| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 150/2017/0001/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2017-02-08 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 10
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Я.Туул
Д.Буянжаргал
Оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Булган овогт Түмэнгийн Гандигмаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618010118 дугаартай, 150/2016/0056/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаанхан суманд төрсөн, эмэгтэй, 45 настай, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, “Силвэр вийт” ХХК-д салбарын эрхлэгч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчингийн 35 дугаар гудамж, 15а тоотод оршин суух, урьд авсан ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Шарайд овогт Одончийн Отгонтөгс /РД:МД-71041661/.
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Шүүгдэгч Т.Гандигмаа нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг болох Дарханаас Эрдэнэтийн чиглэлийн төв засмал замын 33-34 дэх км-т өөрийн эзэмшлийн “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасныг зөрчиж Ж.Мягмарсанжаагийн жолоодож явсан 64-02 УБИ улсын дугаартай “Тоёота истима” маркийн тээврийн хэрэгслийг, У.Батгэрэлийн жолоодож явсан “Таван гэрэлтэх од” ХХК-ийн эзэмшлийн 03-99 УБС улсын дугаартай “Мерседес Бенз МЛ350” маркийн тээврийн хэрэгслийг тус тус мөргөж зам тээврийн осол гарган, иргэн Ж.Мягмарсанжаад 863.000 төгрөгийн, “Таван гэрэлтэх од” ХХК-д онц их хэмжээний буюу 55.991.594 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх Т.Гандигмаад холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 03 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч Булган овогт Түмэнгийн Гандигмааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гандигмаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 03 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Гандигмаад оногдуулсан 03 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,
-Шүүгдэгч Т.Гандигмаад авсан бусдын батлан даалтап өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гандигмаа нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Мягмарсанжаад 1.274.000 төгрөг, хохирогч “Таван гэрэлтэх од” ХХК-нд 8.500.000 төгрөг төлсөн. Хохирогч “Таван гэрэлтэх од” ХХК нь шүүгдэгч Т.Гандигмаагаас иргэний журмаар 64.500.000 төгрөг нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Ялтан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Шүүгдэгч миний хувьд тухай эрүүгийн хэрэгт гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд бусдад гэмт хэргийн улмаас ихээхэн хэмжээний хохирол учруулсандаа гэмшиж түүнийг арилгахад өөрийн зүгээс боломжтой бүхий л арга хэмжээг авч ирсэн. Шүүх хуралдаан болон хурлаас өмнө хохирлыг төлж барагпуулах талаабх хохирогч болон өмгөөлөгч талтай зөвшилцөж орлогын байдлаас шалтгаалан 3 хувааж төлөхөөр тохиролцсон. Өмгөөлөгч маань ч ингжэ төлбөл хохирол төлөгдсөн гэж шүүх үзэж болдог гэхээр ингэж хохирлыг барагдуулахаар болсон. Түүнээс бүрэн барагдуулсан тохиолдолд ялыг хөнгөрүүлэх талаар сайн ойлголт өгсөн бол би яаж ийгээд хохирол төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой байсан.
Миний хүүхдүүд болон нөхөр бидний дундын өмчийн хашаа байшин, эд зүйлийг зарж 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч У.Батгэрэлд 46.500.000 төгрөгийг төлж хохирол төлбөр бүрэн барагдуулсан байна.
Т.Гандигмаа миний бие ял шийтгүүлснээс хойш сайнгүй, байнга даралт ихсэж, сэтгэл санааны дарамттай тун хүнд байдалтай байна. Миний хувьд гэр бүлээ авч явдаг цор ганц орлого олдог хүн. Намайг шоронд ял эдлээд явахаар ард нас өндөр хадам эцэг, 0-5 насны 2 зээ хүү маань хэцүүхэн байдалтай үлдэх болоод байна.
Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн 5-д “Таван гэрэлтэх од” ХХК-д намайг 64.500.000 төгрөгийг төлөх, нөгөө компани нэхэмжлэх эрхтэйг шүүх дурьдсан байна. Миний хувьд тус компани буюу хохирогч У.Батгэрэлд 55.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж мөрдөн байцаалтаар тогтоож шүүхэд шилжүүлснээс 8.500.000 төгрөгийг хохирогч У.Батгэрэлийн аавын Голомт банкан дахь дансаар төлсөн. Үлдэгдэл 46.500.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байж байгаад хохирогч У.Батгэрэлийн хүсэлтийн дагуу миний хүүхдүүд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөн дээрх хохирогч У.Батгэрэлийн аав Ц.Уугангэрэлийн Голомт банкны 1409042373 тоот дансаар 47.500.000 төгрөгийг /1.000.000 төгрөг илүү/ төлсөн байдаг. Тиймээс шүүхийн уг хэсэгт өөрчлөлт оруулах хүсэлттэй байна. Энэ нь намайг үндэслэлгүйгээр 19.000.000 төгрөгийн төлбөр төлөх болгож байна.
Иймд Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд заасан “хүнпэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, нийгмийн аюулын хувьд хүний амь насанд ямар ч хор учруулаагүй, хувийн байдал, хохирол төлбөр бүрэн барагдсан” зэргийг харгалзан үзэж ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж хянан харгалзах болгож шийдвэрлэж өгнө үү гэж хичээнгүйлэн хүсч байна...” гэжээ.
Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Т.Гандигмаа нь хохирол болох 47.000.000 төгрөгийг 2017.01.24-ний өдөр төлж барагдуулсан, мөн өдрөө хохирогч У.Батгэрэл нь давж заалдах шатны шүүхэд “47.500.000 төгрөгийг хүлээн авч ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж тайлбар хийсэн нь ЭХ-ийн ерөнхий ангийн 61-р зүйлд заасан хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, нийгмийн аюулын хувьд хүний амь насанд ямар нэгэн хохирол гэмтэл учраагүй, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Т.Гандигмаад оногдуулсан ЭХ-ийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 03 жил 01 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг М.У-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1, 61.4-т заасныг хэрэглэн тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Т.Гандигмаа нь 45 настай, цагдан хоригдсоноос хойш нойргүйдэх, даралт ихсэх зэргээр эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа мөн хохирогч У.Батгэрэлд хохирлын 56.000.000 төгрөгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзнэ үү...” гэжээ.
Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Анхан шатны шүүх хуралдаан болох үед будаа тариа нь зарагдаагүй зэрэг байдлаас болоод хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж чадаагүй. Гэхдээ түүний урьд авсан өмгөөлөгч нь гэрээ байгуулчихвал хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэж болно гэхээр нь тэрээр болно гэж бодоод орсон. Гэтэл ингэж буруу ойлгосны улмаас хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй гээд хорих ял авсан. Ингээд одоо бол хохирогчил учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Иймдээс хохирогчийн учирсан хохирол төлбөр барагдуулсан байдал болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзах ял шийтгэл болгон өөрчилж оногдуулна уу.
Мөн энэ хэрэгт хүний амь нас хохироогүй байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах асуудлыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Ялтан нь бидэнд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Ийм учраас түүнд оногдуулсан ялыг хөнгөлж өгнө үү...” гэв.
Улсын яллагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул хорих ялыг өөрчилөхөд татгалзах зүйл байхгүй...” гэв.
Тодорхойлох нь:
Т.Гандигмаа нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг болох Дарханаас Эрдэнэтийн чиглэлийн төв засмал замын 33-34 дэх км-т өөрийн эзэмшлийн “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасныг зөрчиж Ж.Мягмарсанжаагийн жолоодож явсан 64-02 УБИ улсын дугаартай “Тоёота истима” маркийн тээврийн хэрэгслийг, У.Батгэрэлийн жолоодож явсан “Таван гэрэлтэх од” ХХК-ийн эзэмшлийн 03-99 УБС улсын дугаартай “Мерседес Бенз МЛ350” маркийн тээврийн хэрэгслийг тус тус мөргөж зам тээврийн осол гарган, иргэн Ж.Мягмарсанжаад 863.000 төгрөгийн, “Таван гэрэлтэх од” ХХК-д онц их хэмжээний буюу 55.991.594 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Т.Гандигмаад холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 03 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Булган овогт Түмэнгийн Гандигмааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гандигмаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 03 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Гандигмаад оногдуулсан 03 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тус тус зааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэхь хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.
Ялтан Т.Гандигмаа нь дээр дурьдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Батгэрэлийн мөрдөн байцаалт,шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 48-51,191-196-р ху/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Мягмарсанжаа /хх-ийн 41-47-р ху/, гэрч О.Сарангоо /хх-ийн 56-58-р ху/,Ц.Алтангэрэл /хх-ийн 59-р ху/,М.Бадамсүрэн /хх-ийн 63-р ху/,Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11-р ху/,Ашид Билгүүн ХХК-ий гаргасан Техник үнэлгээний ¹1084 дугаартай тайлан /хх-ийн 89-р ху/,Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч, цагдаагийн дэслэгч Т.Үнэнбаатарын 2016 оны 10 дугаар сарын 03 ны өдөр гаргасан дүгнэлт /хх-ийн 111-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон,хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх ялтаны гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан бөгөөд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар ялтан болон түүний өмгөөлөгч нарын зүгээс ямар нэгэн санал гомдол гаргаагүй байна.
Ялтан Т.Гандигмаа болон түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу түүнд холбогдох эрүүгийн ¹ 201618010118 дугаартай хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад: Т.Гандигмаа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь Голомт банкны 2017 оны 01 дүгээр сарын 24 ний өдрийн орлогын мэдүүлэг, хохирогч , иргэний нэхэмжлэгч У.Батгэрэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассаныг 1 жил болгон багасгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 46.500.000 төгрөг хэмээн зөв тооцоолж тусгасан боловч шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт бичилтийн буюу техникийн алдаа гаргаж 64.500.000 төгрөг гэж буруу бичсэн байх тул энэ талаар гаргасан ялтан Т.Гандигмаагийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй байна
Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хянан 03 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэг зохих өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4,324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон “ТОГТООХ” нь:
1.Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтын”...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч” гэдгийг “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч” гэж,
5 дугаар заалтыг:
“...5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гандигмаа нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Мягмарсанжаад 1.274.000 төгрөг, хохирогч “Таван гэрэлтэх од” ХХК-нд 8.500.000 төгрөг төлсөн. Хохирогч “Таван гэрэлтэх од” ХХК нь шүүгдэгч Т.Гандигмаагаас иргэний журмаар 46.500.000 төгрөг нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай...” гэж өөрчлөн найруулж, “...51.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт зааснаар Т.Гандигмаад оногдуулсан 03 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Улаанбаатар хотын Сонгино-Хайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай...” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Ялтан Т.Гандигмаа нь хохирогч “Таван гэрэлтэх од” ХХК-д 47.000.000 төгрөг төлсөн, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
3.Т.Гандигмаад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Д.БУЯНЖАРГАЛ