Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/00257

 

 

 

 

 

 

 

 

   2024       02          02                                    210/МА2024/00257

 

 

ИК ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/04936 дугаар шийдвэртэй,

 

ИК ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй

Д.Ит холбогдох,

 

Баянзүрх дүүрэг, ********************* тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-22********** дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцнаас хариуцагчийг албадан нүүлгэж, орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлж, 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, А.Нямгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1. ИК ББСБ ХХК нь Баянзүрх дүүрэг, ************************ хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22********** дугаарт бүртгэгдсэн, 80,7 м.кв талбайтай 2 өрөө байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу, хууль ёсоор зээлийн өр төлбөртөө тооцон авч, өмчлөлдөө шилжүүлж авсан. Гэтэл иргэн Д.И нь тус байранд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр амьдарч байгаа бөгөөд орон сууцнаас нүүхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлсэн боловч одоог хүртэл чөлөөлөхгүй хүндрэл учруулж байна.

1.2. Манай байгууллага нь тус байрны хууль ёсны өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. 106.3 дахь хэсэгт заасны дагуу уг орон сууцанд хууль бусаар амьдарч байгаа иргэнийг албадан гаргах, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх эрхтэй.

1.3. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу ИК ББСБ ХХК нь өөрийн хууль ёсны өмчлөлийн орон сууцыг хөлслөх, үр шимийг нь хүртэх эрхтэй ба Д.И нь бусдын өмчлөлийн гэдгийг мэдсээр байж хууль бусаар эзэмшиж байгаа тул 1 сарын түрээсийн төлбөрийг 500,000 төгрөгөөр тооцон, 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарыг хүртэл нийт 10 сарын хугацааны үр шимийг нь нэхэмжлэх эрхтэй.

1.4. Иймд ИК ББСБ ХХК -ийн өмчлөлийн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ************************ хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-22********** дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцнаас Д.Иыг албадан нүүлгэж, орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлж, Д.Иоос 5,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.1. Д.И би Нийслэлийн Нийгмийн даатгалын газарт Эрүүл мэндийн даатгалын эмчээр ажиллаж байх үедээ шинээр барилга барьж байгаа СХ ХХК-иас 80,7 м.кв байр авахаар орон сууц захиалагчийн гэрээг 2002 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулан, урьдчилгаа 10,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэлийг “Голомтбанк” ХХК-аас зээл авч төлбөрийг төлснөөр Баянзүрх дүүргийн ************************од байрлах улсын бүртгэлийн Ү-22********** дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны өмчлөгч болсон ба тухайн үед миний хүү Г.Т нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагч байсан.

Байрны гэрчилгээ гарах үед олон хүний нэр дээр байлгаад яахав гээд хүү Г.Тын нэр дээр гаргуулсан болохоос дээрх байрны жинхэнэ өмчлөгч нь би юм.

2.2. 2014 оны 4 дүгээр сард КМ ББСБ ХХК нь анх манай хүү Г.Ттай зээлийн гэрээ байгуулж, уг 2 өрөө орон сууцыг барьцаалан зээл өгөхдөө мөнгийг нь Г.Тт өгөөгүй, өөр хүмүүст өгсөн.

2.3. Я.Б, Ц.Б нар үгсэн хуйвалдаж манай хүү Г.Тыг залилан мэхэлсэнийг мэдээд би цагдаагийн байгууллагад хандан эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хооронд ИК ББСБ ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 166 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Өлзийсайхан гэдэг танилаа ашиглан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр миний хүү Г.Тыг дарамтлуулсан.

Шийдвэр гүйцэтгэгч барьцааны байраа ИК ББСБ ХХК -д шилжүүлнэ гэсэн бичгийг өөрөө бичиж Г.Таар хуулуулж, дарамталж байгаад гарын үсэг зуруулан хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 200,000,000 төгрөгийн үнэтэй байрыг 58,000,000 төгрөгөөр илтэд хямдхан үнэлүүлсэн бөгөөд ИК ББСБ ХХК нь орон сууцыг өөрийн өмчлөлд хууль бусаар шилжүүлэн авч, зээлийн гэрээгээр халхавчилсан луйвар хийсэн.

2.4.Эрүүгийн хэргийг шийдвэрлэсний дараа иргэний хэргийг шийдвэрлэх хуультай. ИК ББСБ ХХК нь миний хүү Г.Тт нэг ч төгрөг өгөөгүй учраас нэг ч төгрөг төлөхгүй. Их хэмжээний мөнгө залилсан нь үнэн байдаг. Баянзүрх дүүргийн Тамгын газрын ар талд байрлах Сити хуушуур гэх вагончиг ажиллуулж байсан ба тэрийг байшин болгоно гэж энэ мөнгийг авсан байна. Банк бусын захирал Э.Б, Ц.Б нар нь эдийн засагч байдаг. Я.Б, Ц.Б хоёр ланд крузер 200 маркийн автомашинтай Г.Тыг авч явж ярилцсан. Зээлийн гэрээнд Г.Тыг оролцуулаагүй,  .

Бид нэг ч төгрөг төлөх ёсгүй учир ББСБ-г шалгуулахаар би гомдол гаргасан бөгөөд эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсний дараа энэ хэрэг шийдвэрлэгдэнэ. “Байраа алдчихна гэж битгий айгаарай барилгын материалын үнэ орж ирэхээр өгчихнө” гээд төөрөгдөлд оруулж гарын үсэг зуруулсан. Хууль эрх зүйн мэдлэггүйг далимдуулж ноцтой хуурч мэхэлсэн. Байр луйвардаж авах гэж байгааг хэзээ ч зөвшөөрөхгүй.

2.5. Нэхэмжлэгч тал надад мэдэгдэхгүйгээр шүүхэд өгсөн байсныг би 3 сарын дараа мэдсэн. Эрүүгийн хэргийг шийдвэрлэсэний дараа энэ хэргийг шийдвэрлэхгүй бол манайх хохирно, надад зохиож хэрэг үүсгэсэн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 493 дугаар зүйлийн 493.1-д тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, *****************хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-22********** дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.Иын хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч ИК ББСБ ХХК -д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Иоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ИК ББСБ ХХК -д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаас өмнө шүүгч Т.Энхжаргал нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны 101/Ш32023/07822 дугаартай захирамжаар “Энэхүү шаардлагатай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж заасан үндэслэлээр хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй, харин мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй хэрэгтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа" гэх үндэслэл дараахь баримтуудаар тогтоогдож байна" гэж үзээд иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Тус шүүгчийн захирамжийн 4 дэхь хэсэгт: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 28ж2/9813 дугаартай албан бичгээр нийт 47 хуудас баримт ирсэн ба эрүүгийн 1809056281009 дугаартай Ц.Б, Я.Бямбадорж нарт холбогдох эрүүгийн хэргээс хэргээс Я.Бямбадоржид холбогдох үйлдлийг тусгаарласан хэрэг бүртгэлийн 210901026 дугаартай хэргээс холбогдох баримтуудыг хуулбарлан ирүүлсэн байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5/1520 дугаартай Д.Ит өгсөн хариу мэдэгдэх хуудсанд "Танаас гаргасан хүсэлтийн дагуу холбогдох эрүүгийн 1705007900151 дугаартай хэргийг хянахад мөрдөгчөөс таныг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан бөгөөд хэрэгт тус дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ү.Батсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болохыг үүгээр мэдэгдье" гэсэн байх ба мөн дүүргийн прокурорын газрын 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 5/472 дугаартай Д.Ит өгсөн хариу мэдэгдсэн хуудсанд “...эрүүгийн 1705007900151 дугаартай хэрэгт Д.И нь хохирогчоор тогтоогдсон ба хүсэлтийг хангаж, хариу мэдэгдэх хуудсыг гардуулан өгч шийдвэрлэсэн болохыг үүгээр мэдэгдэж байна" гэсэн байна. Эдгээрээс болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаас үзэхэд Ц.Б, Я.Б нартай холбоотой эрүүгийн хэд хэдэн хэргүүд нэгтгэгдсэн, тусгаарлагдсан, харьяалал тогтоож шийдвэрлэсэн.

Хариуцагч Д.Иын "2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Г.Тыг ББСБ-д орон сууцаа барьцаалаад зээл аваад өгчих, 6 сарын хугацаанд тавиулан мөнгийг авч залилсан..." гэх цагдаагийн байгууллагад гаргасан гомдолд тэрээр 2018 оны 10 сарын 08-ны өдөр хохирогчоор тогтоогдон бөгөөд өнөөдрийг хүртэл энэхүү эрүүгийн хэрэг, маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт зааснаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ц.Бд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар  зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад ноцтой, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 170603472431 дугаартай тогтоолын хуулбар авагдсан бөгөөд шүүх иргэний хэргийг түдгэлзүүлээгүй, эрүүгийн журмаар шалгаж байгаа нь нэгэнт тогтоогдсон үйл баримт байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, буцааж шийдвэрлээгүйд нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж гомдолтой байна.

4.2. Би эрүүгийн хэрэг үүсч яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар түдгэлзүүлэх, эхлээд эрүүгийн журмаар хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх, мөн өндөр настай хүн тул заавал мэргэжлийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлтийг минь хүлээж авч шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг тус тус гаргасан боловч шүүгч хүлээн авахаас татгалзан шүүх хурлыг хийсэн, шүүгчийг татгалзсан хүсэлтийг мөн хүлээж аваагүй.

2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Д.И намайг хэргийн материалтай танилцсан гэж шийдвэрийн 8а хэсэгт бичжээ. Үнэндээ шүүхийн нарийн бичиг намайг, энд гарын үсэг зураарай гэж хэлээд баахан цаасан дээр зуруулсан, нүдний шил ч байгаагүй, би юун дээр зурж байгаагаа ч харах унших боломжгүй байсан. Үнэндээ танилцаад ч ойлгохгүй, би 70 настай, 2016 оноос хойш 7 жилийн хугацаанд орон байраа алдах дээр тулж сэтгэл санаа, тайван бус, сэтгэцэд өөрчлөлт орсон, нойргүй болсон эрүүл мэндийн хувьд маш их доройтсон. Гэтэл шүүгч намайг өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хүлээн аваагүй, эрхийг минь ноцтой зөрчсөн гэж үзэж гомдолтой байгаа.

Хэдийгээр би өмгөөлөгч авах гэсэн боловч бас сонгож авах эрхтэй, өмгөөлөгч нар тийм ч амар олддоггүй бөгөөд өмнө нь хуульч, өмгөөлөгч биш Эрдэнэбилэг, Амгалан нарыг хүний зөвлөснөөр яваад будилж бас хохирсон. Гэтэл шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш гэдэг атал хөгшин миний эсрэг хоёрын хоёр мэргэжлийн хуульч, өмгөөлөгч нар оролцож байхад миний өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан нь шудрага бус гэж үзэж гомдолтой байна.

4.3. ИК ББСБ ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний дагуу миний хүү Г.Тт "бизнесийн хөрөнгө оруулалтын зориулалттай" зээлийг огт өгөөгүй харин Я.Б, Ц.Б нарын өмнөх зээлийн төлбөрт 58,000,000 төгрөгийг "Кредит монгол ББСБ” ХХК-ийн данс руу шууд шилжүүлсэн байна. Энэ байдал нь ИК ББСБ ХХК -ийн харилцагчийн анкет 0438 гэх хувийн хэргийн баримтаар цагдаагийн байгууллага шалгаж тогтоосон байдаг.

4.4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээтэй эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасан. Г.Тын өмчлөлд зээлийн мөнгийг огт шилжүүлж өгөөгүй. Ц.Б батлан даагч бөгөөд Г.Т зээлээ төлж чадахгүй нөхцөлд Ц.Бас нэхэмжлэх үүрэг үүснэ. Мөн хамтран зээлдэгч Я.Бямбадорж ямар учраас хариуцлага хүлээдэггүй юм бэ гэх мэт олон олон асуудал шалгагдаж тогтоогдох учиртай. ИК ББСБ ХХК -д Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүсэхгүй.

4.6. Намайг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн бүлэгт хамрагдах хэсгээр, мөн хуулийн 493.1-д заасан буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарахаар заажээ. Би огт хүлээн зөвшөөрч чадахгүй үхтлээ хамгаалан эцсийг нь үзэх хүртэл тэмцэхээс өөр аргагүй байна. Надад өөр очих гэр орон, очих ах дүү байхгүй, төрсөн ганц хүүтэйгээ л амьдардаг. Энэ бүгдийг цагдаагийн байгууллагаар мухарлан шалгуулж хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлж бүх хууль бус байдлыг эрүүгийн гэмт хэрэг болохыг нотлож амьсгал тасрах хүртлээ хууль өмгөөлөгчийн туслалцаа авч явна гэж хатуу шийдсэн.

4.7. ИК ББСБ ХХК -тай иргэн Д.И би ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй, зээл аваагүй, гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй. Уг орон сууцыг анх “Сар хайрхан уул" ХХК-тай 2002 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн орон сууц захиалгын гэрээгээр анх худалдан авсан. Энэ цагаас хойш хүү Г.Т бид тасралтгүй өнөөдрийг хүртэл хамтдаа амьдарч байна.

2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай хүү Г.Тыг "... банк бус санхүүгийн байгууллагад орон сууцаа барьцаалаад зээл аваад өгчих, 6 сарын хугацаанд тавиулна, бид өөрсдөө зээлээ хүүтэй нь төлнө..." гэж хуурч мэхлэн 58,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулуулан байрыг маань барьцаанд тавиулан, бизнесийн хөрөнгө оруүлалтын зориулалтаар зээл авахуулан, хамтран зээлдэгчээр Я.Б гарын үсэг зурж, зээлийн гэрээний батлан даагч нь Ц.Б оролцож бичгээр батлан даалтын баталгаа, бичсэн байдаг.  

Үүнд : "... зээлсэн 58,000,000 төгрөгнөөс Г.Т нь нэг ч төгрөг аваагүй, ИК ББСБ ХХК -иас 58,000,000 төгрөг шууд "Кредит монгол ББСБ”-ын данс руу өрөнд шилжүүлсэн...”гэж албан ёсоор тухайн зээл авах өдөр буюу 2014 оны 11 дүгээр сарын 13-ны болон дараа нь Я.Б, Ц.Б нар нь өөрсдийн гараар хүсэлт, баталгаа, зээлийг төлөхийг илэрхийлсэн баримтуудыг гаргасан байдаг.

Үл хөдлөх эд хөрөнгө нь бидний дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхад миний эрхийг зөрчиж эвлэрэлийн гэрээ байгуулсан гэдгийг ч би сүүлд мэдсэн. Мэдмэгцээ цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Энэхүү эвлэрэлийн гэрээ нь миний эрхийг ноцтой зөрчсөн байхад нГариймаа гэдэг хүн зориуд баталсанд гомдолтой байгаа. Б, Я.Б нар залилан мэхэлж хүүгээр минь байрыг барьцаанд тавиулж, мөнгийг нь  тэд өөрсдийн өмнө нь КМ ББСБ-иас авсан өрөндөө шилжүүлсэн бөгөөд үүнийг цагдаагийн байгууллага шалган тогтоож, Г.Т, Д.И нарыг хохирогчоор тогтоосон.

Эрүүгийн хэрэг шалгагдаж дуусаагүй байхад иргэний хэргийг шүүх шийдвэрлэж хөгшин настай намайг өвлийн хүйтэнд орон байрнаас минь хөөн гаргахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.8. Нэхэмжлэгч Г.Ттай эрх зүйн харилцаанд орсон атлаа ямар учраас зөвхөн ганц Д.И намайг хариуцагчаар татаад, орон гэрээс минь гаргуулах гээд байгааг ойлгохгүй байна. Д.И би ИК ББСБ ХХК -тай ямар нэг гэрээ хэлцэл хийж тэдний өмнө ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/04936 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхээс Д.Иын өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээр 6-7 удаа хангасан бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрт тодорхой тусгасан тул гомдол үндэслэлгүй гэж үзэж байна.

5.2. Эрүүгийн хэрэгт өмчлөх эрхтэй холбоотой маргаан байхгүй. Д.Иын хүү Г.Т нь нэхэмжлэгч ИК ББСБ ХХК -аас зээл аваад, уг зээлээ өөрийн найз н.Б, н.Б нартай хамтарч бизнес хийхдээ өгч залилуулсан асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа. Эрүүгийн хэргээс зарим баримтуудыг авахад н.Бямбадорж нь тэдэн төгрөг аваад машин авсан, ийм, тийм зүйл авсан гэх мэдүүлгүүд байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд манай байгууллагаас авсан зээлээ зээлдэгч захиран зарцуулахдаа бизнесийн хамтрагчдаа өгч захиран зарцуулсан, хэн нь хэнийгээ залилсан бэ гэдэг асуудал. Манай байгууллага өмчлөх эрхийг залилж мэхлээгүй, ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулж аваагүй.

Тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь өмчлөх эрхийг хязгаарлах, өмчлөх эрхтэй холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг үгүйсгэх, түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх иргэний хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсний дараа нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Гомдол шийдвэрлэх тухай” тогтоолоор тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өмчлөх эрхтэй хамааралгүй, зээлдэгч авсан зээлээ захиран зарцуулахдаа мөнгө залилсан асуудал бөгөөд зээлдэгч нь эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдож, эрх ашгаа хамгаалуулаад явж байна, энэ нь өмчлөх эрхтэй холбоотой нэхэмжлэл гаргах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэдэг байдлаар дүгнэсэн.

 Өмчлөх эрхтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа биш, өмчлөх эрхтэй хамааралгүй, зээлдэгч зээлээ захиран зарцуулахтай холбоотой залилсан асуудал учраас энэ маргааныг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байх тул хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

5.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хариуцагчийн гомдол энэ маргаанд хамааралгүй гэж үзэж байна. Тухайн үед орон сууцны улсын бүртгэлд бүртгэгдсэн хууль ёсны өмчлөгч Г.Т байсан. Түүнтэй холбоотой ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хийж өмчлөх эрхийг авсан. Шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч ИК ББСБ ХХК хариуцагч Д.Ит холбогдуулах Баянзүрх дүүрэг, ********************* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22********** дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцнаас хариуцагчийг албадан нүүлгэж, орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлж, 5,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байна.

3.1. Нэхэмжлэгч ИК ББСБ ХХК хариуцагч Д.Ит холбогдох нэхэмжлэлийг шүүхэд 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2019/12858 дугаар захирамжаар уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ.

3.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШЗ2019/13389 дугаар захирамжаар хариуцагч Д.Иыг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн.

3.3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөний 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ЗТ2019/01054 дугаар тогтоолоор хэргийн хугацааг сунгасан.

3.4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШЗ2019/20315 дугаар захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байх ба уг захирамжийн үндэслэлд хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах гэсэн боловч өөрөө гардаж аваагүй гэж заасан, энэ захирамжийн үндэслэлд хариуцагч Д.И гомдол гаргаагүй.

3.6. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШЗ2019/21109 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд үндэслэл нь нотлох баримт гаргуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангасан байна. 

3.7. Анхан шатны шүүх хариуцагч Д.Ит 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүрэг болон нөлөөллийн мэдүүлгийн талаар шүүх тайлбарлан өгчээ.

3.8. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШЗ2020/01768 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ийн гаргасан нотлох баримт шүүхийн журмаар бүрдүүлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

 3.9. Хариуцагч Д.И нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 101/ШЗ2019/180022 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасныг мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2020/03558 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

3.10. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2020/03962 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн А.Э-ийн гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгуулах” тухай хүсэлтийг хэлэлцэхгүй орхисон байна.

3.11. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2020/04590 дүгээр захирамжаар хариуцагч Д.И итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангажээ.

3.12. Улмаар анхан шатны журмаар хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцэж гаргасан 101/ШШ2020/00917 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1023 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.13. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2022/00504 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

3.14. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөний 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 101/ЗТ2022/01305 дугаар тогтоолоор хэргийн хугацааг сунгасан байна.

3.15. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2022/24726 дугаар захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоосон.

3.16. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШЗ2022/26409 дүгээр захирамжаар өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай хариуцагч Д.И хүсэлтийг хангажээ. 

3.17. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШЗ2022/28109 дүгээр захирамжаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШЗ2022/26409 дүгээр захирамжийн биелэлт болох Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1, 3 дугаар хэлтсээс нотлох баримт ирээгүй, нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсан тайлбарыг хариуцагчид гардуулж өгөх, хэргийн оролцогч тус бүрээс гаргасан нотлох баримтуудыг эсрэг талд нь танилцуулах, хариуцагчаас гаргасан хүсэлтийг тодруулах зэрэг ажиллагааг хийхээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

3.18. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2023/06654 дүгээр захирамжаар хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хариуцагч Д.Иын хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

3.19. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2023/07822 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хариуцагч Д.Иын гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг мөн шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШТ2023/00247 дугаар тогтоолоор хүчингүй болгожээ. 

3.20. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2023/14868, 2023 оны 07 дугаар сарын 7-ны өдрийн 101/ШЗ2023/17370 дугаар захирамжаар тус тус нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрүүгийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байгаатай холбогдуулан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэжээ.

3.21. Дээрхээс дүгнэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 4 жил 2 сар гаруй хугацаагаар үргэлжилсэн, хариуцагчийг албадан ирүүлж, нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласнаас хойш 3 жил 10 сар гаруй хугацаа өнгөрсөн, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаж, удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Иймд өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзсан гэх хариуцагч Д.Иын давж заалдах гомдлыг давж заалдах шүүх бүрэлдэхүүн хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

4.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Үүнд:

4.1. Д.И нь “Сар хайрхан уул” ХХК-тай 2002 оны 8 дугаар сарын 09-ний өдөр орон сууц захиалагчтай байгуулах гэрээг байгуулж, тэрбээр Баянзүрх дүүрэг, *****************хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-22********** дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Тыг бүртгүүлсэн;

4.2. Г.Т, Я.Бямбадорж нар 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ИК ББСБ ХХК -тай зээлийн гэрээ байгуулж, 58,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, бизнесийн хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж, мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, Г.Т нь дээр дурдсан 2 өрөө орон сууцыг барьцаалсан;

4.3.  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 36812 дугаар захирамжаар Г.Т, Я.Б нар нь 68,289,250 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор  ИК ББСБ ХХК -д төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон;

4.4. Уг захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шүүгч захирамж гаргаж, улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, дээр дурдсан 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр ИК ББСБ ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлсэн;

4.5. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон;

4.6. Г.Т нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “Их ирээдүй ББСБ”ХХК-д баталгаа гаргаж зээлийн гэрээний үүргийг төлөх, орон сууцаа буцаан авахаар бослон боловч тэрээр тогтоосон хугацаанд уг үүргээ биелүүлээгүй зэрэг үйл баримт тогтоогджээ.

5. Нэхэмжлэгч ИК ББСБ ХХК нь дээр дурдсан 2 өрөө орон сууцыг  2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн өмчлөлд бүртгүүлснээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар иргэн Г.Тын өмчлөх эрх дуусгавар болжээ.

5.1. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар Г.Тын нэр дээр бүртгүүлсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг буруу ташаа болохыг нэхэмжлэгч “ИИ ББСБ” ХХК мэдэж байсан гэх байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

5.2.  Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 07 дугаар сарын 226-ны өдрийн 210901026 дугаар тогтоолоор “2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Г.Тыг ББСБ-д орон сууцаа барьцаалаад зээл аваад өгчих, 6 сарын хугацаанд байрыг чөлөөлж өгнө гэж хуурч, Баянзүрх дүүрэг, *****************хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-22********** дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг барьцаанд тавиулан мөнгийг авч залилсан” үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгасан талаар талууд маргаагүй.

Энэ эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа нь ИК ББСБ ХХК болон Г.Т нарын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаанд хамааралгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцжээ. 

Энэ үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар эрүүгийн журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх байсан гэх агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

5.3. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий 2 өрөө орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгө болох, улмаар захиран зарцуулахад зөвшөөрөл авахтай холбоотой маргаан нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй ба дурдсан үндэслэлээр гэр бүлийн гишүүдийн хооронд маргахад энэ шийдвэр саад болохгүй.

5.4.  Хариуцагч Д.И нь маргаан бүхий орон сууцыг 2003 оноос хойш эзэмшиж байсан боловч уг орон сууцны өмчлөгч Г.Тын өмчлөх дуусгавар болсоноор хариуцагч Д.Иын эзэмшил мөн адил дуусгавар болжээ.  Иймд уг орон сууцыг эзэмшиж байгаа Д.Иыг эзэмших эрхийг хуулийн дагуу  гэж зөвтгөх боломжгүй.

 

6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцны өмчлөгч ИК ББСБ ХХК уг хөрөнгөө Д.Иын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

6. Нэхэмжлэлээс хохиролд шаардсан 5,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт нийцсэн, шийдвэрийн энэ хэсэгт нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

 7.  Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/04936 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ЭНХБАЯР

 

 

                                                       ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

 

                                                                                              Э.ЗОЛЗАЯА