Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

-

-

     2019          01           16                                          84               

 

-                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, 

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808055530028 дугаар хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа машин засвар ажиллуулдаг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлсэн, Хатагин овогт Сэржмядагийн М /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч С.М нь 2018 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27-57 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Ууганцэцэгтэйгээ “хүнээс мөнгө нэхлээ” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар гаран тус газар нь гараараа цохиж, толгойгоор нь хана мөргүүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Иймд үйлдэл гаргасандаа харамсаж байна. Хөнгөн шийдэж өгнө үү. Сарын дундаж орлого 1.200.000-1.500.000 төгрөг олдог. Улсын яллагчийн ялыг зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн 1808055530028 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.Ууганцэцэгийн: “2018 оны 11 дүгээр сарын 15-ны 00 цагийн үед ...гэртээ байхад нөхөр М согтуу орж ирээд “яах гэж хүнээс мөнгө нэхээд байгаа юм” гээд хэрүүл өдөөд байсан. Бид 2 маргалдаж байгаад хоолоо идээд 05 цагийн үед унтахаар хэвтсэн. Хүүхдүүдээ жижиг өрөөнд унтуулчихаад унтах гэхэд унтуулахгүй намайг оролдоод байсан. Тэрнээс болж бид 2 дахиж маргалдаад намайг зуухны хажууд сууж байхад зүүн гар луу гараараа нэг удаа цохисон. Би зөрүүлээд цээж рүү нь түлхэх гэж байгаад маажчихсан. Тэр үед миний үснээс барьсан. Би гарыг нь тавиулаад жижиг өрөөнд ороход араас ирээд дахиж үсдээд хана руу нэг удаа мөргүүлээд том өрөө рүү орсон. Миний зүүн гарын бугалга, баруун шуу хөхөрсөн. Толгой их өвдөж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-5-6/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.11.20-ны өдрийн 13726 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.М.Ууганцэцэгийн биед зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.5.6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 8. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюул учруулахгүй. 9. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-15/,

Шүүгдэгч С.Мын яллагдагчаар өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 20 цагийн үед найзуудтайгаа пиво ууж байгаад 00 цагийн үед ...гэртээ ирсэн. Би орж хоол идчихээд унтчихсан. Өглөө 07 цагийн үед сэрээд эхнэр Ууганцэцэг хүнтэй хардаад бид 2 маргалдсан. Би гараад явах гэтэл намайг явуулахгүй гээд зууралдаад тавихгүй байсан. Би гарыг нь тавиулах гэж хэсэг ноцолдож байгаад үснээс нь зулгааж дугтарч байгаад тавиулсан. Эхнэр Ууганцэцэг өөдөөс маажиж, ноцолдоод зуухны хажууд доошоо суух үед нь би зүүн гар луу нь нэг удаа гараараа цохиж аваад гараад явсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийснээ ойлгож ухаарч байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-70-73/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-26/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-27/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-28-29/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-30-38/, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-40-41/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-45/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-46/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-47/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-49/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-50-63/, эвлэрсэн тухай баталгаа /хх-77/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны шийтгэх тогтоолын хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2019.01.10-ны өдрийн тодорхойлолтыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.М нь 2018 оны 11 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27 дугаар гудамж, 57 тоот гэртээ эхнэр М.Ууганцэцэгийг зодож, биед нь зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч М.Ууганцэцэгийн “...бид 2 дахиж маргалдаад намайг зуухны хажууд сууж байхад зүүн гар луу гараараа нэг удаа цохисон. ...Тэр үед миний үснээс барьсан. Араас ирээд дахиж үсдээд хана руу нэг удаа мөргүүлээд...” гэх мэдүүлэг /хх-5-6/, шүүх эмнэлгийн 13726 дугаар “1.М.Ууганцэцэгийн биед зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...7.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-15/, шүүгдэгч С.Мын яллагдагчаар өгсөн: “...Би гарыг нь тавиулах гэж хэсэг ноцолдож байгаад үснээс нь зулгааж, дугтарч байгаад тавиулсан. ...зүүн гар луу нь нэг удаа гараараа цохиж аваад...” гэх мэдүүлэг /хх-70-73/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-28-29/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-30-38/, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-40-41/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-27/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-49/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Мын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Ууганцэцэгийг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжтэй байх тул С.Мыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Ууганцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-5-6/, мөн шүүгдэгчтэй эвлэрсэн талаар бичгээр баталгаа /хх-77/ гаргасныг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.М нь тодорхой ажил эрхэлдэг, эхнэр нь гэртээ хүүхдүүдээ асардаг, шүүгдэгч тэднийгээ тэжээн тэтгэдэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэж,

шүүгдэгч  “Харамсаж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Торгох ялыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хардалтын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн, шүүгдэгч согтуурсан байсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй” гэсэн, хохирогч, шүүгдэгч нар эвлэрсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /ам бүл 5, эхнэр, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа авто засвар ажиллуулж орлого олдог гэх/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн шүүгдэгч С.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан шүүгдэгч С.М нь “сарын дундаж орлого 1.200.000-1.500.000 төгрөг олдог” гэж мэдүүлснийг үндэслэн 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.     

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.М урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж байна.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатагин овогт Сэржмядагийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.М урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

                   

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР