Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0402

 


“Э э В Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0276 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Э э В Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0276 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/1091 дүгээр захирамжийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/1091 дүгээр захирамж хүчингүй болгохыг дурдаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгч нь “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан боловч өнөөдрийг хүртэл эзэмшил газартаа зориулалтын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй буюу барилга, байгууламж бариагүй. Хэдийгээр 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар байгуулсан хэдий ч бусад төрийн байгууллагад буюу Эрчим хүчний яаманд, Ус сувгийн удирдах газарт, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-д хүсэлт гаргасан зэрэг нь гэрээ байгуулснаас даруй 2 жилийн дараах үйл баримтууд ба Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг тайлбарласан байхад газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш 3-5 жилийн дараах үйл баримтуудыг анхан шатны шүүх хүлээн авч бусдын буруутай үйл ажиллагаа, өөрөөс үл хамаарах хүчин зүйлүүд, тухайлбал, захиргааны зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагуудын улмаас удаашралтай байгаа хэмээн дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Хариуцагчийн зүгээс газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо сонсох, мэдэгдэх ажиллагааг явуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн тайлбар, саналыг биечлэн сонсож, бичгээр тайлбар авсан байхад тухайн баримтыг судлалгүйгээр шууд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэмээн хэт нэг талыг баримтлан дүгнэлт хийсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1061 дүгээр захиражмийг гаргахдаа хуулийн шаардлагыг хангасан ба үндэслэх хэсэгт ч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтыг баримталсан байгааг харгалзан үзсэнгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 128/ШШ2019/0276 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/350 дугаар захирамжаар[1] нэхэмжлэгч “Э э В Ю” ХХК-д Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 23950 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар мөн оны 05 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших эрхийн 000305869 дүгээр гэрчилгээг[2] нэхэмжлэгчид олгожээ.

Хариуцагч 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/1091 дүгээр захирамжаар[3] нэхэмжлэгчийн дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг “уг газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч иргэн, хуулийн этгээд газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилжээ.

Анхан шатны шүүх “Э э В Ю” ХХК-ийг газар эзэмших эрх үүссэнээс хойших хугацаанд тухайн газар дээр барилга, байгууламж бариагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй “өөрөөс нь үл шалтгаалах хүчин зүйлүүд тодруулбал, захиргааны зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааны улмаас удаашралтай байгаа” талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.  

Учир нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК[4], Ус сувгийн удирдах газарт[5] тус тус гаргасан хүсэлтүүд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 128/ШШ2018/0027 дугаар захирамж[6] зэрэг баримтуудаас үзвэл нэхэмжлэгч газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажиллагааг хийж байсан, дан ганц түүний буруутай үйл ажиллагаа байсан гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо “...газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш 3-5 жилийн дараах үйл баримтуудыг анхан шатны шүүх хүлээн авч бусдын буруутай үйл ажиллагаа, өөрөөс үл хамаарах хүчин зүйлүүд, ...хэмээн дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.” гэж дурдсаныг хүлээн авах үндэслэлгүй юм.

Харин анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хариуцагчийг 2018 оны А/1091 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хариуцагчийн зүгээс газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо сонсох, мэдэгдэх ажиллагааг явуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн тайлбар, саналыг биечлэн сонсож, бичгээр тайлбар авсан” гэж давж заалдах гомдолдоо дурдсаныг хүлээн авахаар байна.

Тодруулбал, Нийслэлийн Газрын алба  2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Э э В Ю” ХХК-д 03-06/2668 дугаар албан бичгээр “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бүрдсэн байх тул газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье. Иймд тус асуудлаар ...2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор ...холбогдох дүүрэг хариуцсан мэргэжилтэнтэй уулзана уу” хэмээн мэдэгдэл хүргүүлсний дагуу нэхэмжлэгчээс 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 04/18 дугаар албан бичгээр “...биднээс үл шалтгаалах нөхцөл байдал үүссэнээр манай компани өөрийн эзэмшлийн газар дээр батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгын ажлыг эхлүүлж чадаагүй бөгөөд энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчинтэй хэвээр үлдээж өгнө үү” хэмээн хүсэлт /тайлбар/ гаргаж байжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааны гол зорилго нь захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоход орших ба хариуцагч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар түүнд мэдэгдэж, “Э э В Ю” ХХК нь тухайн мэдэгдлийн дагуу хүсэлт /тайлбар/ гаргасан байх тул Нийслэлийн Засаг даргыг А/1091 дүгээр захирамжийг гаргахдаа сонсох ажиллагааг хийгээгүй гэж буруутгахааргүй байна.

Гэхдээ уг үндэслэлээр хариуцагчийн гаргасан шийдвэрийг зөвтгөж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм. Учир нь хариуцагч нэхэмжлэгч тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байгаа талаар тайлбарласан байхад тухайн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр шийдвэр гаргасан нь буруу юм.

Анхан шатны шүүх маргаж буй захирамжийн 2 дахь заалт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг харгалзан үзээд хэргийн нөхцөл байдлыг тодруулах өөрөөр хэлбэл, маргаж буй газар Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байдалд нийцүүлэн газрын хэмжээг нэхэмжлэгчийн саналыг үндэслэн багасгах, тохиролцох боломжтой гэж үзэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/1091 дүгээр захирамжийг хариуцагчаас шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч болон хариуцагчийн зүгээс тодорхой үндэслэл зааж, давж заалдах гомдол гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3-д заасны дагуу тухайн хэсэгт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0276 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2” гэснийг хасч шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 86 хуудас

[2] Хавтаст хэрэг 7 хуудас

[3] Хавтаст хэрэг 85 хуудас

[4] Хавтаст хэрэг 121-125 хуудас

[5] Хавтаст хэрэг 139 хуудас

[6] Хавтаст хэрэг 184 хуудас