Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00424

 

 

 

 

 

 

 

 

     2024         03            01                                    210/МА2024/00424

 

 

Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/04238 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Н-т холбогдох,

Төрд учирсан хохиролд 9,677,052 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Н.Н- нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б280 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Х.П-ийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Улмаар Х.П- дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд хандсанаар Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарч, Дээд шүүхийн тогтоолоор Х.П-ийг Баян-Өлгий аймгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, сайдын гаргасан тушаалыг хүчингүй болгож, тухайн үед ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хууль зүйн дотоод хэргийн яамны сайдын хөрөнгө хуваарилах тушаалын дагуу эхнийх нь 5,273,647 төгрөгийг гаргасан. Дахин Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсний дагуу 182/ШШ2018/2102164 дугаар шүүхийн шийдвэр гарч, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсний дагуу Хууль зүй дотоод хэргийн яамны 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хөрөнгө хуваарилах 80 дугаар тушаалаар 4,403,405 төгрөг, нийт 9,677,052 төгрөгийг улсын төсвөөс буюу Хууль зүй дотоод хэргийн сайдын багцаас хөрөнгө хуваарилах тушаалын дагуу тус тус Х.П-д олгогдсон. Энэ талаар нотлох баримтыг цуглуулж, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэл гаргасан. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Төрийн албаны тухай хууль 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Иймд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн дагуу хөөн хэлэлцэх хугацааны шаардах эрх нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж байгаа. Хариуцагч нь Х.П-ийг албан тушаалаас нь чөлөөлөөгүй байсан бол төрд хохирол учрахгүй байсан гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар дээрх хохирлыг нэхэмжилсэн. Гэтэл хуулийн зохицуулалтын хүрээнд гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, илт болгоомжгүй, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, үйлдэл, эс үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм буруу учирсан эсэхийг бодитоор тогтоох, улмаар гэм бурууг учруулагч этгээд, учирсан гэм буруугийн шалтгаант холбоог шаарддаг. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасны дагуу төрийн албан хаагч гэдэг нь төрийн албан тушаалын эрхэлж байгаа, эрх үүргээ хэрэгжүүлэхийн төлөө төрөөс цалин хөлс авч ажиллаж байгаа, баталгаагаар хангагдан, ажиллаж байгаа этгээдийг хэлдэг. Гэтэл хариуцагчийн хувьд Монгол Улсын Их хурлын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 55 дугаар Засгийн газрыг огцруулах тухай тогтоолын 2 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулсантай холбогдуулан түүний тэргүүлсэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд үүрэгт ажлаасаа 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр чөлөөлөгдсөн. Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хөрөнгө хуваарилах тухай А277 дугаар тушаалаар Х.П-д 5,273,647 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. Гэтэл 3 шатны шүүхийн шийдвэр гарсан атал эрх бүхий албан тушаалтан нь цаг тухайд нь биелүүлээгүйн улмаас тухайн маргаан үргэлжилсэн. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарч, тухайн ажилтны цалин хөлсний маргаан үргэлжилсэн. Цаг хугацааны хувьд бол 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны 4,397,905 төгрөгийг нэхэмжилсэн. Иймд хариуцагчийн хувьд үүнийг хариуцах хууль зүйн хувьд үндэслэлгүй. Учир нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүрэгтэй. Түүнчлэн, Иргэний хуулийн хууль 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 497.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцлага хүлээх этгээд хэн байсан бэ гэдгийг цаг хугацааны хувьд анхаарах нь зүйтэй. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар төрд учруулсан хохирлыг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Тухайн цаг хугацааны хувьд авч үзэхэд шүүхийн тогтоол, шийдвэрийн хүрээнд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Н-аас төрд учирсан хохиролд 9,677,052 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байгаа бөгөөд ажлаас хууль бусаар чөлөөлсөн шийдвэр гаргасан этгээд нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Н- юм.

Захиргааны болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсноор Х.П-д ажилгүй байсан хугацааны олговрыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар төсвийн хөрөнгөнөөс шилжүүлсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог, мөн уг асуудлыг хүлээн зөвшөөрдөг болно.

4.б. Төрийн албаны тухай хүчингүй болсон, хууль болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа /2002 болон 2017 оны/ хуульд Т- төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан.

Т- Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн төрд учирсан хохирол 9,677,052 төгрөгийг Н.Н-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” N271 дугаар тушаалаар 5,273,647 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Х.П-ийн ажилгүй байсан хугацааны цалинг олгосон.

Т- нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийг хэрэгжүүлэн ажиллах хүрээнд төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсантай холбоотой шүүхийн шийдвэрүүд болон судалгааг гарган бүртгэл хөтлөх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тус тус баримт татан, цугларсан баримтыг бүртгэн төрд хохирол учирсныг мэдсэн даруйдаа буюу 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 04/1819 дугаар албан бичгээр төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдлийг иргэн Н.Н-т хүргүүлж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүнчлэн, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан тодорхой зохицуулалт хуульчлагдаагүй болно. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж заасныг баримтална.

4.в. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/02164 дугаар шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Хөрөнгө хуваарилах тухай” А/80 дугаар тушаалаар 4,403,405 төгрөгийг Х.П-д олгосныг хариуцагч Н.Н-аас шаардсан нь үндэслэлгүй талаар хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг төр хариуцан арилгана гэж ойлгоно.

Зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг гэж дүгнэсэн атлаа Н.Н- сайдын 2016 оны Б/280 дугаар тушаалыг Захиргааны хэргийн шүүх бүхэлд нь хүчингүй болгож дүгнэсэн нь түүний гаргасан тушаал хууль бус болохыг тогтоосон бөгөөд өөрийн гаргасан тушаал шийдвэрийн эрх зүйн үр дагавраа хариуцах үүрэгтэй тул түүнийг гэм буруутай гэж үзэхээр байна.

Түүнчлэн, Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу гэм хор учруулагч учирсан гэм хорын хооронд үр дагавар, шалтгаант холбоо тогтоогдож байх тул төрд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь гомдолдоо Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу гэм хор учруулагч, учруулсан хохирлын хооронд үр дагавар, шалтгаант холбоог тогтоосон гэх атлаа хохирлыг нөхөн төлүүлэхээр зохицуулсан тодорхой зохицуулалт хуульчлагдаагүй, хөөн хэлэлцэх хугацааны асуудал ерөнхий 10 жилийн хугацаатай байна гэж тайлбарладаг. Гэтэл Захиргааны Ерөнхий хуульд заасан гэм хор учруулсан гэж тодорхойлсон атлаа хөөн хэлэлцэх хугацааг ингэж тодорхойлсон нь бодит байдалд нийцэхгүй байна. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хөөн хэлэлцэх хугацааг 5 жил гэж тодорхойлсны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Т- нь хариуцагч Н.Н-т холбогдуулан төрд учирсан хохиролд 9,677,052 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Т- нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу үнэлж, үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

3.1. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/280 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.П-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Уг тушаалыг эс зөвшөөрч Х.П- нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

3.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/280 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, Х.П-ийг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 5,203,447 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.П-д олгож шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0450 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 307 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /хх12-42/

 

3.3. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 4,403,405 төгрөгийг гаргуулан Х.П-д олгож шийдвэрлэсэн. /хх43-48/

 

Дээрх үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарна гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

3.4. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/302 дугаар “Хөрөнгө хуваарилах тухай” тушаалаар Х.П-д 5,273,647 төгрөгийн, мөн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар тушаалаар 4,403,405 төгрөгийг тус тус олгосон байна. /хх114-118, 87-95/

 

4. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил гэж заасныг хэрэглэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэл бүхий болжээ.

 

Учир нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тогтоол гарсан өдрөөс нэхэмжлэгчийн шаардах эрх гэж үзэх бөгөөд уг өдрөөс тоолбол 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Гэтэл нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаар шийдвэр гарсан хугацаанаас хойш Х.П-ийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргаагүй үйл баримтад 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/280 дугаар тогтоолоор сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн Н.Н-ын гэм буруу, шалтгаант холбоо байхгүй гэсэн үндэслэлээр уг хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 4,317,905 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай зохигчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/04238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД

 

                                                       ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ