Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 215/МА2024/00005

 


Г.М-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай


 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ц.О, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 133/ШШ2024/00023 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: .............. аймгийн ......... сумын ............. багийн ... - ... тоотод оршин суух, О овгийн Г.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............. аймгийн ............. сумын ..............багт оршин суух хаягтай, одоогоор “Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги”-д хоригдож буй А овгийн Я.Г-д холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага (тодруулсан): Хүү Б.Т 16 нас хүртэл хугацааны эмчилгээ, сувилгаа, асаргааны зардал 50,000,000 төгрөг, эх Г.М 2022 оны 11, 12, 2023 оны 01, 02, 03, 04 саруудын цалин хөлс 4,443,714 төгрөг, эцэг Б.Б, эх Г.М нарын “............” ХК-д төлөх зээл, хүү 16,767,000 төгрөг, хүү Б.Т нэмэгдэл хоолны зардал 2,599,794 төгрөг, эм тарианы зардал 1,526,578 төгрөг, шатахууны зардал 2,777,212 төгрөг, тээврийн зардал 487,300 төгрөг, нийт 78,601,598 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Я.Г нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ............. аймгийн ............. сумын ..............багийн нутаг дэвсгэрт ... - ... ... улсын дугаартай Toyota .......... маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Б.Б, Д.Н, Ө.А нарын хашаа, Д.Б-ийн эзэмшлийн майхныг мөргөсний улмаас амь хохирогч Б.Ц нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас барсан хохирогч Б.Т эрүүл мэндэд дагз ясны шугаман хугарал, баруун дунд чөмөгний далд хугарал, бүсэлхий ар хэсэг, зүүн суга, зулайд шарх бүхий хүнд гэмтэл учирсан.
Б.Т нь ерөнхий унтуулга бүхий 6 удаагийн мэс засалд орсон, одоогоор хүүгийн хөл эдгээгүй, алхаж чадахгүй, байнгын асаргаатай байгаа. Я.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сард 10,600,000 төгрөг, нийт 17,600,000 төгрөг өгсөн.
Г.М нь байнгын асаргаатай хүүгээ харахын тулд ажлаасаа чөлөөлөгдсөн тул ажилгүй байгаа саруудын цалин хөлс, зээлийн эргэн төлөлт, хохирогч Б.Т эмчилгээ, асаргаа сувилгааны зардал, шатахууны зардал, нэмэлт хоолны зардлыг тус тус нэхэмжилж байна гэжээ.

3. Хариу тайлбарын агуулга: Би гэм буруугийн шүүх хурал болох үед хохирогч нарт 46,000,000 төгрөгийн хохирол төлсөн. Миний бие муу, зүрхний дутмагшилтай, артерийн гирпентези оноштой эмчийн хяналтад ялаа эдэлж байна. Надаас нэхэмжилж байгаа зардлыг бодит эсэхийг тунгаахыг хүсье. Нэхэмжлэлээс насанд хүрээгүй хохирогч Б.Т эмчилгээний зардал гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1, 228 дугаар зүйлийн 228.4 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Я.Г-ээс “эм тарианы зардал 789,278 төгрөг, 2022 оны 11, 12 болон 2023 оны 01, 02, 03, 04 саруудын цалин хөлс 4,443,714 төгрөг, нийт 5,232,992 төгрөг”-ийг гаргуулан нэхэмжлэгч Г.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Б.Т 16 нас хүртэл хугацааны эмчилгээ, асаргаа, сувилгааны зардал 50,000,000 төгрөг, эцэг Б.Б болон эх Г.М нарын “............” ХК-д төлөх зээлийн төлбөр 16,767,000 төгрөг, хүү Б.Т нэмэгдэл хоолны зардал 2,599,794 төгрөг, шатахууны зардал 2,777,212 төгрөг, тээврийн зардал 487,300 төгрөг, үлдэх эм тарианы зардал 737,300 төгрөг тус тус гаргуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Я.Г-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Я.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 98,667 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч Г.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: .......... аймгийн ............... сумын ............. багийн ... - ... тоотод оршин суух, Г овогтой М миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 133/ШШ2024/00023 дугаар шийдвэртэй танилцаад дараах гомдлыг гаргаж байна. Нийт 78,601,598 төгрөг нэхэмжилсэнээс анхан шатны шүүх 5,232,992 төгрөг хангаж өгсөн. Үлдсэн 73,368,606 төгрөг баримтын хэмжээнд шийдэж өгнө үү. Энэ хэргийн улмаас эх Г.М нь сэтгэл санааны хохиролд их орж тархи толгойны өвчтэй болсон гэжээ.  

ХЯНАВАЛ:

         6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

7. Хариуцагч Я.Г нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ............. аймгийн ............. сумын ..............багийн нутаг дэвсгэрт ... - ... ... улсын дугаартай Toyota ......... маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Б.Б, Д.Н, Ө.А нарын хашаа, Д.Б-ийн эзэмшлийн майхныг мөргөсний улмаас амь хохирогч Б.Ц нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас барсан хохирогч Б.Т эрүүл мэндэд дагз ясны шугаман хугарал, баруун дунд чөмөгний далд хугарал, бүсэлхий ар хэсэг, зүүн суга, зулайд шарх бүхий хүнд гэмтэл учируулсан гэм буруутай болохыг тогтоосон Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

8. Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны Б.Т төрсний лавлагаагаар 6 настай хүү Б.Т-г түүний эх Г.М хуульд зааснаар төлөөлөх, түүний нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

9. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан тээврийн хэрэгсэл эзэмшигч Я.Г нь хохирогч Б.Т-д учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна. Уг хохирлыг арилгах арга, тооцох журмыг Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлд зохицуулсан байна.

10.Нэхэмжлэлийн талаар.
10.1 Хүү Б.Т 16 нас хүртэл хугацааны эмчилгээ, сувилгаа, асаргааны зардал 50,000,000 төгрөг, 
10.2  эх Г.М 2022 оны 11, 12, 2023 оны 01, 02, 03, 04 саруудын цалин хөлс 4,443,714 төгрөг, 
10.3 эцэг Б.Б, эх Г.М нарын “............” ХК-д төлөх зээл, хүү 16,767,000 төгрөг, 
10.4 хүү Б.Т нэмэгдэл хоолны зардал 2,599,794 төгрөг, 
10.5 эм тарианы зардал 1,526,578 төгрөг,
10.6 шатахууны зардал 2,777,212 төгрөг, тээврийн зардал 487,300 төгрөг, нийт 78,601,598 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

         11. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д зааснаар хохирогч нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй байна. 
Хохирогч Б.Т 16 нас хүртэлх хугацааны эмчилгээ, сувилгаа, асаргааны зардал 50,000,000 төгрөг нэхэмжилсэн нь ямар эмчилгээг зайлшгүй хэрхэн хийх шаардлагатай байдлыг эрүүл мэндийн байгууллагын холбогдох баримтаар нотлоогүй гэж анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.  
12. Нэхэмжилсэн эх Г.М 2022 оны 11, 12, 2023 оны 01, 02, 03, 04 саруудын цалин хөлс 4,443,714 төгрөг нь хэргийн 4, 5 дахь тал, 9 дэх талд авагдсан цалингийн тодорхойлолт тус аймгийн ......... сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар  хүүгээ асрахаар гаргасан өргөдлийг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн байдлаар нь нотлогдож байх тул хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Үндсэн цалин 740691х6=4443714 төгрөг. 
13. Эцэг Б.Б, эх Г.М нарын “............” ХК-д төлөх зээл, хүү 16,767,000 төгрөгийг уг зээлийн харилцаа гэм хорын хохирол учрахаас өмнө авсан зээл бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд зарцуулсан гэх байдал нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна. 
14. Нэхэмжилсэн хүү Б.Т нэмэгдэл хоолны зардал 2,599,794 төгрөгийн тухайд хохирогч нь уг гэмт хэргийн улмаас 6 удаагийн хагалгаанд орсон, эрүүл мэндийн байдал нь байнгын асаргаанд орж, хөгжлийн бэрхшээлтэй болсон (хэргийн 7 дахь талд авагдсан баримт) нэмэгдэл хоол, хүнсний зардалд 2,599,794 төгрөг зарцуулсан тухай нэхэмжлэгчийн тайлбар, баримтыг, үгүйсгэх нотлох баримтыг хариуцагч гаргаагүй, уг тайлбар, баримтуудад эргэлзэх үндэслэлгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан уг зардлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ. 
15. Нэхэмжилсэн эм тарианы зардал 1,526,578 төгрөгийн тухайд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “шүүгдэгч Я.Г нь хохирогч Г.М-д 10.600.000 төгрөг төлсөн” , Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар магадлалын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар “Я.Г нь хохирогч Г.М-д 7.145.200 төгрөг төлсөн” байдлыг нэхэмжилсэн е баримтын цаг хугацаагаар нь тулган 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны эм тарианы үнэ 789.278 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
16.Нэхэмжилсэн шатахууны зардал 2,777,212 төгрөг, тээврийн зардал 487,300 төгрөгийг анхан шатны шүүхээс нэхэмжилсэн 59 ширхэг е баримт бүхий шатахуунаар хэзээ, ямар тээврийн хэрэгслээр хэдэн удаа хэн зорчсон байдал нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна. Б.Т нэмэгдэл хоолны зардал 2599794 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад зүйл хэсгийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлын энэ хэсгийг хүлээн авч бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжилсэн Г.М-ий нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.  Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 133/ШШ2024/00023 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “5232992 төгрөг” гэснийг “7832786 төгрөг” гэж өөрчилж, “хүү Б.Т нэмэгдэл хоолны зардал 2599794 төгрөг”  гэснийг хасч, шийдвэрийн 2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Я.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 98667 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай” гэснийг “7832786 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 140275 төгрөгийг хариуцагч Я.Г-ээс гаргуулан улсын орлого болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй. 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                         

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.Э                  

     ШҮҮГЧИД                              Ц.О 

                                                   Ш.Б