| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0044/Э |
| Дугаар | 44 |
| Огноо | 2019-01-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 44
-
-
2019 01 04 44
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч Ч.О-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.О-Эрдэнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808052811514 дүгээр хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух,
урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 130 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,
Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 5 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Шарнууд овогт Чимэддоржийн О-Эрдэнэ /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Ч.О-Эрдэнэ нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний дэлгүүр”-ийн урд талд иргэн Д.Охандын эзэмшлийн “Айпони-7 плас” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бусдад нийт 1.032.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.О-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Гурвуулаа 1 шил архи хувааж уусан. Утсыг хохирогчийн баруун халааснаас унах гэж байхад нь авсан. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1808052811514 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.Охандын: “2018 оны 11 дүгээр сарын 12-ны орой 17 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байдаг “Миний” дэлгүүрийн урд өөрийн iPhone 7 Plus маркийн rap утсаа гаргаж хүнтэй ярьж дуусаад өмсөж явсан куртикнийхээ баруун талын халаасанд хийгээд гараараа үсээ хойшлуулаад гараа куртикнийхээ халаасанд хийтэл гар утас маань алга болчихсон байсан. Гар утсаа хулгайд алдсанаа мэдээд ойр хавийнхаа хүмүүсийг харахад дүүтэй явж байсан үл таних залуу миний ард явж байхаар нь түүнийг сэжиглээд асуухад “аваагүй” гэхээр нь хамтдаа “Миний” дэлгүүрийн камерыг шүүхэд тэр залуу аваагүй. Харин өөр нэг танихгүй залуу яг миний араас явж байгаад куртикний халааснаас гар утас авангуутаа эргээд явж байгаа нь бичигдсэн байсан.
...Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-12, 13/,
Гэрч Г.Саруулын: “2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байсан чинь манай 14 дүгээр хорооны Тэмүүжин гээд цагдаа утсаар яриад “манай эхнэр Саппоро дээр явж байгаад халааснаасаа гар утсаа алдчихлаа, камерын бичлэгт нэг залуу авч байгаа нь бичигдсэн гэнэ, чи таньж магадгүй, “Миний” дэлгүүрийн камерт бичигдсэн байгаа” гэсэн. 11 дүгээр сарын 13-ны өдөр “Саппоро” төвийн “Миний” дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгийг үзсэн чинь 11 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн орчим иргэн Охандын халааснаас урьд өмнө цагдаагийн байгууллагад бүртгэлтэй О-Эрдэнэ гэж залуу хулгайлж авч байгаа нь бичигдсэн байсан. О-Эрдэнэ рүү утсаар яриад “өчигдөр чи Саппорогийн Миний дэлгүүрийн урдаас нэг эмэгтэйн халааснаас гар утас хулгайлж аваад явж байгаа нь бичигдсэн байна, утсыг нь зарж үрээгүй бол цагдаагийн хэлтэс дээр авчирч өг” гэсэн чинь “за ойлголоо, утас нь байгаа, би маргааш авчраад өгье” гэсэн. Тэгээд маргааш нь билүү, хэд хоногийн дараа билүү О-Эрдэнэ хулгайлсан rap утсаа авчирч хураалгасан байсан...” гэх мэдүүлэг /хх-17-18/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.11.28-ны өдрийн СХЗ-18-614 дүгээр тайланд: “Iphone 7Plus загварын гар утас 1.032.000 төгрөг” гэжээ /хх-21-22/,
Шүүгдэгч Ч.О-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “...“Миний” дэлгүүрийн урд нэг эмэгтэйн гар утас куртикнийх нь халаасанд ил цухуйчихсан байхаар нь араас нь сэм очоод утсыг авсан. Шууд гэртээ харьсан. Маргааш өдөр нь 29 дүгээр хорооны цагдаа Саруул яриад “камерийн бичлэгт чи нэг эмэгтэйгээс утас хулгайлж байгаа бичлэг байна, наад утсаа аваад ир” гэсэн. Би эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч Б.Энхболдод авчирч хураалгасан...” гэх мэдүүлэг /хх-29-31/,
эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-8/, гэрч Н.Уянгын мэдүүлэг /хх-16/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-46, 47, 48/, АСАП сангийн мэдээлэл /хх-55-56/, “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /хх-57-58/, хохирогчид хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-60/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлон баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.О-Эрдэнэ нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Миний” дэлгүүрийн урд иргэн Д.Охандын гадуур хувцасны халааснаас “Iphone 7 Plus” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.032.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Охандын “...Хүнтэй ярьж дуусаад куртикнийхээ баруун талын халаасанд хийгээд үсээ хойшлуулаад гараа халаасанд хийтэл гар утас маань алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-12/, гэрч Г.Саруулын “...камерийн бичлэгийг шүүж үзсэн чинь ...Охандын халааснаас урьд өмнө цагдаагийн байгууллагад бүртгэлтэй О-Эрдэнэ гэж залуу хулгайлж авч байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-17-18/, шүүгдэгч Ч.О-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “...“Миний” дэлгүүрийн урд нэг эмэгтэйн гар утас куртикнийх нь халаасанд ил цухуйчихсан байхаар нь араас нь сэм очоод утсыг авсан...” гэх мэдүүлэг /хх-29-31/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-5, 8/ зэрэг шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.О-Эрдэнийн иргэн Д.Охандын халааснаас түүний гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Охандад 1.032.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол /хх-21-22/ учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн өгсөн “Гар утсаа буцаагаад бүрэн бүтэн хүлээж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-13/, гар утсыг биет байдлаар буцаан өгсөн талаарх эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-5, 8/ зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ч.О-Эрдэнэ нь урьд хулгайн гэмт хэрэгт 2 удаа ял шийтгэгдэж байсан ч эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, ганцаараа ажил хийдэг зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлтэй маргахгүй. Хохирлыг биет байдлаар буцааж төлсөн. Хувийн байдлын хувьд эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа таксинд явж гэр бүлээ тэжээдэг зэрэг байдлуудыг харгалзан улсын яллагчаас санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 300 цаг болгож өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /1.032.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирлыг биет байдлаар төлсөн, хохирогч “Гомдолгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг гэр бүлийн байдал, урьд 2 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, прокурорын 2016.6.08-ны өдрийн 1048 дугаар тогтоолоор гар утас хулгайлсан гэмт хэргийг нь Анхны арчдилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож байсан/-ыг тус тус харгалзан улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэн шүүгдэгч Ч.О-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.О-Эрдэнэ урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Шарнууд овогт Чимэддоржийн О-Эрдэнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-Эрдэнийг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.О-Эрдэнэ нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.О-Эрдэнэ урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.О-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР