| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0081/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/86 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч П.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Нд холбогдох эрүүгийн 1938001770113 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч П.Н нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 дугаар багт иргэн Д.Отэй дүү Батжаргалыг өмөөрч маргалдсаны улмаас зодолдож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Нн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Миний дүү нэг өдөр архи уугаа л биз чи яахаараа тэр холоос сумын төвөөс хүн алах гэж ирдэг хүн бэ, өглөө чамайг ярихаар нь би айлаас авч ирээд архийг нь гаргах гээд хэсэг унтуулж байна гэж хэлээд салгах гээд араас нь таттал миний өмсөж байсан дээлнээс зуураад энгэрийг нь цуулж урсан. Би буцаад орон дээрээ очиж суугаад хэсэг сууж байгаад ер нь ингэж ах дүүгээрээ доромжлуулж дээлээ уруулж байхаар өөрийнх нь дээлийг уръя гэж бодоод очиод чи миний юмыг урж байгаа бол бол чиний хувцасыг би урна. Чи бол баян хүн, би бол ядарсан хүн гэж хэлээд Д.Огийн дээлийнх нь энгэрээс барьж аваад цуу татсан. Тэгээд Д.О бид хоёр барилцаж авсан. би уурандаа Д.Отэй дахиж барилцаж аваад нүүрлүү нь гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Бид хоёр үснээсээ зулгаалцаад дээр доороо орж ноцолдсон. Тэгээд Батжаргал ээж хоёр ирж бид хоёрыг салгасан...Бид хоёр одоо эвлэрсэн байгаа...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...П.Н эгчийнд очтол Батжаргал П.Н эгчийнхээ баруун хойморт орны урд талд хэвтэж байсан. Би ороод босооч гэж хэлтэл П.Н эгч араас орж ирсэн. Тэгээд би очиж Батжаргалыг татаж босгох гэсэн боловч босохгүй байхаар нь зуухны хажуу талд байсан бойтог гутлаар нуруу руу нь 2-3 удаа цохиод босооч, мотоциклио асаагаач, мал чинь хээр хонолоо ш дээ гэж хэлсэн. Тэгтэл Батжаргалын төрсөн эгч П.Н араас ирээд “чи яасан их дүүгийн минь зоддог юм бэ? миний дүү архиа ууж хөлдөж үхнэ үү байна уу чамд ямар хамаатай юм. Чи муу хонцийн шээсээ тэжээлгэх гэж боолоо хийж байгаа биз дээ” гээд миний араас үснээс татаж байгаад миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би нүүрээ дараад хэвтсэн. П.Н зүүн талын орон дээр утсаар яриад байсан. Би тэр хугацаанд ухаан балартаж босч чадахгүй байсан. Би утсаар ярьж байхад нь гарч зугтах гэж бодоод босох гэтэл миний толгой эргээд унасан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-15 дугаар хуудас/,
Гэрч Л.П-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...П.Нгийнд яваад ортол П.Н Д.О нар гэрийн зүүн талд зуухын урд талд үснээс зулгаалцсан дээр доороо оролцож байсан. Мөн манай охины зуухыг унагаачихсан халуун үнс нь үүдний хулдаас дээр шатаж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-18, 33-34 дүгээр хуудас/,
Гэрч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гадаа нохой хуцаад байхаар нь гартал Одгоо зогсож байсан. Одгоогийн нүүр нь хөхөрч, нүд, уруул нь хавдсан, дээлнийх нь энгэр бүсэндээ хүртэл уригдсан цус болсон орж ирсэн. Одгоо ярихдаа хадам эгч, ээжтэйгээ нийлээд зодчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-25 дугаар хуудас/,
Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай эгч тэр хоёр хоорондоо маргалдаж эхэслсэн. Маргалдаж байснаа барилцаад үс толгойноосоо зулгайлцаад дээлээ уралцаад байсан. Би босоод эхнэрээ хамгаалахаар манай эгч ирж манай эхнэрийг цохиод, эгчийг холдуулахаар манай эхнэр ирж үснээс нь зулгаагаад байсан. Тэгээд хэсэг зууралдаж байгаад салсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-32 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 99 дугаартай:
1. Д.О биед баруун дээд доод зовхи, зүүн дээд, доод зовхи, баруун зүүн алимны салст, баруун сарвууны гадна хэсэгт 3-р үенүүд баруун гуяны дотор доод хэсэг, баруун шилэбний дотор дээд хэсэг, дээд уруулын салст, доод уруулын салстад цус хуралт, зүүн сарвууны дунд хурууны 1-р үенд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүссэн байх боломжтой.
3. Д.О биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 38 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7-р багийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 60-62 дугаар хуудас/,
Хохирогч Д.О нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 78 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938001770113 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч П.Н нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 дугаар багт иргэн Д.Отэй дүү Батжаргалыг өмөөрч маргалдсаны улмаас зодолдож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч П.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 8-15-р хуудас/, гэрч Л.Пын /ХХ-ийн 16-18, 33-34-р хуудас/, гэрч Т.Аийн /ХХ-ийн 23-25-р хуудас/, гэрч Ж.Бын /ХХ-ийн 26-32-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 99 дүгээр дүгнэлт /ХХ-ийн 38-р хуудас/, хохирогч Д.О шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 78 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.Н нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 62 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч Д.О нь шүүгдэгчтэй эвлэрч эвлэрийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1938001770113 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1938001770113 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР