Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 66

 

 

 

Г.А-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, Ц.Амар, Т.Отгонбаатар, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 576 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1408 дугаар магадлалтай, Г.А- холбогдох 2003000730099 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, Ц.Амар, Т.Отгонбаатар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, А.

 

Г.А- нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 05 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “World Korea Group”-ийн зүүн талын замд 08-58 УБС дугаартай “Mercedes Benz” загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 14.2-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км ... хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Toyota Premio” маркийн 25-99 УБВ дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгслийн жолооч Ж.Амаржаргалын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар Г.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил хасаж, 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт иргэний хариуцагч Д.Цэцэгжаргалаас 7.103.308 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Бөхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.098.461 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 5 дахь заалтын “... 3.098.461 төгрөгийг гэснийг “... 5.077.961 төгрөг” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч Г.А-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу Г.А- нь хэрэг үйлдэгдсэн үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч нь хохирлыг төлж барагдуулсан, санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлтийг өгч байсан. Тухайн хэрэг дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүх хуралдааны явцад өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаагаа илэрхийлдэг. Гэм буруугийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж битгий ойлгоорой. Гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг хүн нас барсан гэмт хэрэг байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэдэг утгаараа тус хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар зүйлчлэгдэж шийдвэрлэгдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан доод ялыг буюу 3 жилийн хорих ялаас 1 жилийн хорих ялыг хасч өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Шүүхийн шийдвэрийн ерөнхий газарт ял эдэлж байгаа ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна. 2 жилээс доош ял шийтгэлтэй хүнийг нээлттэйгийн нээлттэй гэдэг хорих ангид ялыг нь эдлүүлдэг. 2 жилээс дээш ял шийтгэлтэй хүнийг нээлттэйгийн хаалттай хорих ангид ял эдлүүлдэг бөгөөд уулзалт авах, эргэлт авах, утсаар ярих, түр буюу удаан уулзах асуудал дээр эрх зүйн байдал дээрддэг. Иймд түүнд оногдуулсан хорих ялаас 1 жилийг хасч өгнө үү. Г.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ялаа богино хугацаанд эдэлж гараад нийгэмшиж, өөрийн үйлдсэн гэм хорыг арилгах үйлдэл хийнэ гэдгээ илэрхийлдэг. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг барагдуулсан боловч өмгөөлөгчийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна гэж үзэж гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх буюу шударга ёсны онолын дагуу гомдлоо гаргаж байгаа юм. Аливаа хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хууль зөрчиж, цуглуулж, бэхжүүлэгдээгүй, нотлох баримтын болохуйц байдлыг бүрэн дүүрэн хангасан байх зайлшгүй шаардлагатай гэж үздэг. 1 дүгээр хавтаст хэргийн 25 дугаар талд ослын газрын ойр орчимд байсан аж ахуй нэгжийн хяналтын камерийн бичлэгийг шүүж, зам тээврийн ослын талаар хяналтын камерийн бичлэгийг хуулбарлан авсан ажиллагаа буюу эд зүйл хураан авсан ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүйгээр хийснийг хүчинтэйд тооцуулах саналыг мөрдөгчийн зүгээс прокурорт гаргасан байдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тухайн саналыг хэрхэн шийдвэрлэсэн талаар прокуророос ямар нэгэн шийдвэр гараагүй. Тухайн нотлох баримт нь нотлох баримтын чанараа алдаж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж гомдлоо гаргаж байгаа. Тухайн нотлох баримтад үндэслэж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 637 дугаартай дүгнэлт, техникийн 677, 840 дугаартай дүгнэлтүүд тус тус үндэслэж гарсан байдаг. Прокурорын шийдвэрийг зөвтгүүлэхгүйгээр гэм буруутай асуудлыг шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Энэ талаар гомдол, хүсэлтээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан боловч шүүх энэ талаар шийдвэрлээгүй. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсний дараагаар хэргийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шүүгдэгчид гомдол, санал байхгүй, ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг. Энэ нь Эрүүгийн хуульд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолоор хохирогчид хохирол, төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн байна. Хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж дүгнэсэн атлаа хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй. Үүнийг анхаарч үзнэ үү” гэв.

 

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Г.А-ад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүгдэгч нь замын хөдөлгөөний дүрмийн хоёр заалтыг зөрчсөн буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлсэн болох нь тогтоогдсон. Энэ дүгнэлт шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хурдны талаарх 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 840 дугаартай дүгнэлтээр Г.А-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл осол гаргахын өмнө 112.5 км/ц хурдтай явсан байна гэж дүгнэлт гарсан. Мөн 127, 1660 дугаартай дүгнэлтүүд нь дээрх хурдны талаарх дүгнэлтийг баталж, нотолсон байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Драйгер багаж үлээлгэхэд 1.83 хувь, шээсний шинжилгээгээр 1.6 хувь спирт илэрсэн гэж тогтоосон. Ослын улмаас хохирогчид хүзүүний 1, 2 дугаар нугалмын мултрал, нугасны дарагдал, шахагдал, няцрал, тархины цус харвалт, зүүн, баруун нийт 10 хавирга хугарсан. Хохирогч амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүх хэргийг хянан шийдвэрлээд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн тогтоосон байна, оролцогч нарын эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.А- нь согтуугаар 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өглөөний 05 цаг 50 минутын үед өөрийн хамтран амьдрагч Д.Цэцэгжаргалын эзэмшлийн 08-58 УБС дугаартай “Мерседес Бенз Ж-500” маркийн тээврийн хэрэгслийг 112.5 км/цагийн хурдтай, хурд хэтрүүлэн, согтуу жолоодон явахдаа тухайн замаар зорчиж байсан 25-99 УБВ дугаартай “Тоёота Премиозагварын тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Ж.Амаржаргалын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтаар хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотлогдсон талаарх шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон хоёр шатны дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих байдлыг шалган тогтоохдоо хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан журмыг зөрчсөн гэх шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу прокуророос шилжүүлсэн хүрээ, хязгаарын дотор хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, Т.Отгонбаатар нарын хяналтын шатны шүүхэд гаргасан “... оногдуулсан ялыг хөнгөрүүлэх”, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амарын “... хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаалгах” тухай гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 576 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1408 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, Ц.Амар, Т.Отгонбаатар нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ч.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                  Б.ЦОГТ

 

                                                              Б.АМАРБАЯСГАЛАН

 

С.БАТДЭЛГЭР

 

Б.БАТЦЭРЭН