Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2019/0405

 


З.З-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу З.З-ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг баримтлан Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн иргэн З-н З-ын нэхэмжлэлтэй, Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.З-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч З.З давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас тайлбарлаж буй үйл баримт, хууль зүйн үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй байна. Түүнчлэн хэрэглэх ёстой хууль зүйн хэм хэмжээг хэрэглэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг зөрчсөн нь Авлигатай тэмцэх газрын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 05/601 дүгээр албан бичигт дурдагдсан бөгөөд хэрэгт авагдсанаар нотлогдож байгаа.

Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон бол түүнийг огцруулах тухай санал гаргах нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль зүйн үүрэг байна. Авлигатай тэмцэх газар нь зөрчлийг шалгаж, тогтоосон бөгөөд үүнийг нутгийн өөрөө удирдах байгууллага хэлэлцэх эрхгүй.

Иймд гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн2019 оны 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Авлигатай тэмцэх газар Дорнод аймгийн Засаг даргад 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 05/601 дүгээр[1] албан бичгээр “...Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулгын гаргасан зөрчилд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т заасныг үндэслэн өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариуцлага тооцох” талаар мэдэгдсэний дагуу аймгийн Засаг дарга 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “хариуцлага тооцох тухай” 1/263 дугаар[2] албан бичгийг тус аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжүүлсэн байна. 

Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолоор[3] Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ээлжит бус 15 дугаар хуралдаанаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн хүргүүлсэн сумын Засаг дарга Б.Б-д хариуцлага тооцож, огцруулах асуудлыг авч хэлэлцээд дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон нийт 19 төлөөлөгчдөөс 21.1 хувийн санал буюу 4 төлөөлөгч дэмжиж, 15 төлөөлөгч буюу 78.9 хувийн саналаар дэмжигдээгүй тул сумын Засаг дарга Б.Б-ыг огцруулах шаардлагагүй гэж шийдвэрлэжээ.

З.З- нь Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “...Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийн субъектив эрх зөрчигдөөгүй хэдий ч актын улмаас хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэх дүгнэлтийг хийн хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасантай нийцээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд хүн хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэх харилцааг зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч З.З-ын хүчингүй болгуулахыг хүсч буй 02 дугаар тогтоол нь иргэнийх нь хувьд түүнд шууд үр дагавар үүсгэж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсхүл зөрчиж болзошгүй гэж үзэхгүй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хурал нь тодорхой сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэж, асуудлаа олонхийн зарчмаар санал хураалтаар шийдвэрлэх журамтай бөгөөд Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд тус сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэсэн нь иргэн З.З-ын эрх зүйн байдалд нь өөрчлөлт оруулах үйлчлэлгүй юм.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болох нь хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоол[4], уг хурлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр[5] тогтоогдож байгаа бөгөөд З.З нь төлөөлөгчийн хувьд маргаж буй 02 дугаар тогтоолыг гаргахад Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар хуралдаанд оролцож, саналаа өгсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх бөгөөд хурлыг бүрдүүлдэг төлөөлөгчийн хувьд эрх зүйн хувьд нэг этгээдэд тооцогдож, эрх зүйн харилцаанд тус тусдаа бус нэг оролцогч болж оролцох этгээдийн гомдлоор захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэх боломжгүй төдийгүй уг тогтоолын улмаас төлөөлөгч З.З-ыг нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. 

Мөн нэхэмжлэгч нь төлөөлөгчийнхөө хувьд хариуцагчийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1-д заасан шийдвэр гаргахдаа процесс ажиллагааг зөрчсөн гэж маргаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар З.З-ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5-д заасныг баримтлан З.З-ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.З-ын шүүхэд нэхэмжлэл болон давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                            О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                            Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-5 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-6 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-4 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-7 хуудас

[5] Хавтаст хэрэг 1-31 хуудас