Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00438

 

 

 

 

 

 

 

 

      2024       03            04                                    210/МА2024/00438

 

 

М.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/04485 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Н-т холбогдох,

30,371,809 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

М.Э- нь Б.Н-тэй 2018 оны 09 дүгээр сарын үед анх танилцсан. Б.Н- нь “...мөнгө хэрэгтэй байна, машинаа зараад өгөөч” гэж гуйгаад хамгийн анх 1,500,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сард зээлсэн. Уг мөнгөө буцааж өгөхгүй байсан учир зээлсэн мөнгөө нэхсэн. 2018 оны 12 дугаар сард буудалд дуудаж, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн. Энэ үеэс эхлэн надаас мөнгө нэхэж, хоол хүнс, хувцас, зэргээ бэлдүүлдэг болсон бөгөөд намайг дургүйцэхэд эхнэрт чинь хэлнэ гэж айлган сүрдүүлж, дарамт шахалт үзүүлэн 2018 оны 12 дугаар сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл надаас нийт 78,796,809 төгрөгийг авч хохироосон. Надад мөнгө байхгүй гэхээр “...байраа барьцаанд тавь, эхнэрээсээ сал” гэж байнга шаарддаг болсон. Би эхнэр хүүхдүүдээсээ салахгүй гэсэндээ Б.Н-ийн нэхсэн болгоныг өгч, сүүлдээ тэвчиж чадахаа болиод гутарсандаа хоёр ч удаа амиа хорлох оролдлого хийсэн. Эцэстээ бүх үнэнээ эхнэртээ болон том охиндоо хэлж уучлалт гуйгаад Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргасан. 49,000,000 төгрөгийн хохиролдоо тооцож “Тоёота харриер” маркын 99-38 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг /30,000,000 төгрөгийн үнэтэй/ авсан.

Б.Н- нь удаа дараа дарамталж, нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр мөнгө авсан, эд хөрөнгө авхуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн учир түүнээс 30,371,809 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч болон хариуцагч нар хамтын амьдралтай байгаагүй. Харин гэр бүлээс гадуурх харилцаатай байсан. Үүнийг нэхэмжлэгчийн гэр бүл мэдсэнээр нэхэмжлэгч нь хариуцагчийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан. Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 1101 тоот тогтоолд М.Э-ыг Б.Н- дарамтлан сүрдүүлэх замаар 49,290,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгасан. Цагдаагийн байгууллагаас шалгахад Б.Н- бусдаас мөнгө авахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн, айлган сүрдүүлсэн, баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэх үйлдэл тогтоогдоогүй. Аргагүйн эрхэнд Б.Н- нь нэхэмжлэгчийн хохирол гэж тодорхойлсон 49,000,000 төгрөгт нь тооцоод өөрийн тээврийн хэрэгслийг нэр дээр нь шилжүүлсэн.

Нэхэмжлэгчийн хэрэгт хавсарган өгсөн баримтууд буюу 2018-2022 оны 04 дүгээр сар хүртэл хугацааны баримтуудыг шалгасан. “И-Март” дэлгүүр болон “Номин” ХХК-аас ирсэн Б.Н-ийн бонус карт уншуулсан баримтуудыг хооронд нь тулгаад үзэхээр 10 гаран гүйлгээ л таардаг. Бусад нь ямар нэг байдлаар таардаггүй, хариуцагч нь нэхэмжлэгчээр 30,371,809 төгрөгийн эд бараа, хувцас, хүнсний бүтээгдэхүүн авхуулсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Н-ээс 30,371,809 төгрөг гаргуулах тухай М.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,809 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

1. Нэхэмжлэгч М.Э-ын Хаан банкны 0000 тоот дансны хуулгаар хариуцагч Б.Н- нь хүнс эд зүйл авсан баримт,

2. Хэргийн 92-96 дүгээр талд нэхэмжлэгч М.Э-аар хариуцагч Б.Н- нь зээлж хүнс авхуулсан он, сар, өдөр, мөнгөн дүн бүхий жагсаалтын баримт,

3. Хэргийн 217 дугаар талд “Хаан банк” ХК-аас ирүүлсэн 29/2081 тоот дугаартай албан бичигт 0000 дугаартай данс нь хариуцагч Б.Н-ийн данс мөн болохыг тодорхойлсон баримт,

4. Хэргийн 219 дүгээр талд “Скай Хайпермаркет” ХХК-аас ирүүлсэн 01/62 дугаартай албан бичигт “И-март” дэлгүүрийн 97611000-415709 тоот хөнгөлөлтийн карт эзэмшигч нь НЮ71101022 регистрийн дугаартай хариуцагч Б.Н- эзэмшдэг болохыг тодорхойлсон баримт,

5. Хэргийн 220 дугаар талд Н ХХК-аас ирүүлсэн 03/57 дугаартай албан бичигт 80710075 бонус картын эзэмшигч нь Б.Н- мөн болохыг тодорхойлсон баримтуудаар хариуцагч Б.Н- нь 30,371,809 төгрөг авч хувьдаа зарцуулсан болох нь нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хэргийн материалд М.Э-ын Хаан банкны дансны хуулга 2018 оны 12 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаагаар авагдсан. Мөн хэргийн 92-96 дугаар талд нэхэмжлэгчийн хүснэгтэлж гаргаж өгсөн баримтаас харахад хоол хүнс, хувцас, эмчилгээний зардал зэрэг зүйлүүд байдаг. Хэрэгт авагдсан баримтаар Б.Н- тухайн зүйлүүдийг авсан. Б.Н-ийн эзэмшлийн хөнгөлөлтийн картыг авч ашигласан талаарх баримт “Скай хайпермаркет” болон “Номин супермаркет”-аас ирсэн. Хооронд нь тулгаж, шүүж үзэхэд 5, 6 нь таарч байгаа, бусад нь таарахгүй байгаа. Иймд нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч М.Э- нь хариуцагч Б.Н-т холбогдуулан 30,371,809 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу үнэлж үйл баримтыг зөв тогтоон шийдвэрлэсэн байна.

 

3. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1101 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор Б.Н-ийн үйлдэлд хүч хэрэглэсэн, заналхийлсэн айлган сүрдүүлсэн, баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж бусдын өмчлөх эрхэд халдсан гэх нотлох баримт хангалттай тогтоогдоогүй, М.Э- сайн дураараа мөнгийг шилжүүлж байсан байх тул гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ. /1хх249-250/

 

4. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.5 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэхээр бус харин хүч хэрэглэсэн буюу заналхийлсэн үйлдлийн үндсэн дээр хэн нэгэн этгээд нөгөө этгээдэд хөрөнгө шилжүүлсэн бол хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрхтэй байхаас бусад тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь түүнийг буцаан шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

 

4.а. Хэргийн нотлох баримтаар хариуцагч Б.Н- нь нэхэмжлэгч М.Э-ыг хүч хэрэглэсэн буюу дарамталсны үндсэн дээр түүнд хөрөнгө шилжүүлсэн, мөн хариуцагчийг бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

4.б. Тодруулбал, нэхэмжлэгч, хариуцагч нар нь хоорондын хувийн харилцааны үндсэн дээр мөнгө шилжүүлж байсан болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон байна.

 

4.в. Хэрэгт авагдсан Н, Скай хайпермаркет, И-март дэлгүүрээс хүнсний болон бусад хэрэглээний зүйлс, хувцас зэрэг эд зүйлийг худалдан авсан тооцооны баримт, нэхэмжлэгч М.Э-ын ХААН банк дахь депозит дансны хуулга, Б.Н- нь Номин сүлжээ дэлгүүрийн бонус карт эзэмшдэг болох талаарх Н ХХК-ийн тодорхойлолт зэрэг нотлох баримтууд нь хариуцагч Б.Н-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

5. Харин, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад маргааны үйл баримтад хамааралтай шаардах эрхийн зохицуулалт болох Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.5 дахь хэсгийг баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн заасантай нийцнэ.  

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/04485 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “496 дугаар зүйлийн 496.1” гэсний дараа “,492 дугаар зүйлийн 492.5” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

       ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ