Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00437

 

 

 

 

 

 

 

 

     

         2024       03            04                                        210/МА2024/00437

 

 

 

О.Ш-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2023/04688 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.Ш-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Х-д холбогдох,

Худалдах, худалдан авах 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх бүртгэл хийхийг бүртгэлийн байгууллагад даалгуулах, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр болохыг тооцуулах үндсэн,

Зээлийн гэрээний үүрэгт 412,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Г.Х-, хариуцагчийн өмгөөлөгч Э.Н, Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие Г.Х-д 4 өрөө орон сууцаа барьцаанд тавьж, мөнгө зээлэхээр болсон. Г.Х- нь 4 өрөө орон сууцыг 250,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлж аваад надад 250,000,000 төгрөг зээлэхээр болж, миний орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авсан. Харин 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр надад 100,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 150,000,000 төгрөг, нийт 250,000,000 төгрөгийг миний Хаан банкны дансанд шилжүүлсэн. Орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авсны дараа 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Г.Х- надтай 250,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцох, 00 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд авах зээлийн гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг би санхүүгийн боломжгүй байдлаас шалтгаалж биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй байгаа.

Миний бие зээлээ төлөх хүсэл зоригоо илэрхийлсэн атал барьцааны орон сууцыг худалдана гэж сүрдүүлэх болсон. Г.Х-гийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг зөрчиж надтай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд талуудын хооронд байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Г.Х-гийн нэр дээр шилжсэн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, “Энканто таун 2” /Еncato town/ 207 дугаар байр, 00 тоотод байрлах 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг О.Ш-ийн нэр дээр шилжүүлэх бүртгэл хийхийг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгуулж, талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр болохыг тооцуулна гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Миний бие нэхэмжлэгч О.Ш-ийн хүсэлтийн дагуу түүнтэй 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 250,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй “Зээлийн гэрээ” байгуулж, зээлийн баталгаа болгож, нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 их монгол улсын гудамж, 207 дугаар байрны 00 тоот хаягт байрлах,        Ү-2204086462 үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууцыг миний нэр дээр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээний дагуу шилжүүлж, зээлийн гэрээний төлбөр төлөгдөхгүй нөхцөлд үл маргах журмаар зээлдүүлэгчид үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгөхөөр тохирсон. Миний зүгээс зээлсэн мөнгөө эргүүлэн төлөхийг нэхэмжлэгчээс удаа дараа шаардсан боловч төлөхгүй байсан. Нэхэмжлэгчид өөрийн бизнесийн үйл ажиллагаанд ашиглах бүх мөнгөө шавхаж өгсөн байсан тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийнхээ дагуу банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж 150,000,000 төгрөгийн зээл авч, өнөөдрийг хүртэл үндсэн зээл, хүүгийн хамт төлж барагдуулж байгаа. Талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хууль зөрчөөгүй, талууд сайн дурын үндсэн дээр байгуулагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний дагуу О.Ш- нь үндсэн зээл 250,000,000 төгрөг, зээлийн хүү 25,000,000 төгрөгийг төлөөгүй, нийт 275,000,000 төгрөгөөс хоног тутмын 0.5 хувийн алданги 1,375,000 төгрөг болж байгаа ба 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 345 өдрийг хоног тутмын алданги 1,375,000 төгрөгөөр үржүүлэхэд нийт 474,375,000 төгрөг байна. Гэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувь болох алданги 137,500,000 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас үндсэн зээл 250,000,000 төгрөг, зээлийн хүү 25,000,000 төгрөг, алданги 137,500,000 төгрөг, нийт 412,500,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд тайлбар гаргаагүй.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр О.Ш-, Г.Х- нарын хооронд байгуулагдсан 0448 тоот бүртгэлийн дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, эрхийн улсын Ү-2204086462 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, /13312/ их монгол улсын гудамж, 207 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай, 106.37м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч О.Ш-ийн өмчлөлд буцаан шилжүүлж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч О.Ш-ээс 400,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.Х-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 12,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,548,350 төгрөг, хариуцагчаас төлсөн 2,220,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Х-гаас 1,407,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч О.Ш-ээс 2,157,950 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Анхан шатны шүүх зээл болон зээлийн хүү, алдангийн хамт надаас нийт 400,000,000 төгрөгийг гаргуулж, Г.Х-д олгож шийдвэрлэсэн байна. Миний бие энэхүү шийдвэрт дурдсан 137,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь тухайн үед Г.Х- албан хүчээр энэхүү алдангийг бичүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс алдангийг хасч тооцож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргахад, О.Ш- хариу тайлбар гаргаагүй учир бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэсэн. 412,500,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.6 дахь хэсэгт заасныг үндэслэн 12,500,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Алданги болон зээлийн гэрээний бичвэрийг О.Ш- үйлдсэн. Энэ талаарх баримт хэргийн 10 дугаар талд авагдсан. Албадан, айлган сүрдүүлж зуруулсан гэх нөхцөл байдлыг зайлшгүй тогтоосон байх шаардлагатай. Тус байдал тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч О.Ш- нь хариуцагч Г.Х-д холбогдуулан 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгуулах, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр болохыг тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 412,500,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

2. Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдсон байна.

 

2.1. О.Ш- нь Г.Х-тай 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 0448 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр эрхийн улсын Ү-2204086462 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, /13312/ их монгол улсын гудамж, 207 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай, 106.37 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 250,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Г.Х-гийн өмчлөлд шилжүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн. /хх8-9, 58/

 

2.2. Зохигчид 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлдүүлэгч Г.Х-гаас зээлдэгч О.Ш- нь 250,000,000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, барьцаа хөрөнгө  Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Энканто таун2, 207 дугаар байрны 00 тоот, 106.37 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг зээлдүүлэгчийн нэр дээр түр шилжүүлсэн  нөхцөлтэйгөөр гэрээ байгуулжээ. /хх11/

 

3. Дээрх үйл баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч О.Ш-ийн хүсэл зориг нь орон сууцыг Г.Х-д худалдах бус, зөвхөн зээл авах зорилгоор барьцаанд тавьж Г.Х-гийн нэр дээр шилжүүлсэн гэж үзэхээр байна. Иймд дээрх худалдах, худалдан авах гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримталсан өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ. 

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Талууд зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

4.1. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд сарын 10 хувийн хүүтэй, өдрийн алдангид 0.5 хувь гэж тохиролцсон байх бөгөөд хариуцагч Г.Х- нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 250,000,000 төгрөг, 1 сарын хүү 25,000,000 төгрөг, алдангид 137,500,000 төгрөгийг шаардсан байх ба шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан алдангийн хэмжээг 12,500,000 төгрөгөөр багасгаж шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.

 

4.2. Харин, нэхэмжлэгчийн “...алдангийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй, хүчээр алдангийн талаар бичүүлсэн” гэх агуулгатай давж заалдах гомдлыг хангахгүй.

Учир нь, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт үйлдэж, түүнд алдангийн талаар тохиролцсон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага хангасан гэж үзнэ.

Мөн хариуцагч Г.Х- нь нэхэмжлэгч О.Ш-ээр алдангийн тохиролцоог хүчээр бичүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2023/04688 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “56 дугаар зүйлийн 56.1.2” гэснийг “56 дугаар зүйлийн 56.1.3” гэж өөрчилж,

2 дахь заалтаас “232 дугаар зүйлийн 232.6” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 842,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР

 

       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ