Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 260

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, шүүгч Ш.Одонзул, шүүгч Т.Балжинням нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
 Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Ч.Гантөмөрт холбогдох
 Байгууллагад учруулсан гэм хорын хохирол 4.867.423 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын дарга Б.Буянзаяа, хариуцагч Ч.Гантөмөр, гэрч Д.Нарантуяа, иргэдийн төлөөлөгч Б.Бямбахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
  Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус сумын Засаг дарга Ч.Гантөмөрийн 2014 оны 06 сарын 16-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын дарга Б.Буянзаяа ажлаас үндэслэлгүй халагдаж Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхэд хандаж, тус шүүхийн 2014 оны 11 сарын 11-ний өдрийн 34 дүгээр шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгож ажилдаа орсон боловч Засаг дарга Ч.Гантөмөр 2014 оны 11 сарын 24-нд ажилд эгүүлэн томилоод 2014 оны 12 сарын 01-ний өдөр ажлаас мөн үндэслэлгүй халсан. Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхэд дахин хандаж тус шүүхийн 2015 оны 04 сарын 22-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгосон боловч хариуцагч Ч.Гантөмөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж, дараа нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаж тус шүүхийн 224 дугаартай тогтоолоор хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон. Ингэж удаа дараа шүүхэд хандаж байсаар 2015 оны 11 сарын 09-ний өдөр Б.Буянзаяаг ажилд эгүүлэн томилсон. Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 11 сарын 11-ний өдрийн 34 дүгээр шийдвэрээр Б.Буянзаяад 2.460.566 төгрөгийг олгосон. Энэ олговорт тус байгууллагад 2015 онд аймгийн Аудитын газраас тайлангийн аудит хийхдээ Иргэний хуулийн 497.1-ийн дагуу акт тавьсан бөгөөд Засаг дарга Ч.Гантөмөр энэ актын төлбөрийг сар бүр 200.000 төгрөгөөр цалингаасаа төлөхөөр тохирч 2015 оны 12 сараас эхлэн цалингаасаа суутгуулан төлж байгаад мөн Захиргааны хэргийн 4 дүгээр шүүхийн 2015 оны 04 сарын 22-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн дагуу 2015 оны 04 сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 3.006.857 төгрөгийг Засаг даргын Тамгын газраас гаргаж олгосон олговорт 2016 онд аймгийн Аудитын газар аудит хийхдээ акт тавьсан тул сар бүр төлж байсан төлбөрөө төлөх боломжгүй гэж мэдэгдэн актын төлбөрийг төлөхөө зогсоосон. Иймд Б.Буянзаяагийн ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 2 удаагийн олгосон 4.867.423 төгрөгийг гэм хор учруулсан этгээдээр төлүүлж сумын Засаг даргын Тамгын газрыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ
Нэхэмжлэгч байгууллагын дарга Б.Буянзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2 удаа ажлаас үндэслэлгүй халагдаж шүүхэд хандаж шийдвэрлэж ажилдаа эргэж орж тамгын газраас хоёр удаагийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж авсан. 2014, 2015 оны аудитын шалгалт хийхдээ гэм буруутай этгээдээс төлүүлэх шаардлага тавьсан. Иргэний хуульд зааснаар аудитын байгуллага акт тавьсан. Хэрэгт шаардлагатай баримтыг өгсөн гэв. 
Хариуцагч Ч.Гантөмөр шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус сумын Тамгын газрын дарга Б.Буянзаяа аудитын байгууллагас тавьсан шаардлагыг үндэслэн шүүхэд хандсан гэж үзэж байна. Захиргааны хэргийн давж заалдах, хяналтын шатны шүүхэд хандахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Нөхөн олговрыг Эрдэнэ сумын Тамгын газраас нөхөн олгосугай гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу Б.Буянзаяаг хохиролгүй болгосон. Төрийн албаны тухай хуулийн 4.2.7-д Хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцана, Иргэний хуулийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа байгууллага хуулийн этгээд буюу төр хариуцана  гэж заасан байдаг. Үндсэн хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг баталсан байхад аудит авлага үүсгэж байгааг ойлгохгүй байна. Миний мэдэж байгаагаар зөвхөн 2015 оны тайланд 50.000.000 төгрөгийг авлагатай. Тийм учраас би төлөхгүй. Аудитын байгууллага жил жилийн эцэст тайлан дүгнэлт хийдэг. Тухайн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчид өгч, ерөнхийлэн захирагч хүлээн зөвшөөрөхгүй бол төсвийн ерөнхийлөн захирагчид тулгаж асуудлыг шийддэг болсон. Урьд гарсан шүүхийн шийдвэрийг хүндэлж аудитын байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2014, 2015 оны тайланг шалгаад аудитын байгууллага танилцуулаагүй, акт албан шаардлага бичээгүй. Б.Буянзаяа даргад хэлэхэд акт тавьсан талаар буруу ойлгож нотолгоогүй зүйлээр нэхэмжлэл гаргасанд гайхаж байна гэв.  
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Ч.Гантөмөрт холбогдуулан байгууллагад учруулсан гэм хорын хохирол 4.867.423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь тус сумын Засаг даргын тамгын газраас Б.Буянзаяад Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 11 сарын 11-ний өдрийн 34 дүгээр шийдвэрээр 2.460.566 төгрөг, мөн шүүхийн 2015 оны 04 сарын 22-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр 3.006.857 төгрөгийг олгосон бөгөөд 2015, 2016 онд аймгийн Аудитын газраас тайлангийн аудит хийхдээ Засаг даргын тамгын газраас олгосон дээрх олговорт акт тавьсан тул Б.Буянзаяагийн ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 2 удаагийн олгосон 4.867.423 төгрөгийг гэм хор учруулсан этгээдээр төлүүлэхээр шаарджээ.
Хариуцагч Ч.Гантөмөр нь Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн дээрх шийдвэрүүдэд Б.Буянзаяагийн ажилгүй байсан хугацааны олговрыг Эрдэнэ сумын Тамгын газраас нөхөн олгосугай гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу Б.Буянзаяаг хохиролгүй болгосон. Төрийн албаны тухай хуулийн 4.2.7-д Хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцана, Иргэний хуулийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа байгууллага хуулийн этгээд буюу төр хариуцана  гэж заасан гэж байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн маргаж байна. 
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа байгууллага хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана, 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заажээ. 
Хуульд гэм хорыг төр хариуцахыг тусгайлан заасан нөхцөлд л төр хариуцлага хүлээх үүрэг бүхий этгээд болно. Иргэний хуулийн 498.5 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж нарийвчлан зохицуулсан байна. 
Иймд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар нь гэм буруутай этгээдээс хохирлоо шаардах эрхтэй байна.
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Буянзаяа нь тус сумын Засаг дарга Ч.Гантөмөрийн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/12 дугаар захирамж, мөн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дүгээр захирамжаар нийтдээ 2 удаа ажлаасаа халагдаж улмаар шүүхийн журмаар ажилдаа эгүүлэн тогтоолгосон болох нь Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны 15 дугаартай шийдвэрүүд, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Засаг даргын Б.Буянзаяаг ажлаас чөлөөлсөн тухайн захирамжууд нь үндэслэлгүй болох нь захиргааны хэргийн шүүхийн дээрх шийдвэрүүдээр тогтоогдож байна.
Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаар шийдвэрээр тус аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт Б.Буянзаяагийн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг бодож олгохыг, мөн шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны 15 дугаартай шийдвэрээр Б.Буянзаяагийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.006.857 төгрөгийг Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж Б.Буянзаяад олгохоор тус тус шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрийн үндсэн дээр Б.Буянзаяагийн ажилгүй байсан хугацааны олговорт 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2.295.414 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 3.006.857 төгрөгийг тус сумын Засаг даргын Тамгын газраас гаргасан болох нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 49 дугаартай төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1 дугаартай төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тус тус тогтоогдож байна. 
Аймгийн Аудитын газраас тус сумын Засаг даргын Тамгын газарт тайлангийн аудит хийхдээ 2014 онд Засаг даргын тамгын газраас олгосон 2.295.414 төгрөг, 2015 онд Засаг даргын тамгын газраас олгосон 3.006.857 төгрөгийг зөрчил гэж үзсэн болох нь хэрэгт авагдсан Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын 2014, 2015 оны санхүүгийн баталгаажуулах аудитын тайлангаар тогтоогдож байна.
Аудитын газраас 5.467.669 төгрөгийг Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж Б.Буянзаяад олгосон үйлдэлд зөрчил тогтоосон нь тус сумын Засаг дарга Ч.Гантөмөрийн Б.Буянзаяаг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн захирамжтай шалтгаант холбоотой байна. 
Хариуцагч Ч.Гантөмөр нь актын төлбөрийг сар бүр 200.000 төгрөгөөр цалингаасаа төлөхөөр тохирч 2015 оны 12 сараас эхлэн цалингаасаа суутгуулан төлж байгаад 2016 оны 04 дүгээр сараас эхлэн сар бүр төлж байсан төлбөрөө төлөх боломжгүй гэж мэдэгдэн актын төлбөрийг төлөхөө зогсоосон болох нь хэрэгт авагдсан нягтлан бодогч Т.Ганчимэгт гэх 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн мэдэгдэл, зохигчдын тайлбаруудаар тус тус тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь нийт 600.000 төгрөгийг цалингаасаа суутгуулсан болохыг зохигчид хүлээн зөвшөөрч маргадаггүй болно.
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2.295.414 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 3.006.857 төгрөг, нийт 5.302.271 төгрөгийг Б.Буянзаяад олгосон болох нь баримтаар тогтоогдож байна. Үүнээс 600.000 төгрөгийг хариуцагч Ч.Гантөмөр нь төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч нь дээрх үнийн дүнг хасч тооцон шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 
Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар 4.702.271 төгрөгийг хариуцагч Ч.Гантөмөрөөс  гаргуулж, нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Харин Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас 165.152 төгрөгийг Б.Буянзаяад олгосон болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 165.152 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичгэн нотлох баримтыг шүүхэд эхээр нь, эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заажээ. 
Хэрэгт авагдсан 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 50 дугаартай төлбөрийн хүсэлт нь Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн дарагдсан, нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар 4.702.271 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 90.186 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Ч.Гантөмөрөөс гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Гантөмөрөөс 4.702.271 төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 165.152 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 4.702.271 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 90.186 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Ч.Гантөмөрөөс гаргуулж төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ