Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/00558

 

 

 

 

                 

    2024         03             20                                       210/МА2024/00558

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/03226 дугаар шийдвэртэй,

 

Б.М-ийннэхэмжлэлтэй,

ТК ХХК-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Талууд 2019 оны 12 дугаар сарын 19ний өдөр *** дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр Б.М нь Б дүүргийн * хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод байрлах, 69,18 м.кв, 3 өрөө орон сууцыг 69,180,000 төгрөгөөр худалдан авах, ТК ХХК орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж өмчлөлд шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн.

1.2. Гэрээний дагуу Б.М 69,180,000 төгрөгийг ТК ХХКд төлсөн. Харин ТК ХХК байрыг 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж, бичиг баримт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, ашиглалтад ороогүй бөгөөд одоогийн байдлаар улсын комисс ажиллаж байна.

1.3. ТК ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 10ны өдөр байрны м.кв үнийг 1,800,000 төгрөг болгох талаар албан бичгийг надад өгсөн ба уг албан бичигт 1,800,000 төгрөгийг төлөх, төлөхгүй бол гэрээг цуцална гэж сүрдүүлсэн утгатай байсан. Энэхүү албан бичгийг хүлээн зөвшөөрөөгүй, ямар нэгэн хариу өгөөгүй, үнийн өөрчлөлтийн талаар харилцан тохиролцоогүй.

Хэрэв гэрээнд өөрчлөлт оруулахаар бол гэрээний 8.4т зааснаар тохиролцоог бичгээр баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм. Тиймээс ТК ХХКд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах ямар нэгэн үндэслэл бүрдээгүй, гэрээний үүргийг бид биш харин хариуцагч зөрчсөн, мөн байрыг давхар бусдад худалдан борлуулсан.

Иймд Б дүүргийн * хорооны нутаг дэвсгэрт байрлах **  тоотод байрлах, 69,18 м.кв, 3 өрөө орон сууцыг өмчлөлдөө авах, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

2. Хариуцагч ТК ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.1. Манай компани нь М ХХКийн захиалгаар ***1, 2 төслийн угсралт, цонх, дотор цахилгааны ажлыг гэрээгээр хийж гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсөндөө бартераар байр авсан.

Уг авсан байруудаа гэрээт ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бараа материал, ажиллах хүчээ цалинжуулах зорилгоор худалдан борлуулсан. Гэрээ байгуулах үед Б.М манай борлуулалтын ажилтан байсан н.Ц-тэй хуйвалдаж, хувийн дансаар нь 5,000,000 төгрөг өгч, 1 м.квыг бага үнээр тооцон 1,000,000 төгрөгөөр худалдан авсан байдаг. Тухайн үед Б.М тэй уулзаж “байрыг доогуур үнэлж авсан байна, зөрүү мөнгийг төл” гэж хэлсэн. Б.М тухайн үед “энэ байр ахын байр, би ахтайгаа ярина, ах нь хөдөө байна” гээд ирж уулздаггүй.

Мөн Т.Н гээд хүн ирж уулздаг “нөхрөөсөө салах гэж байгаа, санаатайгаар дүүгийнхээ нэр дээр байр захиалсан, энэ байр манай охин, бид хоёрын байр, миний зөвшөөрөлгүй байрны асуудлыг битгий шийдээч” гэж гуйдаг байсан ба тэр хүнд “манай байр 1,300,000 төгрөгөөр зарагдаж байгаа, зөрүү 300,000 төгрөгийг төлөөрэй, гэрээний зөрчлөө арилгаарай, хэрэв төлөхгүй бол гэрээ цуцлагдана шүү” гэдгийг хэлж байсан.

Ингээд 1 жил хүлээж боломж олгосон. Б.М-ийнах гэж хүн ирж уулздаг, энэ мэтчилэн хэний байр болох нь тодорхойгүй, олон хүмүүс ирж уулздаг байсан бөгөөд манай байгууллагыг төөрөгдөлд оруулж гэрээ байгуулсан учраас гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Тиймээс бид нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалж, дараагийн хүн болох Л.М-д байрыг зарсан, Л.М цааш нь Б.О-т худалдсан байна лээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.О-н татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Би ТК ХХКтай 2022 оны 06 дугаар сарын 05ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, Б дүүргийн * хорооны нутаг дэвсгэрт байрлах ** хотхон *** тоотод байрлах, 69,18 м.кв, 3 өрөө орон сууцыг, 1 м.квыг нь 1,950,000 төгрөгөөр тооцож, 134,901,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд төлбөрөө бүрэн төлж барагдуулсан учир орон сууцыг өмчлөх эрхтэй болсон гэж үзэж байна.

Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “ТК ХХК нь тус байрны үнийн дүнг 1 м.кв тутамд 1,800,000 төгрөг болгон нэмэгдүүлж байгаа тухай 2022 оны 03 дугаар сарын 10ны өдөр 22/17 дугаартай албан бичиг ирүүлсэн” гэсэн байгаа нь компанийн зүгээс гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээ цуцлах тухайгаа бичгээр хүргүүлсэн байна.

Талууд тохиролцоонд хүрээгүй учраас гэрээ цуцлагдаж, ТК ХХК-ийн надтай гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй хэмээн үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн тухайн байранд нэмэлт засвар, тохижуулалтын ажлыг 14,000,000 төгрөгөөр хийсэн болно.

 

4. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хороо ** тоотод байрлах 69,18 м.кв, 3 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтын хамт нэхэмжлэгч Б.М д хүлээлгэн өгөхийг хариуцагч ТК ХХК-нд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ТК ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч ТК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэж үзсэн нь ажил гүйцэтгэх гэрээ, худалдах худалдан авах гэрээ гэж үзэж хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтаар нэхэмжилж мэтгэлцдэг бөгөөд шүүхээс илт ташаа хууль зүйн үндэслэл гаргаж хэргийг шийдвэрлэсэн.

5.2. Б.М нь хариуцагчийг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэх замаар гэрээ хийсэн ба борлуулалтын менежер н.Ц-н хувийн дансаар 5,000,000 төгрөг хийсэн байсан тул гэрээний зөрчил арилгаж төлбөр тооцооны үлдэгдэл болох 1 м.кв тутамд 300,000 төгрөг нэмж төлөхийг сануулсаар ирсэн. Шүүх гэрчүүдийн тайлбар болон хэргийн үйл баримт дээр дүгнэлт хийгээгүй, хэргийг бүхэлд нь хянаагүй.

5.3. Шүүх иргэний хэрэг үүсгэхдээ улсын тэмдэгтийн хураамж бүрэн төлөгдсөн эсэх дээр дүгнэлт хийлгүйгээр хэрэг үүсгэсэн. Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөр төлөгдсөн байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж, шийдвэр гаргасан нь энэ хэрэг анхнаасаа процессын алдаатай байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

6.1. 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.А нь Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүх дээр шүүх хуралдаан давхардсан тул нэг удаа хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхийн цахим хаягаар нотлох баримтын хамт илгээсэн боловч шүүх хүлээн авахаас татгалзаж, эзгүйд шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо нотолсон баримтыг шүүхийн цахим хуудаснаас хуулбарлан авч хүргүүлсэн байхад нотлох баримтын шаардлага хангахгүй хэмээн үзсэн нь үндэслэлгүй. Шүүхийн сайтаас шүүх хуралдааны зарыг хэн ч ороод шалгах боломжтой.

6.2. Орон сууц захиалгын гэрээг үндэслэн тухайн захиалан бариулсан гэх орон сууц нь ашиглалтад ороогүй, бүрэн гүйцэд баригдсан эсэх нь тодорхойгүй, хариуцагч ТК ХХК, М ХХК-ийн хооронд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэг бүрэн гүйцэд биелэгдсэн эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.3. Хариуцагч ТК ХХК нь Б.М д гэрээний үнэнд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болсон тухайгаа мэдэгдсэн. Б.М ирж уулзаад эргэж хариу өгөхөөр тохирсон боловч ирээгүй учир гэрээг цуцалсан гэж тайлбарладаг ба гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно. Гэтэл шүүх гэрчүүдийн мэдүүлэг болон хэргийн үйл баримтад нийцсэн дүгнэлтийг хийж чадсангүй.

6.4. Гуравдагч этгээд Б.О “ Орон сууц захиалгын гэрээ”-г Л.М-с шилжүүлэн авсан гэдэг нотлох баримтыг шүүх шийдвэртээ тусгасан боловч үнэлэхгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гуравдагч этгээд Б.О Л.М-с  2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ”-г шилжүүлэн авсан шударга өмчлөгч юм.

Б.М д 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үнийн өөрчлөлт оруулах талаар мэдэгдсэнээс хойш 9 сарын дараа орон сууцыг бусдад шилжүүлсэн байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь худалдах, худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь үнэ цэнэ бүхий эд зүйл байх гэрээний хэрэгжилтээр захиалагчид өмчлөх эрх шилждэг зарим талаараа төстэй боловч зарим талаараа ялгаатай. Худалдах, худалдан авах гэрээний агуулга нь биет байдлын болон эрхийн доголдолтой эд хөрөнгийг хүлээлгэж өгөх талаар дүгнэлт хуульд нийцсэн.

7.2. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр *** дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ээр  2020 оны IV дүгээр улиралд тухайн байр нь ашиглалтад орох ёстой байсан. Б.М тухайн орон сууцны үнэд 69,180,000 төгрөгийг төлөх ёстой байсныг төлөөд дуусчихсан.

Гэрээнд талууд нэмэлт өөрчлөлт оруулахаар бол харилцан тохиролцож, бичгээр гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулсанд тооцно гэж тооцохоор тохиролцсон. Гэрээний дагуу мэдэгдэл хүргүүлсэн боловч манайхаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа илэрхийлсэнд хариуцагч талаас няцаасан зүйл байхгүй. Гэрээ цуцалсан талаарх баримт ирээгүй тул гэрээ хүчин төгөлдөр байна.

 Гэрээг төөрөгдөлд оруулж хийсэн гэдгийг нотлоогүй ба үүнтэй холбоотой тайлбар өгөөгүй. Ганцхан 5,000,000 төгрөгийг тухайн компанийн ажилтны дансанд төлсөн гэж байгаа бөгөөд 5,000,000 төгрөг хийснээр гэрээ хүчин төгөлдөр бус эсэх талаар тайлбар болон гэрчийн мэдүүлэг байхгүй.

7.3. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд бид үнийн дүнтэй холбоотой асуудлаар маргаагүй, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул улсын тэмдэгтийн хураамжийг зөв төлсөн.

Анх нэхэмжлэл гаргаснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд хариуцагч, гуравдагч этгээд нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд олон удаа саад учруулсан.  Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр товлосон шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд шүүх хуралдаан давхцахгүй байна гээд явцгаасан. Гуравдагч этгээдийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

7.4. Гэрээний үнэ нэмэгдэж, мэдэгдэл өгснөөр гэрээг цуцлах үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үнийг бүхэлд нь төлсөн тул хариуцагчийн зүгээс гэрээнээс татгалзах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нотлох баримтад тал бүрээс нь дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч, гуравдагч этгээдийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхив. 

2. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч ТК ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. ТК ХХК болон Б.М нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр ТК ХХК нь Б дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “***” хотхоны, С блок, **** тод байрлах 69,18 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, Б.М нь 69,180,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн, анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон байна.

3.2. Гэрээнд хариуцагч талаас ТК ХХК-ийн гүйцэтгэх захирал А.И гарын үсэг зурсан байх тул “Б.М нь манай борлуулалтын ажилтан байсан н.Ц-тэй хуйвалдаж, ... 1 м.кв-ыг бага үнээр тооцон 1,000,000 төгрөгөөр худалдан авсан байдаг. ...” гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй болжээ.   

3.3. Түүнчлэн талууд гэрээг “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэж нэрлэсэн боловч уг гэрээгээр ТК ХХК орон сууцны өмчлөх эрхийг Т.М-д шилжүүлэх, Т.М үнэ төлөх үүрэг хүлээсэн тул тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэнэ. Талууд өмчлөх эрхийн үнэ төлөхөөр тохиролцсон байх бөгөөд гэрээнд нэг талаас орон сууцны материалыг тохиролцож, барьж өгөх, нөгөө талаас хөлс төлөх агуулгаар тохиролцоогүй тул тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын  гомдол үндэслэлгүй.

 

4. Б.М орон сууцны төлбөр 59,000,000 төгрөгийг дансаар, үлдэгдэл 10,180,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бэлнээр төлж, гэрээний үүргээ биелүүлсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Харин хариуцагч ТК ХХК гэрээнд заасан 2020 оны 4 дүгээр улиралд орон сууцыг барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, *** 1 орон сууцны хороолол өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, улсын комисс ажиллаж байгаа талаар талууд маргаагүй.

 

5. Хариуцагч ТК ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар албан бичгээр “...Ковид-19 өвчний тархалтаар үүдэлтэй бараа материал, түүхий эдийн үнэ 43-50 хувиар өссөнтэй холбоотой захиалагч Б.М тэй байгуулсан гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулан 1 м.кв-ын үнийг 1,800,000 төгрөг болсон. ... байрны үнийн өсөлтийг захиалагч нь хүлээн зөвшөөрөхгүй бол гэрээ цуцлах ...” талаар Б.М д мэдэгдэл хүргүүлжээ. Үүнийг Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн бол хариуцагч гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг шаардах эрхийг хэрэгжүүлсэн гэж дүгнэх боловч гэрээний нөгөө тал болох Б.М д мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж буй талаар бичгээр мэдэгдээгүй байх тул хариуцагч талыг гэрээнээс татгалзсан гэж дүгнэхгүй юм. Өөрөөр хэлбэл гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлсэн өдрөө гэрээний нөгөө талд боломж олголгүйгээр гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй.    

Иймд гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд  гэрээний анхны нөхцөл хүчин төгөлдөр гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруу гэж дүгнэхгүй.   

Түүнээс гадна  ТК ХХК нь гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн буюу Ковид-19 цар тахлын улмаас тухайн орон сууцны 1 м.кв талбайг 1,800,000 төгрөг болгон нэмэгдүүлэх бодит нөхцөл байдал үүссэн, үнэ нэмэхгүйгээр хариуцагч гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон талаарх тайлбараа баримтаар нотлоогүй.

 

6. ТК ХХК нь гуравдагч этгээд Б.О-тай 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, *** хотхоны С блок, **** тоот хаягт байрлах 69,18 м.кв орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон, Б.О нь 134,901,000 төгрөгийг ТК ХХК-д төлсөн баримт хэрэгт авагдсан байна.

 ТК ХХК нь Б.М тэй байгуулсан гэрээнээс татгалзаагүй  байхдаа буюу гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.4, 4.2.4-д гүйцэтгэгч тал гэрээний зүйлийг гуравдагч этгээдэд худалдахгүй байх үүргээ зөрчжээ.  

 

7. Түүнээс гадна нэхэмжлэгч Б.М нь маргаан бүхий орон сууцыг өмчлөлд шилжүүлэх гэрээг ТК ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан бол ТК ХХК болон гуравдагч этгээд Б.О нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан байгаагаас дүгнэвэл тэрээр Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй.” гэж заасны дагуу орон сууцыг эзэмшилдээ авах давуу эрхтэй гэж үзэхээр байна.  

 

8. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэлийг шаардлагын хүрээнд Б дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** тоотод байрлах 69,18 м.кв, 3 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хүлээлгэн өгөхийг хариуцагч ТК ХХК-нд даалгах”-аар шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Б дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** тоотод байрлах 69,18 м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг  бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгч Б.М д хүлээлгэн өгөхийг хариуцагч ТК ХХК-д даалгахаар найруулгын өөрчлөлт оруулав.

 

9. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул хариуцагч, гуравдагч этгээдийн холбогдох давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

9.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасантай нийцнэ. 

9.2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШЗ2023/14307 дугаар захирамжаар хэргийн материалтай танилцах тухай гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.А-н хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.

 Мөн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны  өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.А  биечлэн оролцсон байх тул тээрээр шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр хойшлуулан товлосныг мэдсэн байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй.  

Өмгөөлөгч М.А нь Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэх шүүгдэгч С.У, М.Н нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөр 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр оролцох талаар баримт ирүүлсэн боловч уг хуралдааны товыг хэдийд мэдсэн нь тодорхойгүй байна. Иймд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр товлосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн  хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй болсон гэж дүгнэхгүй. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч М.А нь шүүх хуралдааны бэлтгэл хангах үүрэгтэй.   

Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.А-ийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэнг буруутгах боломжгүй байна.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 1 дэх заалтад найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/03226 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Б дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод байрлах 69,18 м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгч Б.М д хүлээлгэн өгөхийг хариуцагч ТК ХХК-д даалгасугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 503,850 төгрөгийг, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

          ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА.