Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 321

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг Өлзийт гудамжны 418 тоотод оршин суух Боржигон овогт Паламын Жамбалдавгагийн “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ, хүсэлт гаргагч П.Жамбалдавга нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

         П.Жамбалдавга шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт буруу тамга дарснаас болж улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч П.Жамбалдавга нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 400 дугаартай лавлагаа, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, гэрч А.Чүлтэм, Д.Долгорсүрэн, Ц.Алтанцэцэг нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                  

                                                                                              ТОГТООХ нь:

  1. Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Паламын Жамбалдавгагийг Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай. 

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                                                           

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ЭНХМАА