| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0133/Э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2019-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 140
-
-
2019 01 28 140
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Ныг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808057310042 дугаар хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Хандсүрэнгийн Н /РД:ВГ82040110/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Х.Н нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хас Монгол гудамж, 1-1 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Л.Оийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Хүүхэд орилууллаа гээд би уурласан. Би өдөрт 30.000-40.000 төгрөг олдог. Одоо ажилгүй байгаа. 500.000 төгрөгийг 2-3 сарын хугацаанд төлөх боломжтой. Торгох ялыг зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 1808057310042 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Л.Оийн: “2018 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн орчим хамтран амьдрагч Н ажилдаа явахаар гэрээс гарсан. Яг тэр үед хүү Амгалан уйлсан. Тэгсэн Н эргэж орж ирээд “хүүхэд зодлоо” гээд гутлын хуванцар тавиур аваад над руу шидсэн, оноогүй. Ахиад хүүхдийн пүүзэн гутал аваад шидсэн нь миний толгойг оносон. Гутлыг буцаагаад шидсэн. Тэгсэн Н уурлаад модон сандал аваад шидсэн чинь миний зүүн мөр лүү оночихсон. Бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан чинь миний үснээс зулгаагаад удалгүй тавьсан. Тэр үед охин цагдаа дуудсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-35-37/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018.12.07-ны өдрийн 14328 дугаар актын дүгнэлтэд: “1.Л.Оийн биед тархи доргилт, зүүн чихний ар хэсэг, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.5.6. Дээрх гэмтэл нь 1 цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 7.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 8. Дээрх гэмтэл нь амь насанд авулгүй болно. 9.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-40/,
Шүүгдэгч Х.Нын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн үед ажилдаа гарсан. Тэгтэл О ард 2 настай хүү Амгаланг уйлуулаад байхаар нь эргэж ороод үүдэнд хаалганы хажууд байдаг хуванцар тавиурыг аваад О рүү шидсэн. Араас нь түшлэгтэй модон сандал аваад шидсэн. Улмаар энэ гэмтлүүдийг би учруулсан байна...” гэх мэдүүлэг /хх 51-55/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-20/, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-21-22/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-23-31/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-60/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-61/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-62/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-63/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-64/, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны тодорхойлолт /хх-66/, АСАП сангийн мэдээлэл /хх-70-71/, депозит дансны хуулга /хх-72-75/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.Н нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Хас Монгол” ХХК-ийн гудамж, 1-1 тоот гэртээ хамтран амьдрагч Л.Оийг зодож, биед тархи доргилт, зүүн чихний ар хэсэг, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Л.Оийн “...Н эргэж орж ирээд “хүүхэд зодлоо” гээд ...гутал аваад шидсэн нь миний толгойг оносон. ...Түшлэгтэй модон сандал аваад шидсэн чинь миний зүүн мөр лүү оночихсон. ...миний үснээс зулгаагаад удалгүй тавьсан...” гэх мэдүүлэг /хх-35-36/, шүүх эмнэлгийн 14328 дугаар “1.Л.Оийн биед тархи доргилт, зүүн чихний ар хэсэг, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 7.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх акт /хх-40/, шүүгдэгч Х.Нын яллагдагчаар өгсөн “...Хуванцар тавиурыг аваад О рүү шидсэн. Араас нь модон сандал аваад шидсэн...” гэх мэдүүлэг /хх 51-55/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-20/, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-21-22/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-23-31/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Нын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Л.Оийг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх гэмт хэргийн шинжтэй байх тул Х.Ныг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-35-36/, “Бид хоёр сайн дураараа эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх хүсэлт /хх-80/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Х.Нын бага насны 4 хүүхэдтэй, тэднийгээ тэжээн тэтгэдэг, Эмээлтэд ажил хийж орлого олдог гэх хувийн байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /гэр бүлийн таарамжгүй харьцаа/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлж тодорхой орлого олдог гэх, бага насны 4 хүүхэдтэй/-ыг тус тус харгалзан, түүнчлэн улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Х.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан шүүгдэгч Х.Ныг 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Н урьдчилсан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Хандсүрэнгийн Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ныг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.Н урьдчилсан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР