Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 148

 

 

 

 

 

-

-

     2019          01           29                                         148              

 

-                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808043191572 дугаар хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэл судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт \ суудаг гэх,

 урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 314 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Багшийнхан овогт Жигмидийн Б /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Бөөний бараа нэгдлийн 24 дүгээр байр, 21 тоотод оршин суух иргэн Д.Үын “Ай-Фоне-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна, гэмшиж байна. Биеийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж гуйж байна. Ганц хүүхэдтэй, түүнийгээ 5 дугаар сард гадаад явуулах тул хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1808043191572 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Үын: “2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр эмнэлэгт хамт хэвтэж байсан Б гэх хүнтэй танилцсан. Б надад “чиний нэр дээр би зар өгөөд хамтарч нэг ажил хийе” гэж хэлсэн. Бид хоёр манай гэрт 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр уулзсан. Б гэрт ирээд хамт архи уусан. Б манай гэрээс миний эзэмшлийн “Ай Фоне 6 плас” загварын гар утсыг аваад явсан. Тэр үед манай ээж Бямбажав миний утас руу залгахад би “Д.Үын гар утсыг андуураад аваад гараад ирсэн байна, удахгүй аваад очлоо” гэж хэлсэн байсан. Би тэр үед өөр дугаараас өөрийнхөө дугаар луу залгахад “би танай гэрт аваад очлоо” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэрт Б ирээд “чиний утас манай гэрт байгаа, хоёулаа хамт очиж авъя” гэж хэлэхэд нь би “тийм юм байхгүй цагдаад хандсан” гэхэд “би чиний утсыг аваагүй шүү” гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудаад Бг эрүүлжүүлэхэд хүргүүлсэн...

...Би Бд гар утсаа өгч явуулаагүй. Тухайн үед би Ж.Бг “дэлгүүр ороод архи аваад ир, дэлгүүрт очоод архи аваад над руу дэлгүүрийн худалдагчийн дансны дугаарыг явуулчих” гэж хэлсэн. Тэгээд Ж.Б очоод архи аваад над руу залгаад дэлгүүрийн худалдагчийн данс руу би интернет банк ашиглаж хэд хэдэн удаа ингэж дэлгүүрээс архи авсан. Би Бд гар утсаа ерөөсөө өгч явуулсан тохиолдол байхгүй. Гар утсыг минь ав гэж зөвшөөрөл ерөөсөө өгөөгүй. Миний утсыг надад мэдэгдэлгүйгээр нууцаар хулгайлаад гэрээс гараад явсан байсан. Гар утасныхаа хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-10-11, 72/,

Гэрч Б.Бямбажавын: “2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр охин Д.Үын 95633115 дугаар луу залгахад үл таних эрэгтэй хүн аваад “би танай охиныг ажилд оруулах гэж байгаа хүн байна, танай охины утсыг нь аваад гараад ирсэн байна, 30 минутын дараа гар утсыг нь хүргэж өгнө” гэж хэлсэн. Тэгээд би 30 минутын дараа залгахад “Хархорин захын ойролцоо явж байна, одоо очлоо утсыг нь хүргэж өглөө” гэж хэлсэн. Дахиад би холбоо бариагүй. Тэр үл таних эрэгтэй хүн надтай холбогдоод надад нэг дугаар өгсөн, тэр дугаар нь надад байхгүй. Охин цагдаад хандсан байсан...” гэх мэдүүлэг /хх-14-15/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018.10.01-ний өдрийн 296 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан: “Нийт хохирлын дүн нь 660.000 төгрөгөөр тогтоож байна” гэжээ /хх-29-31/,

Шүүгдэгч Ж.Б яллагдагчаар өгсөн: “2018 оны 7 дугаар сарын сүүлээр яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна, Наркологийн эмнэлэгт хэвтэж байхдаа Д.Ү гэдэг эмэгтэйтэй танилцсан. 2018 оны 9 дүгээр сарын эхэн үеэр Д.Ү миний гар утас руу залгаад “Хөх хот руу танаар утсаар яриулмаар байна, та манай гэрт хүрээд ирээч” гэж хэлсэн. Би Д.Үаар гэрийг нь заалгаж ирээд бид хоёр хамт 0,75 литрийн 2 шил архи уусан. Тэр өдөр бид хоёр хамт архи уугаад Хятад улс руу утсаар ярьж чадаагүй. Харин маргааш нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Д.Ү над руу дахин залгаад “гэрт хүрээд ир” гэхээр нь би очсон. Би Үын нөхөр гэх хятад хүн рүү ярьсны дараа бид хоёр хамт нэг шил архи уугаад дараа нь намайг Д.Ү “миний гар утсыг авч гараад дэлгүүрээс архи аваад мобайл банк ашиглаж мөнгийг нь шилжүүл” гэсэн. Тэгээд би дэлгүүрээс архи аваад Д.Үын гэрт очсон. Бид хоёр хамт авсан архи ууж дуусгаад, би согтоод Д.Үын гар утсыг аваад тэдний гэрээс гарч явсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Маргааш нь Ү “миний алга болсон гар утсыг гаргаж өг” гэж хэлсэн. Би өмнөх өдөр нь Д.Үын гэрт архи ууж дуусаад гар утсыг нь аваад явсан талаараа сайн санахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-63-66/,

Гэрч Ж.Отгонбаярын мэдүүлэг /хх-24-26/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-74-77/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирол төлсөн тухай баримт, хохирогчийн “Хохиролгүй, гомдолгүй болно” гэх хүсэлтийг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулжл бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Б согтуурсан үедээ 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Бөөний бараа нэгдлийн 24 дүгээр байр, 21 тоотоос иргэн Д.Үын эзэмшлийн “Iphone6 Plus” маркийн гар утсыг хулгайлж, 650.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Үын “...Б манай гэрээс миний эзэмшлийн “Ай Фоне 6 плас” загварын гар утсыг минь аваад явсан. Залгахад “Д.Үын гар утсыг андуураад аваад гараад ирсэн байна, удахгүй аваад очлоо” гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-10-12, 72/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 296 дугаар хөрөнгийн үнэлгээний “Нийт хохирлын дүн нь 660.000 төгрөгөөр тогтоож байна” гэх тайлан /хх-29-31/, гэрч Б.Бямбажавын  “...Д.Үын дугаар луу залгахад үл таних эрэгтэй хүн утсыг нь аваад “танай охины утсыг аваад гараад ирсэн байна, 30 минутын дараа гар утсыг нь хүргэж өгнө...” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-14-15/, шүүгдэгч Ж.Бгийн яллагдагчаар өгсөн “...Д.Үын гар утсыг аваад тэдний гэрээс гарч явсан...” гэх мэдүүлэг /хх-63-66/ зэрэг хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Бгийн хохирогч Д.Үын гэрт байхдаа түүний эзэмшлийн “Iphone 6 Plus” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул Ж.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Үад 660.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Ж.Б хохирол барагдуулсан тул хохиролгүй, гомдолгүй” гэх хүсэлт, банкны орлогын мэдүүлэг /шүүх хуралдаанд гаргаж өгсөн/ зэргийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогч, шүүгдэгч нар нь согтуурсан байсан нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 660.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Хохиролгүй, гомдол саналгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүүхдийн хамт амьдардаг/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагыг үндэслэлтэй гэж дүгнэн шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүгдэгч Ж.Бгийн 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 3 /гурав/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 24 цагийг эдлэх ялаас хасах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Багшийнхан овогт Жигмидийн Бг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бг 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Бгийн урьдчилан хоригдсон 3 /гурав/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүний эдлэх ялаас 24 /хорин дөрөв/ цагийн ажлыг хасаж тооцсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ж.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР