Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 42

 

 

 

 

 

 

-

-

     2019          01           04                                          42         

 

-                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Б.Чинбилиг,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808036491462 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, социологич мэргэжилтэй, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хариад овогт Баатарын Б /РД: ХП/.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Б.Б нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26-06 тоотод иргэн Ө.Бтэй маргалдан, улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтэй тохирч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Санамсаргүй байдлаар хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн 1808036491462 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ө.Бийн: “Би 2018 оны 7 дугаар сарын 25-ны орой 19 цагийн орчим ажил дээрээ байхад дүү Сүхбат яриад “Баяржаргал эгчийг дагуулаад гэрт хүрээд ир, Баяржаргал эгчийн нөхөр Б дүүтэйгээ ирчихээд хэрүүл маргаан хийгээд байна” гэж надад хэлсэн. ...21 цагийн орчим очсон. Манай дүү хашаан дотроо, Б ах гэрийн хаалган дээр зогсож байсан. Гэртээ ороод хартал Б ахын дүү Б.Оюумаа нэг хүнтэй утсаар яриад “ална” гэж орилоод сууж байсан. Би гараад ах Баас юу болоод байгааг асуусан чинь “манай гэрийг чөлөөлж өг, эндээс нүүж яв, энэ хашаа, байшин чинь манай дүүгийн өмч” гэж хэлсэн. “Яахаараа тэгдэг юм бэ, та гэрчилгээгээ үзүүлчих” гээд хэлсэн чинь надад үзүүлээгүй. Тухайн асуудлаас болж Б ахтай жаахан маргалдсан. Би Б ахад “яахаараа бид нарын орох орон гэрийг зарчихаад тэгдэг юм бэ” гэхэд миний нүүр лүү гараараа түлхсэн. Би “яагаад хүн түлхдэг юм бэ” гэж хэлээд өөрийг нь түлхсэн чинь миний баруун талын хацар луу гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Миний баруун нүдний дээр язарч, цус гарсан. Би зөрүүлээд Б ахын толгойн оройн хэсэг рүү нэг удаа цохисон чинь дүү нь болох Оюумаа гүйж ирээд гар утсаараа бичлэг хийгээд “хүн аллаа” гээд орилоод байсан. Тэгснээ манай хашаанаас Б ах дүүгээ дагуулаад гараад явсан. Миний нүднээс цус гоожоод байхаар нь би “цагдаа дуудна” гэсэн чинь машиндаа суугаад явах гээд байхаар нь би машиных нь түлхүүрийг булааж аваад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-50-52/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.07.31-ний 9238 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ө.Бийн биед баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-55/,

Гэрч Ө.Баяржаргалын: “2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дүү Б намайг “хүрээд ир” гээд байхаар нь очсон чинь Б машиныхаа өмнө тэгнээд зогсчихсон, нүүрээрээ цус болчихсон байсан. Юу болсон талаар асуусан чинь ...“Б намайг зодчихоод зугтах гээд байхаар нь би түлхүүрийг нь аваад цагдаа дуудчихлаа” гэж хэлсэн. Б, Оюумаа бид гурвын дунд эд хөрөнгийн маргаан байсан. Түүнээс болоод зодсон байсан...” гэх мэдүүлэг /хх-84-85/,

Гэрч Б.Оюумаагийн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дундын эд хөрөнгийн маргаантай учраас асуудлаа шийдэхийн тулд ах Бын хамт ...Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, 26-06 тоот хашаанд очсон. Бийн төрсөн дүү байхаар нь хашаа байшингийн талаар нилээн удаан ярилцсан. Дүү нь Б рүү байн байн “хүрээд ир” гээд утсаар яриад байсан. 21 цагийн үед ах Б нь ирээд намайг “чи хэн юм бэ, эндээс зайл” гээд хөөгөөд бидний хооронд үл ойлголцол болж Б гараараа түлхсэн чинь манай ах Б Бэд “чи яагаад манай дүүг түлхээд байгаа юм бэ, учир явдлаа тайлбарлая, наашаа суу” гэсэн чинь Б “наад тайлбарыг чинь сонсохгүй, наад бичиг баримт чинь хамаагүй” гээд ерөөсөө сонсохгүй байсан. Тэгсэн чинь Б Б ахын баруун бөөр лүү цохисон. Тэр үед би зодоон болох нь гээд утсаа гаргаж ирээд бичлэг хийж эхэлсэн. Манай ах “чи яагаад намайг ингэж цохиж байгаа юм бэ” гээд тэр хоёр хоорондоо заамдалцаж аваад цохилцож эхэлсэн. Яг тухайн үед би Б ахыг Бийг цохиж байхыг хараагүй. Зодоон салаад харсан чинь Бийн нүүр ам нь гайгүй байсан. Тэгээд Б ах бид хоёр машиндаа сууж байсан чинь Б хүрч ирээд машины түлхүүр булааж авсан. Б “машины түлхүүр өгөөч” гэж хэлсэн чинь Б Бай хоорондоо бас маргалдсан. Тэгээд цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-86-87/,

Гэрч Ө.Сүхбатын: “...Б ирээд Оюумаатай ярилцаж байгаад хэрүүл болсон чинь Б дундуур нь ороод Б Б нар заамдалцаад авсан. Нойл орчихоод ирсэн чинь Б Б нар зодолдож байхаар нь салгасан. Б нь Бийн толгой хэсэг рүү гараараа 4-5 удаа цохисон. Б явах гээд хашааны хаалгаар гараад машиныхаа түлхүүрийг хийж байхад нь Б очоод “би ингэж зодуулчихаад та нарыг зүгээр явуулахгүй” гээд машиных нь урд очоод зогссон. Тэр хооронд Баяржаргал болон ээж Цэцэгсүрэн нар ирээд гэртээ орсон...” гэх мэдүүлэг /хх-89-91/,   

Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр би дүү Оюумаагийн хамт өөрийн эзэмшилд авсан хашаандаа очиход манай хуучин эхнэр Баяржаргалын дүү Сүхбат байхаар нь Оюумаа “эндээс нүүцгээ” гээд хэлсэн чинь Сүхбат ах Бийг дуудсан. Тэгтэл Б ирээд Оюумаа руу “чи хэн юм бэ” гээд дайрсан. Би Бэд “чи яаж байгаа юм бэ, эмэгтэй хүнийг болохгүй” гэж хэлсэн чинь Б эхлээд баруун бөөр лүү нэг удаа гараараа цохиход би тонгойсон. Миний зүүн бөөр лүү гараараа нэг удаа цохисон. Би дүү Оюумааг “бичлэг хий” гэчихэээд Бийг “яаж байна аа” гэтэл Б миний нүүр лүү гараараа цохиход нь би зөрүүлээд Бийн нүүр лүү гараараа цохиод бид хоёр удаагүй 5-10 секунд л харилцан зодолдсон. Оюумаа Сүхбат хоёр салгасан. Бийн хөмсөгнөөс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-112-114/,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан иргэн Ө.Бийн өргөдөл /хх-9/, шинжээчийн 2018.09.25-ны өдрийн 5400 дүгээр дүгнэлт /хх-59-60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-94/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-98/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-96/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэгүй лавлагаа /хх-100/, СД-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-120/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-121/, шийтгэлийн хуудас /хх-123/, хохирогчид хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-124/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Мөнхийн түншлэл” ХХК-ийн тодорхойлолтыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамж, 06 тоотод иргэн Ө.Бийг зодож, биед нь баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ө.Бийн “...миний баруун талын хацар луу гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Тэгсэн чинь миний баруун нүдний дээр язарч, цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-50-52/, шүүх эмнэлгийн 9238 дугаар “1.Ө.Бийн биед баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-55/, гэрч Ө.Баяржаргалын “...Б нүүрээрээ цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-84-85/, гэрч Б.Оюумаагийн “...тэр хоёр хоорондоо заамдалцаж аваад цохилцож эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-97-98/, гэрч Ө.Сүхбатын: “...Б нь Бийн толгой хэсэг рүү гараараа 4-5 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-90-91/, шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “...би зөрүүлээд Бийн нүүр лүү гараараа цохиод бид хоёр удаагүй 5-10 секунд л харилцан зодолдсон. ...Бийн хөмсөгнөөс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-103-104/, эд мөрийн баримтаар шинжлэн судлагдсан CD зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бын хохирогч Ө.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн “Надад иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй” гэх мэдүүлэг /хх-52/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б хувийн байдлын хувьд дээд боловсролтой, сэхээтэн, тодорхой мэргэжилтэй, ажил эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэгт хандаж байгаа хандлагын хувьд мөрдөн байцаалтын шатанд буруу ойлголттой байсан. Харилцан зодолдсон гэж мэдүүлдэг. Одоо гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Бусдад төлөх төлбөргүй. Иймд Эрүүийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сараас дээш хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хувийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан түүнчлэн шүүгдэгч Б.Б нь сарын 400.000 төгрөгийн цалинтай гэх тул түүнийг 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хариад овогт Баатарын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР