| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0154/Э |
| Дугаар | 169 |
| Огноо | 2019-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 169
-
-
2019 02 02 169
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Р.Очирсүрэн,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908000330128 дугаар хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жи Ар Монголия” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Сартуул овогт Гансүхийн Б /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Г.Б нь 2018 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 02-03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 01-02 тоотод байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Б.Ждоржийн бүсэлхийн тус газар хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Гэмшиж байна. Торгох ялыг зөвшөөрч байна. 3 сарын хугацаанд төлж барагуулна” гэв.
Эрүүгийн 1908000330128 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Ждоржийн: “...Г.Б гэх залуутай хамтран амьдраад 7 жил болж байна. 2018 оны 12 дугаар сарын 20-нд нөхөртэйгээ муудалцаад гэрээсээ гараад найзуудтайгаа уулзаж байгаад шөнийн 02 цаг 40 минутын үед гэрт ирсэн. Гадаа хаалгыг нүдээд зогсож байтал хаалга гэнэт онгойлгоод Б гараараа зангах шиг болсон баруун талын ташаа халуун дүүгээд гараараа бариад үзэхэд гар цус болсон. Би доошоо гүйгээд гараашийн галч ах Батбилэг дээр очоод “Б намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Галч ах дээшээ гүйгээд Бг тайвшруулж байгаад цагдаа, түргэн дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд Бг аваад явсан. ...Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-14-15/,
Гэрч М.Бадамсүрэнгийн: “...Б дэлгүүр гарч 0,5 литрийн архи авчраад ганцаараа уусан. Унтаж байхад Б ах надад “манай эхнэрийг дуудаад өгөөч” гэхээр нь би утсаараа эгч рүү “ирж байна уу” гэж асуухад “автобусны буудал дээр бууж байна” гэсэн. Удалгүй гэрийн хаалга нүдсэн. Тэр үед Б хутга аваад “чи муу ирж байна уу” гээд гэрийн хаалга өшиглөөд хутгаараа хаалганы дуран эвдэлсэн. Хаалга нээгээд эгчийг хутгалсан. Тэр үед нь би орноос босоод хутгыг аваад хөлдөөгчийн араар хийсэн...” гэх мэдүүлэг /хх-19-20/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.12.25-ны өдрийн 469 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Ждорж-н биед бүсэлхий нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-29/,
Шүүгдэгч Г.Бгийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хамтран амьдрагч Ждоржтой байсан. 18 цагийн үед дансанд цалин болох 683.000 мянган төгрөг орохоор нь “энэ мөнгөөрөө цалингийн зээлээ төлөөд, ээжийгээ эмнэлэгт хэвтүүлнэ” гэж Ждоржид хэлсэн. Ждорж уурлаад “чи ээждээ мөнгөө зарцууллаа” гэхээр нь “хайраа тайвшир” гэж хэлээд нээх маргалдаагүй гараад дэлгүүр ороод тамхи авчихаад ирсэн. Гэтэл Ждорж уурлаад гадуур хувцсаа өмсөөд гарах гэж байсан. Би “хаачих гэж байгаа юм бэ” гэхэд “гарлаа” гэсэн. Гараад явахаар нь дэлгүүр ороод 0,5 литрийн архи аваад гэртээ орсон. Архиа ганцаараа уусан. Согтохоосоо өмнө Ждорж руу залгаад “хаана явна” гэж асуухад “би уулздаг залуутайгаа уулзаж байна, чамд хамаагүй” гэж хэлсэн. ...Шөнийн 04 цагийн үед хаалга цохиход сэрээд хаалга онгойлготол Ждорж байсан. Уурлаад хардаад гэрийн хоолны шкафанд байсан бор иштэй хутгаа аваад зүүн гараараа бариад ташаа хавьцаа нь дүрсэн. Ждорж урт зузаан куртиктэй байсан. Хутга нэвтэрч орсон үгүйг мэдэхгүй байна. Нилээн бухимдсан байсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг саатуулах байранд хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-62-63/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-8/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-10/, гэрч Ж.Адилбишийн мэдүүлэг /хх-27/, шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-28/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-30/, шинжээчийн 2019 оны 235 дугаар дүгнэлт /хх-33/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-36-40/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-43-45/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-69/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-70/, дансны хуулга /хх-71/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-73/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-74/, “Жи Си Ар Монголиа” ХХК-ийн тодорхойлолт /хх-83/, хохирогчийн хүсэлт /хх-75/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж,
эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй, 18.5см урт, ажлын хэсэг нь 8.5см урт хутгыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Б согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 02-03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 01-02 тоотод байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Б.Ждоржийн бүсэлхийн тус газар хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Ждоржийн “...Б гараараа зангах шиг болсон баруун талын ташаа халуун дүүгээд гараараа бариад үзэхэд гар цус болсон...” гэх мэдүүлэг /хх-14-15/, гэрч М.Бадамсүрэнгийн “...Б ганцаараа архи уусан. ...Хутга аваад “чи муу ирж байна уу” гээд эгчийг хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-19-20/, шүүх эмнэлгийн 469 дүгээр “1.Б.Ждорж-н биед бүсэлхий нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-29/, шүүгдэгч Г.Бгийн яллагдагчаар өгсөн “...Уурлаад хардаад гэрийн хоолны шкафанд байсан бор иштэй хутгаа аваад зүүн гараараа бариад ташаа хавьцаа нь дүрсэн...” гэх мэдүүлэг /хх-62-63/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Бгийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Ждоржийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Г.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ждоржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-14-15/, “...ямар нэг гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-75/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.Б бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэхдээ согтуу байсан, хутга ашигласан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Торгох ялыг зөвшөөрч байна. 3 сарын хугацаанд төлж барагдуулна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хутга хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохироогүй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан шүүгдэгч Г.Бг 1.400.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хар иштэй, 18.5см урт, ажлын хэсэг нь 8.5см урт хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Насанжаргал урьдчилсан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт Гансүхийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй, 18.5см урт, ажлын хэсэг нь 8.5см урт хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б урьдчилсан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР