Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/0045

 


Монголын Боловсрол, шинжлэх ухааны

үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын

үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын эрүүл мэндийн

ажилтны үйлвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, О.Зандраа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгч Ж.Батзориг, түүний өмгөөлөгч Ш.Самал, нэхэмжлэгч Нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөлөгч С.Жаргалсайхан, нэхэмжлэгч Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны Б.Мягмар, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 677 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 585 дугаар магадлалтай, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын орлогчид холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Монголын соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үйлдвэрчний эвлэлээс үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангах асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороо Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.10 дахь заалтад заасны дагуу байгууллагын хамтын гэрээндээ тусган баталгаажуулдаг. Үйлдвэрчний эвлэлийн гишүүн үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвараа үйлдвэрчний эвлэлийн байгууллагадаа өөрийн цалин хөлснөөс хэрхэн хураалгах асуудал нь үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтын дагуу ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан хамтын гэрээнд тусган зохицуулдаг асуудал юм.

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны хувьд анхан шатны 378 үйлдвэрчний эвлэлийн хороо, 21869 гишүүнтэй мэргэжил үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо болно. Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар хураалтын талаар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 8.2-д "Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар нь цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 1 хувиас доошгүй байна", 8.5-д "Татварыг бэлэн бусаар /дансаар/ хураана" гэж заасны дагуу бүх анхан шатны хороод байгууллага дээрээ байгуулж байгаа хамтын гэрээнүүдэд "Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг сар бүр цалин хөлснөөс бэлэн бусаар хурааж үйлдвэрчний эвлэлийн хорооны дансанд шилжүүлж байна" гэж тус тус зааж, хамтын гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн дагуу тухайн шатны Засаг даргын Тамгын газарт бүртгүүлсэн байна.

Иймд манай гишүүн байгууллагууд Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчөөгүй болно. Монгол Улсын иргэд хөдөлмөрлөх эрхээ хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэж үйлдвэрчний эвлэлээ байгуулах эрхийг Монгол Улсын Үндсэн хууль болон Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 87 дугаар конвенцуудаар баталгаажсан байдаг.

"Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө ба байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай" Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 87 дугаар конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д "Ажилчид, ажил олгогчдын байгууллага дүрэм, захиргааны дотоод журмаа боловсруулах, төлөөлөгчдөө чөлөөтэй сонгох, дотоод захиргаа байгуулах, үйл ажиллагаагаа зохион байгуулах, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй байх эрхтэй,” мөн 2-д “Төрийн байгууллага энэхүү эрхийг хязгаарлах буюу түүнийг хууль ёсоор хэрэгжүүлэхэд саад тавихаас түдгэлзэнэ” гэж заасан байдаг. Энэхүү чиглэл өгсөн нь үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн дагуу байгуулагдсан үйлдвэрчний эвлэлийн зүгээс үйл ажиллагаагаа явуулахад төрийн байгууллагын зүгээс хөндлөнгөөс оролцсон үндэсний хууль тогтоомж болон Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын конвенцийг зөрчсөний улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тухайн байгууллага дээр байгуулсан хамтын гэрээг ажил олгогч зөрчиж хамтын маргаан үүсгэхэд хүргэж болзошгүй талаар Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт хүсэлт гаргасан боловч энэхүү шийдвэрээ өөрчлөөгүй юм. Иймд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/337 тоот албан бичгээр Нийслэлийн Боловсролын газарт үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг ажилтнуудын цалингаас бэлэн бусаар суутган авч байгааг зогсоохоор өгсөн чиглэлийг, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 02-04/1591 тоот албан бичгээр "Улаанбаатар нэгтгэл" "Ус сувгийн удирдах газар"-уудад Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг ажилтнуудын цалингаас бэлэн бусаар суутган авч байгааг зогсоохоор өгсөн чиглэлийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын орлогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1.Нийслэлийн Засаг даргын орлогчийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/337 тоот албан бичиг нь дараах үндэслэлээр хууль тогтоомжид нийцэж байна. а/ Хамтын гэрээгээр ажил олгогч нь үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлийн татварыг тухайн ажилтны цалингийн нэг хувиар тооцон цалингаас шууд, бэлэн бусаар сар бүр суутган төвлөрүүлж байх талаар нягтлан бодогчид үүрэг болгох, татварын таван хувийг нягтлан бодогчид /ажил олгогчид/ урамшуулал болгон олгоно гэж заасан нь дараах хуулийн заалтыг зөрчиж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан хамтын гэрээгээр зохицуулах харилцаанд энэ асуудал тусгагдаагүй, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт ажилтны цалин хөлснөөс зөвхөн дор дурьдсан тохиолдолд суутгал хийхээр хуульчлан хязгаарласан байдаг.

- ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан;

-хууль тогтоомжид заасан бусад тохиолдол

Үүнээс бусад тохиолдолд буюу хууль тогтоомжид бус хамтын гэрээгээр үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг ажилтны цалин хөлснөөс бэлэн бусаар, шууд суутгаж, төвлөрүүлэх үүргийг ажил олгогч нарт хүлээлгэж байгаа нь дээрх заалтыг зөрчиж байгаа юм.

Нэхэмжлэлд дурьдсанчлан Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 8.2, 8.5-д зааснаар Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар, түүнийг хураах асуудал нь тухай байгууллагын дүрмээр зохицуулагдсан үйлдвэрчний эвлэлийн холбооны дотооддоо зохицуулах харилцаа юм. Гэтэл ажил олгогчийг энэ харилцаанд оролцуулж байгаа нь “Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө ба байгууллага байгуулах эрхийн хамгаалах тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 87 дугаар конвенцийн 3 дугаар зүйлийн 1,2-д /нэхэмжлэлд дурьдсан/ заасныг үйлдвэрчний эвлэлийн холбоо өөрсдөө зөрчиж байна.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэгэн ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэж заасан байдаг бөгөөд гишүүнээр элсэж, татвар төлөх асуудал нь зөвхөн ажилтны эрхийн асуудал болохыг заасан билээ. Гэтэл ажил олгогчийг энэ харилцаанд оролцуулж байгаа нь зохисгүй, хууль бус юм.

Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрх, үүргийн хүрээнд ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулж бүртгүүлэхээр ирүүлсэн хамтын гэрээг ажлын 10 хоногийн дотор хянаж, хуульд тогтоомжид нийцэж байвал түүнийг бүртгэх, хэрэв нийцээгүй бол бүртгэхээс татгалзах эрхтэй гэж заасан. Мөн хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-д “Орон нутагт хөдөлмөрийн улсын хяналтыг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга, хяналтын алба хэрэгжүүлнэ” гэж ззасан эрхийн дагуу уг албан бичгээр дүүргийн Засаг даргын Тамгын газарт чиглэл өгсөн байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас ажилтныг хөдөлмөр эрхээ хамгаалахтай холбоотой сайн дураар эвлэлдэн нэгдэх, үйлдвэрчний эвлэлийн холбоонд гишүүнээр элсэх эрхийг огтхон ч хөндөөгүйгээр барахгүй ажилтны эрхийг хамгаалсан чиглэл өгсөн гэж үзэж байна. Гагцхүү хууль, тогтоомжид заасныг зөрчиж ажилтны цалин хөлснөөс сайн дурын байгууллагын татвар, хураамжийг шууд суутгадгийг зогсоох талаар холбогдох газруудад чиглэл өгсөн билээ.

2. Нийслэлийн Засаг даргын орлогчийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/337 тоот албан бичгээр өгсөн чиглэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан захиргааны актын “захирамжилсан”, “эрх зүйн үр дагавар шууд бий болгодог” шинжийг агуулахгүй байх тул чиглэл нь захиргааны акт гэж үзэх боломжгүй юм.

3. Нийслэлийн Засаг даргын орлогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан хамтын гэрээг бүртгэх эрхтэй субьект биш байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар нэхэмжлэлийг хариуцах этгээд биш юм.

4. Нийслэлийн Засаг даргын орлогчийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/337 тоот албан бичгээр өгсөн чиглэлийн улмаас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлд тодорхой бус байна. Иймд тус холбоонуудаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 677 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дах хэсгийн “л”, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/337 тоот албан бичгээр Нийслэлийн Боловсролын газарт үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг ажилтнуудын цалингаас бэлэн бусаар суутган авч байгааг зогсоохоор өгсөн чиглэл, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 02-04/1591 тоот албан бичгээр нийслэлийн харьяа Ус сувгийн удирдах газар, “Улаанбаатар нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг ажилтнуудын цалингаас бэлэн бусаар суутган авч байгааг зогсоохоор өгсөн чиглэл, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Татварын суутгалыг зогсоох тухай” 2/337 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 585 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоодын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийн үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг ажилчдын цалингаас бэлэн бусаар суутган авч байгааг зогсоох талаар чиглэл өгсөн “2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/337 тоот албан бичиг”, “2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 02-04/1591 тоот албан бичиг”-ийг тус тус хүчингүй болгосон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бадамханд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 677 дугаар шийдвэрийг 585 дугаар магадлалаар хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан Хамтын гэрээгээр зохицуулах харилцаанд үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг ажил олгогч суутган авах талаар огтхон ч зохицуулаагүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11-г тайлбарлахдаа "үйлдвэрчний эвлэл, түүний ажилтан сонгуультнаас үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоог хангах" гэж заасан, хамтын гэрээгээр үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг ажил олгогч бэлэн бусаар суутган авч төвлөрүүлэхээр тохирсон нь энэ заалтын хүрээнд хамаарч байгаа мэтээр тайлбарлаж байгаа нь уг хуулийн заалтын гол үзэл баримтлалыг буруу ойлгож дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйл 18.1.11 дэх хэсэг "үйлдвэрчний эвлэл, түүний ажилтан, сонгуультнаас үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоог хангах" -ийн гол үзэл баримтлал нь тухайн байгууллага дээр үйлдвэрчний эвлэлийн холбоо, үүр болон гишүүдээс үйл ажиллагаагаа явуулахад саад учруулахгүй, дэмжиж ажиллана гэж ойлгогдож байна. Иймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 585 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхээс хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоос “Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг ажилтны цалингаас бэлэн бусаар суутган авч байгаа нь хууль бус” хэмээн татварын суутгалыг зогсоох талаар албан бичгүүдийг Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазарт тус тус хүргүүлсэн байна.   

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог” ойлгохоор заажээ.

Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй”, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д “захиргаа, эзэдтэй хэлэлцээ хийж хамтын болон бусад гэрээ байгуулах, түүний биелэлтэд хяналт тавих” гэж зааснаар Үйлдвэрчний эвлэл нь ажил олгогчтой гишүүдийн өмнөөс хамтын гэрээ байгуулах эрхтэй юм.  

Дээрх хуульд заасны дагуу Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд нь ажил олгогч нартай байгуулсан хамтын гэрээнд гишүүдийнхээ татварыг тэдний цалингаас шууд бусаар хурааж авахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Гэтэл хариуцагч маргаан бүхий албан бичгүүдээр Үйлвэрчний эвлэл буюу ажилчдын сайн дурын үндсэн дээр элссэн байгууллага, ажил олгогч нарын хооронд байгуулсан хамтын гэрээний харилцаанд хөндлөнгөөс оролцож, гишүүдийн татварыг зогсоохоор мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжүүлэх явцад төрийн ба төрийн бус, шашны байгууллага, улс төрийн нам, иргэн, албан тушаалтны зүгээс талуудын хууль ёсны эрхийг хязгаарлах буюу эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасантай нийцээгүй, үүний улмаас нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.   

Түүнчлэн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-д  “Үйлдвэрчний эвлэлүүдийн эд хөрөнгө нь гишүүдийн татвар, хандив, үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах бусад эд юмсаас бүрдэнэ” гэж зааснаар үйлдвэрчний эвлэлүүд нь гишүүдийн татварын үндсэн дээр үйл ажиллагаа явуулах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 18.1.11 “үйлдвэрчний эвлэл, түүний ажилтан, сонгуультнаас үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоог хангах” гэж заасан нь гишүүдийн татварыг хамтын гэрээгээр зохицуулах харилцаанд хамаарч байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

  Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 585 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   Х.БАТСҮРЭН