Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/0039

 

 

2016 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/0039

Улаанбаатар хот

                             Иргэн Б.Дашийсүрэнгийн нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сумъяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баярцэцэг, нэхэмжлэгч Б.Дашийсүрэн, өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагч Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Түвшинтөгс нарыг оролцуулан хийж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар  шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 558 дугаар магадлалтай, иргэн Б.Дашийсүрэнгийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Засаг дарга болон тус аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагч Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын даргын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Дашийсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Дашийсүрэн би Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай тушаалаар Рашаант сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн Бэлчээр, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдон, төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагийг 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өргөсөн ба Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Түвшинтөгс 2015 оны  02 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаартай тушаалаар намайг ажлаас халсан юм.

Уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхэд хандаж, тус шүүхээс 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаартай шийдвэр гарсан ба энэ шийдвэрийг үндэслэж, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Түвшинтөгс 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ажилд эгүүлэн аваад 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 29 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн болохыг 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дээрх тушаалуудыг гардаж авахдаа мэдлээ. Надад энэ тушаалуудыг албан ёсоор гардуулж өгөөгүй учир тухайн өдөр нь Н.Түвшинтөгс даргаар өөрөөр нь нотариатаар баталгаажуулсан. 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр уг тушаалыг эс зөвшөөрч Булган аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл гаргасан боловч хуулийн хугацаанд хариу өгөхгүй байхаар нь 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр утсаар асуухад “хариу гарсан, шүүхэд ханд гэж хэлсэн” учир холбогдох баримтуудаа бүрдүүлэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна.

Б/25 тоот захирамжид сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа “... мал эмнэлэг, үржлийн тасаг 2” гэж зааснаас Мал эмнэлэг, үржлийн тасгийн 3 орон тоо хөндөгдөхөд хүрээд байна.

...Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/4472 дугаартай албан бичигт “ орон нутгийн 2015 оны төсвийн хуваарилалтыг хэлэлцэхтэй уялдан сумын Засаг даргын Тамгын газрын бүтцийн Мал эмнэлэг, үржлийн тасгийн нэг мэргэжилтний орон тоо, төсвийг Сангийн яамнаас хассан мэтээр зарим аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэс, аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга нарт мэдэгдсэн байна.

Нэгжийн төсвийг хасах эрх зүйн үндэслэлгүй тул сумдын 2015 оны төсвийн хуваарилалтыг хийхдээ Сангийн яамнаас 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4-1/6348 тоот албан бичгээр та бүхэнд хүргүүлсэн чиглэлийг баримталж ажиллана уу...” гэсэн чиглэлийг Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар баримталж ажиллахгүй илт хууль бус тушаал гаргаад байгааг Захиргааны хэргийн шүүхээс тогтоосоор байхад дахин Булган аймгийн Засаг даргын Б/25 дугаартай захирамжийг үндэслэл болгоод намайг ажилд авах тушаал гаргасан боловч ажилд оруулаагүй, дахин халагдах тушаал гаргасанд гомдолтой байна.

Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат эрх мэдлээ хэтрүүлэн илт хууль бус шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэрийг үндэслэж, Б.Дашийсүрэн намайг ажлаас 2 дахь удаа үндэслэлгүй чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д заасан “ энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх...” гэсний дагуу хууль зүйн үндэслэлгүй юм.

 Иймд Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатын 2015 оны Б/25 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, мөн хуулийн 10 дугаар зүйлд зааснаар Б/25 тоот захирамжийг хүчингүйд тооцох,  Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 29 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Дашийсүрэнг Мал эмнэлэг Үржлийн тасгийн бэлчээр, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалин, олговрын гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Булган аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар олгогдсон эрх хэмжээний дотор сумын Засаг даргын Тамгын газрын дарга батлагдсан төсөвтөө багтаан бүтэц орон тоогоо өөрөө тогтоож ажиллахыг чиглэл болгосон шийдвэрийг 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/328 дугаар захирамжаар гаргаж сумдад хүргүүлсэн учир аймгийн Засаг даргын Б/25 дугаар захирамжийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 02 дугаар шийдвэрээр илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн юм. 2015 оны төсөв батлагдахдаа сумын Засаг даргын Тамгын газраас нэг орон тоог бууруулж баталсан бөгөөд энэхүү төсөвтөө багтааж орон тоо бүтцээ зохион байгуулах нь Засаг даргын Тамгын газрын даргын эрх хэмжээний асуудал тул аймгийн Засаг даргад хамааралгүй болно” гэжээ.

Хариуцагч Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд гарагасан хариу тайлбартаа: “2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдаж мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс дагаж мөрдөгдсөн “Төсвийн тухай” хуулийн төсвийн шууд захирагч, түүний бүрэн эрхийг заасан 16 дугаар зүйлийн 16.5.3-д “Батлагдсан цалингийн сан орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагсдийн цалин хөлсийг тогтоох” гэсэн заалтыг мөрдлөгө болгож өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэж байна. Мөн Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж чөлөөлнө” гэж заасан заалтыг үндэс болгон сумын Засаг даргатай зөвшилцөн гаргасан шийдвэр юм.

Ингэхдээ тус суманд хөгжлийн тэргүүлэх чиглэл хүн амын амьжиргааны эх үндэс болсон мал аж ахуйг хөгжүүлэх бодлогын үүднээс малын эмч, хорио цээрийн хяналтын улсын байцаагч, мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтнийг ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.

... Монгол улсын Засгийн газрын 2010 оны 223 дугаар тогтоолыг зөрчсөн тухай нэхэмжлэлд дурьдсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Уг тогтоолд сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд Мал эмнэлгийн нэгж байгуулах тухай заагаад тогтоолын 5 дахь заалтанд “ Сумдын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох тухай Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд ...3001-5000 хүртэл хүн амтай суманд 13 гэснийг 15 гэж өөрчилсөн байна. Эндээс үзэхэд шинээр байгуулагдсан мал эмнэлгийн нэгжийг 2 хүний орон тоотойгоор баталсан байх тул уг тогтоолыг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй юм.

2014 оны 12 дугаар сард болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаанаар 2015 оны орон нутгийн төсвийг батлахдаа сумын Засаг даргын Тамгын газрын бүтцээс ТЗ-3-аар цалинждаг 1 орон тоог хасч 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буюу 2,7 сая төгрөгний тэтгэмжийг суулгаж өгсөн. Тус сум нь 180,0 гаруй толгой малтай 4 аймгийн 6 сумын уулзвар нутаг тул мал амьтны шилжилт хөдөлгөөн ихтэй халдварт болон паразит өвчин гарч тархах өндөр эрсдэлтэй тул МАА-н мэргэжилтнүүдээ авч үлдэх нь зүйтэй гэдэг дээр Засаг дарга, Засаг даргын орлогч, иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын даргатай санал нэгдсэн.

... Малыг бүртгэлжүүлэх, ээмэгжүүлэх, ноос ноолуур, арьс ширний урамшуулал, малын ашиг шимийн он дарааллын тоон судалгаа зэрэг Монгол мал хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа олон ажлыг мал зүйч хариуцан гүйцэтгэж байгаа юм. Бэлчээр газар тариалан, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтний ажлын чиг үүрэг давхардсан бусад мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтонд суулгаж өгөөд зохицуулж болохоор байгаа юм. Сумын Засаг даргын орлогч үндсэн чиг үүргийнхээ хүрээнд мэргэжилтэн Б.Дашийсүрэнгийн хариуцаж байсан хоршоо, бэлчээр, хадлан, тариалангийн талбайг зохистой ашиглах, усан хангамжийг сайжруулах асуудлуудыг хариуцан ажиллаж байна.

Б.Дашийсүрэнгийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үндсэн чиг үүргүүдийг МЭҮТ-ийн дарга, МАА-н үйлдвэрлэл технологи үржил слекци хариуцсан байцаагч нарын ажлын байрны тодорхойлолтод оруулан 2015 онд үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс үүдэн ажил хохирох, эзэнгүйдэх асуудал гаралгүй хэвийн ажиллаж байна.” гэжээ.

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.5.3, Монгол улсын Засаг захиргаа нутаг дувсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг баримтлан Булган аймгийн Рашаант сумын иргэн Б.Дашийсүрэнгийн “Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015-оны 5 дугаар 29-ны өдрийн 29 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Дашийсүрэнд Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 19 дүгээр шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 29-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдөх хүртэлх 21 хоног буюу ажлын 16 өдрийн хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 467584 /дөрвөн зуун жаран долоон мянга таван зуун хаян дөрөв/ төгрөгийг Рашаант сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж олгохоор шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 558 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Тогтоох нь” хэсгийн 2, 3 дахь заалтыг нэгтгэж “2. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Дашийсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Дашийсүрэнг Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн бэлчээр, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон хариуцагч Рашаант сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж, 4 дэх заалтыг “3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас, илүү төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Түвшинтөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “2015 оны 01 дүгээр 05-ны өдрийн 01 тоот тушаалаар Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо цалингийн санг баталсан байна.  Мөн Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дахь удаагийн сонгуулийн 7 дугаар хуралдааны 07/04 тоот тогтоолоор батлагдсан 2015 оны сумын төсөвт Засаг даргын Тамгын газрын  төсвийг батлахдаа үндсэн цалингийн сангаас ТЗ-3 цалинждаг буюу 1 орон тооны цалинг хасагдаж түүнд олгох 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 2703000 төгрөгийн тэтгэмж суугдаж батлагдсан юм. Эндээс үзэхэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор уг орон тоо хасагдсан гэж үзэх бүрэн үндэстэй юм. Учир нь орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хадгалагддаг онцгой бүрэн эрхэд төсвийг хэлэлцэн батлах асуудал ордог юм.

Ийм учраас би төсвийн шууд захирагч нарын тулгуур хууль болсон Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан батлагдсан цалингийн сан орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо ажиллагсдын цалин хөлсийг тогтоох гэсэн заалт мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.4-т заасныг иш үндэс болгон сумын Засаг даргатай зөвшилцөн гаргасан шийдвэр юм. Нэгэнт цалингийн сангаас цалинг нь хасчихсан ажлын байр байхгүй болсон нөхцөлд шүүхээс удаа дараа хууль бус гэж байгааг хянан үзэхийг хүсч байна. Түүнчлэн мал эмнэлэг үржлийн нэгжийг 3 орон тоотойгоор байгуулсан хууль эрхийн акт байхгүй байгаа бөгөөд 2010 оны аймгийн Засаг даргын захирамжид л 3 орон тоо баталсан байна. Энэ нь мөн 2015 оны б/25 захирамжийн адил хүчингүй болох ёстой. Иймд гомдлыг хянан үзнэ үү” гэжээ.

                                                              ХЯНАВАЛ                    

Давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж  шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 29 дүгээр тушаалаар мал эмнэлэгийн үржлийн бэлчээр, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Дашийсүрэнг 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс ажлаас чөлөөлж, түүнд 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 2703100 төгрөгний буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэжээ.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж Тамгын газрын даргын бүрэн эрхийг заасан.

Хэдийгээр хариуцагчаас дээрх хуульд заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсөвт нийцүүлэн Засаг даргын Тамгын газрын орон тоог багасгаж, мал эмнэлэгийн үржлийн бэлчээр, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог хассан хэмээн маргасан боловч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д зааснаар сумдын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас шинэчилж тогтоогоогүй, түүнчлэн хариуцагч Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан шийдвэр гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо хасагдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж зөв дүгнэжээ.  

Нөгөөтэйгүүр хариуцагчаас маргаан бүхий тушаалыг гаргах үндэслэл болсон аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Сумдын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Б/25 дугаар захирамж хүчингүй болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Давж заалдах шатны шүүх холбогдох хуулиудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 558 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                           Ц.СУМЪЯА

 

 

ШҮҮГЧ                                                                                   Х.БАТСҮРЭН