Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1233

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 101/ШШ2016/02889 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “"ХХХ” ХХК, ХХХХ нарт холбогдох,

 

ХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХ дүгээр хороолол, ХХХХХХХ тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг ХХ-ын өмчлөлд шилжүүлэх үүргийг “"ХХХ” ХХК-д даалгуулах, “ХХХХ” банк, ХХХХ нарын хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Батлан даалт нэртэй №13-1060/007/4 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ХХХХ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн

“"ХХХ” ХХК, ХХ нарын хооронд байгуулагдсан 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг

 

Бие даасан гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХ,

Гуравдагч этгээд “ХХХХ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2005 онд “"ХХХ” ХХК-д ажилд орсноос хойш өнөөг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд өөрт ногдох албан тушаалын ажлыг зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. 2011 онд тодорхой нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан 2 өрөө байр олгосон. 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц эзэмшүүлэх гэрээ ЖГ/05-11 уг гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №05 тоот гэрээний дагуу ХХХ байрны ХХХ тоот 2 өрөө орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ЖГ/05-11 тоот гэрээний 2.5, 3.3 дахь заалтууд хангагдахгүй байна. Иймд гэрээнд заагдсан нөхцөлийн дагуу дээрх байрыг миний өмчлөлийн байр болохыг тогтоож, өмчлөлд шилжүүлж өгөхийг “"ХХХ” ХХК-д даалгаж өгнө үү.

Мөн 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц эзэмшүүлэх гэрээ ЖГ/05-11 тоот гэрээний 4.1-д талууд энэхүү гэрээний 2.2, 3.5-д зааснаас бусад тохиолдолд харилцан зөвшөөрөлгүйгээр орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлэх, солих бусдад түрээслэх, барьцаалах, худалдах зэргийг хориглоно гэж заасан. Гэтэл “"ХХХ” ХХК нь 4.1 дэх заалтыг зөрчиж нөгөө талд мэдэгдэлгүйгээр Хадгаламж банкинд барьцаалсан байх тул Хадгаламж банк, ХХХ нарын хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 24-ний 13-1060/007/4 дугаартай батлан даалтын гэрээ нэртэй ХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХ тоот 57,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “"ХХХ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа.

“"ХХХ” ХХК нь 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэн ХХтай “Орон сууц эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ажилтанг байнгын тогтвортой үр бүтээлтэй сайн ажилласан нөхцөлд компани өөрийн өмчлөлийн ХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХ тоот 2 өрөөг хямдруулсан үнээр түүний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Тодорхой нөхцөл байдлын улмаас өөрийн энэхүү орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн ХХХХгийн нэр дээр түр шилжүүлсэн байсан ба зохих ёсны өмчлөгч нь “"ХХХ” ХХК болно. Хариуцагчийн хувьд уг гэрээний дагуу дээрх 2 өрөө орон сууцны өмчлөлийг шилжүүлэх үүрэг хүлээсэн, гэрээнд заасан нөхцөл нь бүрэн биелэгдсэн тул ХХыг уг орон сууцны өмчлөгч гэдэгтэй маргахгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан тайлбартаа:

“"ХХХ” ХХК өөрийн ажилтнууддаа эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэд хэдэн орон сууцнуудын өмчлөх эрхийг түр хугацаанд тус компанид ажиллаж байсан миний нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу ХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХ тоот 2 өрөө орон сууц өмчлөх эрх шилжигдсэн. Хэдийгээр миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан ч өөрийн эд хөрөнгийг хэрхэх, хэнд шилжүүлэх нь хууль ёсны эзэн “"ХХХ” ХХК-ийн мэдлийн асуудал учир миний хувьд маргаангүй. Түүнчлэн “"ХХХ” ХХК-ийн ХХтай байгуулсан “Орон сууц эзэмшүүлэх гэрээ”-ний талаар би мэдэхгүй учир уг түүнд орон сууцыг шилжүүлэн өмчлүүлэх талаар миний зүгээс гаргах ямар нэг маргаан байхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ХХХХ” ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан шаардлагадаа:

Иргэн ХХХХ нь Хадгаламж банктай 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 12-1060/007/4 дугаартай “Батлан даалтын гэрээ”-г байгуулсан. Гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж барьцаа хөрөнгө бүрд барьцаалбар үйлдэгдсэн. Уг гэрээний 1.1-д зааснаар батлан даагчийн зүгээс банк, зээлдэгч “"ХХХ” ХХК-ийн хооронд 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 12-1060/78 тоот Зээлийн шугам нээх гэрээ болон тус гэрээний нэмэлт гэрээний дагуу зээлсэн 2 500 000 ам.долларын зээлийн үүргийн биелэлтийн баталгаа болгож, гэрээний 2.1-д заасан хөрөнгийг банкинд барьцаалж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Үүнд ХХХХХХХХХХ дугаартай, ХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХ тоот 57.4 м.кв талбайтай 2 өрөө сууц багтсан.

Зээлдэгч “"ХХХ” ХХК-иас гэрээний үүргээ биелүүлээгүй тул “ХХХХ” ХХК дахь банкны эрх хүлээн авагч зээлийн гэрээний үүргийг хангуулах, энэхүү үүргийг барьцаа, батлан даалтын гэрээгээр барьцаалсан хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг шүүх “"ХХХ” ХХК-иас 4 749 270 896,02 төгрөгийг гаргуулах, зээлийн өрийг үүргийн гүйцэтгэлд барьцааны болон батлан даалтын гэрээгээр барьцаалсан хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж хангуулах болсон. Үүнд ХХХХгийн өмчлөлийн ХХХХХХХХХХ дугаартай, дээрх 2 өрөө орон сууц багтсан.

Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх тухайн хэргийг шийдвэрлэх явцад ХХХХ, Хадгаламж банкны хооронд 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 13-1060/007/4 дугаартай “Батлан даалтын гэрээ”-г хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоосон. Гэвч “"ХХХ” ХХК болон иргэн ХХ нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “"ХХХ” ХХК-ийн орон сууц эзэмшүүлэх тухай ЖГ/05-11 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, ХХад 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ЖГ/05-11 дугаартай Орон сууц эзэмшүүлэх гэрээгээр 10 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байсан ХХХХгийн ХХ тоот 2 өрөөг ХХ-ын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна.

Энэ гэрээ нь дараах үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1,8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.  

1. Уг гэрээ байгуулагдсан хугацааны хувьд Хадгаламж банк иргэн ХХХХ нарын хооронд 13-1060/007/4 дугаартай батлан даалтын гэрээ байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс хойш хугацаанд хамаарч байгаа буюу 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардаж байгаа хэлцлийг байгуулагдах үед уг хэлцэлд дурдсан орон сууц нь “"ХХХ” ХХК-ийн Хадгаламж банкнаас авсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан байсан. Гэвч “"ХХХ” ХХК тухайн орон сууцыг өмчлөх эрхийг ХХад шилжүүлэх агуулгаар ЖГ/05-11 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулахдаа орон сууцны хууль ёсны барьцаалагч Хадгаламж банкнаас зөвшөөрөл авалгүй Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг зөрчин гэрээг байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох үндэслэлтэй.

2. Дээрх орон сууцны өмчлөгч нь “"ХХХ” ХХК бус, харин иргэн ХХХХ болох нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогддог. Иймд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар ХХХХгийн гаргасан “"ХХХ” ХХК нь өөрийн хөрөнгийг хэрхэх нь тус компанийн мэдлийн асуудал гэх тайлбар үндэслэлгүй. Гэвч “"ХХХ” ХХК-иас өөрийн өмчлөлийн бус, ХХХХгийн өмчлөлийн хөрөнгийн эрхийг ХХад шилжүүлэхээр хэлцлийг байгуулж байгаа үйл баримт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байна.

3. ХХ тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг ХХ-ын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон хэлцэл Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д заасан ... нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг хангаагүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ”, 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцлииг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохоор заасан нь бие даасан шаардлагыг бүрэн хангах үндэслэл болно гэв.

 

Шүүх:

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1. дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаартай, ХХХХгийн өмчлөлийн ХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХ тоот 57,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр ХХыг тогтоож, ХХХХд олгосон гэрчилгээг хүчингүй болгож өмчлөгчөөр ХХыг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт үүрэг болгож,

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар өмчлөлд шилжүүлэх үүргийг “"ХХХ” ХХК-д даалгуулах, ХХ-ын Хадгаламж банк, ХХХХ нарын хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 13-1060/007/4 дугаартай батлан даалтын гэрээ нэртэй ХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХ тоот 57,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг орон сууцыг ХХ-ын өмчлөлд шилжүүлэхийг “"ХХХ” ХХК-д даалгах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ХХХХХХ ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн “"ХХХ” ХХК, ХХ нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан “2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ХХХ ХХК-ийн орон сууц эзэмшүүлэх тухай ЖГ/05-11 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилж, Хадгаламж банкны эрх хүлээн авагч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Бие даасан гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо:

Тус үл хөдлөх хөрөнгө нь “"ХХХ” ХХК болон Хадгаламж банкны хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа хөрөнгө юм. Шүүх ХХыг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад болохгүйг дурдсан атлаа ХХХХд олгосон үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөгчөөр ХХыг бүртгэхийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Үл Хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.

Хэрэгт 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ЖГ/05-11 дугаартай “Орон сууц эзэмшүүлэх гэрээ”, 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц эзэмшүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” тус тус нотлох баримтаар авагдсан. Уг гэрээнүүдийн агуулгыг үзвэл Иргэний эрх зүйн өөр өөр үр дагаврыг үүсгэдэг. Эхний орон сууц эзэмшүүлэх гэрээ нь орон сууцыг ажилтны эзэмшилд шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байсан гэрээ юм. Харин уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэн өгөх үр дагаврыг үүсгэдэг. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүулэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх” хуулийн шаардлагатай бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д “Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлэх”, 56 дугаар зүйлийн 56.8-д “Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл байгуулсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх”-аар тус тус заасан.

Гэтэл “"ХХХ” ХХК, ХХ нарын хооронд байгуулагдсан өмчлөх эрхийг шилжүүлэх агуулга бүхий нэмэлт өөрчлөлтийн гэрээ нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчсөн, нотариатаар гэрчлүүлээгүй байхад анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн. Банкны эрх хүлээн авагчаас “"ХХХ” ХХК болон иргэн ХХ нарын хооронд барьцааны хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар бүхий гэрээг 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан болохыг хэрэг шийдвэрлэх явцад мэдсэн, уг хэлцэл байгуулагдсан хугацааны хувьд Хадгаламж банкинд барьцаалагдсан өдрөөс хойш хугацаанд хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан учир барьцаалагчийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэх үндэслэлээр бие даасан шаардлагыг гаргасан.

Тус хэлцэл байгуулагдах үед болон бие даасан шаардлага гаргах үед Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсгийн зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай тогтоолоор тус зохицуулалт хүчингүй болсон. “Монгол Улсын Их Хурал”-аас 2016 оны 1 дугээр сарын 19-ний өдрийн хуулиар Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6 дахь хэсэгт дээрх хүчингүй болсон хуулийн зохицуулалтыг нөхөх агуулга бүхий нэмэлтийг оруулж, тус нэмэлттэй холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулсан. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ.

Гэвч анхан шатны шүүхээс дээрх хуулийн заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 сарын 09-ний өдрийн 11 тогтоолоор хүчингүй болсон тул түүний тайлбар үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлагыг хуралдааны явцад тодруулж Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан зохицуулалтыг хэрэглэх тухай тайлбарласан боловч шүүх хүлээн аваагүй. Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар тус өдрөөс эхлэн Хадгаламж банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн ба аливаа этгээдээс банкны эрх хүлээн авагчид хандан Хадгаламж банкны барьцаанд бүртгэлтэй нэхэмжлэлд дурьдагдаж буй орон сууцны талаар гуравдагч этгээдтэй хэлцэл хийх зөвшөөрлийг хүсэж байгаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч “"ХХХ” ХХК, ХХХХ нарт холбогдуулан Жаст групп ХХК-ийн тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “"ХХХ” ХХК-д өмчлөл шилжүүлэхийг даалгах, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

Харин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ХХХХ” банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “"ХХХ” ХХК, ХХХХ нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч нарын зөвшөөрлийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “"ХХХ” ХХК нь нэхэмжлэгч ХХад 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №ЖГ05-11 дугаартай Орон сууц эзэмшүүлэх гэрээгээр өөрийн компанийн мэдлийн ХХХХХХХХ дүүрэгт байрлах ХХХХХ тоот 2 өрөө орон сууцыг 10 жилийн хугацаатай эзэмшүүлж, энэ хугацаанд тасралтгүй, үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан тохиолдолд өмчлөлд нь шилжүүлэхээр тохиролцож, “эзэмших эрхийн гэрчилгээ” гэсэн баримтыг олгосон байна.

/хх-ийн 148, 149 дугаар тал/

 

2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 05 тоот гэрээг байгуулж, 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №ЖГ05-11 дугаартай гэрээг дүгнэснээр тухайн орон сууцыг хугацаанаас өмнө ажилтны өмчлөлд шилжүүлэх, ажилтан үлдсэн 1 жил 9 сарын төлбөрт 18 368 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

/хх-ийн 4 дүгээр тал/

 

Хариуцагч “"ХХХ” ХХК-ийн хувьд 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр, гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн дээрх орон сууцыг банкнаас зээл авах зорилгоор тус компанийн нягтлан бодогч ХХХХгийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, хариуцагч ХХХХ 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хадгаламж банктай 13-1060/007/4 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулж, үүгээр хариуцагч “"ХХХ” ХХК нь зээл олгогч банктай 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 12-1060/78 тоот Зээлийн шугам нээх гэрээ болон тус гэрээний нэмэлт гэрээний дагуу авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож тухайн орон сууцыг барьцаалсан  талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

/хх-ийн 4, 46, 86-93, 120-121 дүгээр тал/

 

Шүүх талуудын хооронд үүссэн үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой хэлцэл хийсэн үйл баримтад хамааралтай нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч ХХ хариуцагч “"ХХХ” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлд “өмчлөгч”-өөр бүртгэгдсэн хариуцагч ХХХХ уг орон сууцны өмчлөгчөөр ХХыг тогтоохыг зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч ХХХХгийн нэр дээр өмчлөх эрх нь бүртгэлтэй байгаа орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч ХХыг тогтоосон болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдэл зөв боловч хэргийн оролцогч биш этгээд буюу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт тодорхой үүрэг хүлээлгэснийг залруулах шаардлагатай.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч ХХ-ын гаргасан өөрийн худалдан авсан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасан “өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрүүлэх” агуулгаар тодорхойлогдохоор байхад иргэний эрх зүйн харилцаанд өмчлөгч байж болох этгээдийн төрөл, хүрээг тодорхойлсон Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчтой бус болно.

 

Нэхэмжлэгч ХХ нь орон сууцыг “"ХХХ” ХХК-иас тодорхой хэмжээний төлбөр төлж авахаар тохиролцсон боловч уг орон сууцны хууль ёсны бүртгэлтэй өмчлөгч нь хариуцагч “"ХХХ” ХХК биш байгаа учраас өмчлөх эрх шилжүүлэх үүргийг уг этгээдэд даалгах боломжгүй буюу Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв юм.

 

“ХХХХ” банк болон ХХХХ нарын хооронд №13/1060/007/4 дүгээр орон сууц барьцаалах тухай гэрээ хийгдсэн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар өмчлөх эрхийн бүртгэлд уг орон сууцны жинхэнэ өмчлөгчөөр хариуцагч ХХХХ бүртгэлтэй байснаар гуравдагч этгээдийн хувьд уг орон сууцны жинхэнэ өмчлөгч өөр этгээд байж болох талаар мэдэх боломжгүй. Иймд "ХХХХХ” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар барьцааны эрхийг олж авсан гэж үзэх бөгөөд барьцааны гэрээг өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийгдсэн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/02889 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар нэхэмжлэгч ХХыг Ү-2201015005 дугаартай, ХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХ тоот, 57.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ү-2201015005 дугаартай, ХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХ тоот, 57.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч ХХ-ын өмчлөлд шилжүүлэхийг “"ХХХ” ХХК-д даалгах болон уг орон сууцыг барьцаалсан 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Хадгаламж банк ХХХХ нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “ХХХХ” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Т.ТУЯА