Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 51

 

 

 

 

 

 

-

-

     2019          01           07                                          51               

 

-                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808043911477 дугаар хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 56а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 4 cap 10 хоногийн хорих ял,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 411 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 675 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 675.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, Хатиган цэрэнтэн овогт Жаргалсайханы Д /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ж.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 103 дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр байсан иргэн Б.Золхүүгийн эзэмшлийн 10-13 БУЛ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийн цонх нь онгорхой байх үед бусдын эд хөрөнгийг буюу “IPhone 6s” маркийн rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна” гэв.

 

Эрүүгийн 1808043911477 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Золхүүгийн: “2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 15:30 цагийн орчимд би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 103 дугаар байрны автомашины зогсоолд 10-13 БУЛ улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байсан. Би автомашиныхаа зүүн талын хаалганы хажууд автомашиныхаа банк руу түлш хийж байсан. Би Iрhone 6 plus маркийн rap утсыг автомашины салоны ойролцоо тавьчихсан байсан. Баруун талын хаалганы цонх онгорхой байхад хулгайч ороод гар утас хулгайлсан. Хяналтын камерийг шалгахад нэг эрэгтэй хүн автомашины цонхоор миний гар утсыг хулгайлж байгаа бичлэг байсан. ...Миний гар утсыг хулгайлсан хүн саарал өнгийн шорттой, хар өнгийн савхин куртиктэй, 20-25 орчим насны шар царайтай, хар өнгийн үстэй 165-170 см өндөртэй эрэгтэй хүн байсан.

...Д гэдэг залуу миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-12-13, 14-15/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018.11.17-ны 18/127 дугаар тайланд: “Iphone 6s гар утас 700.000 төгрөг” гэжээ /хх-25-26/,

Шүүгдэгч У.Дын яллагдагчаар өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр би Содон хорооололд билъярд тоглож байгаад дуусаад гэр лүүгээ харихаар алхаж байтал 103 дугаар байрны урд талд “Бонго” маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Машины урдуур өнгөртөл сандал дээр нь Айпоне-6, Нокиа маркийн 2 ширхэг гар утас харагдсан. Энэ үед тухайн 2 rap утсыг авах санаа надад төрөөд эргэж “Бонго” маркийн машин дээр ирээд хажууд нь зогсоход жолоочийн эсрэг талын цонх онгорхой байсан. Би цонхоор гараа оруулаад Айпоне-6 Эс маркийн гар утсыг хулгайлж аваад “Теди” худалдааны төв дээр 130.000 төгрөгөөр зараад өөртөө ойр зуур зарцуулаад дууссан...” гэх мэдүүлэг /хх-34-35/,

мөрдөгчийн тогтоол /хх-5/, хүлээн авсан тэмдэглэл /хх-6/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7-8/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-9/, гэрч Ш.Оюуны мэдүүлэг /хх-20/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/, шийтгэх тогтоол, магадлалын болон шүүгчийн захирамжийн хуулбар /хх-49-62, 63-66, 67-71, 72-76, 77-80/, хохирогчийн хүсэлт /хх-87/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол, 103 дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр байсан 10-13 БУЛ улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгслийн онгорхой цонхоор иргэн Б.Золхүүгийн эзэмшлийн “I Phone 6s” маркийн rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Золхүүгийн “...Намайг автомашины зүүн талд байхад баруун талын онгорхой цонхоор гар утас хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /хх-12-13/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 18/127 “I phone 6s гар утас 700.000 төгрөг” гэх тайлан /хх-25/, шүүгдэгч У.Дын яллагдагчаар өгсөн “...би цонхоор гараа оруулаад Ай поне-6 Эс маркийн гар утсыг хулгайлж аваад...” гэх мэдүүлэг /хх-34-35/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх7-8/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Дын иргэн Б.Золхүүгийн тээврийн хэрэгслийн цонх онгорхой байсныг ашиглан тээврийн хэрэгсэл дотроос түүний гар утсыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Золхүүд 700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол /хх-25/ учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн өгсөн “Хохирлыг бүрэн барагдуулсан учраас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-14-15/, “Хохирлын мөнгө хүлээж авсан” гэх хүсэлт /хх-87/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ж.Д нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу болон хэргийн зүйлчлэлээр маргаангүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хөдөө явж ажиллаж гэр бүлээ тэжээдэг. Эдгээрийг харгалзан улсын яллагчийн санал болгосон 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа. 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн хайхрамжгүй байдал /тээврийн хэрэгслийн цонхоо онгорхой орхисон/ гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 700.000 төгрөгийн хохирол учирсан, хохирлыг биет байдлаар төлсөн, хохирогч “Гомдолгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, түүнээс 2 нь өмчийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн шүүгдэгч Ж.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 Эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Д урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хатиган цэрэнтэн овогт Жаргалсайханы Дыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Д урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

             

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР