маш тодорхой бичиж гомдол гаргасан боловч Хан-Уул дүүргийн Засаг даргын гаргасан захирамжаас тэс өөр үндэслэл зааж хүчингүй болгосон гэрчилгээг сэргээх боломжгүй тухай мэдэгдлээ. Бид 2012 оноос эхлэн уг талбайд тариалах зорилгоор 3.825.000 төгрөгөөр чацарганы суулгац, талбайн ЗD зураг гаргуулахад 7.000.000 төгрөг, 12.670.000 төгрөгөөр хашаа болон хашааны шон, тор, 1.800.000 төгрөгөөр хүлэмж, бусад тариалалтын тоног төхөөрөмж 7.600.000 төгрөгөөр худалдан авч нийт 32.895.000 төгрөгийн бодит зардал гарган хохирч байна.
Иймд нэхэмжлэлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэн биднийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хан уул ногоон дэлхий туул гол” нөхөрлөл нь дүүргийн Засаг даргын 2011 оны 399 дүгээр захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлсэн.
Монгол Улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “...Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ...” гэж заасан байдаг. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө” гэж заасны дагуу газар эзэмшигч 2011 оноос хойш газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, мөн тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг Засаг даргын 2014 оны А/400 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Иймд дүүргийн Засаг дарга 2014 оны А/400 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд захирамж гаргасан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасныг удирдлага болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 612 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хан уул ногоон дэлхий туул гол” нөхөрлөлийн “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Хан уул ногоон дэлхий туул гол” нөхөрлөлийн эзэмшиж байсан 18637306301434 нэгж талбарын дугаар бүхий 30000 м.кв газрын гэрчилгээг сэргээхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. "Хан-Уул ногоон дэлхий туул гол" нөхөрлөлтэй Хан-Уул дүүргийн газрын алба 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулахдаа газрын төлбөрийн талаар "Нэгжийн үнэ 30 000 төгрөг, бүгд үнэ 0 төгрөг, үүнээс 1 дүгээр улиралд 0 төгрөг, 2 дугаар улиралд 0 төгрөг, 3 дугаар улиралд 0 төгрөг, 4 дүгээр улиралд 0 төгрөг" гэсэн байдлаар тусгасан бөгөөд гэрээний тухайн заалтаас үзвэл газрын төлбөрийн хэмжээг 0 төгрөг гэж тогтоосон байна. Иймээс төлбөр төлөөгүй хэмээн дүгнэсэн нь буруу байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө" мөн хуулийн 7.2-т “Газрын төлбөрийн хэмжээ, түүнийг хөнгөлөх, чөлөөлөх, зарцуулах журмыг хуулиар тогтооно" гэж заасан бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд дурдсан төлбөр төлөгчийг газрыг эзэмшиж, ашигласны төлбөрөөс чөлөөлдөг "Хан-Уул ногоон дэлхий туул гол" нөхөрлөлийн эзэмшиж буй газрын зориулалт нь дээрх зүйлд хамрагдахгүй болно.
Мөн "Хан-Уул ногоон дэлхий туул гол" нөхөрлөл нь газар эзэмших гэрээг дүгнэх үүрэг зөвхөн төрийн захиргааны байгууллагад хамаарах тул газар эзэмшигч гэрээг дүгнэх үүрэг хүлээхгүй мэтээр тайлбарлаж байгаа нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ" гэснийг зөрчсөн газар эзэмшигч 4 жилийн хугацаанд нэг ч удаа газар эзэмших гэрээг дүгнүүлэхээр төрийн захиргааны байгууллагад хандаж байгаагүй, газрын төлбөр төлж байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрснийг давж заалдах шатны шүүх дахин тодруулах гэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй үйлдлээ өөрөө хүлээн зөвшөөрч байхад үнэлээгүй.
2. "Хан-Уул ногоон дэлхий туул гол" нөхөрлөлөөс маргаж буй актын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийг төрийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоогүй байдлаас шалтгаалан газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсантай холбогдуулан холбогдох баримтыг цуглуулах ажиллагааг гүйцэтгээгүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-д Захиргааны хэргийн шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль болон Монгол Улсын олон улсын гэрээг баримтална" гэж заасанд нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 10-т Газрын тухай Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.
Мөн зүйл, хэсэгт заасан"... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгохоор тайлбарласан.
Дээрх үндэслэлээр хэргийг буцаасан нь хуульд нийцэхгүй байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 612 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-т заасантай нийцсэн байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дугаар захирамжаар “Хан-Уул ногоон дэлхий туул гол” нөхөрлөлийн газар эзэмших эрхийг “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй” гэсэн хоёр үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгчид дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжаар ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 30000 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болж, 2011 12 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнийн 2.2-д газрын төлбөрийн хэмжээ нэгжийн үнэ 30000 /гучин мянган төгрөг/ Бүгд үнэ “0” төгрөг буюу 1-4 улиралд тус бүр “0” төгрөг байхаар тохиролцсон байна.
Нэгэнт дээрх гэрээнд газар эзэмшүүлэгч газрын төлбөрийг “0” төгрөгөөр тогтоосон байхад маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийг газрын төлбөрөө төлөөгүй хэмээн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар дахин нотлох баримт цуглуулах шаардлагагүй юм.
Харин анх нэхэмжлэгчид Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 399 дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг “ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн”-ийн зориулалтаар эзэмшүүлсэн, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс “цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар эрх бүхий байгууллагаас холбогдох зөвшөөрөл авахаар удаа дараа хандаж, зураг төсөл хийлгэсний улмаас газраа ашиглаагүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байхад анхан шатны шүүхээс ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахад ямар шаардлага тавигддаг болох, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагатай эсэхийг тодруулж, холбогдох нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.
Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН