Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00332

 

 

 

 

 

 

             

    2024        02           19                                       210/МА2024/00332

 

О.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Д даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2023/04919 дугаар шийдвэртэй,

 

            О.Сийн нэхэмжлэлтэй,

Х.Ө, Г.Ц нарт холбогдох,

 

            Гэрээнээс татгалзаж экскаватор болон хохиролд 300,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хохиролд 139,292,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У, хариуцагч Х.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

1.1.  Х.Ө экскаваторыг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр авахдаа “урьдчилгаа 30,000,000 төгрөгийг маргааш, нөгөөдөр найдвартай өгнө, асуудалгүй” гэж хэлж,  өөрийн зардлаар экскаваторыг тээвэрлэн авч явсан. Бидний анхны тохиролцоо урьдчилгаа 30,000,000 төгрөгийг өгөөд үлдэгдлийг 2020 оны 9 дүгээр сар хүртэл сар бүр хувааж төлнө гэж амаар тохиролцсон.

Гэвч 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хариуцагч нэг ч төгрөг өгөөгүй, хэлэлцэн тохирсон үүргээ биелүүлээгүй.

Ингээд бид 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, гэрээний 3.1-т “тээврийн хэрэгслийг худалдагч тал худалдан авагч талд 115,000,000 төгрөгөөр худалдахаар, гэрээний 6.7-д “уг экскаваторыг байгаа нөхцөлөөр нь тохиролцон өгч авалцсан болно. 4.5-4.7 дахь заалтыг баримтлахгүй" гэж талууд харилцан тохиролцож, нотариатаар баталгаажуулж, төлбөр төлөх хугацааг хойшлуулж, боломжит хугацааг гэрээгээр дахин олгосон.

1.2. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, татгалзсаны үр дагавар экскаваторыг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.3. Би уг экскаватороор аж, амьдралаа авч явдаг байсан. Экскаваторыг Х.Өд өгснөөс хойш амьдралын эх үүсвэр алдагдаж, түүнд экскаваторыг өгөхөөс өмнөх үеийн орлогуудаа олж чадахгүй хохирсоор байна. Урьд нь уг экскаваторыг хэд хэдэн удаа түрээсэлж мөнгө олдог байсан. Гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгаа тул 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус экскаваторын олох байсан орлогыг нэг сарын 20,000,000 төгрөгөөр тооцож, 15 сарын нийт 300,000,000 төгрөгийг Х.Ө, Г.Ц нараас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

1.4.  Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Сэлбэгт зарцуулсан 6,810,000 төгрөгийн зардлыг хүлээн зөвшөөрч байна. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр солигдсон байна гэж дүгнэгдсэн.

1.5. Эд хөрөнгийн тайланд сольсон эд ангиудыг зааж өгсөн. Экскаваторын үнээс 60 хувь илүү үнийн дүнгээр засвар хийсэн байх боломжгүй. Энэ нь тухайн техникийг ашиглаж, ашиг олох гэж байгаа хүнд боломжгүй үйлдэл юм. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хүснэгт 4-ийн 1, 2, 3, 10, 11, 12 дугаарт байгаа сэлбэгийг сольсон гэдгийг шинжээч тогтоосон. Бусад 4-9 дэх хүснэгтэд байгаа сэлбэг солигдоогүй байгаа тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Хариуцагч тал шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө хариу тайлбараа өгсөн ба экскаваторын засварт 16,000,000 төгрөг зарцуулагдсан гэсэн тайлбар гаргасан.

 Х.Ө нь олох ёстой байсан орлогод 70,500,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хууль ёсоор шилжүүлэгдээгүй эд хөрөнгийг ашиглаж олох ёстой байсан орлогоо нэхэмжлэх үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч Х.Ө тайлбар, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. Зээлээр авсан экскаваторыг анх надад худалдахдаа ганцхан эргэх нь эвдэрсэн, бусад нь бүрэн бүтэн, зүгээр гэж худлаа хэлсэн. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын дагуу маргаан бүхий техникийг буцааж өгөхийг зөвшөөрч байна. Харин олох ёстой байсан орлого нэхэмжилсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Талууд харилцан тохиролцож 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээнд Г.Ц оролцоогүй, би гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн.

 2.2. Нэхэмжлэгч талаас экскаватор нь өөрийнх нь амьдралын орлогын эх үүсвэр байсан, түүнээс олж байсан орлоготой холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй.

Маргаан бүхий экскаватор нь 2004 онд үйлдвэрлэгдсэн 2016 онд Монгол Улсад орж ирсэн. Түүнээс хойш 4 жилийн хугацаанд ашиглагдаж байх хугацаандаа засвар хийсэн эсэх, хэвийн ажиллаж байсан эсэхийг нотлох баримт байхгүй. Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр тээврийн хэрэгслийн оношилгоонд ороогүй байгааг харуулж байна. Иймээс өмнө нь түрээсэлж мөнгө олдог байсан гэдэг нь эргэлзээтэй.

 Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт “Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.3. Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна. Х.Ө нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Шарын голоос тус экскаваторыг очиж татаж авчрахаар ажилчин н.Д-той явсан. Ингэж явахдаа 200 литр гидрийн шингэнийг хүнээс зээлж авсан. Очоод шингэнээ хийгээд асаах гэсэн боловч асахгүй байсан учраас цахилгаанчин Д.О-ийг авчирч, 100,000 төгрөгөөр тохиролцон засварлуулсан ба хөлсийг эхнэр Г.Цийн данснаас шилжүүлсэн.

Шарын голоос 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод экскаваторыг ачиж авчирсан. Авчрах үед О.Сэ хажууд нь байсан. Экскаваторыг авч ирээд эргэхийн насосын эд анги болох режитал, хутга, сальник, зэргийг 1,540,000 төгрөгөөр, центрийг 150,000 төгрөгөөр тус тус авч тавьсан боловч эргэхийн насос нь гидрийн шингэнээ шахаж чадахгүй байсан учраас н.Наранхүүгээр засуулсан. 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Х.Ө, О.Сэтэй утсаар холбогдоод “ ... эргэхийн хоёр насос нь болохгүй байна, худалдан авахаа болимоор байна” гэж хэлсэн.

Гэтэл О.Сэ “чи засуулаад авчих аа, үндсэн насосыг нь янзлаад үзвэл болох байх” гэж хэлсэн. Ингээд үндсэн насосыг засварлах ажил эхэлсэн. Мөн О.Сэ нь Х.Ө руу үндсэн насос, таг зэргийн зургийг цахим хаягаар явуулсан. 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр үндсэн насосыг засварлах ажил эхэлсэн. Үндсэн насосын доторх эд анги болох насосын тагыг 4,500,000 төгрөгөөр, сальник 150,000 төгрөгөөр, моторын маслоны шуб 560,000 төгрөгөөр, масло 180,000 төгрөгөөр тус бүр худалдан авч засвар үйлчилгээг хийж дуусгасан.

2.4. Ингээд 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Заамар сум руу тус экскаваторыг өөрийн трайлераар ачиж явсан. Төв аймгийн Заамар суманд алтны уурхайн талбайд маргаан бүхий 7**** улсын дугаартай экскаваторыг сарын 350,000 төгрөгөөр түрээслэхээр иргэн н.Б-тай амаар тохиролцоод урьдчилгаа 13,500,000 төгрөгийг авсан. Гэтэл маргаан бүхий 7**** улсын дугаартай экскаватор нь ажиллаагүй. О.Сийн хэлсний дагуу эргэхийн насос болон гахай насосыг засварласан учраас яаран засварлах байх гэж бодоод н.Бд хоёр хоногийн дотор засварлаад ажилд гаргаад өгье гэж хэлсэн боловч засвар аваагүй. 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр дахиад эд ангийг нь засварласан. Нийт 2,000,000 төгрөгөөр худалдан авч тавьсан боловч мөн ажиллахгүй байсан.

2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл засвар хийсэн боловч ажиллаагүй. н.Б энэ хугацаанд “ ... Миний ажлыг маш их алдагдууллаа. Надтай хамтарч ажиллах хүмүүс маань гэрээнээсээ татгалзах нөхцөл байдал үүсээд байна” гэсэн учраас Х.Ө нь өөрийн 370 маркийн экскаватороо Архангайн Батцэнгэлд ажиллуулж байсан. Тэрийгээ татан авчирч н.Бтай байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотойгоор өөрийн экскаваторыг ажиллуулсан. Ингээд экскаватороо орхиод Улаанбаатар хотод ирсэн. Ирсэн дариуд нь О.Сэ нь уулзъя гэсээр байгаад маргаан бүхий гэрээг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нотариатиар орж гэрээ байгуулсан.

2.5. Тухайн экскаваторт 5 сарын хугацаанд зарцуулсан засварын мөнгө болох нэхэмжлэлд жагсаан бичсэн зардал 68,792,000 төгрөг, өөрийн экскаваторыг ажиллуулж алдагдалд орсон 70,500,000 төгрөг нийт 139,292,000 төгрөгийг О.Сээс гаргуулж өгнө үү.

 

3. Хариуцагч Г.Цийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй. Нэхэмжлэгч нь манай нөхөртэй тохиролцсон тохиролцоогоо мушгин гуйвуулж, мөн болсон бодит үйл баримтыг үнэнээр огт бичээгүй, худал, ташаа мэдээллийг өгсөн байна.

2020 оны 4 дүгээр сарын сүүлээр маргаан бүхий экскаваторыг 120,000,000 төгрөгөөр зарна гэсэн зарыг харж, О.Сэтэй анх утсаар холбогдож асууж тодруулж байсан. Үүнээс хойш тун удалгүй Х.Ө өөрөө холбогдож экскаваторыг зармаар байна, чи авах уу, чамайг судалсан чинь энэ төрлийн ажил үйлчилгээ хийдэг хүн байна лээ, тэгэхээр засаж янзлаад авчиж чадахаар хүн байна, зөвхөн эргэх нь эвдэрсэн байгаа, засаад ажилд гаргаад төлбөрийг нь өгч болно гэж хэлсэн. 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр маргаан бүхий экскаваторын эргэхийг тайлж аваад эргэхийн насос доторх эд ангийг засаж, засварын ажлыг эхлүүлсэн. Ингэж засаж байхад О.Сэ өдөр болгон манай хашаагаар ирж, юу юу засварлаж байгааг мэдэж байсан. Харин О.Сийг нэхэмжлэл гаргах үед экскаваторын засварын ажил дууссан, хэвийн ажиллах боломжтой болж эхний ажилд гаргаж, дөнгөж санхүүжилт олох гэж байсан. Гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлөхөөр байсан.

3.2. О.Сэ анхнаасаа их хэмжээний эвдрэлтэй экскаватораа бага хэмжээний эвдрэл, засвар хийгдэнэ гэж худлаа ярьж худалдсан ба манай нөхөр өөрийн юм шиг засаж янзлаад хэвийн байдалд оруулангуут би гэрээнээс татгалзаж байна, одоо авна, олох ёстой орлогоо гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй.

Гэрээний хугацаанд бид төлбөрийг төлөх боломжтой байсан, бусдаас авах авлагын мөнгө орж ирсэн учир экскаваторын мөнгийг төлье гээд О.Сэ рүү залгахад утсаа аваагүй. Тухайн үед төлбөрийг төлөх боломжтой, мөнгө нь дансанд байсан талаар дансны хуулгаа үзүүлж байсан. Дараа нь О.Стэй яриад мөнгийг нь төлье гэсэн боловч “өмгөөлөгчтэйгөө ярина” гээд бид нартай огт харьцахгүй байсан.

3.3. Техник удаан зогсонги байдалтай байсны улмаас эвдрэл ихтэй байсан тул ашиг олох боломж байгаагүй. Засвар үйлчилгээ хийхэд багагүй хугацаа орсон. Гэхдээ бид гэрээнийхээ хугацаанд төлбөрөө төлөх боломжтой гэж бодсон боловч О.Сэ нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр манай хашаанд ирж уулзсаны дараа экскаваторыг янзалсан байдалтай болсныг хараад мөнгөө нэхэж эхэлсэн. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа техникийг засварлаж дуустал шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эд хөрөнгийг битүүмжилчихсэн учир бидэнд ямар ч ажил хийх боломж олдоогүй, манай хашаад яг тэр байдлаараа байж л байгаа. Иймд 300,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Сэ, хариуцагч Н.Ө нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Х.Өаас SL470LCV1319 арлын дугаартай, Daewoo S******* маркийн, 7**** улсын дугаартай экскаваторыг гаргуулж, нэхэмжлэгч О.Сэд олгож, нэхэмжлэлээс хариуцагч Г.Цд холбогдох шаардлага болон хариуцагч нараас 300,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Сээс 37,994,000 төгрөг гаргуулж, хариуцагч Х.Өд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 101,298,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч О.Сийн төлсөн 2,655,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Өаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Сэд олгож, хариуцагчийн төлсөн 854,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Сээс 347,920 төгрөг гаргуулж хариуцагч Х.Өд олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгсдэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1 Нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн. Энэ талаар талууд маргаагүй

Гэтэл дээрх шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 4 дүгээр хэсэгт: “....Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч О.Сэ, хариуцагч X.Өлзий-Учрал нарын хооронд байгуулагдсан 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №0672 дугаар “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ ”-ээр нэхэмжлэгч нь 2004 онд үйлдвэрлэсэн, SL470LCV1319 арлын дугаартай, Deawoo S******* маркийн, 7585УН улсын дугаартай экскаваторыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь экскаваторын үнэ 115,000,000 төгрөгийг тохирсон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцжээ.” гэж тодорхойлсон хэрнээ дараагийн хэсэгт талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж буруу үндэслэсэн.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан “худалдах, худалдан авах гэрээ” болон маргааны гол үндэс болж байгаа мөн хуулийн 262 дугаар зүйлд заасан “Зээлээр худалдах,  худалдан авах гэрээ” хоёр агуулгын хувьд адил төстэйгээр өөрийн эд хөрөнгийг өмчлөх эрхийг эцсийн дүндээ захиран зарцуулж, нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа гэрээний харилцаа ч хууль зүйн утга агуулгын хувьд ялгаатай, хууль тогтоогчоос тус тусад нь ялгамжтайгаар зохицуулсан.  

5.2. Шүүхээс уг маргааны зүйл болсон гэрээг дүгнэхдээ Иргэний хуулийн 243 зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж үзэн дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй болсон.  “Зээлээр худалдан авна” гэдэг нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт “худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.   

Үүргийг хүлээж, өмчлөх эрх худалдан авагч үнийг төлж дуусах хүртэл худалдагчид хадгалагдаж байхыг ойлгоно. Тээврийн хэрэгслийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.2 дахь хэсэгт 2020.08.07-ны дотор 20,000,000 төгрөгийг, 2020.11.30-ны дотор сар бүрт 23,750,000 төгрөгийг хуваан төлөхөөр тохиролцохын зэрэгцээ, мөн зүйлийн 3.5-т төлбөрийг бүрэн төлж дууссан тохиолдолд тээврийн хэрэгслийг өмчлөх эрх шилжихээр харилцан тохиролцсон. Ийнхүү шилжүүлэхдээ тээврийн хэрэгслийг тухайн үед байсан нөхцлөөр нь хүлээн авахаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

Уг гэрээний дагуу нэхэмжлэгчээс өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг бодитоор гэрээ байгуулахаас 1 сар гаруй хугацааны өмнө хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлсэн байдаг.

Гэрээний шинжээс үзвэл уг маргааны иш үндэс болгон шийдвэрлэж байгаа гэрээний харилцаа бол зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа байхаас энгийн тэр дороо биелэгдэх шинжтэй, өмчлөх эрх шууд шилждэг худалдах, худалдан авах гэрээний харилцаа огт биш юм. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь худалдах, худалдан авах гэрээнээс ялгагддаг гол онцлогийг анхаараагүй байна.  Ингэснээр, шүүх өөрийн буруу шийдвэрээрээ нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг ноцтойгоор дордуулж Иргэний хуулийн 264 дүгээр зүйлд зааснаар “Худалдагч гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх боломж”-ийг үгүй хийсэн.

5.3. Хариуцагчаас гэрээ байгуулснаас хойш 42 сарын хугацаанд нэг ч төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлээгүй хэвээр байсаар шийдвэр гарсан. Гэтэл энэ 42 сарын хугацаанаас гэрээнээс татгалзах хүсэлтээ өгсөн хугацаанд гагцхүү 15 сарын учирсан хохирлыг л нэхэмжилсэн.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бус талуудын маргаагүй зүйл дээр үнэлэлт, дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагаас халин гэрээний харилцааг тодорхойлоход “гол анхааралаа” хандуулсан нь шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг ноцтой зөрчиж, буруу харилцааг тодорхойлсноор түүнээс хойшхи бүхий л хэсэг хууль ёсны байх боломжгүй болж байна.

5.4. Шүүх “Үндэслэх” хэсгийн 11-15-т “...Иргэний хуулийн 225 дугаар зуйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.8 дахь хэсэгт “гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнхи хэсгийг биелүүлж чадахгүй бол худалдагч гэрээнээс татгалзаж, эд хөрөнгөө буцаан авч, учирсан хохирол, зардлаа нэхэмжлэхтэй... ” боловч нэхэмжлэгч шүүхэд 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан.

 Хариуцагч 13 хоног хугацаа хэтрүүлснийг ялимгүй зөрчсөн байх ба түүнд хамаарах 1,300,000 төгрөгийн алдангийн хамт нэхэмжилсэн байна гэх, 14 дэх хэсэгт “Гэтэл гэрээний 3.1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийг худалдагч тал худалдан авагч талд 115,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов”, гэрээний 3.2 дахь хэсэгт “20,000,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор... үлдэгдэл төлбөрийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 4 сарын хугацаанд тэнцүү хувааж төлнө” гэж заасан боловч нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөр төлөх хугацаа 13 хоног хэтэрч, төлбөр төлөх нийт хугацаа дуусаагүй байхад гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Тодруулбал нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтаар гэрээнээс татгалзах хууль, гэрээнд заасан үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө төлбөр төлөх үүрэгтэй холбоотойгоор нөгөө талдаа үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон гэж үзэх үндэслэлгүй байна.... ” гэжээ.

 Талуудын хооронд байгуулсан зээлээр худалдах гол нөхцөл нь төлбөрийг хэсэгчилэн төлөх зорилготой.

Эд хөрөнгөө шилжүүлсэн хүнд ямар нэгэн урьдчилгаа төлбөр гэж огт байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс эд хөрөнгөө хүлээлгэн өгснөөс хойш 90 орчим хоногийн дараа эхний төлөлтийг авахаар уян хатан тохиролцсон.

Өөрөөр хэлбэл өөрийн эзэмшил ашиглалтаас хэдийнээ гараад 90 хоногийн дараа түүнд эхний хуваарьт төлбөр орж ирэх ёстой байтал 14 хоногийн хугацаанд ямар нэгэн эд хөрөнгийн төлбөрийг төлөх нь тодорхойгүй байгаа тул шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан.

5.5. Шүүхээс нэхэмжлэгчийг дараах үндэслэлээр буруутгасан. Үүнд: Талууд эд хөрөнгийг биет байдлаар 2020 оны 5 дугаар сарын сүүлд шилжүүлсэн байдаг. Үүний дараа гэрээг бичгээр 2 сарын дараа буюу 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулж, дахин 14 хоногийн төлбөр төлөх өдрийг тогтоосон. Энэ өдрийг талууд харилцан тохиролцож, нотариатаар гэрээгээ гэрчлүүлэхдээ тогтоосон өдөр. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг нэмэлт хугацаа тогтоогоогүй гэж буруутгадаг. Талууд харилцан тохиролцсон тохиолдолд дахин хугацаа тогтоох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэрээний чөлөөт байдлын зарчимд шүүх нөлөөлсөн шийдвэрийг гаргасан байна.

Эрх зүйн хувьд гэрээний зөрчлөөс хамгийн ноцтой зөрчил бол гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлэхгүй байх эсхүл ахин гүйцэтгэл хангалтгүй байх тохиолдол бөгөөд энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах үр дагавартай байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн боломжит хугацаанд харилцан тохиролцож хугацааг тогтоосноос хойш дахин 14 хоног хүлээсэн байдаг. Энэ хугацаанд хийгдэх төлөлт бол анхны төлбөр төлөлт хийх хугацаа болохоос ямар нэгэн урьдчилгаа төлбөр огт биш. Эхний хамгийн бага төлөлт хийх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн хариу тайлбартаа дахин төлөхгүй, угаасаа төлөх сонирхолгүй байгаагаа эс үйлдэхүйгээр илэрхийлсэн байхад шүүхээс нэг талд ашигтайгаар хариуцагч гэрээнээс татгалзах хүсэл зориг байгаагүй гэх тайлбарыг үнэлдэг. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээнээс хойш нэг ч төгрөг ороогүй.

5.6.  Талуудын маргаж байгаа тээврийн хэрэгслийн эд ангид шинжээч томилсон ба шинжээчийн дүгнэлтээс үзэхэд 12 зүйлийг сөрөг нэхэмжлэлд нэхэмжилсэн байдаг бол шинжээчийн дүгнэлтээр гагцхүү 6 төрлийн эд ангийг сольсон нь тогтоогддог бөгөөд зардал  нь 7,424,000 төгрөг болсон. Гэтэл шүүхээс 38,000,000 төгрөг болсон нь тогтоогдож байна гэдэг. Шүүхээс шинжээчийн дүгнэлтээс гагцхүү тээврийн хэрэгсэлд хийгдсэн эсэхээс үл хамаарсан том машины засварын мөнгийг хариуцагч гаргасан гэж тооцсон нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хуулийн шаардлагад нийцүүлэн, эрх бүхий этгээдүүд байгуулсан эсэхэд бодитой дүгнэлт хийх нь онцгой ач холбогдолтой. Шүүхийн шийдвэр нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй.

5.7. Хариуцагч Г.Ц нь тус маргаан бүхий гэрээнд оролцоогүй боловч хариуцагч нарын тайлбар, тэднээс хэрэгт өгсөн дансны хуулбар, өөрсдийнх нь өгсөн хүсэлтүүд, тайлбаруудаас маргаан бүхий гэрээний оролцогч мөн, мөнгө санхүүгийн хувьд ч тэр хамтран үйл ажиллагаа явуулдаг гэдэг нь тодорхой баримтаар харагдаж байхад, өөрийнх нь тайлбараас нэхэмжлэгчтэй тухайн мөнгийг төлөх талаар ярилцаж байсан нь нотлогдсоор байтал ач холбогдолтой материалуудыг үнэлэлгүй, илт үндэслэл муутай шийдвэрийг шүүхээс гаргасан байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2023/04919 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэх нэршилтэй гэрээ байгуулсан талаар маргадаггүй боловч зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж, мэтгэлцдэггүй. Эрх зүйн харилцааг буруу дүгнэсэн гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

6.1. 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр маргаан бүхий экскаваторыг О.Сэ өөрөө Х.Өд хүлээлгэж өгөөгүй. Х.Ө өөрийн ажилтан н.Дийн хамт очиж авсан. 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 5 сарын хугацаанд засвар үйлчилгээ хийж, холбогдох зардал гарсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ тодорхойлохдоо 15 сарын хугацаанд 20,000,000 төгрөгөөр түрээслээд 300,000,000 төгрөгийг олох ёстой байсан орлого гэж шаардсан боловч түүнийгээ нотолсон баримтаа өгөөгүй.

Харин гэрээ болон хөрөнгийн үнэлгээтэй холбоотой баримт гаргаж өгсөн. Гэрээ бодит байдлаар хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй, нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй. Тийм учраас 300,000,000 төгрөгийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

6.2. Манай талд гэрээнээс татгалзах хүсэл зориг байгаагүй. Нөхөж хийсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулахаас өмнө талуудын хооронд ямар харилцаа байсныг тодруулах нь зүйтэй. Хэрэгт авагдсан баримтаас харахад талууд эвдрэлтэй хуучин техник бие биендээ худалдахаар тохиролцсон. Эвдрэлийг засаж янзалсны дараа ашиг олоод түүнээсээ мөнгөө төлөөд явах боломжтой болзлыг хариуцагчид тавьсан учраас зөвшөөрөөд маш олон засвар үйлчилгээ хийхэд зардал гаргаж засаж янзалсаар ирсэн.

Х.Өыг огт төлбөр хийхгүй байсан мэтээр ярьж байгаа нь хэрэгт авагсдан баримтаар үгүйсгэгдэнэ. Нэхэмжлэгч 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан, шүүх 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Ди Вай Кэй Би” ХХК-аас мөнгө орж ирсэн дариу хариуцагч Х.Ө нь нэхэмжлэгч О.Сэ рүү 3 удаа залгахад утсаа аваагүй, Х.Өын эхнэр нь залгахад мөн адил утсаа авахгүй байсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллагаанд оролцоод явж байсан н.Батхолбоо гэдэг хүн рүү залгаад “Мөнгө орж ирсэн, гэрээний урьдчилгаа 20,000,000 төгрөгийг өгөх гэсэн юм” гэж хэлээд өгөөч гэсний дагуу н.Батхолбоо нь О.Сэ рүү залгахад утсаа аваагүй. Тухайн экскаватор хэвийн хэмжээнд ажиллах бүрэн боломжтой болсон байсныг бичлэгээр баталгаажуулаад шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

6.3. Хариуцагч талд Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар нэмэлт хугацаа тогтоогоогүй. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт техникийн алдаатай зүйл буюу Х.Өыг Өлзийжав гэж бичсэн байсныг залруулах нь зүйтэй. Эвдэрхий эд хөрөнгө байсан гэдгийг талууд хүлээн зөвшөөрч байгаа. Түүнийг засварласны дараа авчихъя гэсэн санаа зорилгоор шүүхэд хандаж, хариуцагчийн оруулсан засан сайжруулалтыг үл харгалзан дайрч байгаа нь ёс зүйгүй, увайгүй үйлдэл байна.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээг худалдах, худалдан авах гэрээнээс тусдаа төрөл гэдэг байдлаар тайлбарлаад байгаа. Худалдах, худалдан авах гэрээний нэг төрөл бол зээлээр худалдах, худалдан авах гэрээ юм. Гол ялгаа нь тогтоосон хугацаанд төлбөрийг хэсэгчлэн төлнө, түүнд хүү тооцсон байдаг. Хүү тооцсоноороо анхны шууд төлөх үнээс нэмэгдсэн гол онцлогтой гэрээ. Маргаан бүхий гэрээний хувьд ямар нэгэн байдлаар хүү тооцсон зүйл байхгүй. Анхны тогтоосон 115,000,000 төгрөгийн үнэ огт хөдлөөгүй. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнээгүй нь илтэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцөлөө алдсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

6.4. 2 удаа шинжээч томилогдсон, нэг нь дүгнэлт гаргах боломжгүй гэсэн, нөгөө шинжээч нь дүгнэлт гаргасан. Гэхдээ шинжээч нүдэн үзлэг хийсэн байдаг. Шинжээч нь тусгай мэдлэгтэй хүн байдаг бөгөөд мэдлэгийнхээ хүрээнд дүгнэлт гаргах ёстой. Гэтэл нүдэн үзлэг хийгээд гаднаас нь өнгөц харах байдлаар машин механизмын эд ангиудыг солигдсон, солигдоогүй гэдэг талаар дүгнэлт гаргана гэдэг нь маш их хайхрамжгүй, мэргэжлийн бус юм. Шинжээч өөрөө шүүх хуралдаанд оролцож тайлбарлахдаа би үзээгүй, нүдээрээ хараад дүгнэлт гаргасан гэсэн асуудал ярьдаг. Хүнд машин механизмыг тодорхой хугацаагаар, хэдэн өдрөөр ажиллуулж байж хэвийн горимд орох ёстой болохоос нэг удаа асаад явж байхыг нь харчихаад болчихсон юм байна гэж үзэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгсдэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12  дугаар сарын 14-ний өдрийн 4919 дугаартай шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс  зөвшөөрч байна.

7.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсгийн 25-т "...хариуцагч талаас гаргасан зарим баримтуудад мөнгө, мөнгө эд хөрөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн этгээдийн нэр, гарын үсэг, тэмдэг дарагдаагүй тул эдгээр баримтыг үндэслэн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Мөн хариуцагч нь операторчны цалин хөлс 12,500,000 төгрөг, ... тухайн зардал талуудын хооронд байгуулсан гэрээний байгуулагдсан гэрээ цуцалсантай хамааралгүй бөгөөд нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалж дээрх зардал гарсан гэж үзэхгүй ” гэж дүгнэсэн. Шүүх дээрх байдлаар буюу ерөнхий байдлаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлнэ” гэж заасныг зөрчин хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэлгүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэж заасантай нийцэхгүй байна гэж үзэж байна.

Х.Ө нь Улаанбаатар хотод 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр маргаан бүхий экскаваторыг трейлэр дээр ачиж, өөрсдийн хашаанд буулгасан.

Энэ засвар, үйлчилгээг хийсэнтэй холбоотой үйл баримтыг хариуцагчийн зүгээс 1-р хавтас, 46 хуудас зарлагын баримт гарган өсгөн. Эдгээр баримт дээр гарын үсэг тамга, тэмдэг байхгүй ч гэрч С.Н, Б.Д нарын мэдүүлэг болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М-аас шүүх хуралдааны үед эргэхийн насос эвдэрхий дээр маргахгүй,  холбоотой зардал гарсан бол хүлээн зөвшөөрнө гэх тайлбарыг шүүх үнэлэх боломжтой байхад үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн.

2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр маргаан бүхий экскаваторын эргэхийг тайлж аваад, эргэхийн насос доторх эд анги болох плита втулка, хутга, сальник зэрэг эд ангийг 1,540,000 төгрөгөөр худалдан авч тавьсан. Энэхүү эргэхийн 2 насосыг тайлж засварлах ажлыг Э.Н-ээр хиилгэсэн.

7.2. Хариуцагч Х.Ө нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа гахайн насосны таг, сальник 4,650,000 төгрөгөөр худалдан авч тавьсан гэж нэхэмжилсэн бөгөөд шүүх энэхүү шаардлагыг хангасан гэхдээ шүүхийн шийдвэрт бичихдээ техникийн шинжтэй алдаа 4,550,000 төгрөг гэж бичсэн байгааг зөвтгөж өгнө үү.

7.3. Х.Ө эргэх болон үндсэн насосны засвар үйлчилгээг хийж дуусгаад, одоо л зүгээр боллоо гэж үзээд 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Заамар сум руу өөрийн трейлэрээр экскаваторыг ачиж авч явсан. Төв аймгийн Заамар сум дахь алтны уурхайн талбайд Solar 470-LC-V маркийн 7**** дугаартай экскаваторыг сарын 35,000,000 төгрөгөөр түрээслэхээр иргэн Б.Бтай амаар тохиролцож урьдчилгаа 13,500,000 төгрөгийг авсан байсан. Гэтэл маргаан бүхий Solar 4*******маркийн 7****УН дугаартай экскаватор Заамар суманд буугаад огт ажлаагүй.

Түүний хувьд хүний теникийг аваад ирсэн учир засаж янзалж байгаад ажилд гаргаад О.Сэд маргаан бүхий экскаваторын мөнгийг төлнө гэсэн бодолтой байсан.  Ингээд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр экскаваторын үндсэн насос доторх эд анги болох плита втулка 2 ширхэгийг 2,000,000 төгрөг, хутга 2 ширхэгийг 1,000,000 төгрөг, хуруу 7 ширхэгийг 1,000,000 төгрөг худалдан авч тавьсан. Дээрх эд ангийг Өнө-Оршин маргад ХХК-иас худалдан авсан, энэхүү худалдан авсан баримтыг гаргаж өгсөн бөгөөд баримтад “Өнө орших ХХК-ийн тамга дарагдсан, мөн худалдагчийн гарын үсэг зурагдсан байна.

Гэрч Б.ДЭ.Наранхүү нарын мэдүүлэг зэргээр давхар нотлогдох тул энэхүү шаардлага хангагдах бүрэн боломжтой.

7.4. Талууд 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөр Худалдах, худалдан авах гэрээг нөхөж бичгээр байгуулсан байдаг. Үүний дараа дараах зардал, засвар, үйлчилгээг хийсэн. Х.Ө 2020 оны 07 дугаар сарын сүүлээр Заамар явж Solar **** маркийн 7****УН дугаартай экскаваторын үндсэн насосыг тайлан авч, 120,000 төгрөгөөр унаа хөлслөн Заамар сумаас Улаанбаатар хотод авч ирсэн. Энэхүү үйл баримт  нь  Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Б.Дийн мэдүүлэг,  Хаан банкны шилжүүлгийн хуудас, Х.Ө нь үндсэн насос солисонтой холбоотой гидрийн шингэн 714,000 төгрөг, 220,000 төгрөгт худалдан авч Төв аймаг Заамар сум руу 140,000 төгрөгөөр унаа хааж ачуулсан, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тосол 35,000 төгрөгөөр худалдан авч хийсэн, мөн 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр явахын редуктор, явахын редукторын гол араа, речак сальник 2,010,000 төгрөгөөр худалдан авч зассан зэрэг баримтуудаар тогтоогддог.

Түүнчлэн засварчин Э.Н**** ажлын хөлс, гахай насосны дотор засварын хөлс 3,300,000 төгрөг төлсөн. Операторчин Б.Дид цалин нэг сарын 2,500,000 төгрөг нийт 5 сарын хугацааны цалин 12,500,000 төгрөг өгсөн  Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга,  түүний гэрчээр өгсөн мэдүүлэг,  Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгазарлагын болон бусад баримтууд,  Хаан банкны шилжүүлгийн мэдээллүүд, гэрч Э.Наранхүүгийн мэдүүлэг,  зэрэг баримтуудаар тогтоогдох бүрэн боломжтой.

Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4919 дугаартай шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг нэгдүгээр шаардлага болох 68,792,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 30,798,000 төгрөгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.

 

Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүх алдаатай шийдвэр гаргасан гэдгийг хариуцагч тал ч гэсэн нотолж байна. Шүүх нотлох баримтуудыг бүрэн гүйцэт уншиж танилцаагүй, аль нь үнэлэхээр нотлох баримт, аль нь үнэлэхээргүй нотлох баримт болохыг  ялгаж салгаагүй байна. Шинжээчийн дүгнэлттэй мөн адил ийм байдлаар танилцсан байна. 2 удаа шинжээч томилогдсон, шүүх эхний дүгнэлтээр нь шийдсэн. Хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч О.Сэ нь хариуцагч Х.Ө, Г.Ц нарт холбогдуулан гэрээнээс татгалзаж “Дэү” /Daewoo/ маркийн экскаваторыг буцаан гаргуулах болон хохиролд 300,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч Х.Ө зарим хэсгийг эс зөвшөөрч хохирол 139,292,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, хариуцагч Г.Ц хариуцагч биш гэж тус тус маргажээ.

 

3. Нэхэмжлэгч О.Сэ, хариуцагч Х.Ө нарын хооронд бичгээр байгуулагдсан 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” нэртэй гэрээгээр худалдагч О.Сэ 2004 онд үйлдвэрлэгдсэн, SL470**** арлын дугаартай, “Deawoo S*******” маркийн, 7**** улсын дугаартай экскаваторыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Х.Ө экскаваторын үнэд 115,000,000 төгрөгийг тохирсон хугацаанд хувааж төлөхөөр харилцан тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 Гэрээний нэрийг талууд тодорхойлсон болон гэрээгээр үнэ төлөх үүргийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байдал нь гэрээний төрлийг тодорхойлохгүй. Гэрээгээр үнэ төлөх нөхцөлд хүү төлөхөөр тохиролцоогүй тул зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэхгүй.

Иймд худалдах, худалдан авах болон зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүд хууль зүйн утга агуулгын хувьд ялгаатай байхаас гадна хууль тогтоогчоос тус тусад нь ялгамжтайгаар зохицуулсан байдлыг анхааралгүйгээр талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг анхан шатны шүүх буруу тодорхойлсон гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.  

Түүнчлэн энэ гэрээг талууд бодитоор байгуулж болох бөгөөд хожим бичгийн хэлбэрт оруулсан байдал ч талуудын хооронд байгуулагдсан гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан гэж дүгнэхгүй. Хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг нотариатчаар гэрчлүүлэх эсэх нь талуудын сонголт байх бөгөөд гэрчлэгдсэн гэрээ болгоныг үл маргах шинжтэй болохыг хуулиар тодорхойлоогүй. Худалдах, худалдан авах гэрээ гэж анхан шатны шүүх дүгнэснээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэхгүй. Учир нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлд худалдагч тал гэрээнээс татгалзах эрхийг тухайлан зохицуулсан боловч энэ эрхийг мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хэрэгжүүлэх боломжтой. 

 

4. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэг болох үнэ төлөх хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсныг хариуцагч зөвшөөрсөн байна. Нэхэмжлэгчийн татгалзал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарч байх тул тэрээр гэрээний дагуу шилжүүлсэн экскаваторыг буцаан шилжүүлэхийг худалдан авагч Х.Өлзий-Оршихоос мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Энэ үндэслэлээр хариуцагч Х.Өлзий-Оршихоос экскаваторыг гаргуулж нэхэмжлэгч О.Сэд олгохоор шийдвэрлэсэн нь зөв, энэ шийдэлд талууд давж заалдах гомдол гаргаагүй. Харин Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзах эрх нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, харин эрхээ хэрэгжүүлснээр үүсэх үр дагавар болох шилжүүлсэн зүйлээ гэрээний эсрэг талаас шаардах эрхийн үндэслэлд хамаарна. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас буруу тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг хасна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар дүгнэлтийг нэгэн зэрэг хийж алдаа гаргасныг  давж заалдах шатны шүүхээс залруулж дүгнэнэ. Гэрээнээс татгалзсны үр дагаварыг арилгахад гэрээний талууд хэн алиндаа шилжүүлсэн зүйлийг буцааж өгдөг бол гэрээг цуцласны үр дагаварыг арилгахад гэрээ цуцлах цаг хугацаанд гэрээний үүргийг харилцан тооцож, ирээдүйд гүйцэтгэх үүргийг цуцална. Нэг удаагийн үйлчлэлтэй гэрээ буюу 1 экскаваторын өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг цуцалж, талуудын үүргийг харилцан тооцох боломжгүй байгааг анхаараагүй байна.

 

5. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний эсрэг талын үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзсны хохирол шаардах эрхтэй. Энэ эрхийг хэрэгжүүлэхэд зөрчил гаргасан талын гэм бурууг тогтоосон байх учиртай.

5.1. Худалдагч О.Сэ худалдан авагч Х.Өын эзэмшилд экскаваторыг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй. 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан тул энэ гэрээгээр үнэ төлөх үүргийн хугацааг тохиролцсон гэж дүгнэнэ. Гэрээний 3.2-т зааснаар худалдан авагч 20,000,000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дотор, үлдэгдэл төлбөрийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор тэнцүү хувааж төлөхөөр тохиролцжээ.

Нэхэмжлэгч О.Сэ нь шүүхэд 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргаж, түүний хүсэлтээр шүүх экскаваторыг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар битүүмжилсэн байна. Талуудын тохиролцооноос дүгнэвэл хуучин экскаваторыг хариуцагч худалдан авч, засварлаж, ашиглаж гэрээний үнийг хэсэгчлэн төлөх үүрэгтэй байжээ. Иймд шүүхээс гэрээний зүйлийг битүүмжилснээр гэрээний зүйлийг ашиглах боломж хязгаарлагдсан гэж үзнэ.  

Иймд гэрээний үнээс 20,000,000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төлөх байсан үүргийг, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар хэтрүүлсэн гэж дүгнэх тул нэхэмжлэлд дурдагдсан 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд экскаваторыг бусдад түрээслэж олох байсан орлого нэхэмжилсэн нь үндэслэлгүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүлхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлд зааснаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. 

 

 6. Хариуцагч Г.Ц нь худалдах, худалдан авах гэрээний оролцогч тал биш тул нэхэмжлэгч О.Сэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэг болон хохирол шаардах эрхгүй. Иймд холбогдох нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүх шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасантай нийцжээ.  

 

7. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Сээс 37,994,000 төгрөг гаргуулж, Х.Өд олгохоор шийдвэрлэхдээ анхан шатны шүүх тухайн харилцааг зохицуулсан хуулийг зөв хэрэглээгүйг залруулна.

7.1. Шинжээч Ц.Б-ийн гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “ ... эргэхийн хоёр насос задалж доторх эд анги болох плита втулка, хутга, ком сальник шинээр сольсон, гидр насос задалж доторх эд анги болох плита втулка, хутга, хуруу, сальник шинээр сольсон. Хаазны тросс шинээр солигдсон, помпны ремен шинэ солигдсон, явахын редукторыг задалж гол болон арааг хуучин эд ангиар сэлбэж сольж засварласан. Речакны удирдлагын хавхлагын даравч гол 4 ширхэг шинээр сольсон. Явах эд ангийн редуктор задалж солиход geir oil 80w90 өтгөн тос 6 литр, гидр насос задалж солиход гидрийн шингэн 5 литр, эргэхийн насос задалж солиход гидрийн шингэн 4 литр, хаазны трос шинэ солигдсон, помпны ремен шинэ солигдсон” гэх дүгнэлт,

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн №02 дугаар, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 245 дугаар дүгнэлт,

гэрч Б.Дийн “... эвдрэлтэй байсан, очиж үзэхэд насос шингэн нь байхгүй, насос нь бас эвдрэлтэй байсан, арай ядан хот руу ачиж аваад хот руу орсон, насос эргэх олон янзалсан ... явахын индуктар нь эвдэрсэн бөгөөд араануудыг бүгдийг сольсон ... “, гэрч Э.Наранхүүгийн “... би Өнө орших компанид ерөнхий менежер хийдэг ... 470-д хоёр удаа эргэхийн насосыг, үндсэн насосыг хоёр удаа янзалж байсан ...” гэх мэдүүлэг, фэйсбүүк чатад үзлэг хийсэн 2022 оны 8 дугаар сарын 4, 2023 оны 2 дугаар сарын 13, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл, үзлэгийн хавсралт зураг, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч Х.Ө нь экскаваторыг шилжүүлж авсны дараа зориулалтын дагуу ашиглахын тулд зохих эвдрэл гэмтлийг засаж, засан сайжруулалт хийсэн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

Хариуцагч Х.Ө нь 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гидрийн шингэн солих, засварын хөлсөнд 1,085,000 төгрөг, сальник комоор нь солиход 150,000 төгрөг, гахай насосын таг, сальник худалдан авахад 4,550,000 төгрөг, моторын маслоны шүүр, пар плумжер, хаазны трос солих, худалдан авах, ажлын хөлс 780,000 төгрөг, апартур засварчны ажлын хөлс 100,000 төгрөг, хуруу авч тавихад 1,000,000 төгрөг, ачилтын хөлс 4,120,000 төгрөг, гахай насос худалдан авахад 17,000,000 төгрөг, гидрийн шингэн, тосол худалдан авахад 969,000 төгрөг, хос шүүр 140,000 төгрөг, помпны ремень 100,000 төгрөг, явахын редуктор 8,000,000 төгрөг нийт 37,994,000 төгрөгийн бодит зардал гарсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг харьцуулан дүгнэж, мөн хуулийн 40.2-т зааснаар нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.  

 

7.2. Харин нэхэмжлэгчээс зардалд 70,500,000 төгрөг, операторчны цалин 12,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо холбогдох нотлох баримт нь гарын үсэггүй, тамга тэмдэггүй, хүлээлгэн авсан, өгсөн этгээдийн нэр бичээгүй гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй, хамааралгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ. Иймд уг нотлох баримтыг үнэлээгүй гэх   хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

7.3. Хариуцагч нь 37,994,000 төгрөгийн зардал гаргасан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дахь хэсэгт заасан зайлшгүй зардалд хамаарах тул нэхэмжлэгч нь уг зардлыг төлөх үүрэгтэй болно. Иймд хариуцагч мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.6  дахь хэсэгт зааснаар зардалыг шаардах эрхтэй тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

  

8. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас гэрээ цуцалсан хэсгийг хасч шийдвэрлэх тул хариуцагчийн нэрийг Н.Өлзийжав гэж буруу бичсэн нь залруулагдах болно.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2023/04919 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 225 дугаар зүйлийн 225.1 ...”, “... нэхэмжлэгч О.Сэ, хариуцагч Н.Ө нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг цуцалж ...”  гэснийг тус тус хасч,

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 ...” гэсний дараа “205 дугаар зүйлийн 205.1” гэж нэмж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 ...” гэснийг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Сээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,810,800 төгрөг, хариуцагч Х.Өаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,940 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.Д

 

                                                  ШҮҮГЧИД                                         Э.ЭНЭБИШ

 

                                                                                                            Э.ЗОЛЗАЯА