Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1232

 

 

 

 

 

 

 

 

 

ХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 101/ШШ2016/01920 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-д холбогдох,

“Зээл, зээлийн хүү, алдангид 63 200 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь иргэн ХХХ-ын хүсэлтийн дагуу 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлдэгч нь гэрээний дагуу 2, 3, 4 саруудын хүү болох 1 600 000 төгрөг буюу нийт 4 800 000 төгрөгийг төлсөн ба сүүлийн 2 сарын хүү төлөлгүйгээр гэрээний хугацаа дуусгавар болсон тул зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан ч ямар нэгэн шалтаг тоочиж хохироосоор байна. Иймд зээлдэгчээс үндсэн зээл 40 000  000 төгрөг, хүү 3 200 000 төгрөг, алданги 20 000 000 төгрөг нийт 63 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 1 дүгээр сарын 05-нд 6 сарын хугацаатай нэг сарын 4 хувийн хүүтэйгээр 40 000 000 төгрөгийг зээлж авсан. 63 000 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Үүнээс би 43 200 000 төгрөгийг буцаан төлөхөөр хүлээн зөвшөөрнө, алданги 20 000 000 төгрөгийг төлөх боломжгүй. Одоогоор төлөх бэлэн мөнгөний бололцоо хүнд байгаа учир хүлээн зөвшөөрч байгаа 43 200 000 төгрөгөөс тодорхой хэмжээгээр хасуулахын тулд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт /Цонжинболдог/ байрлах 5 га аялал жуулчлалын газрыг өгөх хүсэлт гаргасан гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийг тус тус баримтлан, хариуцагч ХХХ-аас 63 200 000 /жаран гурван сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХ-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХ-аас улсын тэмдэгтийн хураамжид 538 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХ-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч ХХ нь 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, ХХХ 40 000 000 төгрөг зээлсэн. Гэтэл энэхүү гэрээгээр тохирсон зээлийн хүү нь илт өндөр тогтоогдсон, мөн гэрээ дуусгавар болоогүй байхад дарамт үзүүлж, хууль бус арга хэрэглэж шахсаны улмаас ХХХ төлбөр төлөх боломжгүй болсон байдаг. Энэ байдал нь “Зээлийн гэрээ”-гээр тодорхой харагдаж байдаг.

Хариуцагч ХХХ шүүхэд гаргасан тайлбартаа: “Одоогоор бэлэн мөнгөний бололцоо хүнд байгаа тул 20 000 000 төгрөгийн алдангийг төлөх боломжгүй...” гэж дурдсан байдаг. Мөн алданги 20 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчээс шалтгаалан хүүг төлөөгүй, 5, 6 сарын хүүг төлөх нөхцөл бүрдээгүй гэх зэргээр тайлбар өгсөн. Харин эдгээрийг шүүх харгалзан үзэж хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр зөвхөн нэг талын тайлбар, нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан.

Энэ нь холбогдох хууль тогтоомжийг дараах байдлаар зөрчжээ. Үүнд: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг шүүх огт хэрэглээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчсөн байна. Учир нь талууд “Зээлийн гэрээ байгуулсан эсэх, яагаад зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй зэргийг тогтоолгүйгээр дан ганц “зээлийн гэрээ”-г үндэслэсэн. Мөн хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс төлбөр төлөх боломжгүй байдлыг нэхэмжлэгч өөрөө үүсгэсэн тухай хэлсээр байхад түүнийг тогтоогоогүй. Энэ нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлд заасан нөхцөл байсан эсэхийг тогтоох ёстой байсан. Дээрх байдлаар хууль зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 63 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч уг шаардлагаас үндсэн зээл болон гэрээнд заасан хугацааны хүүд нийт 43 200 000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, алдангид тооцсон 20 000 000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж, үндэслэлээ гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад төлбөр төлөхгүй болох нөхцөл байдлыг нэхэмжлэгч өөрөө үүсгэсэн гэж татгалзсан байна.

Зохигчид 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч ХХээс хариуцагч нь  40 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатай зээлж, буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон, мөн өдөр хариуцагч ХХХ-ын Голомт банк дахь дансаар гэрээний зүйл болох 40 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

/хх-ийн 3, 4 дүгээр тал/

Талууд зээлийн гэрээний дагуу хүү, алданги төлөх нөхцөлийн талаар тохиролцсон дээрх хэлцлийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу бичгээр байгуулсан байгаа нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгчийн хувьд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, хугацаа хэтэрсний алданги шаардах эрхтэй болно.

Шүүх талуудын хооронд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой эрх зүйн маргаан үүссэн талаар болон зээлдэгч нь зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг зохицуулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин зээлийн гэрээний дагуу хүү шаардах эрхэд хамааралтай болон гэрээгээр тохиролцсоны дагуу алданги шаардах эрхийн хууль зүйн үндэслэл болох Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй байгааг залруулан, хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алдангид тооцсон 20 000 000 төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд багасган шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хариуцагч ХХХ зээлийн гэрээний дагуу сүүлийн хоёр сарын зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлээгүй, зохигчдын хоорондын үл ойлголцол зэргээс шалтгаалж гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлдүүлэгч ХХ нь зээлдэгчийг 40 000 000 төгрөг залилан мэхлэж авсан гэх үндэслэлээр Цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Прокурорын тогтоол хэрэгт авагджээ.

/хх-ийн 5, 27 дугаар тал/

Нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай мөрдөн байцаагчийн санал, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоолыг хүлээн авснаас хойш зээлийн гэрээний дагуу 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаагүй нь дээрх хугацааны хариуцлагыг ХХХ-д хариуцуулах үндэслэл болохгүй юм.

Мөн зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хариуцагч ХХХ-ын бичгээр үйлдсэн удаа дараагийн хүсэлтээс үзвэл тэрээр зээл төлөх зорилгоор нэхэмжлэгчтэй харилцан тохиролцох, орон сууц барьцаалах, газар өгөх зэргээр мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэх талаар санаачилга гаргаж байсан, харин нэхэмжлэгчийн зүгээс цагдаагийн байгууллагаар шалгуулж, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхэд хүндрэл учруулсан гэх хариуцагчийн тайлбар болон хэргийн нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж алдангийг 10 000 000 төгрөгөөр бууруулж, нэхэмжлэлийн шаардлагыг 53 200 000 төгрөгийн хэмжээнд шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн эрх ашиг болон хуульд харшлахгүй гэж дүгнэлээ.

/хх-ийн 12, 28 дугаар тал/

Нэхэмжлэгч 63 200 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох улсын тэмдэгтийн хураамжид 474 000 төгрөгийг төлөх байтал 540 950 төгрөг буюу 66 950 төгрөгийг илүү төлснийг анхан шатны шүүх буцаан олгоогүйг зөвтгөх нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж  шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01920 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХ-аас 53 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХ-д олгосугай”,

2 дахь заалтын “...56.1-д...” гэсний дараа “...58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 538 950 төгрөгөөс 474 000 төгрөгийг нь улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 66 950 төгрөг, хариуцагч ХХХ-аас улсын тэмдэгтийн хураамжид 423 950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХХ-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 474 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Т.ТУЯА