Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00436

 

 

 

 

 

 

 

 

     2024         03            04                                    210/МА2024/00436

 

 

П.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/05423 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч П.О-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НГ-т холбогдох,

2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7/7 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

НГ- нь нэхэмжлэгч П.О-гийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 44/3 дугаар байр, 00 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, шинжээчээр үнэлүүлж, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан.

Гэтэл тухайн хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдэл надад ирэхгүй, шийдвэр гүйцэтгэгч Л.Х-гийн утас холбогдохгүй байсан тул би өөрийн харьяа Монгол шуудангийн салбар дээр 07 дугаар сарын 06-ны өдөр очиж асуухад мэдэгдэл ирээгүй гэсэн. Наадмын дараа 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр над руу 89086161 дугаараас Х гэх шийдвэр гүйцэтгэгч миний орон сууцыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаагаар бусад иргэнд худалдан борлуулсан мэдэгдлээ ирж ав гэсэн. Танай байгууллага хоёр дахь дуудлага худалдаанд хэзээ оруулахаа надад мэдэгдээгүй, би өөрөө дуудлага худалдаанд орох байсан, надад мэдэгдэхгүйгээр зарсан байна, тогтоолоо эх хувиар авъя гэхэд шийдвэр гүйцэтгэгч би шинээр ажил аваад хэдхэн хонож байна, таны тогтоолыг шууданд хийсэн байх гээд тогтоол, мэдэгдлийг хуулбарлаж өгөөд эх хувийг өгөөгүй. Дараа нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас орон сууцыг худалдан борлуулсан тухай Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 4/13393 дугаартай мэдэгдлийг би шуудангаас 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гардаж авсан. Хариуцагч байгууллага өнөөдрийг хүртэл Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдэл, албадан дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолуудыг надад танилцуулаагүй, гардуулж өгөөгүй. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.О-т 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хууль зөрчсөн дуудлага худалдааг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгоогүйд гомдолтой байна.

Иймд миний өмчлөлийн 4 өрөө орон сууцыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/7 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгч П.О-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул төлбөр төлөгч П.О-гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 44/3 байрны 00 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү2204020495 дугаарт бүртгэлтэй 99,35 м.кв талбайтай орон сууцыг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 22260840/161-05 дугаар тогтоолоор битүүмжлэн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулсан боловч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тул 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 22260840/01 дугаар тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч П.О- 300,000,000 төгрөгөөр, төлбөр авагч байгууллага шинжээч томилох хүсэлт гаргасан. Талууд харилцан тохиролцоогүй тул 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4/143 дугаар тогтоолоор шинжээч томилж, шинжээч нь 315,469,798 төгрөгөөр үнэлсэн талаарх тайланг ирүүлсэн. Үнэлгээний тайланг төлбөр төлөгч, авагч нарт 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4-186/10322, 4-186/7710 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн. Төлбөр төлөгч П.О- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүсэлт гаргасны дагуу нэг сарын хугацааг төлбөр төлөгчид олгосон. Төлбөр төлөгч П.О- нь хугацаандаа үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг бие даан худалдан борлуулаагүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 70 хувиар тооцон 220,282,859 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулах талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 4/161/10557, 4/161/10556 тоот албан бичгээр мэдэгдэж анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулахад орон сууц худалдан борлогдоогүй. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 4/161/12592, 4/161/12591 дугаар албан бичгээр төлбөр төлөгч, авагч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн. 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар төлбөр төлөгч П.О-гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө нь 161,734,899 төгрөгөөр худалдан борлогдсон тул 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 4/13393 дугаар албан бичгээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдсон талаар талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч ажилласан байх бөгөөд шуудан үйлчилгээнд мэдэгдлийг хийсэн нь хуулийн хугацаанд байгаа, хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг шуудангийн үйлчилгээгээр илгээсэн нь хуулийн дагуу зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа байдаг. Төлбөр төлөгч нь төлбөрөө төлөхгүй, хугацаа алдаж байгаа нь манай байгууллагын эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Манай байгууллага баталгаат шуудангаар мэдэгдэх хуудсыг авсан. П.О- 07 дугаар сард хотод байгаагүй, энэ хүн Заамарт алтан дээр байна, машин зарах гэж байна гээд ярьж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч НГ-т холбогдох Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020495 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 44/3-р байр, 00 тоотод байрлах 99,35 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/7 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Анхан шатны шүүх хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг өмчлөгч буюу нэхэмжлэгчид мэдэгдсэн эсэх дээр бодитоор үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнээгүй байна.

Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч П.О-д Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай” 7/7 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 4-161/12592 дугаар мэдэгдэл ирээгүй, шууданд хийсэн гэх бусад баримтаар тогтоогдоогүй, өөр материалын дунд тэрхүү шуудангийн дардсыг даруулж авсан байж болзошгүй эргэлзээтэй баримтыг анхан шатны шүүх “Монгол шуудан” ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлсэн гэж зөвхөн шуудангийн 1 дардсыг үнэлж бодит дүгнэлт хийгээгүй байна.

Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд хариуцагч нэхэмжлэгчид мэдэгдсэн гэдгээ нотлоогүй бөгөөд шууданд хийсэн гэх нэг хуудаснаас өөрөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баримтжуулсан тэмдэглэл, дугтуй зэрэг үйл баримт байдаггүй. Шийдвэр гүйцэтгэгч албадан ажиллагаа бүрийг мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мэдэгдсэн болохоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулах хуультай. Гэтэл ямар ч шийдвэр гүйцэтгэгч П.О-тэй уулзсан хийгээд “Монгол шуудан” ХК-ийн баталгаат шууданд хийсэн гэх нэг ч тэмдэглэл байдаггүй.

Хариуцагч нь төлбөр төлөгч П.О-тэй 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хооронд нэг ч удаа уулзаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл байдаггүй атлаа орон сууцыг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулж, төлбөр авагч Б ХХК-д маш хямдаар худалдсан.

5.б. Нэхэмжлэгч хэрэгт өгсөн “М” ХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 18/201 дугаар албан бичгээр түүнд албан бичиг ирээгүй гэж нотолсон байтал шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй, талуудад тэгш хандаагүй.

Хэргийг хэлэлцэж талууд мэтгэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б би “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” тогтоол байгаа юу, гэсэн асуултад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэгч, хошууч Э.Б “Одоогоор тогтоол байхгүй” гэж мэдүүлж, тогтоол байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

5.в. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа тогтоох хэсэгтээ өөр хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байгаад гомдолтой байна.

Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримталсан атлаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүх хянах эрх нь мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлаагүй, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг хуулийг үндэслэлгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Төлбөр төлөгч П.О- шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, хуульд заасан эрх үүргээ эдэлж байсан гэдэг нь түүний нэхэмжлэлээс харагдана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу дуудаж, биечлэн ирэх боломжгүй тохиолдолд баталгаат шуудангаар хүргүүлдэг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үүсгэсэн. Түүнээс хойш шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдээгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

Хэргийн 100-102 дугаар талд баталгаат шуудангаар хүргүүлсэн тэмдэглэлийн хуулбар авагдсан. Тойрог солигдсон учраас шийдвэр гүйцэтгэгч н.О солигдсон. Түүний ажлыг шийдвэр гүйцэтгэгч н.Х түр орлож хийсэн. Ажлыг нь түр орлож байх үедээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр төлөгч нарт шуудангаар хүргүүлсэн. Өнөөдрийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдалтай байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч П.О- нь хариуцагч НГ-т холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7/7 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, үйл баримтыг зөв тогтоож хэргийг шийдвэрлэсэн байна.

 

2.а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01732 дугаар шийдвэрээр П.О-гээс 102,304,000 төгрөгийг гаргуулж Б ХХК-д олгосон байх ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2120 дугаартай магадлалаар П.О-гээс 95,776,000 төгрөгийг гаргуулж, Б ХХК-д олгож шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2022/00462 дугаар тогтоолоор П.О-гээс 84,696,000 төгрөгийг гаргуулж, Б ХХК-д олгож, шүүхийн шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. /хх 63-71/

 

2.б. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж /хх72/, төлбөр төлөгч П.О-гийн нэр дээр бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 44/3 дугаар байр, 00 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020495 дугаарт бүртгэлтэй, 99.35 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр битүүмжилж, хураан авсан байна. /хх80-82/

 

2.в. Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар битүүмжлэгдсэн хөрөнгийн үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас санал авахад төлбөр төлөгч П.О- нь өөрийн өмчлөлийн 4 өрөө орон сууцыг 330,000,000 төгрөгөөр үнэлж, харин төлбөр авагч Б ХХК-аас барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх84-85/

 

2.г. Хариуцагч нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4/143 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар А ХХК-ийг үнэлгээ хийх шинжээчээр томилсон байх ба шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 44/3 дугаар байр, 00 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020495 дугаарт бүртгэлтэй, 99.35 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 315,469,798 төгрөг болохыг тогтоосон байх бөгөөд уг үнэлгээний дүгнэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4-161/7710 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байна./хх 86-90/

 

            3. Төлбөр төлөгч П.О- нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан борлуулах тухай хүсэлт гаргасан байна./хх91/

 

4. Хариуцагч НГ- нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагт болох анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 6/18 дугаар тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 4-161/10557 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч П.О-д 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Монгол шуудан” ХК-ийн шуудангаар хүргүүлсэн байх ба “Өнөөдөр” сонины 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаарт албадан дуудлага худалдааны талаар нийтэлсэн байна./хх93-96/

 

5. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагт болох хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7/7 дугаар тогтоол, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 4-161/12592 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч П.О-д 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “М” ХК-ийн шуудангаар хүргүүлсэн байх тул нэхэмжлэгч П.О- нь “хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй” гэх гомдол үндэслэлгүй./хх100,102/

 

5.а. Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь холбогдох мэдэгдлийг П.О-гийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 44-3 дугаар байр 00 тоот хаягт шуудангаар хүргүүлсэн байна. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг тогтоосон хугацааны сүүлийн өдрийн 24 цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь хүргүүлсэнд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч П.О-д хүргүүлсэнд тооцно.

 

5.б. Мөн нэхэмжлэгч талын ирүүлсэн “М” ХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 18/201 дугаар албан бичиг нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлбөр төлөгч П.О-д илгээмж илгээгүй гэсэн агуулгатай байх ба хариуцагчаас 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдлийг хүргүүлсэн байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

6. Түүнчлэн, П.О-д Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 4/13393 тоотоор үл хөдлөх эд хөрөнгүүд худалдан борлогдсон талаарх мэдэгдлийг 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “Монгол шуудан” ХК-ийн шуудангаар хүргүүлсэн байна. /хх109/

 

7. Иймд анхан шатны шүүх НГ-т холбогдох, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020495 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 44/3 байр, 00 тоотод байрлах 99,35 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7/7 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай П.О-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасанд нийцэж байх тул мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлаагүй гэх гомдол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдлыг ахлах гүйцэтгэгч, улмаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хянан шийдвэрлэсэн ажиллагаатай холбоотой гомдлыг шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэхээр заасан учраас шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

 

8. Мөн нэхэмжлэгчээс өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гараагүй байхад хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоолыг хүчинтэй гэж шүүх шийдвэрлэсэн гэх гомдлыг хангахгүй. Тодруулбал, нэхэмжлэгч нь хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг төлбөр авагчид мэдэгдээгүй гэх үндэслэлээр уг тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх шийдвэрээ гаргасан байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/05423 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.НЯМБАЗАР

 

                                                       ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ