Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/00266

 

 

 

 

 

 

             

    2024          02            02                                       210/МА2024/00266

 

Д.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг, даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2023/03164 дугаар шийдвэртэй,

 

Д.Аийн нэхэмжлэлтэй

ШЕЗд холбогдох,

 

Цалингийн зөрүүд 173,346,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Би 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн шүүхэд үйлчлэгч, бичиг хүргэгчээр ажилд орж, ажиллаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл шүүхийн байгууллагад тасралтгүй 40 жил ажиллаж байна.

Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилсан Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд шинэчлэн баталсан Шүүхийн багц хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ШЕЗ 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн бүтцийг өөрчилсөнтэй холбогдуулан 409 шүүгчийг өөрчлөн байгуулсан шүүхэд томилуулах саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж буцаан томилсон 199 дугаар зарлиг гаргахдаа нэр бүхий 12 шүүгчийг ямар нэг хууль зүйн үндэслэл шалтгаангүйгээр томилоогүй орхигдуулсан.

1.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүйн улмаас эрх зөрчигдсөн гэж үзэж 2013 оноос 2022 оны хүртэл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өргөдөл нэхэмжлэлээ тасралтгүй гаргасан боловч шийдвэрлэгдэхгүй байсны эцэст Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны 17 дугаар тогтоолоор хэрэг маргааныг шийдвэрлэх хэргийн болон шүүхийн харьяаллыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх байхаар тогтоосон.

1.3. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр “... нарыг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй ШЕЗийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Д.Аийг....шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг ШЕЗд даалгаж” шийдвэрлэсний дагуу  ШЕЗийн 2022 оны 94 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 64 дүгээр зарлигаар Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон, тангараг өргөснөөр шүүгчийн бүрэн эрх хэрэгжсэн.

Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд зааснаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн үндэслэл хууль бус байсан нь тогтоогдож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн албан тушаалд томилогдсон нь Шүүхийн тухай хуулийн 40.3 дугаар зүйлд “...албан тушаалаас чөлөөлсөн... үндэслэл нь хууль бус байсан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсийг нөхөн олгоно” гэж хуульчилсан.

1.4. Би шүүгчийн албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөний дараа буюу 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газарт архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажилласан бөгөөд 8 жилийн хугацаанд шүүгчээр ажилласан бол шүүгчийн үндсэн цалингаар тооцож, 259,200,000 төгрөгийн цалин авахаар байна. Үүнээс цалингийн зөрүү 73,854,000 төгрөг, тэтгэмж болгон олгосон 12,000,000 төгрөг нийт 85,854,000 төгрөгийг хасаж, цалингийн зөрүү нийт 173,346,000 төгрөг болж байна.

Иймд 2013-2022 онуудад шүүгчийн албан тушаал хашаагүй байсан хугацааны цалингийн зөрүү 173,346,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөхөд Д.А шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны хуулийн 27.2.4 дэх заалтад "төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг үндэслэн ШЕЗийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны  өдрийн 198 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх 12,000,000 төгрөгийн тэтгэлгийг нэхэмжлэгч нарт олгосон байх тул тэтгэмж олгохтой холбоотой харилцаа дуусгавар болсон.

Нэхэмжлэгч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Энэ хуулийн 39.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсийг нөхөн олгоно” гэж заасан бөгөөд шүүгчийг чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон нөхцөлд үл маргах журмаар цалин хөлсийг нөхөн олгох зохицуулалт гэж үзэж байгаа талаар дурдсан байна. Нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй.

2.2. Нэхэмжлэлд дурдагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Аийг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг ШЕЗд даалгаж шийдвэрлэсэн. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үүнд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

 Өөрөөр хэлбэл энэ шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.Аийг хууль бусаар шүүгчийн бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан шийдвэр гаргаагүй байна. Дээрх хугацааг шүүгчээр ажилласан жил тооцох талаар гарсан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлиг буюу нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр нь хүчин төгөлдөр, хууль ёсны байгаа тул шүүгчээр ажилласан жилд тооцох хууль зүйн үндэслэлгүй.

 Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.  

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар ШЕЗөөс 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү 173,346,000 төгрөгийг гаргуулж Д.Аид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.А улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, түүний төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Аид олгож, хариуцагч ШЕЗөөс улсын тэмдэгтийн хураамжид 1,024,680 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр ШЕЗ шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийг ажиллаж байсан шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг ШЕЗд даалгаж шийдвэрлэсэн.

Харин шүүгчийг буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэр гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Өөрөөр хэлбэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг хууль бусаар шүүгчийн эрхээс нь түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан, ажлын байранд эгүүлэн тогтоох тухай маргаан буюу хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлээгүй.

Гэтэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/03164 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалд буцаан томилоогүй орхигдуулсан үйл баримт нь шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосон үр дагаврыг үүсгэсэн, шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэл бий болсон нь тогтоогдоогүй буюу ШЕЗийг шүүгчийн албан тушаалд буцаан томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх арга хэмжээ аваагүй хууль бус эс үйлдэхүй байна гэж дүгнэснийг дурдаад, өөрөөр хэлбэл, шүүгчийн бүрэн эрхийн дуусгавар болгох эрх зүйн үндэслэл бий болоогүй байхад шүүгчийн албан тушаалд буцаан томилоогүй орхигдуулсан нь шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болсонтой адил үр дагаврыг үүсгэсэн ба ШЕЗ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд шүүгчийн албан тушаалаа гүйцэтгэх боломжгүй болгосон явдал нь Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан зохицуулалтын чөлөөлсөн, огцруулсан агуулгад хамаарна” гэж дүгнэсэн. Дээрх байдлаар ШЕЗ нэхэмжлэгчийн шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг үүсгэсэн мэтээр тайлбарласан нь буруу юм.

4.2. Нэхэмжлэгчийг хууль бусаар шүүгчийн эрхээс нь түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсныг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй атал Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Энэ хуулийн 39.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсийг нөхөн олгоно" гэж заасныг үндэслэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4.3. Хариуцагч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрийн биелэлтийг хангаж, нэхэмжлэгчийг Монгол Улсын Ерөнхийлөгчид шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлж, нэхэмжлэгч шүүгчийн албан тушаалыг хэрэгжүүлж байна.

Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэр нэгэнт биелэгдсэн. Шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлсэн байхад уг шийдвэрийг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: ШЕЗ нь шүүгчийг томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь өөрийн гаргасан эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. ШЕЗ шүүгчийг томилуулахаар өргөн мэдүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн санаачлагаар шүүгчийг томилох боломжгүй. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 198 дугаар зарлиг хүчин төгөлдөр гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч ШЕЗд холбогдуулан цалингийн зөрүүд 173,346,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх дараахь үйл баримтыг зөв тогтоосон, энэ талаар талууд маргаагүй. Үүнд:

3.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 63 дугаартай зарлигаар Д.Аийг Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр томилсон.

3.2. Шүүх байгуулах тухай 2013 оны хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийг чөлөөлж, мөн оны 199 дүгээр зарлигаар Ерөнхий шүүгч, шүүгчдийг буцаан томилоход шүүгч Д.Аийг орхигдуулсан.

3.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр Д.Аийг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг ШЕЗд даалгасан.

3.4. ШЕЗ нь 2022 оны 95 дугаар тогтоолоор Д.Аийг шүүгчийн албан тушаалд томилуулахаар өргөн мэдүүлсэн.

3.5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 64 дүгээр зарлигаар Д.Аийг Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилжээ. 

 

4. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 39.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсийг нөхөн олгоно.” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүх ШЕЗөөс 2013 оноос 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаан дахь цалингийн зөрүүд 173,346,000 төгрөгийг гаргуулж Д.Аид олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

4.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4-т “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийн огцруулахыг хориглоно” гэж заажээ.  

Шүүх байгуулах тухай 2013 оны хуулийн дагуу шүүхийг өөрчлөн байгуулахтай холбоотойгоор шүүгчдийг чөлөөлж, буцаан томилоход шүүгч Д.Аийг орхигдуулсан байдлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр тогтоосон байх бөгөөд энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.2. Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 70 дугаар  шийдвэрт "...ШЕЗ нь шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хараат бус байдлыг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээ авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүргээ хэрэгжүүлж, шүүгчийн албан тушаалд буцаан томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх зэргээр шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой арга хэмжээг өнөөдрийг хүртэл аваагүй ... [Д.А]-ийг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй ШЕЗийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон” үйл баримтыг мөн дахин нотлохгүй болно. Иймд хариуцагчийн гаргасан холбогдох давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

4.3. Улмаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 64 дүгээр зарлигаар Д.Аийг Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсноор шүүгчийн бүрэн эрх нь сэргээгджээ.

 4.4. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт   зааснаар Д.Аийг шүүгчээр томилохгүй орхигдуулсан байдлыг хууль бусаар “чөлөөлсөн, огцруулсан” гэх үндэслэлд хамааруулж хуулийг өргөжүүлж тайлбарласныг зөв гэж үзнэ.  Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.  

4.5. Хууль тогтоогч нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан хууль бусаар шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалаар чөлөөлсөн, огцруулсан үндэслэл тогтоогдсон тохиолдолд түүнд цалин хөлсийг нөхөн олгох талаар хуульчлахдаа тухайн гэм буруутай байгууллагаас гаргуулахаар заагаагүй.

Учир нь шүүх, шүүгчдийн эдийн засгийн баталгааг төр хангах үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт “Шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд шүүхээс үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангана”, гэж, ман хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй.” гэж заасан тул төрөөс хариуцан олгож буй шүүгчийн цалин хөлсийг ШЕЗ нь чиг үүргийнхээ хувьд тогтоосон төсвийн хүрээнд олгох ёстой.

Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгчийн цалин хөлсийг нөхөн олгоход хариуцагч ШЕЗийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй юм.  

 

5. ШЕЗийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 198 дугаар тушаалаар Д.Аид тэтгэмжид 12,000,000 төгрөгийг олгосон байх ба тэрээр уг мөнгөн хөрөнгийг хасч нэхэмжилсэн байна.

 

6. Дээрх дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2023/03164 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгчдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.АЛТАНЦЭЦЭГ

                                           

         ШҮҮГЧИД                                 Т.ГАНДИЙМАА

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА