Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 63

 

Р.Г-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч С.Лхагвасүрэн, А.Сүхжаргал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 543 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1358 дугаар магадлалтай, Р.Г-ад холбогдох 1808035971008 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Г.

 

Р.Г- нь 1. 2017 оны 7 дугаар сарын 27-ноос 2017 оны 8 дугаар сарын 16-ны хооронд 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр “Сэндвичэн барилгын ажил олж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Ё.Чимгээг төөрөгдөлд оруулан хуурч, нийт 22.600.000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч залилсан,

 

2. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Мun Minsun” гэсэн фейсбүүк хаягаар Монголын барилгачдын групп нэртэй сайтад “их хэмжээний гипсэн хавтан, хана таазны ажил байна, хамтран гүйцэтгэх компани байна уу” гэсэн хуурамч зар байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар П.Оюунсүрэнг төөрөгдөлд оруулан хуурч, Орхон аймгаас 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 50.000 төгрөг 25-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн данс руу 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч залилсан,

 

3. “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Ш.Сарангэрэлийг төөрөгдөлд оруулан хуурч, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 800.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 600.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн данс руу нийт 3 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч залилсан,

 

4. Өөрийгөө Төмөрөө гэж танилцуулан “Солонгос руу гэрээгээр гаргана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн М.Наранбаатарыг төөрөгдөлд оруулан хуурч, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн данс руу шилжүүлэн авч залилсан,

 

5. “Аавын бие муу байна, хагалгаанд орох гээд мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлүүлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож С.Сонинцэцэгийг төөрөгдөлд оруулан хуурч, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1.600.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн данс руу шилжүүлэн авч залилсан,

 

6. “Дүү охинд чинь Солонгосын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, иргэн Б.Болормааг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 01 дүгээр сард 650.000 төгрөг бэлнээр, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 700.000 төгрөгийг өөрийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч 1.350.000 төгрөг залилсан,

 

7. “Аавын бие муу байна, мөнгө зээлээч, удахгүй буцаагаад өгье” гэж иргэн М.Алтанцэцэгийг хуурч, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн 5074420148 дугаарын данс руу 320.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

8. Өөрийгөө Жаргалбаяр гэж танилцуулж “Солонгосын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Т.Батжаргалыг төөрөгдөлд оруулан хуурч 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 360.000 төгрөг, 25-ны өдөр 180.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 735.000 төгрөг, 05-ны өдөр 735.000 төгрөг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн нийт 4 удаагийн үйлдлээр 2.010.000 төгрөгийг залилсан,

 

9. “Дүү Болор-Эрдэнэд чинь Солонгос улсын визийг гаргаж өгнө, онгоцны тийзний мөнгө яаралтай шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Г.Сувдааг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 180.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 735.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч нийт 2 удаагийн гүйлгээгээр 915.000 төгрөгийг залилсан,

 

10. “Солонгос улсын виз гаргаж өгнө, онгоцны тийзний мөнгө яаралтай шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн С.Лхагвасүрэнг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 735.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан, 

 

11. Өөрийгөө Жаргалбаяр гэж танилцуулан “Солонгос улс руу гэрээгээр ажилтан гаргана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн М.Одгэрэлийг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 180.000 төгрөг, 05-ны өдөр 735.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн данс руу шилжүүлэн авч нийт 2 удаагийн гүйлгээгээр нийтдээ 915.000 төгрөгийг залилсан,

 

12. Өөрийгөө Жаргалбаяр гэж танилцуулж “...махны шахааны наймаанд оруулж өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Т.Цолмонтуяаг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу 700.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

13. Өөрийгөө Гантөмөр гэж танилцуулан “... 2 тэрбум төгрөгийн төсөвтэй Төрийн банкны бүтэн жилийн сантехникийн угсралтын материалтай ажил олж өгнө...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар С.Наранцэцэгийг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 10 удаагийн үйлдлээр 17.850.000 төгрөгийг өөрийн 5075420148 дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

 

14. Өөрийгөө Жаргалбаяр гэж танилцуулан “... дүүг чинь Монгол, Франц улсын давхар иргэншилтэй болгож өгнө...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар Б.Оюунцэцэгийг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 9.560.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 9.570.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаартай данс руу шилжүүлэн авч 19.130.000 төгрөгийг залилсан,

 

15. Өөрийгөө Жаргалбаяр гэж танилцуулан “Солонгосын виз гарсан, одоо Солонгос улс руу нисэх онгоцны тийзны мөнгө яаралтай шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар Д.Бямбадолгорыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу 1.182.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

16. Өөрийгөө Жаргалсайхан гэж танилцуулан “Улаан загалмайн нийгэмлэгийн тавилгын тендер авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Д.Ганцэцэгийг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 4.000.000 төгрөг, 08-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

 

17. 2018 оны 5 дугаар сард “Барилгын шатны 40 ширхэг труба зарна” гэж хуурамч зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан “6 метрийн урттай, 2-3 мянган ширхэг турба зарна, ...урьдчилгаа мөнгө өг” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн М.Батсүхийг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

 

18. “Хөдөө орон нутагт гүний худаг гаргуулна гэсэн зарын дагуу ярьж байна, Хэнтий аймагт гүний худаг гаргаж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Ж.Ариунзулыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу 4.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

19. “Зарын дагуу ярьж байна, “Сохо мебел” ХХК-ийн барилгын ажлыг авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Б.Мөнхбатыг төөрөгдөлд оруулан хуурч, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 42а-19 тоотоос 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

 

20. “... Сэндвичин барилгын томоохон ажил олж өгнө...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар О.Бямбадоржийг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 4.000.000 төгрөгийг өөрийн 5075420148 дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

 

21. “Солонгос улсын виз гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар Ч.Буяндэлгэрийг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн 5075420148 дугаартай данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

22. “Солонгос улсаас бэлэн хувцас захиалгаар нийлүүлнэ” гэж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Д.Ичинхорлоог төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 270.000 төгрөгийг тус тус өөрийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

 

23. “Зарын дагуу ярьж байна, наадмын 40 ширхэг тасалбар авч өгье” гэж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Б.Дуламсүрэнг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1.400.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

 

24. “... Зарын дагуу ярьж байна, 10.000 ширхэг тоосго зарна...” гэж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Мэндбаярыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

 25. “... Зарын дагуу ярьж байна, гипсэн хавтан зарна...” гэж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн М.Балжиннямыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

26. “... Зарын дагуу ярьж байна, барилгын тулаас төмөр их хэмжээгээр зарна...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн С.Наранбаярыг төөрөгдөлд оруулан хуурч,  2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

27. “... Зуслангийн газрын эзэмших гэрчилгээ гаргаж өгнө...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар Ж.Сүхбаатар, Г.Батзориг нарыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны төв салбараас өөрийн эцэг болох П.Рэнцэннямын эзэмшлийн 5813025604 дугаартай данс руу 935.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

28. “Танай ах О.Лувсанчүлтэмд Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн О.Ичинноровыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 380.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

 

29. “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн С.Золзаяаг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1.700.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

 

30. “Танай хүүд Солонгос улсын виз гаргаж өгнө, онгоцны тийзний мөнгө яаралтай шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Б.Нарантуяаг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 230.000 төгрөг, 27-ны өдөр 150.000 төгрөг, 29-ний 1.700.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

 

31. “Диплом гаргаж өгнө”, “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Д.Алтанбаярыг төөрөгдөлд оруулан хуурч, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 236.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 380.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

 

32. “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Ч.Батсүхийг төөрөгдөлд оруулан хуурч, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2.400.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

 

33. “Америк улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн А.Сүхжаргалыг төөрөгдөлд оруулан хуурч, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2.630.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

 

34. “Төв аймгийн Батсүмбэр суманд газар тариалан эрхэлдэг, худаг засахад мөнгө хэрэгтэй байна, 10 сая төгрөг зээлээч, хүүтэй зээлье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн О.Эрдэнэбаярыг төөрөгдөлд оруулан хуурч, урдны харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөг, 29-ний өдөр 2.999.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5075420148 дугаарын данс руу нийт 3 удаагийн гүйлгээгээр нийтдээ 15.998.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, нийт 34 удаагийн үйлдлээр бусдад 132.866.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Р.Г-ыг “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Р.Г-ад 8 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 134 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Г-аас 134.616.000 төгрөг гаргуулж, шийтгэх тогтоолын хавсралтад заасан нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Г-, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Р.Г- гаргасан гомдолдоо “... миний бие хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйгээр шийдвэрлүүлсэн. Мөн хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирол төлбөрөө төлөхөө бүрэн илэрхийлж ирсэн бөгөөд хоригдож байх хугацаандаа болон ял шийтгэл эдэлж дууссаны дараа бүрэн төлж барагдуулах болно. Би урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй болон өндөр настай хэвтрийн дэглэм сахиж байнгын хүний асаргаанд байдаг аав, ээжийн минь бодож эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхийн хэвээр үлдээсэн ял шийтгэлийг хөнгөрүүлж, дэглэмийг өөрчилж өгнө үү” гэжээ.

 

Мөн шатны шүүх хуралдаанд хохирогч А.Сүхжаргал хэлсэн саналдаа “... хэлэх зүйлгүй” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд хохирогч С.Лхагвасүрэн хэлсэн саналдаа “... шийтгэх тогтоол, магадлалыг дэмжиж байна” гэв.

 

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Р.Г- нь 2017 оны 07 дугаар сараас 2019 оны 06 дугаар сарын хооронд 35 иргэнд нийт 132.866.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Прокурорын яллах дүгнэлт 130.866.000 төгрөгийн хохирол учруулсан гэж буруу бичсэн байсныг шүүх залруулж 132.866.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн яллах дүгнэлтэд буруу бичигдсэн хохирлын дүн болох 130.866.000 төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэсэн нь буруу бөгөөд үүнийг зөвтгөж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шатанд 300.000 төгрөгийг хохирогч С.Лхагвасүрэнд төлсөн бөгөөд 132.566.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Р.Г- нь 2017 оны 7 дугаар сарын 27-ноос 2019 оны 6 дугаар сарын 29-нийг хүртэлх хугацаанд “гипсэн хавтан, зуслангийн газар, барилгын тулаас төмөр, тоосго зарна”, “Америк, БНСУ руу зорчих виз гаргаж өгнө, гадаад улсын иргэншил олгож өгнө”, “гүний худаг гаргана”, “тендер олж өгнө”, “махны шахаанд оруулна, “диплом гаргана”, “ажил олж өгнө” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон нэр бүхий 35 иргэнийг төөрөгдөлд оруулан залилан мэхэлж, 132.866.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөр байдлаар нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Р.Г-ын гэм бурууг хянан шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт үйлдлийн 34 удаагийн давтамж, үргэлжилсэн байдал, гэмт хэргийн улмаас нэр бүхий 35 иргэнд 34 удаагийн үйлдлээр учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд оршино.

 

Шүүх хуульд заасан төрөл, хэмжээний буюу 8 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хор уршигт тохирсон байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 132.566.000 төгрөгийг шүүгдэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоосон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан “... миний бие хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйгээр шийдвэрлүүлсэн. Мөн хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирол төлбөрөө төлөхөө бүрэн илэрхийлсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж, дэглэмийг өөрчилж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр заахдаа үндсэн хохирол 132.866.000 төгрөгөөс төлөгдсөн 300.000 төгрөг хасч 132.566.000 төгрөг гэхийг 134.616.000 гэж, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх 130.866.000 төгрөг гэж тус тус ташаарч бичсэнийг залруулан өөрчлөв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 543 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1358 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Г-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                           Ч.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                    Б.ЦОГТ

 

                                                               Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                              С.БАТДЭЛГЭР

 

                                                              Б.БАТЦЭРЭН