| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0172/Э |
| Дугаар | 184 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 184
-
-
2019 02 14 184
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Р.Очирсүрэн,
шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Оийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808056190071 дүгээр хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Түмэнбилэгийн О /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Т.О нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дархан төвийн караоке бааранд Ц.Эын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Хохирогч согтуу байсан. Хохиролд 300.000 төгрөг өгсөн. Торгох ялыг 45 хоногийн дотор төлөх боломжтой” гэв.
Эрүүгийн 1808056190071 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ц.Эын: “...2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ажлынхаа байранд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байгаад 18 цагийн үед гэртээ орж хоол идчихээд замдаа танил хүнтэй таараад 200 грамм уучихаад эргээд Дархан төв дээр очиход рестораны хоёр бармен үүдэнд миний үүдний ажлын байр буюу текэн дээр байсан. Тэгсэн камерийн дэлгэц, жижиг телевизор 2 алга болчихсон байхаар нь би 2 барменыг “та нар энэ салдаггүй зүйлсийг яагаад салгаад алга болгочихов” гэж хэлэхэд “бид аваагүй” гэхээр нь би “юу яриад байгаа юм, та нараас өөр хэн авдаг юм” гэхэд “бид 2 аваагүй, та өөрөө юу гэж архи уучихаад гарч ороод яваад байсан юм” гэхээр нь би “та нар юу гээд байгаа юм, цагдаа дууд” гээд бид 3 жаахан хэрэлдсэн байдалтай чанга дуугаар харилцаж байсан юм. Тэгтэл Дархан төвийн 4 давхрын караокены эзэн Билэгт гэх залуу хажууд ирсэн зогсож байснаа надад “та яагаад караоке хаалттай гэж хүмүүст хэлээд байгаа юм” гэхээр нь би Билэгт гэгч залууд “би юу гэж тэгж хэлэх юм бэ, надаас хүн асуугаагүй” гэж хэлээд эргээд нөгөө 2 бармендаа хандан “та 2 яах гээд байгаа юм, камерийн дэлгэц, телевиз 2-ыг хурдан гаргаж өг” гээд жаахан чанга дуугаар хэлэхэд Билэгт гэнэт шууд миний баруун талын нүдний хэсэг рүү гараараа нэг удаа хүчтэй цохихоор нь би “чи яаж байна” гээд уурлаад Билэгт рүү ойртох гэхэд хажууд байсан нэг бармен намайг тэвэрч авахаар нь би тайвшраад гараад гэр лүүгээ явсан. аад маргааш өглөө нь цагдаад өргөдөл өгсөн...
...О надаас уучлалт гуйсан. Одоо надад хэргийн талаар ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-15-16, 17/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.12.03-ны өдрийн 14159 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Ц.Эын биед баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-28/,
Шүүгдэгч Т.Оийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дархан” төвийн 4 давхарт үйл ажиллагаа явуулдаг караокег ажиллуулаад байж байсан. Манай 3 давхрыг хариуцан ажиллуулдаг Энхтуяа гэгч эмэгтэй манай караокед орж ирээд “доор хамгаалагч хүн оруулахгүй байна” гэхээр нь би доошоо нэг давхар луу 2 давхрын хоёр бармен Наяа, Бааска нарын хамт буугаад очиход манай төвд хамгаалагчаар ажиллаж байсан Э гэдэг ах согтуу байж байхаар нь би “та яагаад хүн оруулахгүй байгаа юм” гэхэд Э “одоохондоо хүн оруулах үгүй нь миний дур, та нарт ямар хамаатай юм” гэхээр нь би “та юу яриад байгаа юм, таны цалинг бид нар өгдөг шүү дээ” гэж хэлсэн. ...Тэгсэн чинь эхнэр маань Э ахыг “та яагаад хүн оруулахгүй байгаа юм” гэж хэлэхэд Э “чи юугаа мэддэг юм” гээд загнаад орилоод байсан. Тэгтэл бармен Наяа Э гуайг “та яах гээд эмэгтэй хүн рүү хашгираад агсам тавиад баигаа юм” гэхэд эхнэр маань бас “та яахаараа ажлын байран дээр архи уудаг юм” гэж хэлэхэд Э эхнэр лүү нэг гараараа далайхаар нь миний уур хүрээд хажуугаас нь Э гуайг цохиход Э миний гарыг гараараа хаагаад би Эын нүүрийг гартай нь хавсарч нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-35-36/,
шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-37/, дансны хуулга /хх-40/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, түрээсийн гэрээ /хх-56-60, 61/, хохирогчийн хүсэлт /хх-66, 67/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.О нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Дархан” төвийн байранд иргэн Ц.Эыг зодож, биед нь баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ц.Эын “...Билэгт гэнэт шууд миний баруун талын нүдний хэсэг рүү гараараа нэг удаа хүчтэй чанга цохихоор нь...” гэх мэдүүлэг /хх-15-16/, шүүх эмнэлгийн 14159 дүгээр “1.Ц.Эын биед баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-28/, шүүгдэгч Т.Оийн яллагдагчаар өгсөн “...би Эын нүүрийг гартай нь хавсарч нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-35-36/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Оийн хохирогч Ц.Эын нүүр лүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “...Гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-17/, мөн “Эмчилгээний зардал 300.000 төгрөгийг авсан” гэх хүсэлт /хх-66/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Т.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “450.000 төгрөгийн торгох ялыг 45 хоногийн дотор төлөх боломжтой” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үл ялих зүйлээр шалтаглан хүний биед халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 300.000 төгрөг төлсөн, хохирогч “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан шүүгдэгч Т.Оийг 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.О урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Түмэнбилэгийн Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оийг 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.О урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР