Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2016/0277/И/ |
Дугаар | 255 |
Огноо | 2016-07-27 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 255
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай Эм хангамж ХХК-ий /РД: 2633841/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Эргэлтийн эмийн санд холбогдох
3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын захирал Ц.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай Эм хангамж ХХК-ий захирал Ц.Ганчимэг нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Эргэлтийн эмийн сан нь 2003 онд үүссэн 3 сая төгрөгийн өртэй 13 жил болж байна. Тус байгууллагаас 3 сая төгрөгийг нэхэхэд манайх танайд өргүй, бид авсан зүйлийнхээ мөнгийг дор бүр нь буюу дараа банкаар шилжүүлж төлж байсан гэдэг хариу өгдөг. Манай компаний нягтлан бодогч нь Эрдэнэ сумын Эргэлтийн эмийн сангийн эмийн санчтай өрөө тулгаж үзэхэд ямар нэгэн өртэй гэсэн цаасан баримт байхгүй зөвхөн программ дээр л 3 сая өгрөгийн өртэй гэж гарч ирдэг. Иймд дээрх байгууллагаас 3 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Наранцэцэг нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2003 онд үүссэн өр төлбөрийн асуудал байхгүй. Тухайн үед 2 эмийн сантай ажиллаж байсан ба тэр үед ажиллаж байсан эмийн санч Ц.Дарьсүрэн, их эмч н.Отгонсүрэн нар ажлаасаа гарсан. Эм авсан мөнгөө тухай бүр нь барагдуулж явдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Говь-Алтай Эм хангамж ХХК нь Эрдэнэ сумын Эргэлтийн эмийн санд холбогдуулан 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Говь-Алтай Эм хангамж ХХК нь 3.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх боловч уг өр нь хэрхэн үүссэнийг мэддэггүй, зөвхөн программ дээр өртэй гэж гарч ирдэг, цаасан баримт байхгүй гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхаар шаардах эрх нь хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заажээ.
Говь-Алтай Эм хангамж ХХК нь 2003 онд 3.000.000 төгрөгийн өр үүссэн гэж тайлбарлаж байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэж заажээ.
Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх талаар хүсэлт гаргаагүй, хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан болох нь тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт цугласан нотлох баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Наранцэцэг нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай Эм хангамж ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Эргэлтийн эмийн санд холбогдох 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ