| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2023/04050/И |
| Дугаар | 210/МА2024/00239 |
| Огноо | 2024-01-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2024/00239
2024 01 31 210/МА2024/00239
МПИ ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2023/03267 дугаар шийдвэртэй,
МПИ ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Б.Од холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 11,647,037 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Манай компани Б.Отэй 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ-201701160049 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 5,500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатай, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗГ- 201701160049-1 дугаартай нэмэлт зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 3,199,123 төгрөг дээр нэмж 3,000,000 төгрөг нийт 6,199,123 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн.
1.2. Зээлдэгч нь зээлийн барьцаанд 2016 ны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ-201701160049 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг /фидуци/ байгуулан, Тоёото маркийн, 89*** улсын дугаартай автомашиныг МПИ ББСБ ХХК -ийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дууссан.
Иймд үндсэн зээл 4,452,629 төгрөг, хүү 7,124,207 төгрөг мөн эрэн сурвалжпах ажиллагааны зардал 70,200 төгрөг нийт 11,647,037 төгрөгийг хариуцагч Б.Оээс гаргуулж өгнө үү. ЗГ-201701160049 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. МПИ ББСБ ХХК -иас 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5,500,000 төгрөгийн зээл аваад графикийн дагуу төлж байгаад 12 дугаар сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөгийг нэмж зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Тоёото маркийн 89*** улсын дугаартай автомашиныг тус байгууллагын нэр дээр шилжүүлсэн.
Уг машиныг 2018 оны 4 дүгээр сард МПИ ББСБ ХХК -тай тохиролцон зарахаар болж н.Б гэдэг хүн 3 хоногийн дотор төлбөрөө хийхээр тохиролцоод унаад явсан. Гэтэл н.Б сураггүй, хаяг дээрээ байхгүй болсон тул Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаж олсон бөгөөд тэрээр “машиныг чинь ноолуураар сольж байгаа, хэд хоногийн дараа төлбөрөө барагдуулна” гэж хэлээд бүр сураггүй болсон. Би машин ч үгүй, мөнгө ч үгүй болсон.
2.2. Манай захирал банк бус байгууллагын захирал Отгоотой найз байсан ба манай байгууллагын ажилчид цалингийн зээл авч 3 хувиар төлдөг байсан. Тэр үед н.Саранбаатар тус байгууллагад зээлтэй байсан ба түүний 2,000,000 төгрөг, миний 1,000,000 төгрөгийг манай захирал шилжүүлчлээ гэсэн. Н.Сансарбаатар ажлаасаа гарахад түүний 2,000,000 төгрөгийг миний нэр дээр шилжүүлээд би дахин 1,000,000 төгрөгийг төлснөөр миний зээл барагдсан гэж ойлгосон. Гэтэл эдийн засагч нь 2019 онд намайг дуудаж үндсэн зээл 4,000,000 төгрөг төлчих гэж байсан бөгөөд тухайн үед Ковид гарч, ажил тогтворгүй байсан тул төлж чадаагүй.
Иймд зээлийн хүү болох 7,124,207 төгрөгийг төлж чадахгүй, үндсэн зээл болох 4,452,629 төгрөгийг төлж барагдуулна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Оээс 11,647,037 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МПИ ББСБ ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,503 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 201,303 төгрөгийг гаргуулж МПИ ББСБ ХХК -д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч миний хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй нотлох баримтыг дутуу шалгаж шийдэрлэсэн.
Учир нь би 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зарлагдсан шүүх хуралд өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах үүднээс өмгөөлөгч авах хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн аваад шүүх хуралдааныг хойшлуулсан. Улмаар дараагийн шүүх хурал 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13:30 минутанд зарлагдсан ба би өмгөөлөгч Д.Эээр өөрийгөө өмгөөлүүлэхээр тохирсон.
Бид шүүх хуралдаанаас өмнө гэрээ хийнэ гэсэн боловч өмгөөлөгч орон нутагт шүүх хуралд ороод буцахдаа цаг агаарын нөхцөл байдлын улмаас очиж амжихааргүй болсон талаар шүүгчид хэлж, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох боломжоор хангаж өгөхийг хүссэн боловч миний хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
Мөн тухайн үед миний ажиллаж байсан байгууллагын захирал нь н.Г гэх хүн МПИ ББСБ ХХК руу миний зээлийг төлж дуусгасан ба захирал н.Г, МПИ ББСБ ХХК -ийн зээлийн эдийн засагч н.Б нарыг гэрчээр асуулгах талаар хүсэлтээ хэлсэн боловч хүлээж авалгүйгээр шийдвэрлэсэн.
4.2. МПИ ББСБ ХХК нь намайг 2022 онд шүүхэд өгсөн ба зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байсан гэж үзвэл зээлийн гэрээний хугацаа дууссан буюу 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойшхи цаг хугацаанд нэхэмжлэл гаргах байсан. Гэтэл зээлийн гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа хүнээс зээлээ төлөх талаар нэг ч шаардлага гаргаагүй байж 2 жил гаруй хугацааны дараа шүүхэд хандаж байгааг огт ойлгохгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зээлийн гэрээнд зааснаар хугаандаа зээлээ төлөөгүй бол гэрээг цуцлахаар байхад гэрээг цуцлах талаар мэдэгдэлгүйгээр шууд шүүхэд хандаж байгааг ойлгохгүй байна. Үүнээс үзэхэд миний өр тухайн цаг хугацаандаа төлөгдсөн байсан болохоор шаардлага гаргахгүй байж байгаад гэнэт зээлийн гэрээгээ зөрчсөн гэж байгааг болон төлбөр хэрхэн яаж төлж байсан талаар нэг ч баримт гаргаж өгөлгүйгээр зөвхөн зээлийн гэрээг шүүхэд гаргаж өгөөд нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна.
Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 182/ШШ2023/03267 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
МПИ ББСБ ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талаас нэхэмжлэлийг гардан авсны дараа эрх, үүрэгтэй танилцаж, тухайн баримтад гарын үсэг зурсан. Тухайн үеэс эхэлж, хариуцагчид өмгөөлөгч авах эрх нь нээлттэй болсон. Анхан шатны шүүх хуралдаан 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр болоход хариуцагч өмгөөлөгч аваагүй байсан бөгөөд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхээс түүний хүсэлтийг хангаж, 7 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны явцад өмгөөлөгч авах хүсэлтийг гаргасан нь санаатайгаар шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилготой байсан.
Анхан шатны шүүхээс хариуцагчийг өмгөөлөгч авах эрхээр нь хангасан гэж үзэж байна. Гэрч оролцуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргахдаа хэн гэдэг хүнийг ямар шалтгаанаар оролцуулах талаар тодорхой тайлбарлаж чадаагүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч МПИ ББСБ ХХК нь хариуцагч Б.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,647,037 төгрөг, гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 4,452,629 төгрөгийг зөвшөөрч, үлдсэн хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хангаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
3.1. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагч Б.О нь түүний өмгөөлөгч н.Энхцэцэг орон нутагт шүүх хуралдаанд оролцоод цаг агаарын нөхцөл байдлын улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй талаар тайлбарлаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргажээ.
Тухайн шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон гэх хүндэтгэн үзэх шалтгааныг хариуцагчийн өмгөөлөгч н.Энхцэцэг баримтаар нотлоогүй боловч энэ нь эрх зүйн туслалцаа авах хариуцагчийн эрхийг хязгаарлах үндэслэл биш юм. Иймд анхан шатны шүүх хариуцагчийг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/-т заасан эрх зүйн туслалцаа авах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8-д хуульд заасан бусад эрхээр хангах байжээ.
3.2. МПИ ББСБ ХХК нь Б.Отэй 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Б.О нь 5,500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатай зээлсэн, мөн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.О нь өмнөх зээлийн үлдэгдэл 3,199,123 төгрөг дээр нэмж 3,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн гэжээ. /хх7-9/
2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагч Б.О нь зээлийн эргэн төлөлтөд 3,000,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж, нэхэмжлэгч нь Б.Оийн төлсөн 1,000,000 төгрөг зээлийн хүүнд тооцогдсон, 2,000,000 төгрөгийг н.Сансарбаатар гэх хүний зээлийн төлбөрт суутгагдсан гэж тайлбарласан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчаас зээлд эгүүлэн төлсөн гэх төлбөрөөс үндсэн зээл болон зээлийн хүүнд суутгасан хэмжээ тодорхойгүй, тооцоололгүй байгааг анхан шатны шүүх тодруулах ажиллагааг хийгээгүй байна.
3.3. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч тал фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбар гаргасан бөгөөд хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйл болох 89*** улсын дугаартай, Тоёото марк 2 маркийн автомашины гэрчилгээ баримтаар авагдаагүй тохиолдолд уг эд хөрөнгө хэний өмчлөл, эзэмшилд байгаа эсэх, үүргийн гүйцэтгэлийг бодитойгоор хэрэгжүүлэх боломжтой эсэх тодорхойгүй болжээ.
3.4. Харин хариуцагч Б.Оээс гэрч асуулгах хүсэлт гаргасан талаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Оийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2023/03267 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Оийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,303 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЗОЛЗАЯА