| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0143/Э |
| Дугаар | 170 |
| Огноо | 2019-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 170
-
2019 01 31 170
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч А.Мөнхзул,
шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808034780086 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Их хэт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бульдозерчин мэргэжилтэй, , ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Далай ван овогт Сэдбазарын Б /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч С.Б нь 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Билгүүн Од” караоке баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр иргэн Д.Бы нүүрэн тус газар 2-3 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Энэ хэргийг хийсэн нь үнэн. 2 пиво уусан. Хохирогчтой муудаж, маргалдсан зүйл байхгүй. Би хохирогчид учирсан гэмтлийг учруулсан. Хохирогчид 450.000 төгрөг төлсөн. Сарын 900.000-1.000.000 төгрөг олдог. Хохирогч намайг цохиж зодоогүй. Торгох ялыг зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 1808034780086 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.Бы: “2018 оны 7 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 00 цагийн үед би 4 найз нартайгаа “Билгүүн од” бааранд сууж байгаад гарч зам дээрээс тэр 4 хүнийг машинд суулгаж өгөөд би эхнэр Оюутай хамт зам дээр үлдсэн. Тэгж байтал үл таних нэг залуу хажууд тамхи татаж зогсож байгаад яваад өгсөн. 20 минутын дараа дахиж хажууд ирээд тамхи татаж зогсож байгаад надад нэг юм хэлэхээр нь “надад хамаагүй” гээд хэлчихсэн чинь шууд гараараа нүүр лүү цохисон. 3-4 удаа цохисон байх, сайн мэдэхгүй байна. Тухайн үед би бага зэргийн согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Тэр залуу болохоор баар луу ороод цаана нэг ширээн дээр суугаад дуулаад байсан. Тэгж байтал цагдаа ирээд намайг зодсон залууг аваад явсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-5-7/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.07.19-ний 8907 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.Бы биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун хөмсөгт шарх, хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-55/,
Шүүгдэгч С.Бийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 01 -ний өдөр Улаанбаатар хотод би орж ирээд баз Пүрэвдагвын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд ирсэн. 2018 оны 7 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө орой 22 цагийн орчим Баянхошууны хуучин эцэс дээр байрлах “Билгүүн од” караокед орсон. Би тэнд 2 шил пиво уусан. Хажуу ширээнд сууж байсан нэг настай эрэгтэй хүн, нэг хүнтэй үг хэлээр маргалдаад байсан. Тэгсэн чинь караокены эзэн тэр ахыг хөөгөөд гаргасан. Би тамхи татах гээд гартал үүдэнд нөгөө ах нэг эмэгтэй хүнтэй зогсож байсан. Гэнэт тэр ах над руу ямар ч шалтгаангүй “чи муу яах гээд байгаа юм” гэхээр нь би “яасан юм” гэсэн чинь миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохиод авахаар нь би зөрүүлээд гараараа 2-3 удаа цохисон чинь хөмсөг орчмоос нь цус гарсан. Би тэр ахыг цохичихоод караоке руу буцаад орсон...” гэх мэдүүлэг /хх-27-28/,
эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-36-37/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, “Шивээ Овоо” ХК-ийн тодорхойлолт /хх-50/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-51/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-52/, эвлэрлийн гэрээ /хх-53/, хохирогчийн “Хэргийн талаар болон хохирол төлбөрийн талаар маргаангүй болно” гэх хүсэлт /хх-71/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Харин шүүгдэгчийн эхнэр М.Оюуныг гэрчээр асуухдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна” гэснийг зөрчсөн байна гэж шүүх үзэн гэрч М.Оюуны мэдүүлэг /хх-10-11/-ийг шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Б согтуурсан үедээ 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Билгүүн Од” баарны гадаа иргэн Д.Быг зодож, биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, баруун хөмсөгт шарх, хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Бы “...үл таних нэг залуу ...шууд гараараа нүүр лүү цохисон. 3-4 удаа цохисон байх...” гэх мэдүүлэг /хх-6-7/, шүүх эмнэлгийн 8907 дугаар “1.Д.Бы биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун хөмсөгт шарх, хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжилгээ. /хх-55/, гэрч М.Оюуны: “...нэг тамхи татсан залуу гарч ирээд ...манай нөхөр Бы хөмсөг рүү гараараа 2-3 удаа цохьчихоод Билгүүн од караоке руу орсон...” гэх мэдүүлэг /хх-10-11/, шүүгдэгч С.Бийн яллагдагчаар өгсөн: “...тэр ах над руу ямар ч шалтгаангүй “чи муу яах гээд байгаа юм” гэхээр нь ...би зөрүүлээд гараараа 2-3 удаа цохисон чинь хөмсөг орчмоос нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-27-28/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Бийн хохирогч Д.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч, шүүгдэгч нарын гаргасан “хохирол төлбөрт 450.000 төгрөг авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн” гэсэн эвлэрлийн баталгаа /хх-53/, хохирогчийн “Хэргийн талаар болон хохирол төлбөрийн талаар маргаангүй болно” гэх хүсэлт /хх-71/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн цалин, хөлс, орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Торгох ялыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, таарамжгүй харилцаа үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ямар нэгэн шалтгаангүйгээр хүний эрх, эрх чөлөөнд халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 450.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохироогүй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бэд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан С.Бийг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Далай ван овогт Сэдбазарын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Б урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР