Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 129

 

 

 

 

 

-

-

     2019          01           24                                         129               

 

-                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Б.М-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М-Эрдэнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808054101606 дугаар хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шарнууд овогт Бат-Эрдэнийн М-Эрдэнэ /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.М-Эрдэнэ нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 106 тоотоос иргэн З.ы эзэмшлийн булган шуба, бэлэн 120.000 төгрөг, монетон хос ээмэг, монетон гинж, монетон бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бусдад нийт 1.695.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.М-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Мөнгөний хэрэг гарсан байсан учир эд зүйлийг нь авсан. Гэрэлт-Од, Анар нар намайг хулгай хийж байгааг мэдээгүй. Гэм буруугийн талаар маргахгүй. Гаргасан үйлдэлдээ харамсаж байна” гэв.

Эрүүгийн 1808054101606 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч З.ы: “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны 106 тоот манай гэрийг хамаатны дүү Анар гэх залуу хараад үлдсэн. Би сүүлд 10 орчим хоногийн өмнө гэртээ ирээд, өөрийн булган шуба болон үнэт эдлэл хадгалдаг хайрцгаа шалгаж үзэхэд бүрэн бүтэн байсан. Тэр өдрөөс хойш ирээгүй байж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ булган шуба авах гээд ирэхэд гэрт танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр байхаар нь “юун хүмүүс вэ” гэж асуухад “Анарын найзууд” гэсэн. Би булган шуба хайгаад олдохгүй, үнэт эдлэлүүд болон 120.000 төгрөгийн хамт алга болчихсон байхаар нь айгаад Анарыг дуудахад “мэдэхгүй, хараагүй” гэсэн. Цагдаад дуудлага өгөөд тухайн хоёр хүнийг аваад явсан. ...”Начин заан” ломбардаас хураан авч надад өгсөн эд зүйлс нь миний хайрцганд байсан ээмэг, бөгж, гинжнүүд бүгд мөн. Бүгдийг нь хүлээж авсан. Одоо бэлэн 120.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа. Мөн төмөр савны түгжээг эвдээд дахиж ашиглагдахааргүй болгосон байсан тул 30.000 төгрөгөөр үнэлнэ. Нийт 150.000 төгрөг нэхэмжилж байна. Мөнгөө авсан тохиолдолд гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-34-37, 38-39/,

Иргэний нэхэмжлэгч “Начин заан” ХХК-ийн төлөөлөгч Т.Солонгын: “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн М-Эрдэнэ өөрийнхөө бичиг баримтын хуулбараар монетон ээмэг 2 хос /4 ширхэг/, ээмэг 1 ширхэг, 1 ширхэг бөгжний хослол, ээмэг 2 ширхэг, ээмэг, гинж, кулон хослол /4 ширхэг/, монетон гинж, нийт 14 ширхэг монетон эдлэлийг 770.000 төгрөгийн барьцаанд 4 сарын хугацаатай гэрээ байгуулан тавьсан. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эрүүгийн мөрдөгч Төгөлдөр гэж хүн прокурорын тогтоол танилцуулаад иргэн М-Эрдэнэ гэж хүний тавьсан монетон эд зүйлсийг хураан авсан. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн М-Эрдэнэ ирээд “би танай байгууллагад учирсан хохирлыг төлье” гээд 782.160 төгрөгийг төлөөд явсан. Одоо манай байгууллагад учирсан хохирол байхгүй. Хохирол төлөгдсөн” гэх мэдүүлэг /хх-30/,

Гэрч Б.Анарын: “...М, Гэрэлт-Од хоёр над руу 11 сарын 23-ны өдөр утсаар яриад “миний найз хаана байгаа юм бэ, хоёр найз нь яваад очих уу” гэсэн. Тэгээд удалгүй явж ирсэн. Тэгсэн Гэрэлт-Од “бид хоёр урьд шөнө хорооллын эцсийн буудалд хонож байгаад буудлын өрөөнөөс шуба оллоо” гэж хэлж байсан. ...М, Гэрэлт-Од хоёрыг гэртээ үлдээгээд Золбоогийн ажил дээр очоод Золбоог аваад хороолол явсан. Хоёр хүүхдээ аваад буцаад гэртээ ирэх замд  эгч залгаад “би гэрт ирчихлээ, миний шуба алга байна” гээд ярьсан. Очтол  эгч “миний хамаг юм алга болчихсон байна” гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед сэжиглээд Гэрэлт-Од, М хоёрыг “та хоёр буудлаас олсон шубаа гаргаад ир, харуул даа” гэсэн чинь М-Эрдэнэ гаргаж ирээд харуултал манай эгчийн шуба мөн байсан. Эгч шубаа таниад “миний шуба мөн байна” гэсэн. Кармаанаас нь Мийн иргэний үнэмлэхний лавлагаа гарч ирсэн. Ингээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-42-43/,

Гэрч Б.Гэрэлт-Одын: “2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би өөрийн хамтран амьдрагч М-Эрдэнийн хамт Анарынд очсон. ...21 цагийн үед Анарын эгч орж ирээд шуба хайгаад тэр нь олдохгүй байсан. Анар Маас “чи тэр олсон гээд байсан булган шуба гаргаад ирээч” гэхэд М-Эрдэнэ нурууныхаа хойд талаас булган шуба гаргаж ирэхэд Анарын эгч “энэ миний шуба байна, яахаараа чи өмсдөг юм” гэж хэлээд уурлаад жижиг өрөө рүүгээ ороод нэг жижиг цэнхэр сав авч ирсэн. Тэр дотор нь байсан үнэт эдлэлүүд бас алга болчихсан байна, хэн авсан бэ гээд уурлаад байсан. Тэгээд цагдаа дуудсан. ...Би хулгай хийснийг нь мэдээгүй. М надад юу ч хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-49-51, 52-53/,

“Дамно” ХХК-ийн 2018.12.24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний СХ3-18-666 дугаар тайланд: “Нийт хохирлын дүн 1.545.800 төгрөг” гэжээ /хх-62-63/,

Шүүгдэгч Б.М-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр найз залуу Гэрэлт-Одын хамт найз Анарын гэрт очиж хоносон. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө Анар явсан. Би жижиг өрөө рүү ороод тавиур дээр нь байсан цэнхэр өнгийн төмөр саван дотор байсан монетон эдлэлүүдийг аваад цүнхэндээ Гэрэлт-Одоос нуугаад хийсэн. Гэрэлт-Од тоглож байгаад “дэлгүүр гарчихаад ирье” гээд гарсан. Гэрэлт-Одыг гарахаар би жижиг өрөөний шкафан дотор байсан хар өнгийн булган шубыг аваад өөрийн цүнхэнд хийсэн. Удалгүй Гэрэлт-Од орж ирэхээр “би эмээгийнх рүү явлаа” гээд бид хоёр цуг гарсан. Би тэндээс шууд 10 дугаар хороолол руу очиж ломбарданд тавьсан гар утсаа аваад, хорооллын эцсийн “Очир титэм” нэртэй буудалд очиж өрөө авсан. Буудалд ороод Анарын гэрээс авсан булган шубыг орон доогуур нуусан. Орой 19 цагийн үед би Гэрэлт-Од руу утсаар яриад “Очир титэм буудалд ирчихлээ, хүрээд ир” гээд дуудсан. ...Намайг ирэхэд Гэрэлт-Од “Ийм шуба байна” гэхээр нь “өө тийм үү, хүн мартаад явчихсан юм болов уу” гэж хэлэхээр нь би Анарын гэрээс авсан гэж хэлээгүй. 2 хоногийн дараа Анарын гэрээс авсан монетон ээмэг, бөгж, гинж зэргийг хорооллын эцсийн И-мартад байдаг Начин заан нэртэй ломбарданд 770.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Мөнгөөрөө ломбарднаас утсаа аваад үлдэгдэл мөнгөөрөө Гэрэлт-Од, Анар тэр хэдтэй “эмээгээс авсан мөнгө” гээд үрээд дуусгасан. ...Өглөө нь босоод Анарын гэрт нөгөө булган шубыг аваад очсон. Гэрэлт-Од бид хоёр гэрт нь байж байхад Анарын эгч ирээд “та хоёр юун хүмүүс юм бэ” гэхээр нь “бид хоёр Анарын найзууд” гэж хэлсэн. Тэр эгч жижиг өрөө рүүгээ ороод гарч ирснээ “миний ээмэг, бөгжнүүд алга болсон байна, Анарыг хурдан дууд” гэхээр нь Анарыг дуудсан. Тэгээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-72-75/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-9/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-23/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-24/, “Начин заан” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-26/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-78/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-79/, хохирол төлсөн баримт /хх-85/, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-88, 89/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн “Хохирогчид хохирлын үлдэгдэл 30.000 төгрөг хүлээлгэн өгсөн” төлбөрийн баримтыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.М-Эрдэнэ нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байр, 106 тоотоос иргэн З.ы эзэмшлийн булган шуба, бэлэн 120.000 төгрөг, монетон хос ээмэг, монетон гинж, монетон бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бусдад 1.695.800 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч З.ы “...Гэртээ булган шуба авах гэж ирээд хайгаад олоогүй, үнэт эдлэлүүд болон 120.000 төгрөгийн хамт алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-34-37, 38-39/, “Дамно” ХХК-ийн СХ3-18-666 дугаар “Нийт хохирлын дүн 1.545.800 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-62-63/, иргэний нэхэмжлэгч Т.Солонгын “...М-Эрдэнэ монетон ээмэг 2 хос /4 ширхэг/, ээмэг 1 ширхэг, 1 ширхэг бөгжний хослол, ээмэг 2 ширхэг, ээмэг, гинж, кулон хослол /4 ширхэг/, монетон гинж, нийт 14 ширхэг монетон эдлэлийг 770.000 төгрөгийн барьцаанд 4 сарын хугацаатай гэрээ байгуулан тавьсан...” гэх мэдүүлэг /хх-30/, гэрч Б.Анарын “... эгч залгаад “би гэрт ирчихлээ, миний шуба алга байна” гээд ярьсан. ...Гэрэлт-Од, М хоёрыг “та хоёр буудлаас олсон шубаа гаргаад ир, харуул даа” гэсэн чинь М-Эрдэнэ гаргаж ирээд харуултал манай эгчийн шуба мөн байсан. Эгч шубаа таниад “миний шуба мөн байна” гэсэн. Кармаанаас нь Мийн иргэний үнэмлэхний лавлагаа гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-42-43/, гэрч Б.Гэрэлт-Одын “...М-Эрдэнэ нурууныхаа хойд талаас булган шуба гаргаж ирэхэд Анарын эгч “энэ миний булган шуба байна, яахаараа чи өмсдөг юм” гэж хэлээд уурлаад жижиг өрөө рүүгээ ороод нэг жижиг цэнхэр сав авч ирсэн. Тэгэхэд тэр дотор нь байсан үнэт эдлэлүүд нь бас алга болчихсан байна, хэн авсан бэ гээд уурлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-49-51/, шүүгдэгч Б.М-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...жижиг өрөө рүү ороод тавиур дээр байсан цэнхэр өнгийн төмөр саванд байсан монетон эдлэлүүдийг аваад цүнхэндээ хийсэн. ...жижиг өрөөний шкафан дотор байсан хар өнгийн булган шубыг аваад өөрийнхөө цүнхэнд хийсэн...” гэх мэдүүлэг /хх-73-74/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-9/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-23/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-24/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М-Эрдэнийн иргэн З.ы гэрт байхдаа түүний эд зүйлийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч З.д 1.695.800 төгрөгийн эд хөрөнгийн хохирол /хх-62-63/ учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн өгсөн “Эд зүйлсээ авсан. 150.000 төгрөгөөр нэхэмжилж байна. Энэ мөнгөө авсан тохиолдолд гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-38-39/ болон шүүгдэгч нь хохирогчид монетон эдлэлүүд болон булган шубыг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-23, 24/, хохирлын 150.000 төгрөгийг банкаар дамжуулан төлсөн баримт /хх-85, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримт/-уудыг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.М-Эрдэнэ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг нөхөн төлсөн байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд ял шийтгэлгүй, ажилгүй, эмээ, өвөөгийн хамт амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Шүүгдэгч Б.М-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өвчний учир ажил хийхгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү” гэж,

шүүгдэгч Б.М-Эрдэнэ “Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм болчимгүй үйлдэл гаргахгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 1.695.800 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар болон мөнгөн төлбөрөөр төлөгдсөн, хохирогч “гомдол саналгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй/-ыг болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгааг тус тус үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-Эрдэнэд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М-Эрдэнэ урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Шарнууд овогт Бат-Эрдэнийн М-Эрдэнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-Эрдэнэд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.М-Эрдэнэд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-Эрдэнэ тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М-Эрдэнэ урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР