Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/78

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ад холбогдох эрүүгийн 1938001560100 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 02 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Гурван цахир” гэх газар иргэн Т.Б цээжин тус газарт хутгаар 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Гурван цахир” гэх газарт хүргэн ах иргэн Т.Б цээжинд хутгалж гэмтээсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хадам дүү Ц.А машины арын суудал дээр сууж явснаа гэнэт миний цээж хэсэг рүү хутгалсан. Тэгээд хүү Баасанжав машинаа зогсоож бид хоёр хутгыг нь аваад бүсээр хоёр гарыг нь хүлээд Мөрөн сум руу орж эмнэлэг дээр ирээд эмнэлгийн тусламж авч оёо тавиулсан. Ц.А миний эмчилгээнд гарсан зардалд 150.000 төгрөгийг өгсөн. Цаашид тус дөхөм болно гэсэн. Тийм болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-17 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Явж байтал Ц.А ахын гар хөдлөх шиг болохоор нь харсан чинь Ц.А ах гартаа хутга барьчихсан аавын цээжинд хутгалсан байхаар нь би машинаа зогсоогоод Ц.А ахын гараас хутгыг нь булааж аваад авсан. Мөрөнд орж ирээд Нэгдсэн эмнэлэг дээр ирээд байж байтал цагдаа ирээд Ц.А ахыг аваад явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-22 дугаар хуудас/,

Гэрч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хүргэн ах Батдэлгэр, хүү Баасанжав, Ц.А гурав Сангийн далай багаас Мөрөн явах замд Ц.А машины арын суудал дээр сууж явснаа гэнэт Т.Бахыг хутгалсан гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 84 дугаартай:

      1.2. Т.Б биед цээжинд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

      3. Уг  гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ.

      4. Т.Б биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.    

      5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 31 дүгээр хуудас/,

      Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар “...Ц.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай…” гэх дүгнэлт /ХХ-ийн 35 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 45-51 дүгээр хуудас/,

 Хохирогч Т.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938001560100 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 02 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Гурван цахир” гэх газар иргэн Т.Бцээжин тус газарт хутгаар 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

Хохирогч Т.Бмөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-17-р хуудас/, гэрч Б.Б-ын /ХХ-ийн 20-22-р хуудас/, гэрч Ц.М-ийн /ХХ-ийн 23-24-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Б-ийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 84 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт, хохирогч Т.Б шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.А нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 51 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Т.Бнь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938001560100 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Ц.Ахүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Ц.А нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1938001560100 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

     5. Эрүүгийн 1938001560100 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР