Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2012/0403/З |
Дугаар | 191 |
Огноо | 2017-03-16 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 191
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Н.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “2 дугаар” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.О, Э.А.
Хариуцагч: *******ны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар.
Гуравдагч этгээд: Х.Б, Ц.Б.
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205******* дугаарын бүртгэлийг хүчингүй болгуулах” үндсэн шаардлагатай, “битүүмжлэлээс чөлөөлөгдөөгүй байхад бүртгэл хийсэн нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, бүртгэлийг хүчингүйд тооцуулах, өмчлөгч биш этгээдээс нотариатаар баталгаажаагүй өмчлөгчийн зөвшөөрлийг авч бүртгэл хийсэн буруутай болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэмэгдүүлсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, нэхэмжлэгч Э.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, иргэдийн төлөөлөгч Л.Ү нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О, Э.А нар 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.А, Д.О нар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн үйл ажиллагааг тогтоолгохоор Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргах үед шүүхийн шаардлагаар хариуцагчаас болон Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас баримт шаардан гаргуулсан. Гэтэл Улсын бүртгэлийн газраас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн баримтан дотор Д.Он гарын үсэг бүхий мэдүүлгийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хийсэн байсан. Д.О нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцоогүй, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллагад ямар нэгэн мэдүүлэг өргөдөл өгч байгаагүй учир хуурамч мэдүүлгээр бүртгэл явуулсан бүртгэлийн байгууллагад нь гомдол гаргасан. Улсын бүртгэлийн газраас Д.Он гомдлыг шалгаад бүртгэлийг хүчингүй болгох боломж байхгүй шүүхээр асуудлаа шийдүүл гэсэн бичиг өгсөн.
Бүртгэлийн байгууллага өөрийн эд хөрөнгийн бусдад шилжүүлж байгаа этгээдийн бичиг баримтыг шалгаж, нотариатаар гэрчлэгдсэн гэрээ хэлцлийг шалгаж нягталсны үндсэн дээр шилжилт хөдөлгөөнийг хийдэг. Ийм байтал Д.О гэх ямар ч бичиг баримт байхгүй байхад үүнийг нягталж үзэлгүйгээр хуурамч мэдүүлгийг үндэслэн бүртгэлийн үйл ажиллагаа явуулсныг хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд бүртгэлийн үйл ажиллагаа буруутай болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205******* дүгээр бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн *******,*******,******* тоот орон сууцыг холбогдох нотлох баримтыг үндэслэн иргэн Д.О, Э.А, О.О, Т.Ц, О.О, О.Н нарын дундын өмчлөлд 1998 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205******* дугаарт бүртгэсэн байна. Тухайн орон сууцыг иргэн Д.Бын гаргасан мэдүүлэг, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 1998 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 699 дүгээр захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 1998 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1629 дүгээр албан бичиг гэх мэт нотлох баримтыг үндэслэн 1998 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн иргэн Д.Бын өмчлөлд бүртгэсэн байна.
1999 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 23 дугаартай нотариатчийн гэрчилсэн Худалдах, худалдан авах гэрээгээр иргэн С.О өмчлөлд, 2001 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаартай нотариатчийн гэрчилсэн Бэлэглэх гэрээгээр иргэн Д.Б , Х.Б нарын өмчлөлд шилжин 0000******* тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.
Иргэн Д.О, Э.А нар нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг хариуцагчаар татан Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд тухайн хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 09-ний 1173 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 506 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 526 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх нөхцөл байдлыг хянан үзэхэд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205******* дугаарт бүртгэгдсэн бүртгэл болон 0000******* дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд иргэн Д.О, Э.А нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Д.Б, Х.Б нар 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар болон Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Чтэй 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Баянгол дүүргийн *******, 4 дүгээр хорооллын******* тоот орон сууцыг худалдан авч бидний дундын өмчлөлд шилжсэн юм.
Бид энэхүү орон сууцыг худалдан авах гэрээ хийхээс өмнө Үл хөдлөх эд хөрөнгийн газраас лавлагаа гаргуулан авахад уг орон сууц нь Ц.Чийн хууль ёсны өмчлөлд байдаг бөгөөд худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслөгдөөгүй байсан тул худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан.
Энэхүү үйлдэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Эрхийн улсын бүртгэл нь үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг хувийн хэрэгт нь бичиж хувийн дугаар бүхий тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасантай нийцэж байгаа тул бидний өмчлөлийн энэхүү орон сууц нь эрхийн зөрчилгүй үл хөдлөх хөрөнгө юм.
Нөгөө талаар бид худалдан авах гэрээ хийж байх үед тухайн орон сууцны бүртгэлийн талаар ямар нэгэн маргаан гарч байгаагүй бөгөөд хууль ёсны дагуу хэд хэдэн өмчлөгч дамжин зарагдсан байсан. Энэ нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасны дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг буртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлэн авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно” гэсэн зохицуулалтын хүрээнд хийгдсэн хууль ёсны эрхийн улсын бүртгэл юм.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд хүчин төгөлдөр шийдвэрүүд болох Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 699 болон 704 тоот шүүгчийн захирамжууд мөн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1173 дугаар шийдвэрээс үзэхэд Д.О, Э.А нар нь иргэн Д.Б, “Д” ХХК-иас тус тус бэлэн мөнгө зээлдэн авч төлж чадаагүйн улмаас өөрийн өмчлөлийн байрыг шүүхийн дээрх шийдвэрээр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хураалгаж, Д.Бын өмчлөлд шилжүүлсэн байдаг. Энэ тохиолдолд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Шүүх арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу 1998 оны 8 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн газарт гаргасан МД 99009 дүгээр мэдүүлэгт байгаа Д.Он гарын үсэг төдийлөн ач холбогдолгүй бөгөөд, зөвхөн мэдүүлэг гаргах эрх шүүхийн шийдвэрээр иргэн Д.Бод олгогдсон байгааг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна.
Д.О, Э.А нарын Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд “бид нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хууль зөрчсөн үйл ажиллагааг тогтоолгохоор Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргах үед ...Улсын бүртгэлийн газраас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн баримт дотор Д.Он гарын үсэг бүхий мэдүүлгийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хийсэн гэдгийг мэдсэн” гэж дурджээ. Гэтэл Сүхбаатар дүүргийн шүүх дээрх маргааны хянан хэлэлцэж 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 1173 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг Нийслэлийн шүүх 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж 506 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж 526 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байдаг.
Гэтэл нэхэмжлэгч Д.Он Улсын бүртгэлийн ерөнхий газарт өөрийнх нь гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх үйлдлийг мэдсэнээс хойш даруй 4 жилийн дараа буюу 2012 оны 6 дугаар сард гомдол, улмаар 2012 оны 8 дугаар сард Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харъяалах дээд шатны захиргааны байгууллага, албан Тушаалтанд гомдлоо гаргана”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Иргэн хуулийн этгээд дараах тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэснийг тус тус зөрчиж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Э.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нар 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Битүүмжлэл чөлөөлөгдөөгүй байхад бүртгэл хийсэн нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж бүртгэлийг хүчингүйд тооцох. Утга нь: Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас 1998 оны 08 дугаар сарын 21-ний өдөр бусдын өмчлөлд шилжүүлэхийг хориглосон 1622 тоот мэдэгдлийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлсэн байна. Гэтэл 1998 оны 8 дугаар сарын 25-ны өдөр
Өмчлөлийг өөрчлөх 1629 тоотыг хуурамчаар гарган бүртгэл хийхээс татгалзсан байдаг ба учир нь үндэслэлгүй дуудлага худалдаагаар оруулаагүй байсан учир өмчлөгч Д.О өргөдлийг хуурамчаар үйлдэн бүртгэл хийлгэсэн байна. Энэ бүртгэл нь зөвхөн хуурамч баримтаар тухайн үед мөрдөгдөж байсан бүх л дүрэм журам хууль зөрчигдсөн байдаг.
Иймд битүүмжлэл чөлөөлөгдөөгүй байхад 1998 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бүртгэл хийсэн нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч бүртгэлийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Э.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нар 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ:
Шийдвэр гүйцэтгэлийн журмаар өмчлөгчийг өөрчлөн бүртгэх тохиолдолд дуудлага худалдаагаар орсон байхыг шаарддаг. Дуудлага худалдаагаар ороогүй тохиолдолд өмчлөгчийн зөвшөөрөл шаардагддаг. Дээрх хоёр тохиолдлоос өөр гуравдагч тохиолдол байхгүй. Шийдвэр гүйцэтгэгч н.У хуурамч албан тоотоор бүртгэл хийгдэхгүйг мэдэж байсан учир өмчлөгч Д.Огийн өмнөөс төлбөрт үл хөдлөх хөрөнгийг өгөхийг зөвшөөрсөн бичиг үйлдэх шаардлага үүссэн мэдээж өмчлөгч Д.О нь бичиж өгөхгүй. Тэгэхээр зөвшөөрөл гэж мэдүүлгийг хуурамчаар хийж бүртгэл хийлгэсэн улсын бүртгэгч төлбөрт орон сууц авахыг зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн Д.Огийн иргэний үнэмлэхийг тулган үзэж байж бүртгэл хийх ёстой байтал бусдын гуйлтаар магадгүй шагналаар өмчлөгчийг өөрчлөх бүртгэл хийгдсэн байна. Дээрх үйлдэл нь улсын бүртгэлийн байгууллагын хайхрамжгүй, хэнэггүй, буруутай үйлдэл учир буруутай этгээдээс хохирол нэхэхийн тулд шүүхээр буруутай болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай гэж үзэж шаардлагаа нэмэгдүүлж байна.
Иймд өмчлөгчийн зөвшөөрлийг хуурамч гэдгийг мэдсээр байж бүртгэл хийсэн буруутай болохыг хүлээн зөвшөөрүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийг хүртэл маш олон удаа шүүх хуралдаан хойшилж ирсэн. Д.О, Э.А нар нь 2012 оны 09 дүгээр сарын 24-нд Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандсан. Улсын бүртгэлийн ерөнхий газар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байсан.
Баянгол дүүргийн *******,*******, 33 дугаар хорооны ******* тоот орон сууцыг Д.О, Э.А нарт н.О, н.О н.Ц, н.Н нарын дундын өмчлөлд 1998 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн 2205******* дугаарт бүртгэн гэрчилгээ олгосон. Тухайн орон сууцыг иргэн н.Бын гаргасан мэдүүлэг, дүүргийн шүүгчийн захирамж, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 1998 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1629 дүгээр албан бичиг зэрэг нотлох баримтыг үндэслэж н.Бын өмчлөлд шилжүүлсэн байдаг. 1999 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 23 дугаартай нотариатын гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээг иргэн С.Оы өмчлөлд, 2001 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 09 тоот дугаартай нотариатын гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр н.Чийн өмчлөлд, 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаартай нотариатын гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн н.Б, н.Б нарын өмчлөлд 0000******* тоот өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон. Нэхэмжлэгч нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуурамч, хууль бусаар хүний өмчлөлд шилжүүлж эд хөрөнгийн эрхийн байгууллагаар өөр этгээдэд шилжүүлж гэрчилгээ гаргуулсан гэдэг байдлаар нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 873 дугаар шийдвэр, 2008 оны 08 дугаар сарын 27-ны 506 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн танхимын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 526 тоот тогтоолоор нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн үеийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буруу явагдсан гэж үзэлгүй шүүхийн шийдвэр гаргасан байна.
Нэхэмжлэгч нарын дурддаг тухайн орон сууцны өмчлөх эрхийн шилжүүлэхдээ мэдүүлэгт хуурамчаар гарын үсэг зурсан гэх ойлголт нь иргэн н.Б*******оос 6 сая төгрөгийн зээл аван өмчлөх эрхээ 1997 онд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллага байгуулагдан 1998 онд өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр олгож эхлэхэд н.Б*******ын нэр дээр гэрчилгээг гаргаж өгнө гэж 6 сая төгрөг авч залилан мэхэлсэн. Дараагаар нь гэрчилгээг “Д” ХХК-нд 2.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Иргэн н.Б нь тухайн үеийн ханшаар 3 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад өгсөн албан бичгээр 1.000.000 төгрөгийн илүү үнээр худалдан авч өөрийнхөө өмчлөлд шилжүүлсэн байдаг. Мөн тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхдээ мэдүүлэгт хуурамч гарын үсэг зураагүй, өмчлөх эрхийг шилжүүлэн авч байгаа этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу албадлагын арга хэмжээтэй учир Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх эрхийг уг орон сууцыг худалдан авсан этгээд буюу шүүхийн шийдвэрээр өмчлөгчийг өөрчлөн авч байгаа этгээд нь мэдүүлэг гаргах эрхтэй гэж заасан байна. Иймд Д.О, Э.А нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээд эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Энэ хэрэг үүссэнээс хойш нэг удаа гурван шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг. Улсын дээд шүүхээр шийдвэрлүүлэн хэрэг анхан шатны шүүхэд буцан ирснээс хойш 4 жил 6 сарын хугацаанд хуралдан, үргэлжилж байна. Нэхэмжлэгч тал өөрсдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулах ёстой байтал эсрэгээрээ шүүх хуралдааныг хийлгэлгүйгээр элдэв, башир арга хэрэглэсэн, ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэх байдлаар асуудалд хандаж байна гэх ойлголтыг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид төрүүлсэн. Өнөөдрийн байдлаар шүүх хуралдаан хийгдэж байна.
Ц.Чтэй 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Баянгол дүүргийн *******, 4 дүгээр хорооллын******* тоот орон сууцыг гуравдагч этгээд Ц.Б худалдан авсан. Худалдан авахдаа Эд хөрөнгийн бүртгэлийн газраас лавлагаа гаргуулахад Ч.Чийн эзэмшилд байсан ба тухайн орон сууцтай болон Ц.Чтэй холбоотой асуудлаар ямар нэг эрхийн зөрчил байгаагүй тул Иргэний хууль, Улсын бүртгэлийн хуулийн дагуу худалдан авсан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилт, хөдөлгөөнийг хувийн хэрэгт нь бичиж хувийн дугаар бүхий тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулна” гэсний дагуу худалдах, худалдан авах гэрээний дагуу хийгдсэн. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Иргэний хуулийн 183.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно” гэж заасан. Дээрх байдлуудыг тодруулахад тухайн орон сууц ямар нэг эрхийн зөрчилгүй байсан тул шилжүүлж авсан тул гуравдагч этгээдийн эрх зөрчигдөх ёсгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 1998 оны 1629 тоот албан бичиг нь хуурамч гарын үсэгтэй гэдэг зүйлийг ярьдаг. Энэ асуудлаар 7 удаа шүүх хуралдаан хойшилсон. Үүнээс 2 удаад нь гэрч асуусан байдаг. Гэрчийн мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан материалаас харахад 1629 тоот ямар нэг хуурамч гэдгийг эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй байдаг. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 1629 тоот дугаартай албан бичиг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт эх хувиараа байгаа гэдэг асуудлыг дэмждэг. Тухайн үеийн албан бичгийг авч үзэхэд эхний хувь нь тухайн байгууллагад, хоёрдугаар хувь нь шилжих байгууллагад байх асуудал байдаггүй. Энэ нь нэг болон хоёр дугаар хувь гэдэг асуудал бол ярианы хэлэнд байдаг зүйл, албан бичиг хөтлөх стандартад байдаггүй.
1629 тоот албан бичгийг 2 удаа шүүх хуралдааны үед уншиж танилцуулан судлуулсан. Утга санаа, үг хэл, бичилтийн хувьд хуурамч гэж үзэх үндэслэлгүй байдаг. 1619 тоот албан бичигтэй холбоотойгоор улсын ахлах байцаагч н.Батболд гэх хүн бүртгэлийг хүчингүй болгосон гэж нэхэмжлэгч тал маргадаггүй боловч хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчээр асуугдсан н.Уийн мэдүүлэг, тухайн байгууллага хүчингүй болгосон ч дээд шатны байгууллага 01 тоот бичгээр хүчингүй болгосон, шийдвэр гүйцэтгэх албаны 02 тоотоор хүчингүй болгосон актыг өнөөдөр ямар нэгэн байдлаар хүчингүй болгосон албан тушаалтны болон эрх бүхий байгууллагын шийдвэр байдаггүй тул улсын бүртгэл хийгдэхэд ашигласан албан бичиг нь хүчин төгөлдөр байгаа тул улсын бүртгэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хууль ёсны дагуу хийгдсэн албан бичгийг үндэслэж бүртгэл хийсэн. Ямар нэг хууль зөрчөөгүй тул дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.О, Э.А нар анх 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “Бүртгэлийн үйл ажиллагаа буруутай болохыг тогтоолгож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205******* дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчилж, нэмэгдүүлж байснаас шүүх 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Битүүмжлэлээс чөлөөлөгдөөгүй байхад бүртгэл хийсэн нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж бүртгэлийг хүчингүйд тооцуулах”, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Өмчлөгч биш этгээдээс нотариатаар баталгаажаагүй өмчлөгчийн зөвшөөрлийг авч бүртгэл хийсэн буруутай болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн хүрээнд шийдвэрлэв.
Нэхэмжлэгч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алдаатай ажиллагааны улмаас үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2205******* дугаартай бүртгэлийг бүртгэсэн бүртгэл хууль бус байсан гэж маргажээ.
Нэхэмжлэгч Э.А итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нар шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр энэ удаагийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шинээр өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломж олгож шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх;
Иргэн Д.О, Э.А нарын нэхэмжлэлээр шүүх 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүссэнээс хойш 4 жил 05 сарын хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд шүүх хуралдаан 65 удаа, үүнээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр 13 удаа хойшилсон, дээрх хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах хангалттай хугацаа байсан боловч боломжит хугацаанд хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь хүндэтгэх шалтгаан биш, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг шүүх хязгаарлаагүй гэж үзэж хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч хурал хаяж гарсан бөгөөд хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид түүнийг байлцуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж тайлбарласан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрлэсэн болно.
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 704 дүгээр захирамжаар Э.А, Д.О нараас зээл 2000000 төгрөг, хүү 360000 төгрөг, алданги 190000 төгрөг нийт 2550000 төгрөгийг “Д” ХХК –д төлөхийг хариуцагч зөвшөөрснийг баталж, мөн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 699 дугаар захирамжаар Э.Аээс 6,000,000 төгрөгийг Д.Бод төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж тус тус хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн уг захирамжууд хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний “Д” компани 1998 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт “Төлбөр төлөгч Олзвойгийн өмнөөс Д.Б 2550000 төгрөгийн төлбөрийг төлж тооцоог дуусгав. Жич: Д.Огийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 33 дугаар байр ******* тоот сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээлгэн өгөв.” гэсэн 13/100 дугаар албан бичгийг, мөн сарын 25-ны өдөр дээрх хаягт оршин суугч Д.Боос “Д.О, Э.А нараас нэхэмжилсэн 6 сая төгрөгийн өрөндөө орон сууцыг авч бидний хоорондын өр авлага дууссан болно.” гэсэн тайлбарыг тус тус хүргүүлж байсан,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 1998 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1622 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 1998 оны 704, 699 дугаар захирамжуудын биелэлтийг хангуулахаар Э.А, Д.О нарын өмчлөлд байсан Баянгол дүүргийн **************, 33-******* тоот, улсын бүртгэлийн Н-2205******* дугаарт бүртгэлтэй, 00******* тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээтэй байрыг бусдын өмчлөлд шилжүүлэхгүй байхыг мэдэгдсэн,
Мөн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 699 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Э.А 6000000 төгрөгийг Д.Бод төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх албаны 1998 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Эд хөрөнгө хураах акт”-аар ******* тоот 3 өрөө орон сууцыг хураан авч мөн оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1629 дугаар албан бичгээр уг орон сууцыг Д.Бод шилжүүлсэн тул өмчлөх эрхийн гэрчилгээг олгуулахаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандсан,
Тухайн орон сууцыг иргэн Д.Бын гаргасан мэдүүлэг, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 699 дугаар захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 1998 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1629 дүгээр албан бичгийн үндэслэн Д.Бын, 1999 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн 23 дугаартай нотариатчын гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр С.*******нд, 2001 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаартай нотариатчын гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр Ц.Чд, 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаартай нотариатчын гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр Д.Б, Х.Б нарын өмчлөлд тус тус бүртгэсэн үйл баримтууд тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.О, Э.А нар маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн Y-2205******* дугаартай бүртгэлийг хүчингүй болгох шаардлагын үндэслэлээ битүүмжлэлээс чөлөөлөгдөөгүй байхад бүртгэл хийсэн, өмчлөгч биш этгээдээс нотариатаар баталгаажаагүй өмчлөгчийн зөвшөөрлийг авч бүртгэл хийсэн буруутай гэж маргаж байгаа хэдий ч тухайн өмчлөх эрхийг шилжүүлсэн бүртгэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжаар төлбөрт тооцон гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэн хийгдсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Иймд хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага уг бүртгэлийг хийх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хууль” /1997 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 1-д “Улсын бүртгэлд дор дурдсан үндэслэлээр нэмэлт, өөрчлөлт оруулна:”, 1 дэх хэсгийн 2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч, эзэмшигч өөрчлөгдөх;” гэж заасныг үндэслэн бүртгэлд өөрчлөлт оруулсан нь хуульд нийцсэний дээр нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.
Учир нь Улсын бүртгэлийн байгууллага дээрх бүртгэлийг хийхдээ нэхэмжлэгч Д.О, Э.А иргэн Д.Б, “Д” компаний хооронд хийгдсэн зээлийн өр төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжуудыг үндэслэн, эрх бүхий байгууллагын хүсэлт, мэдэгдлээр уг бүртгэлийг хийсэн байх тул захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.
Нэхэмжлэгч нар тухайн үед бусдаас зээл авч өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан, зээлдэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зээлдэгч Д.Б зээлсэн мөнгөнийхөө оронд нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцыг авахаар тохирсон талаар эрх бүхий байгууллагад тайлбар хүргүүлсэн зэрэг нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хариуцагч бүртгэлийн байгууллагын үйлдлийг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүй юм.
“Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хууль” /1997 оны/-ийн 3 дугаар зүйлийн 1-д “Өмчлөгч хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний өмчлөх эрх баталгаажина.” Мөн зүйлийн 2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл.....д шилжүүлэх гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болж....өмчлөх....эрх үүснэ.” гэж зохицуулсан бөгөөд маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр гаргасан иргэн Д.Бын мэдүүлгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн улсын бүртгэгчийн бүртгэл хууль зүйн үндэслэлтэй.
“Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хууль” /1997 оны/-ийн 2 дугаар зүйлийн 1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль..... болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн харилцаанд Иргэний хуулийн өмчлөх эрх олж авахтай холбоотой актыг нөхөн зохицуулах хууль зүйн боломжтой байна.
Өөрөөр хэлбэл “Иргэний хууль”/1994 оны/-ийн 122 дугаар зүйлийн 1-д “Гэрээний дагуу олж авсан эд хөрөнгийг өмчлөх эрх, өмчлөгч биш этгээдийн хувьд энэ хуулийн 88 дугаар зүйлд заасны дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол уг эд хөрөнгийг шилжүүлсэн үеэс эхлэн үүснэ.”, мөн зүйлийн 2-т “Хуульд эд хөрөнгө шилжүүлэх гэрээг зохих байгууллагаар гэрчлүүлэх буюу бүртгүүлэхээр заасан бол ийнхүү гэрчлүүлсэн буюу бүртгүүлсэн үеэс уг эд хөрөнгийг өмчлөх эрх үүснэ.” гэж тус тус зохицуулжээ.
Тухайн тохиолдолд өмчлөгч хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний өмчлөх эрх баталгаажихаар заасан хуулийн зохицуулалтын дагуу гаргасан мэдүүлгээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн бүртгэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нарын гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, улсын бүртгэлийг хүчингүй болгох, орон сууц өмчлөх эрхээ сэргээлгэх нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1173 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 506 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 526 дугаар тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн,
Мөн нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Ц.Уийн явуулсан бүх ажиллагааг хүчингүй болгосон улсын байцаагчийн 2002 оны 02 дугаар актыг хүчингүйд тооцсон Улсын ерөнхий гүйцэтгэгч, улсын байцаагч Т.Бын 2002 оны 02 дугаар акт хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд нэхэмжлэгч тухайн актад хуульд заасан журмын дагуу гомдол гаргаагүй, энэ тухай дүгнэсэн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 526 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгааг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Маргаан бүхий дээрх 1629 дүгээр албан бичиг хуурамч эсэх, хэдэн хувь үйлдэгдсэн зэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа хууль зөрчсөнтэй холбоотой маргааныг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн захиргааны байгууллага шалгаж тогтоох үүрэггүй, улсын бүртгэгч бүртгэхээс татгалзах үндэслэлгүй байна.
Нөгөө талаар тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа түүний дотор шийдвэр гүйцэтгэгчийн хууль зөрчсөн үйлдлийн талаар хуульд заасан гомдол гаргах хугацааг зөрчсөн талаар дүгнэсэн хяналтын шатны шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байхад хариуцагч *******ны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг хууль зөрчиж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг бүртгэсэн гэж дүгнэх боломжгүй байна.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээ, маргаан бүхий үйл баримт түүний талаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан цаг хугацаа, дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хариуцагч *******н өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Ү-2205******* дугаарт бүртгэсэн бүртгэл хууль зөрчөөгүй байх тул “Бүртгэлийн үйл ажиллагаа буруутай болохыг тогтоолгож,эрхийн улсын бүртгэлийн Ү-2205******* дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах, битүүмжлэлээс чөлөөлөгдөөгүй байхад бүртгэл хийсэн нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж бүртгэлийг хүчингүйд тооцуулах”, өмчлөгч биш этгээдээс нотариатаар баталгаажаагүй өмчлөгчийн зөвшөөрлийг авч бүртгэл хийсэн буруутай болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.”Иргэний хууль” /1994 оны/-ийн 122 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, “Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хууль” /1997 оны/-ийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1 дэх хэсгийн 2-т заасныг тус тус үндэслэн “Бүртгэлийн үйл ажиллагаа буруутай болохыг тогтоолгож,эрхийн улсын бүртгэлийн Ү-2205******* дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах, битүүмжлэлээс чөлөөлөгдөөгүй байхад бүртгэл хийсэн нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж бүртгэлийг хүчингүйд тооцуулах”, өмчлөгч биш этгээдээс нотариатаар баталгаажаагүй өмчлөгчийн зөвшөөрлийг авч бүртгэл хийсэн буруутай болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР
ШҮҮГЧИД Н.ДУЛАМСҮРЭН
Н.ДАМДИНСҮРЭН