Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/00264

 

 

 

 

 

    2024         02             02                                       210/МА2024/00264

 

С.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/03576 дугаар шийдвэртэй,

 

С.Сийн нэхэмжлэлтэй,

ЭЭСЖ ХХК -д холбогдох,

 

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Би 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр ЭЭСЖ ХХК -тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөдөө орон нутгийн борлуулалт хариуцсан супервайзераар ажилд орсон. Ажиллах хугацаандаа зөрчил, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд хоёр хүний ажил үүргийг хийж гүйцэтгэн үр бүтээлтэй ажиллаж ирсэн.

1.2. Би 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүлсний булчирхайн хорт хавдраар оношлогдож, эмчилгээ хийлгэх шаардлагатай болж, ажлаасаа чөлөө авч хагалгаанд орж, туяа, химийн эмчилгээ хийлгэж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ажилдаа эргэн орсон. Буцаж орохдоо сүлжээ дэлгүүр хариуцсан хөгжүүлэлтийн мэргэжилтэний албан тушаалд томилогдож, мөн ажиллах явцдаа сүлжээ дэлгүүрийн супервайзерын ажлыг давхар гүйцэтгэж байсан. Миний өвчин ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой бөгөөд энэ талаар эмчийн тодорхойлолт байгаа.

1.3. Хорт хавдраар өвдсөн тул байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай болж мөнгө төгрөг маш их хэрэгтэй байсан бөгөөд тухайн үед ажил олгогчийн зүгээс “ажлаа өгөхийг шаардаж, ажлаа өгсөн тохиолдолд тэтгэмж олгоно, эрүүл мэндийн байдал чинь хэвийн болсон үедээ эргээд ажилдаа орох боломжтой” талаар мэдэгдсэн. Мөн “тэтгэмж гэж чамд мөнгө өгнө, чи ажлаас гарах өргөдлөө бичиж өг” гэж удаа дараа дарамт, шахалт үзүүлсэн.

Мөнгө хэрэгтэй байсан тул би ажил олгогчийн шаардлага шахалтын дагуу өргөдөл бичиж өгсөн бөгөөд уг өргөдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дураараа бичиж өгөөгүй. Учир нь би өрхийн тэргүүн хүн ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээх шаардлага байгаа.

1.4. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан байсан. Би тушаалаа гардаж аваагүй, надад өгөөгүй.

Би 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд БНСУ-руу тогтмол явж байнгын шинжилгээ, эмчилгээ хийлгэсэн. Монгол Улсад байх хугацаанд Хавдар судлалын үндэсний төвийн эмчийн хяналтад байж, химийн эмчилгээ хийлгэж, химийн тарианы хордлоготой, биеийн байдал муу байсан. 2023 оны 2 дугаар сараас биеийн байдал дээрдэж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосонтой холбоотой асуудлаар гомдлоо гаргасан. Миний энэ хүнд нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж хөдөлмөрийн эрхийн маргааны гомдол гаргах хугацааг сэргээж өгнө үү.

1.5. ЭЭСЖ ХХК нь намайг эрүүл саруул үед ажил хөдөлмөр эрхлүүлж байсан хэр нь өвчин зовлонтой үед дарамт шахалт үзүүлж хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосонд гомдолтой байна. Иймд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосныг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. С.Сийг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Хөдөө орон нутгийн борлуулалт хариуцсан супервайзераар ажиллуулахаар тушаал гаргаж, мөн өдөр 19/01 тоот Хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Улмаар С.Сийн ажлын гүйцэтгэл, мөн эрүүл мэндийн шалтгааныг харгалзан 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар албан тушаал дэвшүүлэн сүлжээ дэлгүүр, супермаркет дэлгүүрийн сувгийн хөгжүүлэлтийн мэргэжилтнээр томилон ажиллуулсан. С.С 2019 оны 10 дугаар сараас эхлэн өвдөж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд эрүүл мэндийн чөлөө зөвшөөрлийг хангалттай хугацаанд компанийн зүгээс олгосон.

2.2. С.С 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасны дагуу компанийн зүгээс 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Энэхүү тушаалаар С.Сд нэг удаагийн буцалтгүй тусламж 14,584,000 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр олгосон.

2.3. С.С ажлаас чөлөөлөх тухай тушаалыг “өөрөө ирж авах боломжгүй байна, эхнэрт хүлээлгэн өгнө үү, ажилгүйдлын тэтгэмжийг эхнэр хөөцөлдөх юм” гэж манай компанийн ерөнхий нягтлан руу утсаар холбогдож хэлсний дагуу түүний эхнэрт тушаалыг эх хувиар нь гардуулан өгсөн.

2.4. С.Сийг ажиллаж байх хугацаанд нийт 3 удаагийн буцалтгүй тусламж болгон 26,049,000 төгрөгийг олгосон. Манай компанийн зүгээс ажилтнаа хүндэтгэж байснаас биш нэхэмжлэлд дурдсан шиг дарамт шахалтад оруулж, ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хүчээр бичүүлсэн зүйл огт байхгүй.

2.5. Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаанаас үзвэл тэрээр өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхээ өөрөө эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэгжүүлэх боломжтой байсан боловч хуульд заасан хугацаанд хандаагүй. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс тоолох эсэх нь ойлгомжгүй, өөрөө ч энэ талаараа тодорхойлж чадахгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт заасныг баримтлан ЭЭСЖ ХХК -д холбогдуулан гаргасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай С.Сийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэр гаргасан.

4.1. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсгийг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаалыг гардуулсан гэж дүгнэжээ. Тус заалт нь Иргэний хуулийн үүргийн нийтлэг үндэслэлд хамаарах бөгөөд тухайн харилцааг зохицуулсан тусгай зохицуулалт байхгүй тохиолдолд хэрэглэгддэг. Энэ нь маш нарийн системчлэгдсэн хэм хэмжээний тогтолцоо бүхий эх газрын эрх зүйн бүлийн хууль хэрэглээний үндсэн онол, суурь зарчим.

 Гэтэл 2022 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т “Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно” гэсэн тусгай зохицуулалт бүхий тодорхой заалт байсаар байхад шүүх ажил олгогчийн зөрчлийн үйлдлийг зөвшөөрч, асуудалд бодитой бус хандаж, үүргийн нийтлэг зохицуулалтыг үндэслэж, дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Ажил олгогч буюу хариуцагчийн зүгээс тушаал гардуулсан болоод шуудангаар илгээсэн баримтын алийг нь ч гаргаагүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргээ зөрчсөн, тушаалыг хэзээ гардуулсан нь тодорхой бус байхад шүүх хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн.

 Хариуцагч нь ажилтан С.С Монголд байхгүй байсан учир эхнэрт нь өгсөн гэх тайлбарыг хийж баримтыг гаргасан боловч тушаал гардуулсан гэж үзэх шаардлага хангасан нотлох баримт, тайлбар биш байхад шүүх түүнийг үнэлж, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэж, шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.2. Нэхэмжлэгч талаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар тайлбар, нотлох баримтаа гаргаж өгсөөр байхад тус баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд харгалзан үзээгүй.

Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаалыг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан. Энэ цаг хугацаанаас хойш С.С нь БНСУ-руу эмчилгээнд явж, шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломж, бололцоо байгаагүй. Гэтэл шүүхийн шийдвэрийн 8 дахь хэсэгт  Хил хамгаалах газрын баримтыг үндэслэн Монгол Улсад нэхэмжлэгч байсан хугацааг тоолоод шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.

Шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх хүндэтгэн үзэх шалтгааныг нэхэмжлэгч тайлбарлахдаа Хил хамгаалах газрын баримтыг өгсөн нь БНСУ руу тогтмол давтамжтай явсныг нотлох зорилготой. Тус улсад ямар эмчилгээ хийлгэсэн, эмнэлгээс гаргаж өгсөн эмчилгээний давтамж, хуваарь, өвчтөний биеийн байдал ямар байх талаарх баримтыг гаргаж өгсөн боловч шүүх тусгай мэдлэг шаардагдах асуудалд холбогдох нотлох баримтыг үнэлэхгүйгээр дүгнэлт хийсэн.

С.С БНСУ руу явсан, Монголд байсан хугацаа нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар нотлогддог. Харин Монгол хэлээр орчуулсан Сөүлийн их сургуулийн эмнэлгийн карт нь химийн эмчилгээний давтамж, цаг хугацааг нотолдог. 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус улс руу явж нийт 6 удаа, хоорондын зай 18-20 хоног химийн эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний явцад, давтамж, эмчилгээ хийлгэж байх үед өвчтөний биеийн байдал ямар байдаг талаар Толгой хүзүүний хавдрын мэргэжлийн эмчийг гэрчээр дуудаж асуулгасан. Химийн эмчилгээний дараа өвчтөн тариандаа хордоод биеийн байдал маш хүнд байдалтай, хэвтэрт байдаг, нөхөн сэргээхийн тулд асрах, сувилах шаардлагатай болдог.

С.С нь химийн эмчилгээний сүүлийн 2 курст сульдаж, ядарч эмчилгээгээ хугацаанд хийлгэж чадаагүй нөхцөл байдалд хүртэл орж, хугацаа хоцорч БНСУ руу явсан байдаг ба нотлох баримтыг үл харгалзан үхэл, амьдралтайгаа тэмцэж явсан хүнийг Монголд байсан, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, төлөөлөгч томилох боломжтой гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн хил хамгаалах газрын лавлагааг үндэслэн эрхээ сэргээлгэх боломжтой байж гэсэн дүгнэлтийг бид хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна.

С.С нь хүнд өвчин тусаж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон, гэтэл “ажил олгогч тэтгэмж өгье, өргөдөл бичээд өгчих, эдгэхээр нь буцааж ажилд авъя” гэх байдлаар шахаж, зүй бус нөлөөлөл үзүүлсэн. Тухайн үед өргөдөл бичиж өгснөө нэхэмжлэл дээрээ болон шүүхийн бүх хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ тохирсон ёсоор эмчилгээгээ хийлгээд үр дүнд хүрээд биеийн байдал сайжирсан үедээ ажилдаа орох гэж ажил олгогчтой 2023 оны 01 сард холбогдсон боловч, ажил эргүүлэн авах амлалтдаа хүрээгүй.

4.3. Нэхэмжлэгч нь эрх зөрчигдсөнөө 2023 оны 01 сард мэдсэн. Мөн өөрийн хүсэлтээр биш ажил олгогчийн зүй бус нөлөөлөлд орсон гэдэг нь өргөдөл бичсэн даруйд буюу тухайн өдрөө ажил олгогч тэтгэмж болох 14,484,000 төгрөгийг дансанд нь шилжүүлсэн баримтаар нотлогдоно. Тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам гэрээнд тус мөнгөн тэтгэмж олгох ямар нэг эрх зүйн зохицуулалт байхгүй, тэтгэмж олгох талаар ажил олгогчийн шийдвэр, тушаал байхгүй бөгөөд энэ үйл ажиллагаа нь ажилтанд зүй бус нөлөөлөл үзүүлж, өргөдөл бичүүлсэн, ажилтан өөрийн хүсэл зориг, санаачлагаар өргөдөл бичээгүйг нотлох гол баримт юм. Хэрэв ажил олгогч эрүүл мэндийн шалтгаанаар хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1-т заасан үүргээ хүлээж мөн адил тэтгэмж олгох ёстой.

Ажлаас чөлөөлөхгүй, өвчтэй гэх шалтгаанаар чөлөө олговол ажил олгогч тодорхойгүй хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээх хохиролтой нөхцөл байдалд орсон нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хувийн сонирхол байсныг илтгэх наад заахын жишээ юм.

4.4. Монгол улсын нутаг дэвсэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээд Монгол улсын хууль, дүрмийг дагаж мөрдөх үүрэгтэй. ЭЭСЖ ХХК нь ОХУ-ын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын хууль тогтоомжийг огт дагаж мөрддөггүй болох нь хэрэгт авагдсан олон баримтаар тогтоогддог. Шүүх энэ байдлыг үл харгалзахын зэрэгцээ хуулийг буруу сонгон хэрэглэж, хэт нэг талыг барьж нотлох баримтаа үнэлж, шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШЗ2023/03576 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсэж байна.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар ямар журам зөрчсөн нь давж заалдах гомдолд тодорхойгүй байна. Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өөрчлөгдсөн зүйл ярьж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талын дарамт шахалтад үндэслэж, өргөдөл бичиж өгсөн, тушаалыг гардаж аваагүй гэх тайлбар үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нотлох баримт гаргаж, тухайн тушаалыг гардуулж өгсөнтэй холбоотой гэрч асуулгаж, нотлох баримтад үзлэг хийлгэсэн.

Тухайн үед нэхэмжлэгч БНСУ-д өвчний улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан тул ажлаас чөлөөлөгдөх зайлшгүй шаардлагатай болсон. Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр өргөдөл гаргахдаа БНСУ руу явж байгаа тул эмчилгээний зардал шаардлагатай байгаагаа илэрхийлж, хамтран ажиллаж байсныг харгалзан үзэхийг хүссэн. ЭЭСЖ ХХК -ийн удирдлагуудын зүгээс нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд зориулж 14,384,000 төгрөгийг өгсөн. Тухайн төлбөрийг яаралтай шилжүүлснийг буруугаар тайлбарлаж байна. Нэхэмжлэгч цаг алдалгүйгээр БНСУ руу явж эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан тул 14,384,000 төгрөгийг шилжүүлсэн.

5.2. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад ерөнхий нягтлан бодогч мессежээр “хагалгаандаа орсон уу” гэж асуухад “мөнгө шилжиж орсны дараагаар би үзүүлэх гэж байна” гэх хариуг өгсөн. Мөн “миний тушаалыг эхнэрт өгөөрэй, би ээлжийн амралтаа бодуулж, ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтэй” байгаагаа илэрхийлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү

                                                        ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч С.С нь хариуцагч ЭЭСЖ ХХК -д холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. С.С нь ЭЭСЖ ХХК -тай 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр   Хөдөлмөрийн 19/01 тоот гэрээ байгуулан тус компанийн борлуулалтын албанд Хөдөө орон нутгийн борлуулалт хариуцсан супервайзерын албан тушаалд, мөн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн 20/13 тоот гэрээгээр КК, СТ сувгийн хөгжүүлэлтийн мэргэжилтний албан тушаалд тус тус ажиллаж байсныг анхан шатны шүүх зөв тогтоосон бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

 

4. ЭЭСЖ ХХК-ийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 22/14 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэн Хөгжүүлэлтийн мэргэжилтэн С.Сийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

5. “Ажил олгогч талаас ажилтан С.Ст 22/14 дугаар тушаал гарсан талаар 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр цахим зурвасаар мэдэгдэж, түүний зөвшөөрлөөр тушаалыг түүний эхнэрт нь мөн өдөр гардуулан өгсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад тулгуурласан үндэслэл бүхий болжээ.

 Учир нь гэрч Т.Гийн “2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн чатаар тушаал гарсан, аваарай гэж мэдэгдсэн. ... тэр өдөртөө л [С.С] хариу өгсөн. Хэзээ хаанаас ирж авах вэ гэхэд Цахиур дээр байгаа гэж хэлсэн. Тэгэхэд намайг өөр дээрээ авчих гэсэн байна. С.Сийн эхнэр надаас тушаалыг эх хувиар нь ирж авсан. ...” гэх мэдүүлгийг

2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүх үзлэг хийсэн ба үзлэгийн тэмдэглэлээр “Т.Гийн 99908103 дугаартай IPhone 8 загварын гар утсанд хадгалагдаж буй 90101510 дугаарын утсанд 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр зурвас илгээсэн байх бөгөөд уг зурваст “сайн уу, тушаал дэвтэр 9 өнгөрөөгөөд ирнэ, ярьж байгаад ирээд аваарай” гэсэнд “ок” гэж хариу ирүүлсэн байгаа,

2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн  үзлэг хийсэн тэмдэглэлд Т.Гийн IPhone 8 загварын гар утсанд  2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хадгалагдсан гэрэл зурагт “Т.Гийн гэх “Gerelee Gerelee” болон С.Сийн гэх “Хангал Хангай” гэсэн нэрээр 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл харилцсан цахим зурвас авагдсан байх ба уг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр“Gerelee Gerelee” гэх хаягаас “сайн уу, хагалгаанд орсон уу, гайгүй юу, тушаал гарсан гэнэ, хэн хэзээ хаанаас авахаар байна, одоо цахиур дээр байгаа” гэсэн зурваст “Хангал Хангай” гэх хаягаас “өөр дээрээ авчихаа, би бас нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийлгэх хэрэгтэй байх тиймээ” гэсэн хариу илгээсэн, “Gerelee Gerelee” гэх хаягаас “маргааш хотод очно, ажил дээр 1 дэх” гэхэд “Хангал Хангай” хаягаас “чамтай яриад өг гэж хэлье болох уу” гэж хариулсан, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Хангал Хангай” гэх хаягаас “... Би эхнэрийг чамтай яриад чамд дэвтэр аваачаад өг гээд хэлчихлээ. Миний найз нэг зохицуулаад бэлэн болгоод өгчих тэх үү. Цаадах чинь цахиур явж чадахгүй байгаад байна” гэсэн байдалтай тус тус харьцуулан дүгнэвэл ажил олгогч талаас тушаалыг ажилтанд гардуулан өгсөн гэж дүгнэнэ. Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт “Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө” гэж заасныг зөрчөөгүй байх бөгөөд тушаалыг хүлээлгэж өгсөн тул мөн зүйлд заасан “ Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно” гэсний дагуу шийдвэрийг шуудангаар хүргүүлэх шаардлагагүй болно. Энэ үндэслэлээр шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэт нэг талыг баримталсан гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэх юм. 

 

6. Нэхэмжлэгч С.С ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж авсанаас хойш 8 сарын дараа буюу 2023 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан 30 хоногийн дотор гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн гэж дүгнэхээр байхад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж үйл баримтыг буруу тогтоожээ. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.  

6.1. Нэхэмжлэгч С.С 2019 оны 10 дугаар сард шүлсний булчирхайн хорт хавдраар оношлогдож, БНСУ-д эмчилгээ хийлгэж байсны улмаас хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2023.03.15-ны өдрийн 2-4в/359 дугаар тодорхойлолтод Чингис хаан боомтоор 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гарч, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр орсон, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гарч, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр орсон, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гарч, 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр орсон, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гарч, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр орсон, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гарч, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орсон, 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гарч, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр орсон талаарх бүртгэлээр, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0493394 дугаар акт, Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэгийн магадлагаа, Хавдар судлалын үндэсний төвийн клиникийн эмнэлэгийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02/1383 дугаар тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.   

Нэхэмжлэгч С.С нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн тул мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт зааснаар уг хугацааг сэргээгээгүй байдлыг дүгнэлт хийх замаар залруулна.   

 

7. Нэхэмжлэгч С.С ЭЭСЖ ХХК-ийн захиргаанд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүсэлт гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

7.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцалж болох бөгөөд  эрхээ эдлэхэд  ажил олгогчийн нөлөөлөл байж болохгүй бөгөөд зөвхөн түүний өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр хэрэгжинэ.  

 Улсын дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолд ... хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ” гэж тайлбарласан.

Иймд 22/14 тоот тушаалд заасан хөдөлмөрийн гэрээг ажилтны гаргасан санаачилгаар дуусгавар болсон эсэхэд шүүх дүгнэлт өгөх байжээ. 

7.2. С.С нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай хүсэлтийг ажил олгогчийн нөлөөлөл, дарамт шахалтын үндсэн дээр бичсэн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Иймд  ЭЭСЖ ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 22/14 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т, ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой үр дагавар шаардсан хэсгийг мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгоно.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар дуусгавар болгуулахаар тодорхойлсон шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болохыг анхан шатны шүүх анхаараагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр  нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/03576 дугаар шийдвэрийн 1 дахь заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, 158 дугаар зүйлийн 158.2.2” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгдтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

          ШҮҮГЧИД                                     Т.ГАНДИЙМАА

 

                                                    Э.ЗОЛЗАЯА