Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/00317

 

 

 

 

 

                 

    2024        02           16                                       210/МА2024/00317

 

ЖН ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/03449 дугаар шийдвэртэй,

 

ЖН ХХК-ийн нэхэмжлэлтэй,

РТ ХХК -д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 1,826,980,207 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч ЖН ХХК нь РТ ХХК -тай 2022 оны 01 дүгээр сарыы 28-ны өдөр 20220128 дугаартай “Ачаа тээвэрлэх, тээвэрлүүлэх гэрээ”-г байгуулсан.

Уг гэрээгээр тээвэрлэгч РТ ХХК нь нэг удаад 3200 тн коксжих нүүрсийг Хөвсгөл аймаг дах ТГ ХХК-ийн уурхайгаас тээвэрлэн БНХАУ-ын Эрээн өртөөнд хүргэх бөгөөд тээвэрлүүлэгч ЖН ХХК нь төлбөрийг уг ачаанд (3200 тн-д) ногдох хэмжээгээр тээвэрлэлт тус бүрд нь төлөхөөр харилцан тохиролцож, тээвэрлэгч нь урьдчилгаа төлбөрийг хүлээн авснаас хойш 20 хоногт багтаан ачааг хүргэх үүрэг хүлээсэн. Цаашдаа сард 2-3-н удаа уг байдлаар тээвэрлэлт хийн, нийт 10,000 тн нүүрс тээвэрлүүлэхээр харилцан тохиролцсон.

1.2. Тээвэрлүүлэгч ЖН ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу  нийт 1,147,667,840 төгрөгийг хариуцагчид төлж гэрээний үүргээ биелүүлсэн.

1.3. Гэтэл тээвэрлэгч РТ ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргийг гүйцэтгэлгүй 3200 тн нүүрсийг Хөвсгөл аймаг дах ТГ ХХК-ийн уурхайгаас бүрэн ачиж хүлээн авсан боловч Эрдэнэт өртөөний Х ХХК -ийн задгай талбайд буулгасан байдалтайгаар өнөөдрийг хүрч байна.

2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр РТ ХХК -ийн гүйцэтгэх захирал н.Оргилын хүсэлтийн дагуу Х ХХК -д түрээсийн төлбөр 7,601,000 төгрөгийг хариуцагчийн өмнөөс төлж барагдуулсан боловч амласан ёсоор ачааг хилээр гаргаагүй.

1.4. Манай компани гэрээнд зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ханшаар төлбөрийг гүйцэтгэсэн. Гэрээ цуцлах өдөр буюу 2022 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Монгол банкны ханш 466.17 төгрөг байх бөгөөд хариуцагчийн гэрээний нийт үнэ болох 2,329,600 юань нь 1,085,989,632 төгрөг болж байх тул бидэнд (1,085,989,6327-1,043,334,656)=42,654,976 төгрөгийн бодит хохирол учирч байна.

1.5.  Эрдэнэт хот дахь  Х ХХК -иас нүүрсээ авах гэтэл түрээсийн гэрээний дагуу РТ ХХК нь 43,460,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй, төлбөрөө төлөөгүй тохиолдолд нүүрсийг танайд хүлээлгэн өгөхгүй гэсэн. Манай компани түрээсийн төлбөр 43,460,000 төгрөгийг Х ХХК-д 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлж бид нүүрсээ авах боломжтой болсон.

1.6. Гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан уг гэрээний дагуу 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр вагон тавигдаж, ачилтын ажил эхэлсэн бөгөөд нийт 50 вагонд 3200 тн нүүрс ачих ёстой байсан боловч талбайд байсан нүүрс 35 вагон буюу 2200 тн хүрч байсан. 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр РТ ХХК -ийн гүйцэтгэх захирал н.Оргил  дутсан 1000 тн нүүрсийг олж өгөөгүй, бидэнтэй холбоо барихгүй байна.

Иймээс нэхэмжлэгч ИДО ХХК -иас 1,000 тн нүүрс зээлээр авч үлдсэн вагонд ачилт хийн хилээр гарган, 2 хоногийн вагон зогсолтын төлбөр 1,710,500 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төлж барагдуулсан.

Уг зээлсэн нүүрсийг буцаан төлөх зорилгоор ТГ ХХК-иас ахин 1,000 тн нүүрсийг 93,500,000 төгрөгөөр худалдан авч, “Баян шувуут” ХХК-тай авто тээвэрлэлтийн гэрээ байгуулан Эрдэнэт хүртэл тээвэрлүүлж хүлээлгэн өгсөн ба тээвэрлэлтэнд 180,000,000 төгрөгийг төлсөн. Гадна ачилт хийхтэй холбогдуулан төмөр зам ашиглалт, ковшоор вагонд ачих, тэгшилгээ хийх ажлуудын төлбөрт 35,486,000 төгрөгийг Х ХХК-д, гаалийн бүрдүүлэлт, татвартай холбоотойгоор 50 вагон нүүрсэнд 5,719,550 төгрөгийг Гаалийн ерөнхий газарт тус тус төлсөн.

 

Иймд гэрээний дагуу төлсөн төлбөр 1,147,667,840 төгрөг, алданги 269,180,341 төгрөг, талбайн түрээсийн төлбөрт төлсөн 7,601,000 төгрөг, ханшийн зөрүүний хохирол 42,654,976 төгрөг, хохирол 359,876,050 төгрөг, нийт 1,826,980,207 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай компани Хөвсгөл аймаг дахь ТГ ХХК-ийн уурхайгаас нэхэмжлэгч компанийн нүүрсийг 630 километр газар машинаар тээвэрлэн Эрдэнэт өртөөний Х ХХК-ийн гаалийн хяналтын талбайд буулгасан. Ачаа тээвэрлэх, тээвэрлүүлэх гэрээний Хавсралт 1-д заасны дагуу авто тээврийн зардал 1 тонн нүүрсний 293 юаниар тооцон 966,900 юанийн тээвэрлэлт хийсэн. Мөн тус гаалийн хяналтын талбайн түрээсэнд сар бүр 7,500,000 төгрөг 2022 оны 10 сар хүртэл нийт 45,005,000 төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжилсэн алданги, учирсан хохирол, үндсэн төлбөр гэх 1,467,104,157 төгрөгийг бүхэлд нь хариуцах үндэслэлгүй.

2.2. Тээвэрлэгч РТ ХХК нь нэг удаад 3200 тонн коксжих нүүрсийг Хөвсгөл аймаг дахь ТГ ХХК-ийн уурхайгаас тээвэрлэн БНХАУ-ын Эрээн өртөөнд хүргэх бөгөөд тээвэрлүүлэгч тал ЖН ХХК нь төлбөрийг уг ачаанд (3200 тн) ногдох хэмжээгээр тээвэрлэлт тус бүрд нь төлөхөөр харилцан тохиролцсон.

Улаанбаатар төмөр замаас Тавцан вагоны Улсын хилээр гарах тээвэрлэлтийг 1 хоногт 100 ширхэг вагон болгож багасгаснаар манай тээвэрлэлт гацаанд орж бэрхшээл үүссэн. Мөн эдийн засгийн хүндрэлээс болж бусад харилцагч өгөх байсан мөнгөө хугацаанд өгч чадахгүй байгаа зэрэг бэрхшээлээс үүдэн дээрх нөхцөл байдал үүссэн. Мөн бид тухайн нүүрсийг нүүрсээр, мөн тээвэрлэх вагон тавьж өгөх хүсэлтэй байна.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан РТ ХХК ХХК-иас 1,563,110,681 төгрөгийг гаргуулж, ЖН ХХК-д олгож, нэхэмжпэлийн дүнгээс 263,869,526 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,450,811 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч РТ ХХК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 7,973,503 төгрөгийг гаргуулж, нэхэмжпэгч ЖН ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрт “хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэлэлцсэн болно” гэжээ. Гэвч хариуцагчид шүүх хуралдааны товын талаар хуульд заасан журмаар мэдэгдсэн талаар баримт байхгүй. Хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.  

Хариуцагчийн зүгээс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус компанийн хуулийн зөвлөх албан тушаалтай Д.Отгонбаярыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч, гуравдагч этгээдийн эдлэх бүхий л эрхийг эдлэх бүрэн эрхийг 1 /нэг/ жилийн хугацаатайгаар олгосон.

Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаяр нь тухайн хэрэг маргаанд оролцохдоо ажилдаа хайнга хандаж, шүүхэд хариу тайлбар гаргах, нотлох баримтыг цуглуулах ажлыг хангалттай хийгээгүй, хэргийн явц байдлын талаарх мэдээллээр удирдлагыг хангахгүй байснаас үүдэн өнөөдрийн хүнд байдалд хүрлээ.

  2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хүний нэрийг “Охиноо ” гэж бичсэн байх ба ямар нэгэн гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан зүйл байхгүй байна. Мөн манай РТ ХХК -д тийм нэртэй ажилтан огт ажилладаггүй. 

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/03449 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Монгол Улсын дээд шүүхийн 2004 оны зөвлөмжид зааснаар “...хуулийн этгээдийг иргэн төлөөлж байгаа нөхцөлд тухайн төлөөлөгч төлөөлүүлэгчээсээ олгосон эрхээс татгалзаж байгаа бол шүүхэд татгалзлаа бичгээр ирүүлэх ёстой”. Бичгээр ирүүлээгүйгээс болж н.Отгонбаярыг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна гэж шүүх үзсэн.

Шүүх хуралдааны товыг хариуцагчид Монгол шуудангаар хүргүүлэхэд н.Охиноо гэдэг хүн гардаж авсан. Хариуцагч  н.Охиноо гэдэг ажилтан ажилладаггүй гэдгийг нотолж чадаагүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ЖН ХХК нь хариуцагч РТ ХХК -д холбогдуулан гэрээний үүрэгт 1,826,980,207 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ...”, 77.2 дахь хэсэгт “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын  оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэж заасан.

 Анхан шатны шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай” шүүхийн мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн.

Хариуцагч РТ ХХК нь мэдэгдэх хуудсыг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гардаж авсан байх тул хариуцагчид шүүх хуралдааныг товыг мэдэгдээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

 

4. Анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэлээс үзвэл  нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд шинээр 34 хуудас нотлох баримтыг гаргаж өгсөнийг шүүх хүлээн авсан байх бөгөөд энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар хариуцагчид эсрэг талын гаргасан нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхээр нь хангах учиртай. 

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эсрэг талын гаргасан нотлох баримттай танилцах, тайлбар өгөх талаарх хариуцагчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдож байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/03449 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШЗ2023/01484 дугаар захирамжаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Г.ДАВААДОРЖ

 

 

              ШҮҮГЧИД                                                            Э.ЭНЭБИШ

 

 

            Э.ЗОЛЗАЯА