Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00423

 

 

 

 

 

 

 

 

 

     2024        03            01                                    210/МА2024/00423

 

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/04749 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Г ХХКК-д холбогдох,

Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, 68,505,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь Р ХК-д хуульчийн албан тушаалыг эрхэлдэг. В ХХК нь ВК ХХК-д 130,040,000 төгрөгийг төлж барагдуулах тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2740 дугаар шүүгчийн захирамж гараад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлбөр төлөгч талууд эвлэрч В ХХК-аас төлбөрийн авлагадаа Г ХХКК-аас орон сууц авах, тухайн компанитай захиалгын гэрээ хийж шилжүүлэн авахаар тохиролцсон. Г ХХКК-аас Р ХК нь төлбөрийн авлагадаа хоёр орон сууц авахаар болж, нэг орон сууцыг өгсөн. Энэ дээр талууд маргадаггүй. Үлдэх нэг орон сууцны хувьд талууд маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Г ХХКК-тай орон сууц захилгын гэрээг Р ХК-ийн ажилтан Н.Б- нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02/024 тоот орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Тухайн гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Б блок, 2 дугаар орц, 10 давхарт байрлах 2 өрөө орон сууцыг 68,505,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Талууд гэрээний нэмэлт нөхцөл дээр энэ орон сууц нь 100 хувь бартераар борлуулагдсан төлбөрийн үлдэгдэлгүй гэдэг зохицуулалтыг тусгасан. Гэрээний 3.2-т 2020 оны 04 дүгээр улиралд ашиглалтад оруулж түлхүүрийг нь хүлээлгэж өгнө гэж тохиролцсон боловч орон сууцыг одоо хүртэл хүлээлгэж өгөөгүй. Хариуцагч тайлбарлахдаа В ХХК-аас бетон зуурмаг аваад, бетон зуурмагийн төлбөрт нь орон сууц өгнө гэж тохиролцсон боловч бетон зуурмагаа нийлүүлээгүй учраас танайд уг орон сууцыг шилжүүлэх боломжгүй гэж тайлбарладаг. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний 7.3-т энэ байр нь ВК ХХК-ийн бартерын орон сууц бөгөөд төлбөр тооцоотой асуудлыг ВК ХХК нь бүрэн хариуцна гэж заасан. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан өр шилжих тухай заалтад хамаарч байгаа. Учир нь Г ХХКК нь В ХХК-ийн Р ХК-д шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой өр төлбөрийг орон сууц хэлбэрээр үүрэг гүйцэтгэхээр тохиролцсон гэж үзэж байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах болон алданги гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч тухайн маргаан бүхий орон сууц нь хоёр, гурван этгээдэд өмчлөл нь шилжээд банкны барьцаанд байгаа гэдэг баримт ирсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хохирлоо шаардахаар өөрчилсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний үнэ болох 68,505,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний 6.1-д захиалагч гэрээний төлбөрийг гэрээ болон гэрээний хавсралтад заасан нөхцөл хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хоногт тутамд төлөөгүй нийт үнийн дүнгийн 0,33 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож гүйцэтгэгчид төлнө гэж заасан. Гэтэл Р ХК нь ямар ч төлбөр төлөөгүй. Г ХХКК нь ВК ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Гэрээний 6.3-т захиалагч гэрээний төлбөрийг графикт хугацаанд төлөөгүй, үүргийн зөрчсөн хугацаа 45 хоногоос дээш хэтэрвэл гүйцэтгэгчид саад учирсан гэж үзэж гүйцэтгэгч гэрээг нэг талын санаачилгаар цуцална. Захиалгын гэрээг байгуулснаас хойш сар тутамд гэрээний үнийн дүнгээс 3 хувиар тооцож, захиалагчид торгууль төлнө гэж заасан. Мөн гэрээний 7.3-т уг байр нь ВК ХХК-ийн бартерын байр бөгөөд төлбөр тооцоотой холбоотой асуудлыг ВК ХХК нь бүрэн хариуцна гэж заасан. Гэтэл Г ХХКК-аас орон сууцыг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Мөн ВК ХХК нь бетон зуурмагаа нийлүүлсэн эсэхийг яаж тодорхойлоод манай компаниас мөнгө нэхэмжилснийг ойлгохгүй байна. Иймд хариуцагч нь Г ХХКК биш, харин ВК ХХК нь хариуцагч юм гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г ХХКК-д холбогдох, 68,505,000 төгрөг гаргуулах тухай Н.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад талууд эвлэрч, В ХХК-аас төлбөрийн авлагадаа Г ХХКК-ийн байрнаас захиалгын гэрээ хийн шилжүүлэн авахаар тохиролцож, улмаар Р ХК-ийн өөрийн ажилтан Н.Б-ыг Г ХХКК-тай 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 020/024 дугаар орон сууцны захиалгын гэрээг байгуулснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор дуусгавар болгосон.

Р ХК-ийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээлгэхээр хүсэлт гаргасан ч тус газраас ажиллагааг сэргээн явуулах боломжгүй гэсэн хариуг өгсөн талаарх баримт хэрэгт авагдсан. Иймд захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгч нь Г ХХКК-аас орон сууцаа шаардаж нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нь Р ХК-ийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад авсан өр төлбөрийг бусдаас шаардах эрхийг түүний нэрийн өмнөөс хэрэгжүүлэх эрх нь талуудын хооронд байгуулсан 2020 оны 05 сарын 15-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээ юм. Уг гэрээгээр Р ХК нь нэхэмжлэгч Н.Б-д Г ХХКК-тай байгуулах орон сууц захиалгын гэрээтэй холбоотой бүхий л шаардлагыг хэрэгжүүлэх, шаардах эрхийг өгсөн.

Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь эрх шилжих тухайн цаг үед хэний ч нэр дээр бүртгэгдээгүй, хөрөнгийг бодитоор төлбөр төлөгчөөс шилжүүлэн өгөөгүй тул Р ХК нь өөрт байхгүй хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх, энэ тухай хэлцлийг бүртгүүлэх боломжгүй. Гэтэл анхан шатны шүүх өөрт байхгүй, гэрчилгээ нь өөр дээр нь гараагүй байгаа эд хөрөнгийг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 109.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлийг нэхэмжлэгчид шилжүүлснээр, шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

4.б. Шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон дүгнэлтээс үзвэл, нэхэмжлэгч өөрийгөө шаардлага гаргах эрхтэй гэж тодорхойлсон тул...гэсэн нь шүүхийн шийдвэрийн өмнөх хэсгийн нэхэмжлэгч шаардлага гаргах эрхгүй гэсэн дүгнэлттэй логикийн хувьд зөрчилдөж байгаа төдийгүй нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй гэж үзсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх бус мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.  

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Г ХХКК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, 68,505,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж,  дараах үйл баримтыг тогтоосон байна. Үүнд:

 

2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/02740 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлаас 130,040,000 төгрөгийг хариуцагч В ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэгч Р ХК-д төлөхөөр харилцан тохиролцож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх15-16/

 

2.2. Уг шүүхийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг төлбөр төлөгч тал нь сайн дураараа биелүүлээгүй үндэслэлээр мөн шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШЗ2020/00654 дугаартай “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдсэн. /хх13-14/

 

2.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2-5/228 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон. /хх17-19/

 

2.4. Төлбөр авагч Р ХК нь дээр дурдсан шүүхийн шийдвэрийн төлбөрт Винстрейд ХХК-аас 130,944,075 төгрөгийн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, А блок, 1 дүгээр орц, 5 давхар G тоот 2 өрөө, 45.67 м.кв орон сууцыг 68,505,000 төгрөгт, мөн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, В блок, 2 дугаар орц, 10 давхар G тоот 2 өрөө, 45.67 м.кв орон сууцыг 68,505,000 төгрөгт тус тус тооцож авахаар харилцан тохиролцсон. /хх11, 17-18/

 

2.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хаягласан, дээр дурдсан 2 ширхэг орон сууцыг В ХХК-ийн өмнөөс Р ХК-д шилжүүлэн өгөх тухай ВК ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 05/01 тоот албан бичиг хэрэгт авагдсан./хх12/

 

2.6. 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”-гээр Р ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Мөнхсайхан нь хуульч ажилтай Н.Б-д Иргэний хуулийн 123, 189 дүгээр зүйлийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн авлагад авч буй дээрх орон сууцны захиалгын гэрээг компанийн өмнөөс гуравдагч этгээдтэй байгуулах эрхийг шилжүүлэн өгсөн. /хх74-75/

 

2.7. Түүнчлэн, Р ХК-ийг төлөөлж Н.Б- нь Г ХХКК-тай 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 020/024 дугаар орон сууцны захиалгын гэрээ байгуулж, гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, В блок, 2 дугаар орц, 10 давхар G тоот 2 өрөө, 45.67 м.кв орон сууцны 1 м.кв талбайг 1,500,000 төгрөг, 68,505,000 төгрөгт тооцохоор уг гэрээнд заажээ. Энэхүү гэрээний 7.1-д “захиалагч тал нь гэрээний нийт үнэ 68,505,000 төгрөгөөр бетон, зуурмагийн нийлүүлэлтийн хөлсөнд тооцохоор”, гэрээний 7.3-т “уг байр нь “ВК” ХХК-ийн бартерын байр бөгөөд төлбөр тооцоотой холбоотой асуудлыг ВК ХХК бүрэн хариуцахаар”, гэрээний 7.4-т “төлбөрийн үлдэгдэлгүй тохиолдолд орон сууцны түлхүүр хүлээлгэн өгөх”-өөр тус тус харилцан тохиролцжээ./хх6-9/

 

3. Талуудын хооронд байгуулагдсан дээрх орон сууц захиалгын гэрээг шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь зөв байх боловч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож дүгнэсэн нь буруу байх тул зөвтгөж дүгнэнэ.

 

4. Дээрх гэрээний 7-д заасан заасны дагуу ВК ХХК-аас бетон зуурмаг нийлүүлэгдэж, байрны төлбөр төлөгдсөн эсэх талаар нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны төлбөрт бетон зуурмаг нийлүүлээгүй, байрны төлбөр төлөгдөөгүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдлийг зөв гэж дүгнэнэ.

 

Тодруулбал, Р ХК-аас дээрх дурдсан байрны захиалгын гэрээг Г ХХКК-тай байгуулах эрхийг Н.Б-д шилжүүлснээр орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан байх боловч уг гэрээний 7-д заасан орон сууцны төлбөрийн үүрэг хэрхэн хэрэгжсэн байдлыг нэхэмжлэгч нотлоогүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/04749 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 500,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ЭНХБАЯР

 

                                                       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ