| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0112/Э |
| Дугаар | 149 |
| Огноо | 2019-01-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 149
-
-
-
2019 01 29 149
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Р.Очирсүрэн,
хохирогч Ч.Ц,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808055301623 дугаар хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Car wash” авто угаалгын газар угаагч ажилтай, ам бүл 4, ах, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Өрд овогт Дамдинпэрлийн Г /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Д.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 14-426 тоотод иргэн Ч.Цын “Iphone-6 plus” маркийн гар утас хулгайлж, 348.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бүх зүйл үнэн болохоор мэдүүлэг өгөхгүй. 2 шил архи, 2 пиво уусан. Дэрэн доороос нь утсыг авсан. Авч яваад гээгдүүлсэн. Ийм үйлдэл хийсэндээ их харамсаж байна. Хохирогчоос уучлалт гуйя” гэв.
Хохирогч Ч.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Г бид хоёр фэйсбүүкээр танилцсан. Тэр өдөр манайд ирээд архи уусан. Г хажуугаар хэвтэж байгаад босоод явсан. Өглөө нь утсаа алга болсон талаар мэдсэн. Миний утсыг авчихаад, өгчих гэтэл фэйсбүүк дээр блок хийчихсэн. Надаас уучлалт гуйсан” гэв.
Эрүүгийн 1808055301623 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ч.Цын: “2018 оны 11 дүгээр сарын 23-нд гэртээ танил эгч Мөнхчимэгтэй хамт байсан. Танил Г “над руу чатаар яваад очих уу” гэхэд би зөвшөөрөөд дуудсан. Хэсэг хугацааны дараа Г нэг залуутай хамт 0,5 литр архи, 1 литр пивотой манайд ирсэн. Бид хэд архи болон пивийг уусан. Ууж дуусахад би нилээн согтсон байсан ба өөрийнхөө орон дээр хэвтсэн. Тэр үед би Мөнхчимэг эгчээр өөрийнхөө “Айфоне 6 плас” гар утсаа ширээн дээрээс авахуулаад дэрэн доороо хийгээд хэвтэж байхад... Тухайн үед хажууд хэвтэж байсан Гыг найз нь дуудаад тэр хоёр хоорондоо шивнэлдэж ярьж байгаад буцаад над дээр ирээд “би найзыгаа аваад явлаа” гээд Г найзыгаа аваад яваад өгсөн. Гыг явсны дараа гэрийнхээ хаалгыг түгжээд унтаад өгсөн. Өглөө 08 цагийн үед Мөнхчимэг эгч над дээр ирээд “босоорой, хаалгаа түгжээрэй, би ажилдаа явлаа” гэхэд нь би босоод хаалгаа түгжээд буцаад орон дээрээ ирээд дэрнийхээ доор утсаа үзэхэд байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-6-7/,
“Дамно” ХХК-ийн 2018.12.11-ний өдрийн СХ3-18-657 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 348.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /хх-14-15/,
Шүүгдэгч Д.Гын яллагдагчаар өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ...Ц гэх танидаг охин над руу чатаар “манай гэрт хүрээд ир, өнөөдөр уулзъя” гэхээр нь би “найзтайгаа очиж болох юм уу” гэхэд “болно, хүрээд ир” гэж хэлсэн. Би найз Ганбаяртай дэлгүүр ороод нэг том пиво, 0,75 литр архи, 1 ундаа аваад Цынд очсон. Ороход манай нутгийн танил эгч Мөнхчимэг сууж байсан. Бид 3 архи пиво ууж дуусаад байж байхад Ц ахиж нэг шил архи гаргаад ирсэн. Тэр үед бид нар нилээн согтоод унтахаар болсон. Би Цын хажуугаар орж хэвтэж байгаад гар утсыг нь дэрэн доороос аваад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-43-44/,
шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-26/, “Car wash” авто угаалгын газрын тодорхойлолт /хх-28/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-29/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-30/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-32-40/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирол төлсөн тухай баримтыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 14-426 тоотод иргэн Ч.Цын гэрт байхдаа түүний “Iphone6 plus” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 348.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ч.Цын “...Дэрнийхээ доор утсаа үзэхэд байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-6-7/, “Дамно” ХХК-ийн СХ3-18-657 дугаар хөрөнгийн үнэлгээний “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 348.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх-14-15/, шүүгдэгч Д.Гын яллагдагчаар өгсөн “...би Цын хажуугаар орж хэвтэж байгаад гар утсыг нь дэрэн доороос аваад гэрээс нь гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-43-44/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Гын Ч.Цын гэрт байхдаа дэрэн доороос нь 348.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Цад 348.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Д.Гаас хохирлоо бүрэн гүйцэд авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримт/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Бусдад төлөх төлбөргүйг харгалзан Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн асуудлаар маргахгүй. Шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогч, шүүгдэгч нар согтуурсан байсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 348.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирогч “Хохирлоо авсан, гомдол саналгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /ажил, хөдөлмөр эрхэлж орлого олдог, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзэн шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Гын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 7 /долоо/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 56 цагийн ажлыг эдлэх ялаас хасах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Өрд овогт Дамдинпэрлийн Гыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Гын урьдчилан хоригдсон 7 /долоо/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүний эдлэх ялаас 56 /тавин зургаа/ цагийг хасаж тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР