Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 256

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
 Нэхэмжлэгч: Говь-Алтай Эм хангамж ХХК-ий /РД: 2633841/ нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох
451.368 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын захирал Ц.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
  Нэхэмжлэгч Говь-Алтай Эм хангамж ХХК-ий захирал Ц.Ганчимэг нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар нь 2003 онд үүссэн 451.368 төгрөгийн өртэй 13 жил болж байна. Тус байгууллагаас 451.368 төгрөгийг нэхэхэд манайх танайд өргүй, бид авсан зүйлийнхээ мөнгийг дор бүр нь буюу дараа банкаар шилжүүлж төлж байсан гэдэг хариу өгдөг. Манай компаний болон Эрүүл мэндийн газрын нягтлан бодогч нар өрөө тулгаж үзэхэд ямар нэгэн өртэй гэсэн цаасан баримт байхгүй зөвхөн программ дээр л 451.368 төгрөгийн өртэй гэж гарч ирдэг. Иймд дээрх байгууллагаас 451.368 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын дарга Т.Ганболд нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын эмийн зарцуулалтанд 2000-2003 онуудад жилд 17,0-64,0 мянган төгрөг батлагдсан ба энэ нь дархлаажуулалт хийхэд нэмэлтээр шаардлагатай хөвөн, ариутгалын бодис худалдан авах зориулалттай. Эм хангамж ХХК-иас авсан эм хэрэгслийн зардлыг тухай бүрд нь төлж барагдуулсан. Иймд манай байгууллага нь “Эм хангамж” ХХК-ий нэхэмжлэлд дурдагдсан 451.368 төгрөгийн өргүй болно гэжээ. 
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Говь-Алтай Эм хангамж ХХК нь Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан 451.368 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Говь-Алтай Эм хангамж ХХК нь 451.368 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх боловч уг өр нь хэрхэн үүссэнийг мэддэггүй, зөвхөн программ дээр өртэй гэж гарч ирдэг, цаасан баримт байхгүй гэж тайлбарлаж байна. 
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхаар шаардах эрх нь хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заажээ.
Говь-Алтай Эм хангамж ХХК нь 2003 онд 451.368 төгрөгийн өр үүссэн гэж тайлбарлаж байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэж заажээ.
Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх талаар хүсэлт гаргаагүй, хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан болох нь тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна. 
Хэрэгт цугласан нотлох баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.Анхтөрд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, Д.Энхжаргалд  2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдааны товыг тус тус мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.901,04 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай Эм хангамж ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газарт холбогдох 451.368 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.901,04 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ