| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0142/Э |
| Дугаар | 154 |
| Огноо | 2019-01-31 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Чинбилиг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 154
-
-
2019 01 31 154
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Б.Чинбилиг,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708009210936 дугаар хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, хүргэн ах, дүү нарын хамт оршин суух,
урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3-р шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 3/59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 5 хоногийн хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, Боржигон овогт Ганцогтын Г /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Г.Г нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Драгон” худалдааны төвийн гадна талын авто зогсоол дээр байхдаа танил болох Г.Гийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Г.Гийн “Самсунг С6 Эдж” маркийн гар утсыг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Үйлдэл дээр маргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1708009210936 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Г.Гийн: “Би 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “Драгон” төв дээр АТМ-аас мөнгө авах гээд 10 цаг 40 минутын үед зогсож байтал танил Гтой тааралдахад “утсаар чинь ганц яръя” гэж хэлсэн. Би утсаа өгсөн чинь Г миний утсаар яриад хажууд зогсож байснаа “найз нь ундаа аваад ирье” гээд тэр чигтээ алга болсон. Тэрүүгээр Гийг хайж байгаад өөрийнхөө утас руу залгасан чинь миний гар утас холбогдох боломжгүй болчихсон байсан. ...Уг нь газар унагаад хагалсан бол, ядаж үнэн учраа хэлсэн бол болох л байсан. Тэгэж хэлээгүй алга болсон. Хохирлоо барагдуулсан тохиолдолд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-29-32, 34-35/,
“Дамно” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн СХ3-31 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 384,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /хх-41-42/,
Шүүгдэгч Г.Гийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 8 дугаар сарын дундуур санагдаж байна. Нэг орой 23 цаг өнгөрч байхад урьд үерхдэг байсан Г гэж охин над руу залгаад “хаана байгаа юм бэ, найз нь хөдөөнөөс Драгон дээр хүүхэдтэй, бас бага зэргийн ачаатай ирж байна, хүрч ирээд тосоод авчихаач” гэхээр нь би “очлоо” гэж хэлсэн. Би Гийг тосож авсан чинь “найзыгаа буудалд оруулаад өгөөч, ханьтай хамт хоночихооч” гэхээр нь 5 шарын цаана байдаг “555” нэртэй зочид буудалд өрөө авч хоносон. Өглөө сэрээд Драгоны авто вокзал руу очоод ...Г “АТМ-аас мөнгө авна” гэсэн. Тэр хооронд нь би “ундаа авчихаад ирье” гээд явсан. Тухайн үед Гийн утас нь надад байсан болохоор Гийн утсаар нь Дүүрээ гэж найз руугаа залгаад яриад явж байтал утсыг нь газар унагаагаад дэлгэцийг хагалчихсан. Тэгээд утсыг нь хагалчихсан болохоор буцааж аваачиж өгөхөөс санаа зовоод тэр чигтээ явчихсан. Тэрнээс хойш Гтэй ярихаас айгаад яриагүй байж байгаад 3 сарын дараа Гтэй холбогдоод “найз нь утасны чинь хохирлыг барагдуулна, санаа зоволтгүй шүү” гэсэн чинь Г “тэгээрэй хө” гээд хэлж байсан. Тэгээд надад мөнгө төгрөгийн боломж олдохгүй байсаар байгаад өдийг хүрчихлээ...” гэх мэдүүлэг /хх-51-53, 144/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-13/, Г.Гийн өргөдөл /хх-14/, эрэн сурвалжлалт зарласан баримтууд /хх-20-24/, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-26-28/, гэрч О.Товдэ-н мэдүүлэг /хх-36/, гэрч Ч.Чинбатын мэдүүлэг /хх-39/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-48/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/, тээврийн хэрэгсэлгүй гэх лавлагаа /хх-61/, банкны тодорхойлолтууд /хх-70, 72, 73/, “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /хх-79, 81/, эрэн сурвалжлах ажиллагаа явуулсантай холбоотой баримтууд /хх-90, 97, 98, 99, 106, 107-116, 120-126, 127-130, 136, 137, 139/, АСАП сангийн мэдээлэл /хх-148-150/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирол төлсөн баримтыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Г нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” худалдааны төвийн орчим танил болох Г.Гийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний “Samsung S6 Edge” маркийн гар утсыг шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Г.Гийн “...Г миний утсаар яриад хажууд зогсож байснаа “найз нь ундаа аваад ирье” гээд тэр чигтээ алга болсон...” гэх мэдүүлэг /хх-31-32, 34-35/, “Дамно” ХХК-ийн СХ3-31 дүгээр хөрөнгийн үнэлгээний “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 384,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх-41-42/, хохирогч Г.Гийн өргөдөл /хх-14/ зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Гийн танил Г.Гийг “ундаа аваад ирье” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний 384.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг өөрт шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй байх тул Г.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Гийн эд хөрөнгөд 384.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн банкны орлогын мэдүүлгээр “хохирогчид 384.000 төгрөг төлсөн” болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.Г нь бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Шүүгдэгчийн хувийн байдал, төлөх төлбөргүй, хэрэгт хандаж байгаа хандлагыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу дээр маргахгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар учруулсан хохирлоо төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчиид 384.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, нөхөн төлөгдсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байсан, энэ төрлийн хэрэгт удаа дараа холбогдсон/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тус тус үндэслэлгүй байна гэж дүгнэн шүүгдэгч Г.Гт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Шүүгдэгч Г.Гийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 192 цагийг эдлэх ялаас хасахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ганцогтын Гийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 520 /таван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Гийн урьдчилан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүний эдлэх ялаас 192 /нэг зуун ерэн хоёр/ цагийн ажлыг хасаж тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР