| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0008/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2018-12-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 18
-
-
2018 12 28 18
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Р.Энх-Оюун,
хохирогч П.Эрдэнэчимэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808048721403 дугаар хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Балжины Г /РД:ПЭ/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 4 дүгээр гудамж, 122а тоотод хадам эх болох П.Эрдэнэчимэгийн цээж рүү нь хөлөөрөө өшиглөн зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Архи уусан байсан болохоор биеэ барьж чадахгүй ийм юм болчихсон. Гэм буруугаа зөвшөөрч байна. Хохиролд 200.000 төгрөг өгсөн. Дахин хэрэг хийхгүй. Хөнгөн ял өгнө үү” гэв.
Хохирогч: “Үндсэн хуульд зааснаар гэр бүлийн гишүүн, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй. Г өшиглөж гэмтэл учруулсан. Г эмчилгээний төлбөр төлж, уучлалт гуйсан. Шүүгдэгч хийсэн хэрэгтээ гэмшиж, хэргээ хүлээж байгааг нь харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1808048721403 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч П.Эрдэнэчимэгийн: “2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн үед ...гэртээ ганцаараа байхад зээ охин 5 настай Г.Мөнхцацрал уйлаад “аав, ээж хоёр хэрэлдээд байна, аав согтуу байна” гээд орж ирсэн. Хүргэнийх манайх хоёр нэг хашаанд байдаг. Хүргэн Б.Гын гэрт ороход хүргэн согтуу аягатай хоолоо газар асгасан байдалтай байсан. “За та хоёр юу болоод байна” гэж асуухад Б.Г, охин хоёр юм дуугарахгүй байхаар нь Б.Галдбадрахад “Чи ер нь амьдарч чадахгүй бол мөрөөрөө зайлаарай” гэж хэлээд гарахад Гын бага хүү Буянт гэрийнхээ гадна гүйж явахаар нь аваад гэртээ орсон. Тэгэхэд Б.Г манай гэрийн хаалгыг нүдэхээр нь тайлахад “балай авгай минь хүүхдээ авъя” гэж хэлээд миний баруун талын хавирганы хэсэгт гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөөд гараад явсан. Миний амьсгал давчдаад байхаар нь би түргэн, цагдаа дуудсан. Би хүргэн Б.Гыг эсэргүүцэж, зодож цохисон асуудал байхгүй. ...Г эмчийн бичиж өгсөн эмүүдийг авч өгч, томографикт харуулж өгсөн ба мөнгийг нь өөрөө өгсөн. Надад Б.Гаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болно...” гэх мэдүүлэг /хх-33-34/,
Гэрч М.Пүрэвжавын: “...2018 оны 10 дугаар сарын 07-ны амралтын өдөр байсан. Г гэрээс орж, гараад архи үнэртүүлээд яваад байсан. Би “Чи хаана архи уугаад, үнэртүүлээд байгаа юм бэ” гэж асуухад Г “чамд хамаагүй” гээд маргахаар би гэрээс гарахад хоёр хүүхэд дагаж уйлсан. Тэр үед ээж Эрдэнэчимэг “яагаад хүүхдүүд чинь уйлаад байгаа юм бэ” гээд гэрт орсон. Би ахынхаа гэрт байхад Г ээжтэй хэрэлдээд том том дуугараад байсан. Би ахынхаас гарахад Г аавын гэрийн хаалгыг нүдэж байсан. Би Г руу явж очоод “боль” гэж хэлэхэд ээж цаанаас гэрийн хаалгаа онгойлгоод “хаалга эвдлээ” гэж уурлахад Г “би хүүхдээ авна” гэж хэлээд ээжийн биеийн баруун тал буюу бөөр хавьцаа нь нэг удаа өшиглөсөн. Би салгаад гэрт оруулсан. Хоёр цагдаа ирээд Гыг аваад явсан. Би аавын гэрт ороход ээж “хөдөлж болохгүй байна” гээд баруун талын хавиргаа дараад байсан. Би ээжийг дагуулаад гэмтлийн эмнэлэг дээр очоод зураг авхуулахад хоёр хавирга хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-37-38/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.10.16-ны өдрийн 12302 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.П.Эрдэнэчимэгийн биед цээжний баруун талд 11, 12 дугаар хавирганы зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-40/,
Шүүгдэгч Б.Гын яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай хашаанд байдаг Билгүүнээгийн гэрт орж 0,5 литр архины талыг нь хувааж уугаад гэртээ орсон. Эхнэр Пүрэвжавт хандан “чи гэр орноо цэвэрлэж байхаар хувцас хунараа угаагаач” гэж хэлсэн. Эхнэр уурлаад “чи өөрөө архи ууж байхаар ажил төрөл хийхгүй байж гэр орноо цэвэрлэхгүй юу” гээд хэрэлдэж байхад хадам ээж Эрдэнэчимэг орж ирээд “чи яагаад архи уусан юм, одоо наад архи дарсаа боль, та хоёр ингэж амьдарч байхаар больсон нь дээр” гэж загнаад бага хүү Буянтыг тэврээд гарсан. Би араас гараад гэрийнх нь хаалгыг татахад хаалгаа дотор талаас нь түгжсэн байхаар нь нүдээд “хүүхдээ авъя” гэж хэлсэн. Ээж уурлаад хаалгаа нээгээд “хүүхдийг чинь өгөхгүй” гэж хэлэхэд эхнэр хажууд ирээд “намайг боль” гэж хэлсэн. Би хариуд нь “чи яахаараа миний хүүхдийг өгдөггүй юм бэ” гэж хэлээд ээжийн цээж рүү нэг удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Хадам ээж эсэргүүцэж цохиж зодсон зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-50-52/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-12-20/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-53/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-54/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/, дуудлага мэдээллийн жагсаалт /хх-59/ зэргийг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Г согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 4 дүгээр гудамж, 122а тоот гэртээ хадам эх П.Эрдэнэчимэгийн цээж рүү өшиглөж эрүүл мэндэд нь цээжний баруун талын 11, 12 дугаар хавирганы зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч П.Эрдэнэчимэгийн “...Г согтуу ...байсан. ...Миний баруун талын хавирганы хэсэгт гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөөд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-33-34/, шүүх эмнэлгийн 12302 дугаар “1. П.Эрдэнэчимэг-ийн биед цээжний баруун талд 11, 12 дугаар хавирганы зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-40/, гэрч М.Пүрэвжавын “...Г гэрээс орж гараад архи үнэртүүлээд яваад байсан. ...Би хүүхдээ авна гэж хэлээд манай ээжийн биеийн баруун тал буюу бөөр хавьцаа нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-37-38/, шүүгдэгч Б.Гын яллагдагчаар өгсөн: “...“Чи яахаараа миний хүүхдийг өгдөггүй юм бэ” гэж хэлээд ээжийн цээж рүү нэг удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-50-52/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Гын иргэн П.Эрдэнэчимэгийг өшиглөж хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул Б.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч П.Эрдэнэчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Надад хүргэн Б.Гаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-33-34, шүүх хуралдааны тэмдэглэл/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Г бусдад төлөх төлбөргүй, эрхэлсэн тодорхой ажилгүй буюу орлогогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Зүйлчлэл дээр маргаангүй. Согтуурсан байсан нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд торгох ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч машинаараа орлого олох боломжтой” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан шүүгдэгч Б.Гад 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Балжины Гыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л. БААТАР