Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1225

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/03307 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

Орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие эхнэр ХХХХХ-ийн хамт 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ХХХ ББСБ-тай Зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд ХХХХХХХХ тоот улсын бүртгэлтэй, ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ-р байрны ХХ тоот 3 өрөө байрыг барьцаалсан байсан. Зээлдүүлэгч ХХХ ББСБ-ын нэхэмжлэлээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 3189 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 883 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 783 тоот тогтоолоор 54 260 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

ХХХХ 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 3/5289 тоот мэдэгдэл ирүүлж, орон сууцыг 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагт албадан дуудлага худалдаанд оруулах болсныг мэдэгдсэн.

ХХХХ ХХК нь орон сууцны зах зээлийн үнэ 1 м.кв нь 2 150 000 төгрөгт тооцож, 58.1 м.кв талбайтай, нийт 125 000 000 төгрөг гэж үнэлснийг зөвшөөрөхгүй. Учир нь уг орон сууц 1975 онд баригдсан, тухайн үед мөрдөгдөж байсан стандартын дагуу талбайн хэмжээ 39 м.кв гэж тогтоогдсон. Харин 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Орон сууцны барилгын доторх сууцны талбай хэмжих MNS6058:2009 тоот аргачлалаар тооцвол 65 м.кв талбайтай, байрлал сайтай тул 1 м.кв талбай 2 500 000 төгрөг хүрнэ.

ХХХХ ХХК нь орон сууцны талбай хэмжих зөвшөөрөлгүй атлаа дураараа орон сууцыг маань 58.1 м.кв талбайтай гэж хэмжсэн. Уг орон сууцны зах зээлийн өнөөгийн ханш 162 500 000 төгрөг болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар гөлбөр төлөгч, төлбөр авагч нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Тус алба үнэлгээчин томилсон, үнэлгээ хийсэн талаар огт мэдэгдээгүй, 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар албадан дуудлага худалдаа явуулахаар тогтоосон эхний үнийг 30 хувь бууруулж дуудлага худалдаанд оруулдаг, хэрэв тухайн үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдоогүй бол мөн хуулийн 177.4-т зааснаар анхны үнэлгээнээс 50 хувь бууруулж худалддаг. ХХХХнаас явуулсан ажиллагааны хүрээнд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ зохих ёсоор тогтоогдсон бол ийм маргаан гаргахгүй, 125 000 000 төгрөг гэж үнэлж байгаа нь үндэслэлгүй.

 Иймд ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ-р байрны ХХ тоотод байрлах 3 өрөө байрыг албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 783 тоот тогтоолоор ХХ ХХХХХ нар 54 829 250 төгрөгийг ХХХ ББСБ-д төлөхөөр шийдвэрлэсний дагуу зохих ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч ХХ-ын хамтын өмчлөлийн ХХХХХХХХ тоот улсын бүртгэлийн дугаартай ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ-р байрны ХХ тоотод байрлах 3 өрөөг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2015/12 тоот дугаар тогтоолоор битүүмжилж, 2016 оны 1 дүгээр сарый 04-ний өдрийн 2016/01 тоот тогтоолоор хураасан.

Төлбөр авагч, төлбөр төлөгч талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ тогтоолгосон. Шинжээч 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тус 3 өрөө байрыг 125 000 000 төгрөгөөр үнэлсэн. Дээрх барьцаа хөрөнгийг ХХХХнаас зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн үнэлсэн үнийн 70 хувиар тооцож, 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр оруулахаар нийтэд мэдээлэхэд төлбөр төлөгч ХХ үнэлгээнд гомдол гаргаж, 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хандсан байсан.

Төлбөр төлөгч ХХХХ ХХК нь орон сууцны зах зээлийн үнэ ханшийг тооцохдоо 1 м.кв талбайг 2 150 000 төгрөгөөр тооцож, 58.1 м.кв талбайгаар бодож 125 000 000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй гэж гомдол гаргасан. Манай алба эд хөрөнгөд үнэлгээ тогтоогоогүй, хуульд зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход зах зээлийн бодит үнийг тодорхойлохдоо дан ганц өртгийн аргыг авах нь учир дутагдалтай байсан тул харьцуулах аргаар үнэлж, хөрөнгийн хэмжээ, байршил, зориулалт, ашиглалтын байдал зэргийг харгалзан үнэлгээ тогтоосон байдаг.

Иймд төлбөр төлөгч ХХ үндэслэлгүйгээр гомдол гаргаж, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 3189 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 883 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 783 тоот тогтоолоор 54 260 000 төгрөгийг нэхэмжлэгч төлөхөөр шийдвэрлэгдсэн.

Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад Ү-2203001579 тоот улсын бүртгэлийн дугаартай ХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ-р байрны ХХ тоот 3 өрөө байрыг битүүмжлэн хурааж, анхны дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад санал нэгдээгүй тул ХХХХ хуульд заасан журмын дагуу үнэлгээчин томилж, зах зээлийн үнийг тогтоолгоход 125 000 000 төгрөгөөр үнэлсэн.

Уг үнэлгээг бодитой гэж үзэж байгаа бөгөөд "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн үнэлгээнээс үзвэл ямар үндэслэл, аргыг сонгож үнэлсэн талаар тодорхой байгаа. Төлбөр төлөгч тал үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХХХ-д холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ХХ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ХХаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 07152 тоот захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гаргасан гомдол  шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Шүүхээс нотлогдсон гэж үзсэн нөхцөл байдал нь бодит байдалд тогтоогдоогүй, шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Хэдийгээр нэхэмжлэгч ХХ-ын зүгээс “ХХХХ” ХХК-ийг үнэлгээ хийх эрхгүй, барьцааны зүйл болсон дээрх 3 өрөө орон сууц нь 58.1 м.кв талбайтай бус харин 65 м.кв талбайтай, 1 м.кв талбай нь 2 500 000 төгрөг, нийт 162 500 000 төгрөгийн үнэтэй гэж тайлбарлаж мэтгэлцдэг боловч тус орон сууц нь 65 м.кв талбайтай эсэх мөн орон сууцны 1 м.кв талбайн үнэ 2 500 000 төгрөг гэдгээ нотлохгүй байна..." гэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс ХХХХ ХХК-ийг үнэлгээ хийх эрхгүй гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт хэлээгүй, бөгөөд орон сууцны талбай хэмжих зөвшөөрөлгүй атлаа орон сууцны талбайг 58.1 м.кв гэж үнэлсэн нь үндэслэлгүй гэж маргасан. ХХ-ын 3 өрөө орон сууц нь 1975 онд баригдсан, тухайн үеийн стандартын дагуу 39 м.кв гэж талбайг тогтоосон, одоогийн дагаж мөрдөж буй Орон сууцны барилгын доторх сууцны талбай хэмжих MNS6058:2009 тоот аргачлалаар тооцвол 65 м.кв талбайтай, байрлал сайтай хуучнаар хүүхдийн 100-гийн дэргэд байдаг 1 м.кв нь 2 500 000 төгрөгт хүрнэ гэж нэхэмжлэгч үзэж байгаа юм.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн зүгээс ХХХХ ХХК-ийг шинжээчээр томилсон тухай 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 26 тоот тогтоолд гомдол гаргаагүй, харин тус компанийг үнэлгээ хийх эрхгүй, уг үнэлгээг үндэслэлгүй гэж мэтгэлцдэг гэсэн байдаг. ХХХХнаас үнэлгээчин томилсон, үнэлгээ хийлгэсэн талаар огт мэдэгдээгүй бөгөөд үнэлгээ гарсан гэдгийг 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдэл гардаж авахдаа мэдсэн. 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр үнэлгээг эс хүлээн зөвшөөрч нэхэмжлэлээ гаргасан. Өөрөөр хэлбэл "ХХХХ" ХХК-ийг шинжээчээр томилсон тогтоолд гомдол гаргах эрхийг хариуцагчийн зүгээс хязгаарласан.

Нэхэмжлэгч үнэлгээ хийх эрхгүй гэх үндэслэлээр маргаагүй, харин хэмжилт хийх тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд үндэслэлгүйгээр маргаж буй орон сууцны талбайн хэмжээг тооцон гаргасанд гомдолтой байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан орон сууцны үнэлгээг хүчингүй болгох шаардлага гаргаж, үндэслэлээ албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээний талаар огт мэдэгдээгүй, орон сууцны хэмжилт хийх тусгай зөвшөөрөлгүй этгээд талбайн хэмжилт хийж түүнд үндэслэн үнэлгээ тогтоосныг зөвшөөрөхгүй гэснийг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ХХХ” ББСБ төлбөр авагчийн хувьд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцож хариуцагчийн татгалзлыг дэмжиж оролцжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл ХХХХ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль болон талуудын эрхийг зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч ХХ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч талын хувьд тухайн байгууллагын үйл ажиллагааны талаар, харин өмчлөгчийн тухайд өөрийн орон сууцны үнэлгээтэй холбоотой гомдол, шаардлага гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ.

 

Хариуцагч ХХХХ 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2015/12 тоот тогтоолоор барьцааны хөрөнгийг битүүмжилж, 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр тухайн эд хөрөнгийг хураах тогтоол үйлдэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлэх зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 36.5 дахь хэсэгт заасны дагуу явуулсан байна.

/хх-ийн 24- 28 дугаар тал/

 

Түүнчлэн төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас шүүхийн шийдвэрт заагдсан орон сууцны үнийн талаар санал авсан байх бөгөөд талууд тохиролцоогүй учир үнэ тогтоох ажиллагааг эрх бүхий байгууллагыг шинжээчээр томилон хийлгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 хэсэгт заасныг зөрчөөгүй бөгөөд үнэлгээний талаар нэхэмжлэгчид 2016 оны 2 дугаар сарын 02, 08-ны өдрүүдэд мэдэгдсэн нь хэрэгт авагдсан түүний гарын үсэг бүхий баримтаар тогтоогдож байх тул үнэлгээг огт мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

/хх-ийн 68-73, 75-77 дугаар тал/

 

ХХХХны шинжээч томилох тогтоолоор томилогдсон ХХХХ ХХК нь дуудлага худалдаагаар худалдах орон сууцны талбайн хэмжээний талаар бус, тухайн хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоох үүрэг хүлээсэн этгээд юм. Иймд уг компанийг хэмжилт хийх тусгай зөвшөөрөлгүй этгээд орон сууцны талбайн хэмжээг дураараа тогтоосон гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

/хх-ийн 83-87 дугаар тал/

 

Нөгөө талаар, нэхэмжлэгч ХХ нь өөрийн орон сууцыг үнэлсэн шинжээчийн тогтоосон үнэлгээг үндэслэлгүй гэх нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзлыг үгүйсгэх үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Харин шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт хэргийн нотлох баримт болон шүүхээс хийсэн ажиллагаа тус бүрийг нэрлэн бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 118.4 дэх хэсэгт заасан “нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заах”, үндэслэх хэсэгт “хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заах” хуулиар тогтоосон шаардлагад нийцэхгүй. Гэвч энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй тул цаашид анхаарвал зохино.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/03307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                       

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Т.ТУЯА