Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 312

 

  

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 08 дугаар

сарын 26-ны өдөр                               Дугаар 312                                        Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол 2-р байрны 56 тоотод оршин суух, /РД:ЦЖ51031595, утасны дугаар 99831516/, Хэрээд овогт Цэгмидийн Дамдиндоржийн хүсэлттэй

  “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цолмон оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Хэрээд овогт Цэгмидийн Дамдиндорж нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1992-1994 онд “Эрдэнэ” ББХКомпанид дэд захиралын алба хашиж байсан. Энэ компани нь зах зээлийн үед татан буугдсан бөгөөд компаний санхүүгийн болон холбогдох бичиг баримтууд устаж үгүй болсон тул миний ажиллаж байсныг гэрчлэх нотлох баримт огт олдохгүй байна. Энэ компанитай холбоотой бичиг баримтыг олох гэж 2013 оноос хойш хөөцөлдсөн боловч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс “Эрдэнэ” ББХКомпани нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэх албан бичгээс өөр баримт олдохгүй байгаа учир тухайн үед надтай хамт ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр байцаалган намайг 1992 оны 08 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Эрдэнэ” ББХКомпаний дэд захирлаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Ц.Дамдиндорж нь Улаанбаатар хотод оршин суудаг, өвчтэй  хүн асардаг тул намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хэрээд овогт Цэгмидийн Дамдиндорж нь 1992 оны 08 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байрлан үйл ажиллагаагаа явуулж байсан “Эрдэнэ” ББХКомпаний дэд захирлаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хүсэлт гаргагч Ц.Дамдиндорж нь Улаанбаатар хотод оршин суудаг, өвчтэй  хүн асардаг учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул намайг оролцуулахгүйгээр хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Хэрээд овогт Цэгмидийн Дамдиндорж нь 1992 оны 08 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байрлан үйл ажиллагаагаа явуулж байсан “Эрдэнэ” ББХКомпаний дэд захирлаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2/228 тоот тодорхойлолт, 1993 онд “Эрдэнэ” ББХКомпаний захирал Бадрахтай хамт авхуулсан фото зураг, 

 

-гэрч Буянт овогт Гомбосүрэнгийн Лхагвасүрэн /РД:ЛЮ54091719/-ийн; Ц.Дамдиндорж бид хоёр 1992 онд “Эрдэнэ” ББХКомпанид цуг ажилд орсон. Энэ үеэс  Ц.Дамдиндоржийг таньдаг болсон. Ц.Дамдиндорж нь 1992 оноос “Эрдэнэ” ББХКомпанид орлогч захирлаар, би жолоочоор ажиллаж байсан. Ц.Дамдиндорж нь 1994 оныг дуустал ажилласан. “Эрдэнэ” ББХКомпани нь анх хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх байгуулагдаж байсан боловч хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй гэх мэдүүлэг,

 

         -гэрч Харагчин овогт Манкаагийн Цэндхүү /РД: ЛЮ55092063/-ийн; 1992 онд “Эрдэнэ” ББХКомпани байгуулагдахад Дамдиндорж орлогч захирлаар, би нягтлан бодогчоор нь ажиллаж байсан. Энэ үеэс л Ц.Дамдиндоржийг таньдаг болсон. Ц.Дамдиндорж нь 1992 оны намар 08 сард “Эрдэнэ” ББХКомпаний орлогч захирлаар ажилд орж байсан. “Эрдэнэ” ББХКомпани нь хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх байгуулагдсан. Одоо аймгийн захиргаа байгаагийн баруун талд хуучин спорт хорооны дутуу баригдсан барилгыг худалдаж авч барилгыг дуусгахаар ажиллаж байсан. Барилгаа барьж дуусгахын тулд худалдаа наймаа хийж олсон мөнгөөрөө барилгын засвар хийж, хүнсний зориулалтай тоног төхөөрөмж худалдаж авч байсан. Ц.Дамдиндорж, Бадрах бид нар Хятадын Эрээн хот руу малын түүхий эд, арьс шир, ноос ноолуур авч явдаг байсан. Ц.Дамдиндорж нь “Эрдэнэ” ББХКомпанид 1994 оныг дуустал ажиллаж байсан  гэх мэдүүлэг,

 

         -гэрч Хатгин овогт Содномын Нармандах /РД:ЛЮ54081523/-ын;Ц.Дамдиндорж нь цэргийн ангид ажиллаж байсан.  Манай өвгөн Бадрахыг 1992 онд “Эрдэнэ” ББХКомпанийг байгуулахад энэ компанид орлогч захирлаар нь ажиллах болсон. Тэр үеэс л Дамдиндоржийг таньдаг болсон. Энэ компанийг үүсгэн байгуулагдаж эхлэхээс 1994 оныг дуустал ажилласан. Энэ компани хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Одоо “Жанжин тулга” гэдэг нэртэй үйл ажиллагаа явуулж байгаа байр нь “Эрдэнэ” ББХКомпаний барилга байсан гэх мэдүүлгүүд зэргээр тус тус нотлогдож байна.

 

Иймд Ц.Дамдиндоржийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хүсэлт гаргагч Ц.Дамдиндоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хэрээд овогт Цэгмидийн Дамдиндорж нь 1992 оны 8-р сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд үйл ажиллагаагаа явуулж байсан “Эрдэнэ” ББХКомпаний орлогч захирлаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Дамдиндоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ЭРДЭНЭЗУУ